Т.БАТСАЙХАН
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцэгч нэгэн байх учиртай билээ. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг урьж, ярилцлаа.
-Та Хотын дарга болоод нэлээд хугацаа өнгөрлөө. Нийгэм, улс төрийн амаргүй цаг үед сонгогдлоо гэж боддог. Өнгөрсөн хугацаанд ямар зарчим баримталж ажиллав. Энэ талаар яриагаа эхлэх үү?
- Нийслэлийн ажил, амьдралд хүндрэл, бэрхшээлтэй асуудал олон байна. Болж бүтэж байгаа нь ч бас бий. Гэхдээ хамгийн гол нь ирээдүйд иргэдийнхээ амьдрах таатай орчин нөхцлийг нь хангасан,хүнээ дээдэлсэн хот болоход зорьж ажиллах ёстой. Энэ чиглэлд бодлогоо зөв тодорхойлж, үр дүн гаргахад юун дээр анхаарах ёстой вэ гэдэгт төвлөрөн ажиллаж байна. Анх 500 мянган хүн амтай байхаар төлөвлөж байгуулсан хотод маань өнөөдөр 1.5 сая хүн амьдарч байгаа. Түүн дээр орон нутаг, гадаадын иргэд, зочид, гийчид гээд үндсэндээ өдөрт хоёр сая орчим хүний ажил амьдрал хотод маань өрнөж байдаг. Тэр хэрээр зохицуулах шаардлагтай хүндрэл бэрхшээлтэй зүйл байнга ундарч байдаг. Юун түрүүнд агаар, орчны бохирдлыг бууруулах, амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, зам дэд бүтцийн хүртээмжтэй байдал, нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн анхаарч байна. Одоо бид 2030, 2040 он хүртэл хотыг хөгжүүлэх хэтийн зорилт, хөгжлийн стратегийг боловсруулж байна. Энэ нь хот 50, 60 жилийн дараа ч гэсэн өнөөдрийнхтэй адилхан хүндрэл бэрхшээлгүй асуудлаа шийддэг байх гол суурь нь болж өгөх ёстой.
-Та улс төрийн хүрээнд багагүй эсэргүүцэлтэй тулгарч байсан. НИТХ-ын хуралдаан дээр таныг огцруулах асуудлыг өргөн барина гэдгийг зарим төлөөлөгчид илэрхийлсэн. Ер нь улс төрийн тогтворгүй, явган хэрүүл гэмээр ийм үйл явдлууд хувь хүн болоод ажилд тань яаж нөлөөлж байна вэ?
- Хотын даргын ажлыг авсан цаг үед улстөржилт нэлээд байсан. Учир нь цаг хугацааны хувьд ч сонгууль дөхсөн үе. Улс төр талаас нь харвал мэдээж хугацаа их бага байна. Гэхдээ би өөрийн ажилд улс төржилт, цаг хугацааны хэмжүүрээр ханддаггүй. Сонгууль ойртсон юм чинь болвол болоод болохгүй бол тэр биз гэсэн сэтгэл надад байхгүй. Ажил авсан л бол болохгүйгээс нь болох хүртлэх бүхий л хувилбараар асуудлыг цаг алдалгүй шийдэхийг хичээж ажиллах ёстой гэсэн хатуу зарчим баримталдаг. Байгаа цаг хугацаандаа буруу жишгийг шат шатанд халж, зөв зүйлийг хэвшүүлэх нь чухал байна. Шат шатны байгууллагуудын алба хаагчид маань ч ажил үүргийнхээ хүрээнд сахилга баттай, дэг журамтай, сэтгэл зүтгэлтэй байж чадвал богино хугацаанд олон асуудлыг шийдэх боломжтой. Өмнөх удирдлагуудын гаргаж байсан шийдвэр, баталсан төлөвлөгөөнөөс зөв зүйлийг нь үргэлжлүүлэх, буруу зөрүү зүйлийг нь засч сайжруулах ч асуудлууд байна. Үүний зэрэгцээ иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, хүнд суртлыг багасгах гээд хийх ажил их байна. Ажил хөдөлмөр эрхэлж, амьдрал босгож үзээгүй зарим нэгний улс төржилт, явган ярианаас болж ажлын эрч хүчээ сулруулах шаардлага байхгүй.
- Ер нь улстөржих явдал их байна. Үүнээс болоод ажлыг явуулахгүй гацаадаг асуудал бий. НИТХ дээр бол энэ асуудал харьцангуй намжсан гэж ойлгож болох уу?
- НИТХ маань бодлого шийдвэрээ гаргаад явж байгаа. Хотын даргын хувьд хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг нь хэрэгжүүлж, ажлаа төлөвлөж, хуваарилаад явж байна. Өмнө нь ч би НИТХ-ын даргаар ажиллаж бодлого тодорхойлж байсан. Хотын даргын ажил гүйцэтгэх эрх мэдэл, хууль эрх зүйн хүрээнд ялгаатай ч ажлаа авснаас хойш гурван чиглэлд анхаарч байна. Эхний гурван сард ерөнхийдөө дотоод асуудал, зохион байгуулалтад анхаарч ажилласан. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, харьяа газар, хэлтсүүдийн аль нь ажил үүргээ сайн гүйцэтгэж байна, алиных нь үйл ажиллагаа доголдож, давхцаж байна, тэдэнд ямар асуудал тулгамлаж байна гэдгийг судалж, ажил үүрэгтэй холбоотой, хариуцлага зохион байгуулалтын ажлыг хийлээ. Хоёр дахь гурван сараас буюу одоо иргэд олон нийтийн дунд илүүтэй орж, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудлыг нь сонсож байна. Шийдвэрлэх боломжтой зарим асуудлыг нь дор бүр нь шийдэж байгаа. Мөн нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг хянаж шалгах асуудалд анхаарлаа хандуулж байна. Татвар төлөгчдийн нэг төгрөг болгон үр дүнтэй зарцуулагдах ёстой. “Гаргасан шийдвэр, эхлүүлсэн ажлууд цаг хугацаандаа чанартай хийгдэж, урт хугацаанд олон нийтэд өгөөжөө өгөх ёстой” гэдэг шаардлагыг ажил хариуцсан албан тушаалтан, гүйцэтгэгч нарт хатуу тавьж байна. Бид асуудалд нухацтай хандахгүй бол цаасан дээр нэг шийдэл, нэг тоо орж ирдэг, тэр нь бодит амьдралд нийцэж буй эсэх нь ч ойлгомжгүй байхад шийдвэр гаргадаг байж болохгүй. Удахгүй 2019 оны үндсэн чиглэлээ дүгнэж, 2020 оны төсвөө хэлэлцэн батална. Энэ төсөвт ирээдүйг харсан зөв бодлого, шийдэл тусгагдах учиртай. Аливаа төсөл хөтөлбөр хатуу хяналт дор, өндөр чанартай гүйцэтгэлтэй байх ёстой. Тиймээс төсөв батлахын өмнө бодит нөхцөл байдалд биечлэн үнэлэлт дүгнэлт хийж, халуун цэгт нь очиж ажиллаж байна.
- Саяхан та нийслэлд явагдаж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан. Газар дээрээ байдал ямар байна вэ?
- Нийслэлийн хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа. Тухайлбал, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, Яармагийн гүүрэн зам, Замын цагдаагийн гэж нэрлэж заншсан гүүрэн гарц зэрэг. Мөн Баянзүрхийн товчоо, Налайх чиглэлийн 20.9 км автозамын шинэчлэлийн ажил байна. Эдгээр замыг технологийн дагуу өндөр чанартайгаар гүйцэтгэж ирэх аравдугаар сарын сүүлч гэхэд ашиглалтад оруулна. Түүнчлэн Сэлбэ, Баянхошууны дэд төвийн ажил эрчимтэй хэрэгжиж байна. Тэр хавийн айл өрхүүд дэд бүтцэд холбогдож, тэр хэмжээгээр барилга байгууламж, орон сууцны төсөл хөтөлбөрүүдийн ажил эрчимжинэ. Эхний ээлжинд бизнес эрхлэгчдийг сургадаг бизнес инкубатор төвийг тэнд ашиглалтад оруулж байна. Мөн хотын хэмжээнд томоохон усан санг барьж байгуулж байгаа. Улаанбаатар хотын усны менежмент, цэвэр усны аюулгүй байдлыг хангах хүрээнд бүрэн автоматжуулж байна. Үүний зэрэгцээ бид хүүхэд, залуусынхаа бие бялдрын өв тэгш хүмүүжил, хувь хүний хөгжилд анхаарах ёстой. Тиймээс спорт цогцолборуудыг байгуулж эхэлж байна. Мөсөн ордон, дүүрэг бүрт байгуулах хөлбөмбөгийн талбай, нийтийн эзэмшлийн биеийн тамирын талбай байгуулах ажлууд хийгдээд эхэлсэн. Мөн олон улсын стандарт шаардлагад нийцсэн усан бассейн баригдана. Хамгийн сүүлд гэхэд шинэ цэнгэлдэх хүрээлэн барихаар зураг төслийн концепц боловсруулах уралдаан зарлаж дүгнээд, өдгөө ТЭЗҮ-г боловсруулах ажлыг эхлээд байна. Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын барилга шинээр баригдана. Энэ мэтчилэн нийгмийн олон талын эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагыг хангасан бүтээн байгуулалтууд өрнөнө.
- Бүтээн байгуулалт өрнөж байгаа нь сайн хэрэг ч гэлээ хариуцлагын асуудал сул байна. Төсөл хөтөлбөр авдаг, цаг хугацаанд нь ашиглалтад оруулдаггүй, чанаргүй барьдаг. Автозам дээр гэхэд л нэг зуны борооны ая даалгүй эвдэрч байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой юм бол?
- Би ажлаа аваад яг 6 сар болж байна. Энэ хугацаанд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ажил урагшлуулж хотын асуудлыг шийдвэрлэхэд хамгийн гол саад болдог зүйл нь хөрөнгө мөнгө биш байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хөрөнгө мөнгийг гадна, дотнын хөрөнгө оруулалтаар шийдэх олон боломж байна. Дэд бүтцээ хөгжүүлэх боломж ч байна. Гагцхүү хотын ажилд албан тушаалтны хариуцлага, ажлын гүйцэтгэл, хатуу хяналт ус агаар шиг, амь амьдрал шиг хэрэгтэй байна. Хэрэв энэ гурван зүйлийг шат шатандаа хэрэгжүүлж чадвал төсвийн хөрөнгө үр өгөөжтэй зарцуулагдана. Хотын төсөл хөтөлбөрт дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж ч их байна. Ер нь аливаа ажилд хяналт сул болохоор л гүйцэтгэл муу байдаг. Автозамын ажил дээр гэхэд захиалагч нь төсвөө өгөхдөө танаж, замын өргөнөөс хасдаг. Гүйцэтгэгч компани нь зузаанаас нь таначихдаг. Хяналт тавьж байгаа хүмүүс нь найзан дундаа орчихоод ашиг хонжоо хардаг. Ийм байдлаар чанаргүй ажил хийдэг, тэр нь олон дахин давтагддаг. Тэгээд ажлыг төлөвлөхдөө урт хугацааны бодлого төлөвлөлтөөр биш, өнөө маргаашаа бодсон, сонгуульд зориулсан ч юм уу, тухайн үеийн нийгмийн сэтгэл зүй, хандлага, хүмүүсийн ааш араншинд тааруулсан байдлаар хийдэг. Эдгээр нөхцөл байдлуудыг нэг талаас хариуцлагын, нөгөө талаас тогтолцооны гажуудал гэж хэлж болохоор байгаа юм.
- Энэ нь цаашлаад нийслэлийн гэхээс илүү улсын хэмжээний асуудал болчихлоо л доо?
- Тийм ээ. Өнөөдөр үүсээд байгаа бүхий л асуудал хариуцлага, хандлагатай холбоотой байна. Нийслэлийн хөгжил Монгол Улсын хөгжлийн илэрхийлэл, хэмжүүр нь. Хотын хөгжлийн зөв жишиг Монгол Улсын өнцөг булан бүрт, аймаг, сум, баг гээд цаашаа өргөжөөд зөв жишиг болоод явах учиртай. Тийм ч учраас энэ хариуцлага гэдэг зүйлийг нэн тэргүүнд авч үзэж, явсан газар бүрт хариуцлага, зарчим нэхэж байгаа. Нийслэлд олон хүндрэлтэй асуудал байна. Хотын төвөөс эхлээд зах хүртэл асуудалгүй гудамж талбай гэж алга. Энэ нь юундаа байна гэхээр ерөөсөө л алдаатай бодлого. Тэр нь явсаар шат шатны албан тушаалтнуудын хариуцлага дээр л ирдэг. Дээр нь төрийн байгууллагуудын нэгдсэн уялдаа холбоо, нэгдмэл шийдэл байхгүй байна. Энэ бүхнийг засч, зөв жишиг тогтоохын төлөө хатуу шаардлага тавьж байгаа. Бүх зүйл их сайхан болж байгаа юм шиг яриад, дүр эсгээд, бие биедээ найр тавиад, аргацаагаад явах эрх хэнд ч байх ёсгүй.
- Хатуу шаардлага, хяналт тавиад ажиллахаар эргээд дайрдаг. Ямар нэгэн байдлаар унагах гэж оролддог хандлага байна л даа. Та ч тэр шуурганд өртөж яваа. Тийм үү?
- Ер нь бүх шатанд, бүх хүнд хатуу шаардлага тавьж, хариуцлага нэхэхгүй л юм бол урагшлахааргүй байна. Миний хувьд энэ зарчмаасаа ухрахгүй. Ажил албан тушаал хашиж байгаа нэртэй мөртлөө, ямар ч сэтгэлгүй, дүр эсгэгчдийн дургүй хүрдэг л байх. Үүнтэй холбоотой улс төржилт мэдээж явж л байгаа. Гэхдээ би хийж байгаа ажлаасаа ухарч, няцахгүй. Хотын дарга байх хугацаандаа эрүүл жишгийг тогтоохын төлөө л ажиллана. 1990 оноос хойш гарсан бодлогыналдаанууд нийслэлд дахин давтагдах ёсгүй гэж үздэг. Миний хувьд хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүмүүст таалагдах гэж энэ ажлыг хийгээгүй. Нийтийн эрх ашгийн төлөө нэг ч гэсэн зүйлийг зөв жишигт оруулахыг зорьж байна. Нэг өрөөнд сууж, машин унасан дарга байх нь ч надад огт сонин биш. Өөрт оногдсон цаг хугацаандаа хууль журмын хүрээнд хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ дагуу ажилласан шиг ажиллана. Хариуд нь миний гэр бүл, удам угсаа, найз нөхөдтэй холбоотой гүтгэлэг доромжлолыг зохион байгуулалттайгаар тараах явдал ч гарсаар байгаа. Гэхдээ тэр бүхэн хотын Захирагчийн хувьд хийх ёстой ажлаас минь ухрааж, няцаах хүчин зүйл болж чадахгүй.
- Үе үеийн хотын дарга нар өөрсдийн гэсэн онцлог, арга барилтай. Хийж бүтээсэн зүйлээрээ дурсагддаг. Та өөрийн түүхээ хэрхэн бүтээж байгаа вэ?
- Өмнөх Хотын дарга нар олон бүтээлч ажлыг эхлүүлсэн, хийсэн, санаачилсан байдаг. Тухайн цаг үе болгон нь хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, нийгмийн байдал гээд ялгаатай.
Миний хувьд сэтгэлийн хөөрлөөр ч юм уу, биелэх боломжгүй зүйлийг уриа лоозон болгох дургүй. Мөн өмнөх дарга ингэж байсан учир би түүнээс өөр зүйл хийж, ямар нэгэн аргаар давж гарах ёстой гэсэн байдлаар асуудалд ханддаггүй. Өнөөдрийн нийгэмд хамгийн нэн тэргүүний хийх ёстой, бодит, биелэх боломжтой, хотын хөгжлийг түргэтгэх ямар ажил, ямар асуудлууд байна. Түүн дээр төвлөрч ажиллахыг эрхэм болгож байна. Төрийн алба бол нээлттэй, шударга ил тод, иргэддээ үйлчилдэг байх ёстой гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр учир дутагдалтай зүйл олон байдаг. Төрийн албыг төрийн алба шиг байлгахын тулд дээр дурьдсан хариуцлага, хяналтыг сайжруулна гэдгээ дахин хэлье. Дээр нь иргэдийнхээ үүрэг оролцоог нэмэгдүүлнэ. Иргэд маань ч төр л бүхнийг хийх ёстой гэсэн хандлагаасаа салах цаг болсон. Төр нь төр шиг ажлаа хийдэг, аж ахуйн нэгж нь нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, иргэд нь ч эрх үүргээ мэддэг, ийм л эрүүл нийгэм биднийг хөгжилд хөтөлнө.
- Нэг ажлыг эхлүүлдэг. Удалгүй олон нийт дургүй байна гээд больдог. Энэ харилцааг яаж зохицуулах ёстой юм бол. Тухайлбал, саяхан автозамын бүсчлэлийн асуудлыг цуцаллаа?
- Асуудал шийдэх гэхээр шүүмжлээд эхэлдэг, шийдэхгүй болохоор ажил хийсэнгүй гэж буруутгадаг хандлага манай нийгэмд бий. Тэгээд хамтраад хийе гэхээр амь амиа бодоод суучихдаг. Автозамын бүсчлэлийн асуудал бол манайх шиг хотод хэрэгжүүлэх л ёстой зүйл. Үүнийг хэрэгжүүлнэ ч гэж бодож байгаа. Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газрыг бодлогоо гарга. Иргэдэд сурталчлан таниулах ажлыг сайн хий. Түүний дараа хэрэгжүүлэх асуудлыг эцэслэнэ гэж хэлсэн. Төр гэж байгаад бодлого гаргаж байгаа бол түүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Түүний хажуугаар иргэдээ мэдээллээр хангах, санал бодлыг нь сонсох, алдаа оноог нь засах ёстой. Гагцхүү хэрэгжүүлэхээсээ өмнө хаасан байгаа зам, гүүрнийхээ асуудлыг шийдвэрлэх, хөдөлгөөний орц, гарцыг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал бий. Мөн Улаанбаатар хотод автозам ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн татварыг ч нэмэх ёстой гэж боддог. Ер нь бүгдээрээ түгжрээд, ажил амьдралаа зохицуулж чадахгүй зам дээрээ бухимдаж, түгжрээд хамаг цаг заваа үрээд байхуу, эсвэл нэг хэсэг нь ажлаа бухимдал стресгүй амжуулж, нөгөө хэсэг нь ажлаа төлөвлөж авто замын хөдөлгөөнд оролцох, харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж, бухимдал стрессгүй байх уу гэдэг асуудлыг хаа хаанаа бодох ёстой.
- Өмнөх Засаг даргын үед Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барьсан. Нийслэл, хоттой холбоотой хууль эрх зүйн орчинг сайжруулах ажил хэрхэн үргэлжлэх вэ?
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль маань УИХ дээр хэлэлцэгдээд явж байна. Үндсэн хуулийн төсөл орж ирсэн учраас түр хойшилсон байгаа. Ер нь батлуулах талд нь бид анхаарч байна. Ажлын хэсэг гарсан. Энэ хуулиар зарим ойлгомжгүй байгаа нийслэлийн эрх зүйн байдал, эдийн засаг, иргэдийн оролцоотой холбоотой асуудлыг нэг талд нь гаргана. Өнөөдөр бид нийслэлийн асуудлыг УИХ, Засгийн газрын оролцоогүйгээр шийдэх ямар ч боломжгүй. Тийм учраас Засгийн газар, УИХ-ын гишүүдтэйгээ нягт хамтын ажиллагаатай байна. Цаашлаад Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нутаг дэвсгэр, засаг захиргааны тухай хууль зэрэг олон хуулийн давхцал болоод бие биетэйгээ зөрчилддөг тодорхойгүй зүйл заалтуудыг тодорхой болгоно.
- Дэлхийн зарим хотууд тусгай татвартай, мөн тодорхой хэмжээний бие даасан эрх мэдэлтэй байж хөгждөг гэдэг юм билээ. Манайд хууль эрх зүйн хувьд ийм боломж байдаггүй юу?
- Нийслэлийн татвар гээд тодорхой хэсгүүдэд бий. Бууны, нохойны гэдэг ч юм уу жижиг татварууд байна. Түүнчлэн үйлчилгээний газруудаас нэг хувийн татварыг нийслэлд төвлөрүүлдэг. Гэхдээ хотууд өөрсдийн асуудлыг шийдвэрлэх, эдийн засгаа чадавхижуулах үүднээс орлогоо Улсын төсөвт төвлөрүүлэх биш өөрсдөө захиран зарцуулах зохицуулалтыг хийж өгсөн байдаг. Иргэдийнхээ аятай тухтай амьдрах орчинг бий болгож, иргэд нь эргээд татвараа олон төрлөөр төлдөг тогтолцоог олон хот хэрэгжүүлж байна. Хотын татвар олон янз л даа. Аялал жуулчлалын татвар гэж бий. Өөрөөр хэлбэл, тухайн хотын дэд бүтэц, автозам, үйлчилгээг авсныхаа төлөө зочид жуулчид нь татвар төлдөг. Ийм жишиг манайд хэрэгжих цаг үе нь ирсэн гэж бодож байгаа. Өргөн бариад байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд татвартай холбоотой зарим сайжруулалт орсон нь сайшаалтай. Тухайлбал, дүүрэг, дагуул хотууд улсын төсөв хараад суух биш өөрсдийн орлого зарлагаа зохицуулдаг болно. Мөн ажлын байр олноор бий болгож сайн ажиллаж байгаа аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлдэг. Цаашид гадна орчноо тохижуулаад хотын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд мөн үл хөдлөх хөрөнгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг бодлого барина. Энэ мэтчилэн татварын урамшууллын тогтолцоог бий болгох заалт нэлээд орсон. Цаашид нийслэл маань татвартай байхын зэрэгцээ, өөрийн өмч хөрөнгийг үнэ цэнэтэй болгох дээр ч анхаарч ажиллаж байна.
- Дагуул хот байгуулах, нийслэлийг нүүлгэх, Хотын захиргааны байрыг шилжүүлэх гээд суурьшилтай холбоотой асуудалд танай баг ямар бодлого баримталж ажиллах вэ?
- Хотын Захиргааг нүүлгэх асуудал удахгүй эцэслэн шийдэгдэнэ. Засгийн газар дээрх асуудлыг ярьж байна. Хотын захиргааг шилжүүлж болно. Гэхдээ ямар цаг үед ямар хүрээнд энэ бүхнийг шийдэх вэ гэдгийг сайн төлөвлөх хэрэгтэй. Түүнчлэн нийслэл хотыг өөр тийш нь нүүлгэх тухай яриад байдаг. Гэтэл энэ нь хүн бүхний ажил амьдрал, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөтэй холбогдож байдаг. Тэгэхээр хотыг тэр чигээр нь нүүлгээд шинэ нийслэл байгуулчихна гэж дур зоргоороо яриад байж болохгүй байх. Өөрсдөө бий болгосох асуудлаа шийдэх тал дээр тогтож ажиллахгүй, асуудлаас зугатсанаараа бүх зүйл сайхан болно гэж байхгүй. 1.5 сая хүний ажил амьдрал шүү дээ. Дараагийн нэг асуудал нь оюутнуудыг хотоос гаргая гээд яриад байдаг. Тэгвэл үлдэж байгаа хүмүүс нь яах вэ. Бизнес эрхлэгчид маань дагаад нүүх юм уу. Энэ хотын эдийн засаг, худалдаа арилжаа юун дээр тогтох вэ гэх мэт. Ер нь сургуулиудыг нүүлгэх асуудлыг бол судалж байгаа. Гэхдээ нүүлгэсэн ч аль нь нүүх юм,алийг нь байлгах юм гэдгийг сайн төлөвлөх нь чухал. Хотын шинээр ашиглалтад орж байгаа дэд төвүүдийг түшиглэн дагуул хотуудыг бий болгоно. Аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага, бизнес эрхлэгчидтэйгээ нийлээд 30-40 мянган хүн амтай, жишиг хотыг байгуулахаар төлөвлөж байна. Нийтийн тээвэр нь үнэгүй, олон улсын стандартад нийцсэн сургуультай, эмнэлэг үйлчилгээний байгууллага нь тухайн орчиндоо байдаг, ийм жишиг хотыг байгуулахаар төсөл хөтөлбөр нь яригдаж байна. Цаашлаад дэд төвүүддээ түшиглээд 7-8 дагуул хотын байгуулах боломжтой гэж харж байна. Айэросити, Майдар хот гэх мэт. Мөн Налайх дүүргийг аялал жуулчлал, үйлдвэрлэлийн тусгай бүс болгон хөгжүүлэх ёстой. Шинэ болон хуучин нисэх буудлыг түшиглэсэн эдийн засгийн бүсийг ч байгуулах боломж бий. Үүнээс гадна томоохон захуудыг хотын зах руугаа гаргах, суурьшил, үйлдвэр, үйлчилгээний бүсээ ялгаж салгах гээд хотын төлөвлөлтэй холбоотой асуудал олон байна.
- Аливаа асуудалд стандарт чухал байдаг. Гэвч стандартаа барьж ажиллаж байгаа газар, аж ахуйн нэгж тийм ч олон биш байна. Та стандарттай холбоотой агентлаг байгуулсан байх аа. Хэр үр дүнтэй байна вэ?
- Манай хотын гол алдаа буюу хаягдсан зүйл нь стандарт юм байна. Ер нь хүн нийгмийн харилцааны хамгийн чухал зүйл хэм хэмжээ, стандарт байдаг. Гэтэл энэ бүхэн алдагдсан учраас өнөөдөр юу нь хаана, ямар хэмжээнд байгаагаа ч мэдэхгүй, хөл толгойгоо алдсан байна. Яаж зохицуулах гарц гаргалгаагаа ч мэдэхгүй, ойлголцож чадахгүй байдалд хүрчээ. Газар олгоод л байдаг эргээд харахад автомашин явах битгий хэл, хүн алхах ч газаргүй болсон байх жишээний. Энэ бол стандартын л асуудал. Түүнчлэн автозам,явган хүний зам, барилга, байгууламж, төрийн үйлчилгээ гэнд. Энэ бүхнийг зохицуулах үүднээс Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газар гэж анх удаа байгуулсан. Иргэдийн аюулгүй таатай орчинд амьдрах боломжийг хангах, хотын амин чухал газар гэж миний хувьд үзэж байгаа. Тэр хэмжээгээрээ өндөр ач холбогдол өгч, шаардлага тавьж ажиллаж байна.
- Удахгүй нийслэл хотын маань 380 жилийн ой тохиох гэж байна. Засаг дарга байх үед тань тэгш ой тохиож байгаа нь бэлгэдэлтэй юм. Энэ ойн арга хэмжээг ямар байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?
- Улаанбаатар хотынхоо 380 жилийн түүхэн дэх өв соёл, уламжлалыг хамгаалах, сэргээхэд анхаарч байна. Түүх, өв уламжлалаа мэддэг ард олны төрт ёс нь өндөр байдаг. Төрт ёс нь өндөр улс орны хөгжил улам өөдөө дэвждэг. Энэ агуулгаар 380 жилийн ойгоо бүтээлч байдлаар тэмдэглэнэ. Манай хотын 70 орчим хувь нь хүүхэд, залуучууд байна. Тэд маань цаашид улс орноо авч явна. Тэгэхээр хүүхэд, багачууддаа түүхэн уламжлал, өв соёлоо сурталчлан таниулах ажлыг хийх нь нэн чухал. Мөн нийслэлийн хэмжээнд төрөл бүрийн бүтээлч ажлуудыг өрнүүлж байна. Бид жил бүр Даншиг наадам хийж үргүй зардал гаргадаг байсан. Тиймээс одоо тэр мөнгөөр Гандантэгчэнлин хийдээ тохижуулаад өгье гэж ярьж байна. Үлдэцтэй ажил хийе, ядаж хүн очоод суухад тав тухтай болгоод өгье гэдэг санаа. Даншиг наадмыг жуулчны компаниуд, шашин соёлын байгууллагуул хамтраад илүү өргөн хүрээнд хийдэг байх нь зөв'гэж бодож байгаа.
Мөн нийслэлд хэд хэдэн шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Бид нийтийн тээвэр гэхээр зөвхөн автобусаа яриад яваад байж таарахгүй. Метро барих талаар ярьдаг. Яг үнэндээ манайх шиг хүн ам цөөн, төлөвлөлтгүй баахан газар олгочихсон хотод метро тохирохгүй. Асар их зардал, цаг хугацаа орно. Улаанбаатар хотод байгаа 1.5 сая хүн бүгдээрээ метрогоор зорчлоо ч гэсэн анхны хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүй. Дэлхийн бусад хотууд шиг хажуудаа хэдэн сая хүнтэй том суурин газар манайд алга. Тиймээс бид юуны түрүүнд нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобус паркаа шинэчилнэ. Мөн хотын баруунаас зүүн тийших чиглэлд цахилгаан соронзон агаарын тээврийг нэвтрүүлэхээр судалж байна. Бас автобус унаа очих боломжгүй гэр хорооллын чиглэлд агаарын дүүжин тээвэр, зарим газар богино эргэлттэй тээвэр гээд таван төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
- Улс төрийн хүрээнд ойрд өрнөж буй гол сэдэв бол Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг. Энэ асуудалд Хотын даргын хувьд Та ямар байр суурьтай байгаа вэ?
- Энэхүү өөрчлөлтөөр буруу явж ирсэн зарим асуудал цэгцэрнэ гэж найдаж хүлээж байна. Ер нь бол өөрчлөх цаг үе нь ирсэн гэж бодож байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс шалтгаалж нийслэлтэй холбоотой органик хуулиудын зүйл заалт өөрчлөгдөнө. Мөн нийслэлийн хүн амтай холбоотойгоор тэднийг төлөөлөх гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатарт ажиллаж амьдардаг энэ нөхцөлд УИХ, Засгийн газрын хэмжээнд асуудлыг ярих гишүүдийн тоо цөөдөж байгаа асуудал бий.
Хотын Захирагчийн ярианыхаа төгсгөлд “Бид бүгдийн амьсгалж буй агаар нэг, алхаж гишгэж буй гудамж талбай нэг. Асуудал байгаа бол бид бүгдэд хамаатай. Тиймээс хотын хөгжилд хүн бүрийн оролцоо, идэвх санаачилга чухал” гэсэн юм. Асуудал бэрхшээл хаанаас л бол хаанаас ундардаг их хотын Захирагч байна гэдэг нэг талаар бодоход “үйлтэй” алба мэт. Олон жил хурж бугшсан асуудлыг нэг дор өргөс авсан мэт бүгдийг нь шийдэх боломжгүй ч С.Амарсайхан дарга цуцаж няцахгүй зүтгэж буйг мээртэй ярилцаж суухдаа мэдэрснээ нуух юун.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.9.4 ЛХАГВА №175 (6142)