

Д.Өлзийбаатар: ӨӨРЧЛӨХ БИШ ӨНГӨ ЗАСАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА

-1992 оны Үндсэн хууль сайн болсон ч төрийн байгуулалтын тухайд алдаа гарсан. Дээр нь хүмүүсийн үзэл, ойлголт ч хангалтгүй хэвээр явж ирсэн.
-Санал асуулга явуулахад иргэдийн 70-80 хувь нь Үндсэн хуулиа үзээгүй, уншаагүй, мөн чанарыг нь ойлгоогүй байдалтай явж байна. Тиймээс “Дордуулахын долоон өөрчлөлт”-ийг оруулж, давхар дээлтнүүд бий болсноос эхлэн өнөөдөр Үндсэн хуулиа өөрчлөх асуудал тулгарсан.
-Өнөөдрийн өөрчлөлт гэнэт бий болоогүй. 2010 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Одоо зөвхөн тэр хүрээндээ өнгө засалт хийж, 2020 оны сонгуульд “Бид Үндсэн хуулийг өөрчилсөн” гэсэн уриатай орох улс төрийн үйл ажиллагаа явагдах шинжтэй байна.
-Монголчууд Манжаас салсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл засаглалынхаа хэлбэрийг эрж байгаа. Хамгийн тогтвортой нь социализмын үеийн нэг намын тогтолцоотой засаглалын хэлбэр байлаа.
-1992 оны Үндсэн хуулийг баталсан 400 гаруй депутат маш ухаалаг хүмүүс байсан. Тэд ямар нийгэм рүү орох гэж байгаа, юу угтах гэж байгааг мэдэхгүй байсан ч Монгол Улсын хөгжлийн замыг маш зөв тодорхойлсон, ардчиллыг тогтоосон.
Х.Баянмөнх: МОНГОЛЫН ТӨРД ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО, ХЯНАЛТ АЛГА

-Одоо Үндсэн хуулиа өөрчлөхийн тулд 27 жил яваад ирсэн 1992 оны хууль ямар үүрэг гүйцэтгэв гэдэгт дүгнэлт хийж, алдаа оноогоо шүүх хэрэгтэй. Энд тэндээс нь хасч, танасаар эх хуулиа “хөгжлийн бэрхшээлтэй” болгочихож болохгүй.
-Одоо УИХ-аар ярьж байгаа Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд ард түмний амьдралд наалдахгүй зүйл нэг ч алга. Гол асуудал нь төрийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Монголын төрд хариуцлагын тогтолцоо, хяналт алга.
-УИХ гэх халдашгүй дархан эрхтэй 76 хүн сонгуулиар гарч ирээд бусдын эрхийг булааж аван юу дуртайгаа хийж суудаг гажуудлыг халах цаг болсон.
-Намчирхал Монголыг сүйтгэж байна. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байх ёстой.
-Төрийн түшээд өөрсдөө хуулиа хэрэгжүүлдэггүй, авлигад идэгдсэн. Тиймээс хуулиа баримталдаг болгох хэрэгтэй.
-Иргэдийнхээ дотор амьдардаг Иргэний их хурал байгуулах хэрэгтэй байна. Гэхдээ засаглалын хэлбэр чухал биш. Гол нь намаас салгах нь чухал.
Д.Араажав: БАЙГАЛИЙН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ДУНДЫН ӨМЧ БАЙХ ЁСТОЙ

-Үндсэн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг дуусч хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлж байхад Ерөнхийлөгч төсөл өргөн мэдүүлсэн зэрэг хууль зөрчсөн асуудал олон байна.
-Үндсэн хуулийг өөрчлөх үндэслэл нь төрийн тогтолцоог өөрчлөхөд чиглэх ёстой.
-Байгалийн баялгийг төр, нийтийн өмч гэж хуульчилж болохгүй. Ард түмний өмч бол тэдний дундын өмч байх учиртай.
-Их, дээд сургуульд суралцаж мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зардлыг өмнөх нийгмийн үед төр хариуцдаг байсан. Өнөөдөр байгалийн баялгаас олж буй ашгаар сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг төр хариуцдаг болох хэрэгтэй.
-УИХ дээд, доод хоёр танхимтай байх заалтыг манай нам, эрдэмтэн судлаачдын хамт боловсруулсан Шинэ Дээд хуулийн төсөлд тусгасан. Хууль тогтоох, шүүх засаглал, гүйцэтгэх засаглалыг нам томилох биш ард түмэн сонгох ёстой. 20 гаруй мянган иргэн дэмжсэн саналаа өгсөн байгаа.
-Засгийн газрыг хүчтэй Ерөнхийлөгч тэргүүлэх нь улс орны хөгжилд ч, ард түмний амьдралд ч эерэг өөрчлөлтийг авчирна.
Б.Номинчимэд: ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХ НЬ ЗҮЙТЭЙ

-1992 оны нөхцөл байдалтай харьцуулахад өнөөдөр тэнгэр газар шиг ялгаатай. Хаа хаанаа үүнийг ухаарч, ойлгох ёстой.
-Монголд хоёр танхимтай парламент тохиромжтой. Дээр нь Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг болох хувилбар байж болно.
-Гарцаагүй хөндөх ёстой нэг асуудал бол үзэл санаа гэдэг зүйл Үндсэн хуульд хэрхэн шингэсэн бэ, яаж тусгасан бэ, үндэсний онцлогоо яаж оруулав гэдгийг эргэж харах ёстой.
-Монгол төрийн сүлдээ эргэж хармаар байна. Монгол үндэстнийг билиг талаас нь тэтгэж байдаг сүлд маш чухал ач холбогдолтой.
-Манай өнөөгийн тогтолцоо бол хагас Ерөнхийлөгийн засаглал байгаа. Гол нь гүйцэтгэх, шүүх засаглалыг УИХ томилж байгаа учраас болохгүй болчихоод байгаа юм.
-УИХ өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж, эрх дархаа хадгалж үлдэх хууль хийж, батлах уу гэж асууж байгаа нь оюун санааны террор гэж би харж байгаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл битгий батлагдаасай. Ийм дутуу дулимаг өөрчлөлт хийж болохгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.19 ПҮРЭВ №186 (6153)