Уран зохиол: МАНЖУУРЫН ТОЛГОД /өгүүллэг/

2019-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Зохиолч Ц.Түмэнбаярын “Манжуурын толгод” өгүүллэгийг polit.mn сайт бямба гаригийнхаа уран зохиолын булангаар толилуулж байна. Зохиолчийн өөрийнх нь тодотгосноор Манжуурын толгод гэдэг алдарт хөгжмийн бүтээл зохиогдсоны 110 жилийн ойд зориулсан энэ өгүүллэг орос хэлнээ орчуулагдсан байна. Тодруулбал, Санкт-Петербургийн Улсын их сургуулийн Дорно дахины судлалын факультетын монгол төвд судлалын салбарын багш, доцент М.П.Петрова орос хэлнээ хөрвүүлсэн байна. Зохиолчийн  арав гаруй шүлэг болон “Хилэнцэт хорхой”, “Уралын тэс мод”, “Удган”, “Манжуурын толгод” өгүүллэг нь орос уншигчдын хүртээл болжээ. Ер нь Монголын энэ цаг үеийн богино өгүүллэгийн шилдэг мастеруудын нэг болох Цэрэнтулгын Түмэнбаярын уран бүтээл хойд хөршийн судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг гэж хэлж болох. Монголын зохиолч Ц.Түмэнбаярын уран бүтээлийн талаар оросын дөрвөн ч эрдэмтний бичсэн арав шахам  судалгааны өгүүлэл хэвлэгдсэн байдаг аж.

* *  *

Манжуурын толгод

/өгүүллэг/ Зохиолч Ц.Түмэнбаяр Японы эзэн хааны армийн генерал Такаяама атомын бөмбөгдөлтөнд үнсэн товрог болсон Хирошимагийн дээгүүр эргүүлийн онгоцоор нисэж явав. Байшин барилгууд нь балгас болж, хуйхлагдсан, арьс нь зумарч унасан, үе мөч нь санжиж, мах нь тасарч хайлаад яс нь гарчихсан эрэмдэг зэрэмдэг хүний хүүр энд тэндгүй хөглөрч, харахын аргагүй нүд хальтарна. Хирошимагийн хүүр шатаадаг газар мэт үнсэн нурман дээгүүр нисч явахдаа Такаяамагийн сэтгэл санаа тамтаггүй гутралд автаж: -Бид хэний төлөө байлдсан юм бэ, Эзэн хааны төлөө гэх, гэвч яах гэж... яах гэж... ард түмнээ тамын галд шатаах гэж үү? Өөрийнхөө цусанд хахна гэгч энэ биш үү? хэмээн шимшрэн бодоод нүдээ анилаа. Чингэхэд Оросын цэргийн салааны бага даргын зохиосон өнөөх л Манжуурын толгод хэмээх хөгжмийн эмгэнэлт дуу зүрхий нь базлав. Ертөнцийн цорын ганц аялгуу мэт зүрхэнд нь мөнхрөн хадагдсан энэ вальс дотоод сэтгэлд нь өрнөх ялалтын ч бай, ялагдлын ч бай, ямар нэгэн гэнэтийн цочролд орох тоолонд зовлон жаргалынх нь мэдрэмжийг илтэд хурцлан өөр өөр өнгөөр асгарч, бие сэтгэлийг нь өдөөн хямруулдаг билээ. Үүнийг үг хэлээр хэн нэгний ой тойнд ортол төгс төгөлдөр тайлбарлах ямарч боломжгүй бөгөөд гадаад орчны тоо томшгүй элдэв шуугианыг хүний дотоод ертөнцөд нэвтрүүлэхдээ урам зориг, эрч хүчийг хязгааргүй өндөрт өргөдөгийнхөө адил сүйрэл, хагацлын мэдрэмжийг уран сэтгэмжээр хурцлахдаа хүний сэтгэл зүрхийг ёроолгүй ангалд шиддэг нууцлаг ид шидтэй аж. Энийг мэдрэх бүрдээ энэ аялгуу Такаяамад амьдралын утга учрыг таниулах амин чухал хэрэгцээ нь ч болсон юм шиг санагддаг билээ. -Миний хойноос... хэмээн орос, японоор хашгирах дуун, араатан мэт арцалдан тэмцэлдэж, амь өрсөн бүлэлцэж, асгаран урсах ариун улаан цус... дайны өтгөн хар утаа, бүрхэг тэнгэр, түнэр харанхуй ус, шархадсан цэргүүдийн амь тэмцсэн ёолоон, тэдний баргар царай нүдэнд үзэгдэж, чихэнд нь хадна. Одоо бүр байтлаа цэргүүдийн төдийгүй, жирийн ард иргэд, нялх хүүхдүүдийнх нь... Хэнд хэрэгтэй гэж, хэнд...” хэмээн халаглан Такаяама толгойгоо атгалаа. Такаяма Оросын нийслэл Петерград хотод усан цэргийн академи төгсөж ирээд л ахмадын мөрдөс зүүж, хорин тавхан настайдаа тэнгисийн дайны төлөвлөгөө боловсруулж, эзэн хааны армид зүтгэсэн билээ. Тэрээр хамгийн анх Порт-Артурт болсон Орос, Японы дайнд оролцож, Шар тэнгисийн түрлэгт алдарт Балтийн тэнгисийн усан флотыг бут ниргэсэн гарамгай амжилтаар эзэн хааны одон хүртсэн нэгэн. Чингэхдээ аль дундад зууны үед Япон тэнгисийн эрэг Хан улсын хил хязгаарыг зуу гаруй жил түйвээсэн Японы далайн дээрэмчдийн таагдашгүй мэхийг хэрэглэсэн нь соёлтой хэмээх Европын дайнчдын төсөөлөөгүй аргаар ялалт байгуулсан юм. Нева мөрний жавар тачигнасан хүйтэн өвөл. Оросын цагаан хааны армийн генералын үзэсгэлэнт охин Светланаг тэврэн цасан дээр чаргаар гулгаж, эрчээрээр шунган салхи зүссээр уулын хормойд хүрэхэд бүсгүйн баярлан хашгирсан дуу, чаргаа модны хожуулд тээглэн онхолдоход хоёул давхралдан унасан нь одоо ч сэтгэлд тодхон. Энэ үед Светланагийн хэмжээгүй хайрын гэрэл цацраах цэв цэнхэр нүдийг нь ширтэхдээ Такаяама түүний тачьяангуй инээмсэглэсэн улаахан уруулыг үнсэхгүй байж тэсээгүй билээ. Цасан шуурга нүдэж, тас няс хийсэн хүйтэн шөнө пийшинд хуурай түлээ дүрэлзтэл ассан дэн буудлын бүдэгхэн гэрэлтэй жижиг өрөөний буйдан дээр тэврэлдэн унахад Светланагийн тогтож ядсан сэтгэл догдлолыг нь нууж чадаагүй уруулын чичиргээ Такаяамагийн хурууны өндгөнд тэмтрэгдсэн сэн. Анх удаа эр хүний ширүүн гарт базуулан ичимдэгээ хөндүүлэхдээ эмзэглэж зөөлөн зөөлөн дуу алдсан орос охины гал шатсан халуун биеийн илчийг хоромхон ч мартаагүй ээ. Оросын хааны дэлхийд алдартай өвлийн ордны шил толь, болор сондор болсон тансаг танхимд, дээд зиндааны офицеруудын үдэшлэг дээр дүрэмт хувцасныхаа бүс, хормойг засч биеэ цэхлээд залуухан даргын өөртөө итгэлтэй сэвэлзсэн цоглог алхаагаар олны дундуур шийдэмгий явж, Светланагийн өмнө очиж ёслон бүжигт уриад, сүй тавьсан залуугийнх нь нүдэн дээр Мендельсоны маршийн аянд салхи татуулан эргэлдэж билээ. Тэнд очсон оросын язгууртан охид бүсгүйчүүд, офицер, ноёд тэр хоёрын бүжиглэхийг нүд салгалгүй шагшин харж буйг мэдэрсэндээ хөөрсөн Светлана “та үнэхээр гайхалтай самурай юм, Би япон хүнийг ингэж бүжиглэнэ чинээ төсөөлөө ч үгүй юм байна. Яадаг ч юм билээ дээ, таныг” хэмээн тас тас инээж асан нь цээжинд хадна. Хажууханд хэн нэгний “Светлана ухаангуй дурлаж дээ, хөөрхий, хөл нь хөнгөн, сэтгэл нь дэврүүн байх чинь, юу л болдог бол доо” гэх атаархангуй дуу чихнийх нь үзүүрийг шүргээд өнгөрч билээ. Чингээд бүжиг дуусахад Светланаг зогсож байсан байранд нь хүргэж өгөх зуур бүсгүй: “Манай II Александр хаан Орос-Туркийн дайнд цэргүүдээ гаргаж өгөхдөө “Дайнд явахдаа цэргүүд хуриманд явж байгаа мэт аз жаргалтай байх ёстой” гэж хэлсэн юм гэнэ лээ. Тэгээд хуримын энэ цоглог аялгууг Хасагийн хорооны цэргийн марш болгон албан ёсоор зарласан гэдэг юм. Та дайнд, хуримлах гэж байгаа дурлалт ханхүү шиг явж чадах уу?” хэмээн асуугаад егөөтэй инээмсэглэж намжиртай нь аргагүй тахимаа нугалсхийн ёслоод үлдэж билээ. Такаяама энэ авцалдаагүй хачин жигтэй явдлыг гайхахдаа ямарч хариулт өгч чадаагүй юм. Петербургт хамт сурч асан Ташима анд нь Порт-Артурт анхны хөлөг онгоц байлдааны даалгавар гүйцэтгэж яваад дэлбэрэхэд онгоцноосоо гарч амжилгүй осолдсон. Оросууд Ташимаг цэргүүдтэй нь хамт өөрсдийнхөө Үнэн алдартны шашны заншлаар булшин дээр нь загалмай мод босгон оршуулж, загалмайлан мөргөцгөөж, ёслолын буудлага хийж байхыг Такаяама алсаас дурандан харж байсан юм. Намайг ч гэсэн ингэх байсан болов уу гэж яагаад ч юм бодож билээ. Тэр тулаанаас ганцхан хоногийн өмнө Ташима “хоёулхнаа ярих юм байна” гээд онгоцны тавцан дээр хамт гарч, Оросын усан онгоцнуудын зүг харж уруул нь өмөлзсхийн зогсоод: -Өнөө шөнө чи бид нэг бүрээн дуунаар сэрж, нэг тогооноос хоол идэж, нэг тугийн дор мөр зэрэгцэн жагсаж, нэг багшаар хичээл заалгаж, орь залуу насныхаа баяр баясгалан зовлон жаргалыг хуваалцаж явсан нөхөдтэйгээ халз тулаанд орно. Чамд ямар санагдаж байна даа гэж шүүрс алдан өгүүлэхэд Такаяама: -Одоо яая гэхэв. Тэд орос, бид япон хүмүүс. Тэд эх орынхоо төлөө, бид ч эх орныхоо төлөө, тэд ч эзэн хааныхаа төлөө, бид ч эзэн хааныхаа төлөө тулалдахаас яахав. Чи бид нар чинь самурай шүү дээ гээд мөрий нь алгадахад нүд дүүрэн гунигтай мушийж зогссон Ташимагаа байн байн дурсдаг билээ. Хайртай бүсгүй Светланагийн сүүлчийн захиа буюу ард нь “Энэ зургийг авахуулахдаа анхны учралаа бодож байсан юм. Нээрээ шүү. Гэхдээ би айж байна. Орос, Япон хоёр байлдах юм гэж сонслоо. Чиний өмнөөс, аавынхаа өмнөөс, эх орныхоо өмнөөс айж байна, Үүрд чиний Светлана” хэмээн оросоор хичээнгүйлэн бичсэн, эрхлэнгүй инээмсэглэсэн бүсгүйн гэрэл зургийг Такаяама зүрхэн тушаах халаасандаа нандигнан хадгалж, зав зайгаараа үе үе гаргаж үзэн, гэгээн саруул дурсамжиндаа умбадаг байлаа. Гэвч тэрээр найзыгаа өнгөрсний дараахь тулаанд орохдоо онгоцны тавцан дээр бүсгүйн хөргийг гарган сүүлчийн удаа харж, зургийн ар дахь бичгийг ч бас сүүлчийн удаа уншаад, “Энэ захиаг Нева мөрний эрэг дээр умрын хүйтэн өвөл хоёр алгандаа атган, бүлээн амьсгалаараа дулаацуулан үнсэж байсан тэр турьхан цагаан гараар бичсэн дээ” гэж хоромхон зуур бодоод зориг шулуудан Шар мөрний цэлэлзсэн усанд хөвүүлж орхисон сон. Бүсгүйн гэрэлт тунгалаг царайг давалгаа цохин дайвалзуулсаар холын холд авч одоход Такаяама уртаар санаа алдсанаа, цэргүүд рүүгээ огцом эргэж: -Галлаад! хэмээн тушаасан юм. Такаяамагийн хөлгийн тавцан дээрээс хөнгөн пулемётын онь холбосон угсраа гал орос цэргүүдийг хадуурт ширвүүлсэн өвс мэт эгнээ эгнээгээр нь хяргаж унагахад яг өнөөдрийнх шиг хүрлэгэр царайлан, уруулаа цус шүүртэл тас зууж, онгоцны тавцангийн хашлаганаас гараа бадайртал зуурч зогссон билээ. Түүний амьдрал ухаан орсон цагаасаа л дайн байлдаантай холбогдож ирсэн юм. Эцэг нь Эдогийн үеийн нэртэй самурай байв. Тэр үеийн самурай нь дайнч гэхээсээ илүү ёс суртахуун, эрдэм ухааныг шvтэн дээдэлсэн төрийн хар хүмүүс байсан юм. Түүгээр ч зогсохгүй, улсын жинхэнэ засаглалыг эзэн хаан биш Шоогүүн хэмээгч самурай нар барьдаг байв. Самурайн хамгийн гол бахархал бол өндөр дэг жаяг, эр хүний амлалт, ноён нуруу, үнэнч туйлбартай зан суртахуун юм. Самурайн гэр бүл бол хааны дараа хүндлэгдэх нэр төртэй удам угсаа сайтай хүмүүс. Ялангуяа Такаямагийн эцэг, түүний өвөг эцэг, элэнц эцэг Эдогийн үед Шоогууны толгойлогч, үлгэр домог болсон самурай нар байлаа. Харин Мэйжигийн үе эхлэхэд хаан жинхэнэ ёсоор эрхээ эдэлж, хоёр зуу гаруй жил хөмөрсөн тогоон дор бүгсэн Япон орны түгжээтэй хаалга цонхыг гадаад ертөнцөд цэлийтэл нээсэн юм. Чингэнгүүт л барууны хөгжил дэвшил хормойдоо чирэгдсэн хог новштойгоо сад тавин үерийн ус шиг давалгаалан орж иржээ. Ирэхдээ хамгийн түрүүнд цэрэг дайны цоо шинэ дүрэм журмыг, самуурайн сэлэмтэй жишихийн аргагүй аймшигт зэр зэвсэгтэй нь дагуулсан юм. Эзэн хааны армийг Францын цэргийн зохион байгуулалтыг сармагчин шиг дууриан язгууртан тариачин, загасчин, ажилчин зэрэг янз бүрийн давхаргын насанд хүрсэн эр хүн бүрийг заавал цэргийн алба хаах хууль гаргав. Самурайн урт хормойтой кимоногийн оронд нэгэн жигд өрнөдийн хөсрий ногоон өнгөтэй өмд цамц өмсүүлж, самуурайн домогт сэлмийг орчин үеийн галт зэвсгээр сольсон аж. Самурай нар “ноён суудлаасаа” ховхорсноор барахгүй өөрсдөөс нь доогуур зиндааны тариачидтай цэргийн албанд зүтгэх болсонд бүр ч дургүй нь хүрч, өрнөдийн хэв маягтай эдлэршгүй дайн зарлав. Тиймээс 1877 онд Сайго Такаморигоор удирдуулсан самурайчууд такана сэлмээ эргүүлэн нэр төр, эрх мэдлийнхээ төлөө өөрөөсөө хэт давуу хүчтэй, галт зэвсэг бүхий эзэн хааны армитай эрэгчин эмэгчнээ үзэлцсэн аж. Олон самурай бууж өгч, Сайгод үнэнч дөчин самурай үлдсэний нэг нь Такаяамагийн эцэг. Тэд эцсийн дусал цусаа дуустал тулалджээ. “Самурайн эр зоригийн илэрхийлэл болгон ар нуруундаа шивүүлсэн Кой загасны нь дүрсийг пулемётын галаар ул мөргүй болтол шүршиж,, хэдэн арван сум цээжинд нь шигэн шүүрэн шанага болсон байсан” гэж хожим ээж нь нулимс унаган дурсаж билээ. Хэдийгээр улсын шинэ хуулийг эсэргүүцэн тэмцсэн ч самурайн тавиландаа үнэнчээр дууссан тэднийг япон хүний яс, цусанд нь шингэсэн хэдэн зуун жилийн уламжлалт ёсыг хүндэтгэн, ном журмын дагуу ёслол төгөлдөр оршуулсан ажээ. Тэр үед Такаяамагийн эх орь залуугаараа, ой ч хүрээгүй хүүгээ тэврэн нөхрийнхөө шарил дээр гашуудан бөгтийж зогсохдоо хүүгий нь “өөрийнх нь нэр төр, хүч чадлыг залгамжилсан жинхэнэ самурай болгож хүмүүжүүлнэ” гэдгээ андгайлсан ажээ. Тэр ч тангарагаараа Такаяамаг шинэ засгийн самурайн замд хөтлөн оруулсан билээ. Самурайн эхнэрүүдэд ч мөн өөрсдийгөө егүүтгэх “жигай” хэмээх тусдаа арга байсан юм. Нөхөр нь харикара үйлдсэн, эсвэл дайснууддаа олзлогдох нь гарцаагүй болсон тохиолдолд үүнийг гүйцэтгэнэ. Такаяамагийн ээж жигайг өчүүхэн ч эргэлзэхгүй хийж чадах байлаа. Гэвч нөхөр нь харакири ч үйлдээгүй, дайсандаа ч олзлогдоогүй, тулааны талбарт баатарлагаар амь эрсдсэн учир ингэх шаардлага гарсангүй. Ийнхүү Такаяама эцгийнхээ амьсгалаа тасартал тэрсэлдсэн эзэн хааны армид хүчин зүтгэхдээ самурайн ёсыг алдахгүй дагах нь амьдралынх нь гол утга учир болсон юм. Порт-Артурыг өөрийн болгож авсан Японы цэргийн дарга нар магнай нь хагартлаа баярлаж “Япон улс мандтугай, Эзэн хаан мандтугай” хэмээн хоолой нийлүүлэн хашгирч хундага өргөцгөөн, “гамбай гамбай” хэмээн хундагатай сакигаа ёроолы нь гартал дугтарч асан үед Такаяма хурандаа цолтой байлаа. Харин тэрээр бусадтай хундага тулгасан ч сэтгэл хөдлөх юм огт байсангүй. Энд тэндгүй орос японы шархадсан цэргүүдийн амь тэмцэн орилолдож, зарим нь тэнгэр бурханыг дуудан аврал эрж, зарим нь хэн нэгнийг хараан зүхэж, амь гол нь тасарч өгөхгүй тарчилж, Шар тэнгис улаан тэнгис болтлоо цусаар давалгаалсан нь, “Оросууд дайчин нөхдийнхөө цогцсыг үүрэн буцаж яваа нь, Оросын Мокшаны явган цэргийн хорооныхон бүслэлтэд захирагчаа алуулсны дараа баатарлаг марш тоглон дайчдаа зоригжуулсаар бүслэлтийг сэтэлж гарсан Шатровын цэргийн үлээвэр хөгжимчид, анхны тулаанд амь үрэгдсэн япон цэргүүдийг оршуулж асан орос цэргүүдийн дүр зураг ээлжилж үзэгдээд горьгүй байсан юм. 1907 онд Орос, Япон улс энхийн гэрээ байгуулахад, орос хэлтэй, оросуудыг сайн мэддэг учир Такаяама оролцсон юм. Ингэж явахад хамт суралцаж асан одоо ихэнх нь байхгүй академийн сонсогчид, хаа нэгтээ өөрий нь хүлээн бэтгэрсэн, эсвэл үзэн ядаж мартсан анхны хайрт бүсгүй нь байн байн санаанд нь орж байсан юм. Хэлэлцээр дууссаны дараа бяцхан цайллага болов. Энэ үеэр урьд нь огт сонсогдоогүй намуухан атлаа ширүүн өрнөлтэй вальс үлээвэр хөгжимд эгшиглэхэд чамархайн судас нь чинэртэл тэлж луг луг цохилон хамаг биеий нь шар үс босон бадайрч, тийм гэхийн аргагүйгээр сэтгэл зүрхий нь эзэмдэж, сульдаасан билээ. Энэ аялгуу ялдамхан гунигаар учирлан аргадаад ч байх шиг, ертөнцийн жам ёсыг, өөрийнх нь үзэж өнгөрүүлсэнийг сануулах төдийгүй, эдүгээ үл төсөөлөгдөх хожмын тохиолыг тайлбарлаад ч байгаа юм шиг зарим үед өрнүүн бадрангуй, цог жавхлангаар дуурсаж, зарим үед тэсвэрлэхийн аргагүй тачьяадан цурхирч, ямар нэгэн юмыг дотроос нь дээш нь хөөргөж, чахалзууры нь шахаад ч байх шиг, хамар тагнай руу нь хорсон шархирахад өөрийн эрхгүй хоёр нүдий нь нулимс бүрхэж байв. Тэр танхимд суугаагаа ч умартан шал өөр ертөнцөд живэн орж, амсаж ханаагүй янаг хайраа шуналтайяа дурсан, уйтгарт автсан юм. Такаяама тэр алмайруулсан аялгууг сонсож дуусаад хажуугийнхаа хүнээс догдолж сааралтсан хоолойгоор “Энэ хэний бүтээл вэ” гэж тэсгэлгүй асуусанд тэр хүн Такаяамагийн өөдөөс гайхасхийн харснаа: Порт-Артурт байлдаж явсан хөгжмийн салааны дарга Шатровын “Мокшаны хорооны дайчид Манжуурын толгод дунд” гэдэг вальс гэж хэлэв. Такаяама “Шатров зүрхнийхээ нулимсыг “нэрж” бичсэн болоод...” хэмээн бодоход түүний оюутан цагийн дурсамж, хуримын маршийн аялгуунд салхи татуулан бүжсэн амраг бүсгүй Светланаг нь ч санагдуулав. Хайртай орос бүсгүй рүүгээ юунд ч торолгүй гүйгээд хүрэхсэн гэх хүсэл нь туйлгүй оргилсон ч түүний гэрэл зураг, сүүлчийн захидлыг өөрт нь дурласан зүрх сэтгэлтэй нь хамт Шар мөрөнд урсгалд үйж орхисноо шимшрэн дурссан сан. Магадгүй, анх энэ вальсийг эмзэглэж, үймж, уймарсан ер бусын сэтгэл хөдлөлд автсан.үедээ сонссоноос шалтгаалан, зүрхэнд нь хадагдсан байж ч болох юм гэж бодох болсон юм. Харин энэ аялгуунд сэтгэл зүрхээ олзлуулахаас өмнө тэр танхимаас гараад явчихсан бол яах байсан бол... Хожим нь Такаяама шил шилээ дарсан ялалтандаа бардамнан толгой нь эргэж, дайны хэнээрхэлд автахдаа хүүгээ хар нялхаас нь самурайн ёсоор хүмүүжүүлж, тавхан настайд нь эцгийнхээ сэлмэнд мөргүүлэн, тангараг өргүүлж бяцхан зүрхий нь цуст мөрөөдөлд автуулсан билээ. Учир нь өнгөрсөн олон дайнд Японы арми ялсаны гол шалтгаан нь өрнөдийн зэвсэгнээс дутахгүй япон хүний цусанд нь нэвчсэн самурайн мөн чанар, уламжлалт ёс байлаа. Хөдөө нутгийн борогдуухан амьдралтай тариачин самурайн хүүхдүүд хүртэл “самурайн гэрээс гаралтай” гэдгээрээ бахархаж, самурайн ёс суртахуунаа өндөрт өргөн, сэтгэл санаагаа төвлөрvvлэн чангатгахын тулд ном дэлгэн эрдэмд шамдах болсон юм. Такаяма хүүгээ өөрөөсөө ч илүү ухаалаг, цэргийн эрдэмд төгс, зориг төгөлдөр самурай болно гэдэгт эргэлзээгүй. Тийм ч болох байлаа. Гэтэл ялагдашгүй хэмээгдсэн Японы арми Монголын хил рүү цөмрөн орж Халхын голд анх удаа гутамшигтайгаар ялагдан шившгээ дэлгэхэд хүү нь дайны талбарт эцгийнхээ өмнө сөхөрч суугаад: “Эх орныхоо төлөө, эзэн хааныхаа төлөө, самурайн ёсоор...” хэмээн хийрхэн хашгирч, яах ийхийн зуургүй бууныхаа жадыг сугалан өчүүхэн ч эргэлзэлгүй гэдсэндээ шаан, амаараа цус олгойдуулан унасан юм. Энэ жад харакири хийхэд тун тохиромжтой. Учир нь бууны жад карикара үйлдэж болдог танто хэмээх богино хутгатай яг адилхан. Гэдэснийхээ зүүн хэсэгт жадаа зоож, баруун тал уруу хүчтэй татан огтлоход гэдэснээсээ цус алдсаар амь тавив. Чингэхдээ гол нь тасарч өгөхгүй таталдан, “түргэн дуусгаад өгөөч” хэмээн гуйсан харцаар эцэг рүүгээ ширтсэн нүдний нь гал аажим унтарсаар толгойгоороо газар шаан онхолдож билээ. Такаяама тарчлан буй хүүгээ хараад самшаа нь шархиран, хоолойд нь нулимс тороход амьсгалаа түгжин, төвөнхөө гүрэлзүүлэн цааш нь залгилаа. Самурайн эзэмшвэл зохих бүхий л чадвараас нэн чухал нь хамгийн түрүүнд үхлийг хүлээн авах сэтгэл зүйн хангалттай бэлтгэл юм. Арван найм ч хүрээгүй хүүгийнхээ аймшигт үхлийг харсан Такааямад дэлхий хөмрөх шиг болоход шаналал гаслангаар дүүрэн “Манжуурын толгод” зүрхэнд нь цутгаж эмгэнэлт аялгуу эд эсэнд нь ярган, хэсэг зуур ухаан балартжээ. Хэн нэгэн: -Генералаа та зүгээр үү? хэмээн түшиж авахад царай нь үхсэн мэт хувхай цайж хөшсөн генерал сэхээ орж “Энэ чинь дайн, дайн шүү дээ, би түмний хүүхдийг мянга мянгаар нь үхэл рүү дуудаагүй гэж үү?” хэмээн бодоод сурсан зангаараа бодол санаагаа төвлөрүүлэн, биеэ цэх болгосон сон. Энэ үед ч өнөө л “Манжуурын толгод” хэн нэгнээс өршөөл эрэх наминчлал болон сэтгэлийнх гүнээс урсан уянгалахад өөрийн эрхгүй хоёр гараа тэнгэр өөд өргөн, нүдээ аньж билээ. Гэтэл дараа нь дарга, цэргүүд генерал Такаяамагийн хүүгийн үхлийг бахархан ярьцгааж, баатарлаг явдлын амьд жишээ болгон дуурайцгааж эхлэв. Ахмад настай генерал, офицерууд эмгэнэл илэрхийлэхээсээ илүү жинхэнэ самуурай генералын хүүгийн үлгэр жишээг цэргүүдэд үзүүлж, дайчин эрсийн зоригийг чангаллаа хэмээн чин сэтгэлээсээ баяр хүргэцгээснийг хувь заяаны тохуурхал гэхээс өөр юу гэж ойлгох билээ. Утаа, униарын алин болох нь ялгагдахгүй бүрхэг баргар тэнгэр, нүргээн, түнэр харанхуй шөнө, бөглүү хол дахь дэлбэрэлтийн бүдэг чимээ, хаа нэгтээгээс хэн нэгэндээ өгч буй харанхуй тэнгэрийг зүссэн дохионы гэрэлт сум, уурсан хуйлрах тэнгисийн давалгаа, цэргүүдийн дүнсгэр царай, тэдний туйлдаж ядарсан алхаа, шархдагсдын ёолоон, чарлаан зөөлөн гиншилт, бие бие лүүгээ араатан мэт уулгалан дайрах алалдаан, эцсийн мөчөө хүртэл амь гарах найдлага нь тасраагүй цэрэг хөвгүүний ээждээ бичсэн захидлын салхинд хийссэн тасархай нүдэнд нь ээлжлэн харагдана. Тэр удирдлагын байрандаа буцаж ирэхэд өөдөөс нь чичигнэсэн гараар яаралтай цахилгаан сарвайхдаа “Оросууд бидэнд дайн зарлажээ” гэх ахлагчийн царай сая үзсэн Хирошимагийн үхдлүүд шиг үнсэн саарал болсныг хараад л “энэ дайнд ялагдана” гэдгээ төвөггүй мэдлээ. Ялагдлын гутамшгийг ч, ялагдлаас дор ялалтын гашууныг ч самурай эцгийн сүнс нь ч өршөөхгүй. Нанжинд болсон харгислалыг хараад л ялж байгаа эсэхдээ эргэлзэж эхэлсэн юм. Гэтэл хурандаа тэр үй олон цэргүүдийг бүгдий нь болиулах ямар ч арга байсангүй. Учир нь цагаан захтай үлдэхийг хүссэн япон офицеруудын бага дарга, цэргүүдийн энэ явдлыг урамшуулал мэтээр өөгшүүлж буй нь Такаяамаг ганцаардуулж байв. Азаар хүү нь тэр үед дөнгөж арванзургаатай, цэрэгт татагдаагүй учир Нанжиний энэ нүд халтирам увайгүй явдалд оролцоогүй юм. Ялалтандаа эрдсэн зиндаа дээгүүр дарга нар энэ бүхнийг нүдэн балай, чихэн дүлий орхиж, эр хүнийг жаргаах урлагт ижилгүй төгс эрдэмт гэйшаг-ийн киминогийн хормой дор “толгойгоо шургуулан” мансуурч, дэлхийг эзэгнэгч мэт аашилж байхад Нанжины гудамжаар бага тушаалын дарга нар, цэргүүд “Самурайн чадвараа шалгаж буй нь энэ” гэж насанд хүрээгүй хүүхэд, өвгөд хөгшид, эмэгтэйчүүдийг модонд хүлэн цавчиж, энд тэнд нь бүлж, сүлбэн, элдэвлэн зовоож, нэг өдөрт хэдэн хүнийг сэлэм жадаар хороодгоороо бооцоо тавин өрсөлдөж, нялх охидыг ч ялгалгүй хүмүүн бусаар хүчирхийлэн хэний ч ой тойнд багтамгүйгээр яргалан зэрлэгээр хөнөөхийг нүдээрээ үзсэн Такаяамагийн гол нь харлаж, дотор нь муухайран огиудас нь цутгаж “Самурайн хуулиар худал ярих, хараал хэлэх, муу vйл хийхийг хориглож, эд хөрөнгө, баян тансаг байдлыг жигших ёстой, “Зөв үйл аминаас ч илүү үнэтэй” гэдэг яалаа. “Миний бие ууланд, газар доор, хаана ч байсан гэсэн эзний эрх ашгийг хамгаалах нь миний эрхэм үүрэг. Бид дайчны замаар замнаж, үүрэг хариуцлагад захирагдана” гэсэн Самурайн тангараг яалаа. Эрхэм ариун бүхнээ нулимж орхих чинь ямар ёс вэ? хэмээн тачьяадан хашгирч билээ. Гэтэл хажууд нь зогссон нэг офицер: “Хурандаа юунд ингэтлээ хашгирна вэ, манай цэргүүдийн дайчин нөхдөө алдсан сэтгэлийн шархыг дайсных нь цус л эдгээнэ. Дайсантайгаа ойлголцдог хэлээр нь ярьж байгаа юм биш үү” гэж хээв нэг хэлээд бах нь ханасан цатгалан харцаар харахад, өөр нэг нь шунан шохоорхсон нүдээр шүлэнгэтэн ширтэж байхыг үзээд хэлэх үг олдохгүй дэмий л амаа ангалзан гацсан юм. “Энэ бол зөвхөн дайсандаа үйлдэж байгаа харгислал биш, хүн төрхөө гээж, амьд хүн яргалж таашаал авдаг гаж сонирхол нь зуршил болж буй”-г ойлгохдоо “та нарын судсаар самуурайн цусны оронд, хүн чанараа алдан, ялзарсан ёс зүйн идээ бээр урсаж байгаа юм бишүү” хэмээн эмгэнэн халаглахаас өөр мэх байсангүй. Энэ үед ёс суртахууны далд түгшүүр битүүхэн мэдрэгдэж зүрхий нь тогшиход, Оросуудын найзыг нь хүндэтгэлтэйгээр оршуулж байсан дүр зураг бүр ч тод үзэгдэн, “Түүний оронд би байх нь яалаа, Би байж болох л байсан шүү дээ” хэмээн орь залуугаараа амиа алдсан нөхрийнхөө үхэлд анх удаа атаархаж билээ. Тэрээр жижүүрийн офицерт цахилгаан утсыг буцааж өгөөд удирдлагын байрыг орхиж гарахдаа ганц ч үг хэлсэнгүй. Цээжий нь хөндүүрлэтэл дарсан хүнд бодолдоо эзлэгдэн гэртээ ирээд хувь тавилангаар нь хэтэрхий хоржоонтой тоглосон амьдралынхаа хилэнцэт өдрүүдийг дуусгахаар шийдлээ. Түүний эцгийн, ишин дээрээ “Самурай Таяака 12545” гэсэн сийлбэртэй, алтан боронзон хуйтай катана хэмээх ган сэлэм гэр бүл, удам судрынх нь бахархал, бэлгэ тэмдгийн шүтээн болон хананд нь хүндэтгэлтэйгээр өлгөөтэй байх бөлгөө. Хүн хүссэн хэлбэрээрээ үхлээ сонгож чадна гэдэг ховорхон хувь заяа. Такаяама самурайн гүн нарийн ёсыг ягштал дагаж, сахал үсээ засаж, усанд орж, цэвэр ариуны бэлгэдэл цагаан хувцас өмсөж, шинто сүмийн гадна талын цэцэрлэгт олбог дэвсэж, түүний өмнө явган өр засж дээр нь гүцтэй сакэ, нэг хундага, гэрээслэл бичих цаас, үзэг өрөөд, эцэст нь эцгийн сэлмийг шүтээний байрнаас нь хоёр гардан авч, адис хүртээд, олбог дээр сууж, хуйнаас нь сугалан өмнөө тавьлаа. Сэлэмний толинд түүний үрчлээ суусан өргөн дух, шийдэмгий царай, итгэлтэйгээр чанга жимийсэн уруул нь харагдахад тэрээр үхлээ илэрхийлэн сакэнаас дөрвөн балгыг хүртэв. Самурай өөрийгөө егүүтгэхийн өмнө заавал гэрээслэл бичиж үлдээх ёстой. Такаяама үзэг цаасыг авч хэсэг хором болсноо, идэх эдлэхээр дутаагүй ч, үзэж, амссан зовлон зүдүүртээ ядарч бөгтийсэн, тэр тусмаа газар дээрх ганц хүүгээ Номун ханы элсэнд булснаас хойш, энэ бүхэнд өөрөө буруутай юм шиг хүний өөдөөс ч эгцэлж харахаа больсон, цонхигор, эцэнхий эхнэрийнхээ гал нь бөхсөн “амьгүй” нүдээр газар шагайн гөлөрч суухыг хараад буцааж тавьлаа. Хэндээ, юуг ч гэрээслэх билээ. Чингээд элэнц хуланцаас үе дамжин ирсэн эцгийн хүндэт сэлэмний үзүүрийг хүйснийхээ дээхэн талд маш тайвнаар магадгүй, ямар нэгэн чухал цэгийг онилох мэт чиглүүлэн нямбай нь аргагүй тулгаж барьлаа. Эхнэр нь эр нөхрийнхөө тарчлахыг харж зүрхлэхгүй тул кайшакуни хөлсөлсөн боловч Такаяама түүнийг авахыг хүссэнгүй. Тэрээр нүдээ хагас анин сүүлчийн удаа гүнзгий амьсгал аваад, ямарч аймшиг, үхлийн тарчлааныг хүлээж авахад бэлэн болж, хөмхийгөө зуун, нүд ирмэхийн зуур хүчтэй бүлэлтээр хэвлийгээ нэвтлэн огцом татаж гэдсээ хүүллээ. Тэр агшинд ч өнөө л найзыг нь оршуулж байсан орос цэргүүдийн ёслолын буун дуутай зэрэгцэн “Манжуурын толгод” сэтгэлд нь нүргэлэн цутгахдаа эгнээ эгнээгээр жигдрэн жагссан дайчид шиг давшингуй, ямархан нэгэнд уриалан дуудсан хүчирхэг ялалтын марш шиг бадрангуй, эрч хүчээр ааглан цог жавхлантайгаар зүрхэн дундуур нь туучив. Такаяама “Оросууд энэ хөгжмийг ялагдаж байхдаа бичээгүй гэж үү?” хэмээн шивнээд мөнөөх аялгуунд эцсийн амьсгалаа өлгийдүүлэв. Төгсөв  2017.11.22-2018.01.20
д,гантулга
эрхэм ээ! БАЯРЛАЛАА!
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 54 хувийн ирцтэйгээр эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 54 хувийн ирцтэйгээр эхэллээ

33 мин
Л.Гантөмөр: АН хамтын гэрээ зөрчөөгүй

Л.Гантөмөр: АН хамтын гэрээ зөрчөөгүй

40 мин
МАН: Гэрээ зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлнэ

МАН: Гэрээ зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлнэ

43 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

46 мин
Төрийн байгууллагын албан хаагчид сонгууль болгоноор солигддог бол иргэний нийгмийнхэн жил бүр улам чадавхжиж байна

Нийтийн эрх ашгийн сан, Цогц хөгжлийн үндэсний төв болон МУИС хамтран “Нийтийн эрх ашиг: Аюулгүй байдал ба иргэний нийгэм” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

6 цаг 47 мин
Хоёр жагсаал Төв талбайд мөргөлдөж, гурван нам төв байрандаа хуралдав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардсан “Огцрох амархан” жагсаал Т

6 цаг 47 мин
МАН-ын бага хурал эхэллээ

МАН-ын бага хурал эхэллээ

19 цаг 38 мин
Т.Доржханд: Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой

Т.Доржханд: Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой

22 цаг 36 мин
Л.Гантөмөр: АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй

Л.Гантөмөр: АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй

22 цаг 42 мин
Засгийн газар: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах асуудлыг хэлэлцэж байна

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах асуудлыг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 18 мин