Т.БАТСАЙХАН
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодрууллаа. Энэхүү өрсөлдөөнд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нарын нэр яригдаж байсан ч Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг дэмжлээ. УИХ-ын даргын томилгоо тойрсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Я.Содбаатар VS С.Амарсайхан
МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Ерөнхий нарын бичгийн дарга Я.Содбаатар танилцуулав.
Тэрээр парламентын засаглалтай орнуудын нийтлэг жишгээр УИХ-д олон удаа сонгогдсон, туршлагатай гишүүд УИХ-ын даргын албыг хашдаг. Энэхүү уламжлалын дагуу С.Бямбацогт, С.Амарсайхан нарын хоёр хүн нэр дэвшсэн. Гэвч Удирдах зөвлөлийн хуралдааны өмнө С.Амарсайхан гишүүн нэрээ татлаа. Тэрээр намын даргатай зөвшилцөхдөө улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон төрийн ажлын уялдаа холбоог харгалзан үзэж, С.Бямбацогт гишүүнийг дэмжих байр суурьтай байгаагаа мэдэгдсэн гэж ойлголоо. Ингэснээр Удирдах зөвлөлийн гишүүд С.Бямбацогтыг санал нэгтэйгээр дэмжсэн” гэлээ. Тэгвэл намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын байр суурийг үгүйсгэж, УИХ-ын гишүүн С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /04.02/ УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулахаар хуралдсан. УИХ-ын гишүүн С.Амарсайхан, С.Бямбацогт нарын нэгийг нэр дэвшүүлэхээр яригдаж байсан боловч "хурлын явцад С.Амарсайхан нэрээ татсанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ" хэмээн МАН-ын удирдах зөвлөлөөс мэдээлэл өгсөн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрээр "Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй. Дэвшээгүй учраас нэрээ татах тухай асуудал яригдаагүй. Я.Содбаатар ийм хариуцлагагүй тайлбар өгсөнд харамсаж байна. Гадаад орчин нөхцөл ээдрээтэй, энэ цаг үед Монгол төрийн бодлого улс орны эдийн засгийн аюулгүй байдалд анхаарах ёстой. Алдсан бол засаж, маргасан бол зөвшилцөж, эвсэж улс орныхоо асуудлыг шийдвэрлэх ёстой. Эвийг зангидан гэдэг бол үгсэж хуйвалдахыг хэлэхгүй. Хуулийн хүрээнд ёс жудагтай, зарчимтай шударга, нээлттэй үзэл бодлын нэгдлийг хэлдэг. Наашаа нэг юм харж хэлээд цаашаа өөр юм яриад явдаг асуудал байж болохгүй. Тиймээс нэгдэж улс орны эрх ашгийг бодох тал дээр байр сууриа илэрхийлж ирсэн. 30, 38 гэдэг талцал хуваагдлаа зогсоогоод улс төрийн ууган хүчин юм бол ухаан зарж улс орны төлөө нэг хүнийг нэр дэвшүүлээд явбал би ачаа үүрээд явж болно. Харин талцал хуваагдлыг өөгшүүлэхгүй" гэв.
МАН-ын бүлгийн хуралдаанд 53 гишүүн оролцжээ

Үүний дараа МАН-ын бүлгийн хуралдаан болж, С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай Удирдах зөвлөлөөс ирүүлсэн саналыг гишүүдийн олонх нь дэмжжээ. Бүлгийн хуралдаанд 53 гишүүн оролцсон байна. УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн парламентад таван удаа улиран сонгогдсон. Энэ хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам тээврийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МАН-ын бүлгийн даргаар тус, тус ажиллаж байсан юм.
С.Бямбацогт: УИХ-ын даргын суудал дараагийн албан тушаалын шат болохгүй

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт бүлгийн хуралдааны дараа олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн. Ингэхдээ, "Парламентад таван нам суудалтай. Бид ойлголцохын тулд илүү идэвхтэй ажиллах шаардлага бий. Хууль тогтоолыг хурдан батлах шаардлага ч байна. МАН-ын бүлгийн дотор үүссэн үл ойлголцлыг шийдэж, Засгийн газар, УИХ-ын үүргийг тогтвортой явуулах ёстой. Үүнд УИХ-ын даргын үүрэг их. Улс төрийн талцлын улмаас иргэдийн амьдрал яаж дорддогийг би харсан, мэдэрсэн. Гишүүдээ нэгтгэх туршлага надад бий. Урагшаа харж, улс орны эрх ашгаа нэгдүгээрт тавих нь зөв. Намын эрх ашиг хоёрдугаарт байна. УИХ-ын дарга хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, намуудын дунд ойлголцол бий болгох үүрэгтэй. Улс төрийг хойш тавина. Мөн цөөнхийн бүлгээс УИХ-ын дарга нам бус байх тухай хуулийн төсөл боловсруулсан. Энэ төслийг батлах, эсэх нь УИХ-ын эрх мэдэл юм. Цаашид парламентыг улам сайжруулахын төлөө ажиллана.УИХ-ын гишүүдийн нэр хүнд унаж байгаад анхаарна. УИХ-ын даргын суудал дараагийн албан тушаалын шат болохгүй. Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй" гэдгээ илэрхийлсэн юм.
О.Цогтгэрэл: УИХ-ын даргыг сонгох процесс дээр олон асуудал байна

Улмаар УИХ-ын даргын томилгоог өчигдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлгээс завсарлага авлаа. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага авах болсон үндэслэлээ "Сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн тогтвортой ажиллах ёстой УИХ-ын спикерээр гурав дахь хүнийхээ нэрийг хэлэлцэх гэж байна. Ардчилсан намын бүлгээс тавьж байгаа шаардлагынхаа хүрээнд хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Төсөлд хэд хэдэн чухал заалт бий. Энэ хүрээнд бүлэг ярилцах шаардлага байна. Хоёрдугаарт, танилцуулга хийгээд шууд санал хураалт гэлээ. Энэ нь их учир дутагдалтай. Таван намын 126 гишүүнтэй УИХ-ын даргыг сонгох гэж байж асуулт, хариултгүйгээр явахаар УИХ-ын даргыг сонгохоор хуульчилсан нь процесс дээр олон асуудал байгааг харуулж байгаа. Асууж, хэлж, ойлголцож байж сонгох ёстой. Тийм учраас Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага хүсэж байна” гэв.
Харин хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нэг хоногийн завсарлага өгснөөр УИХ-ын даргын томилгоо өнөөдөр үргэлжлэхээр болов.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 63 (7805)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn