Хоёр жагсаал Төв талбайд мөргөлдөж, гурван нам төв байрандаа хуралдав

2025-05-22
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардсан “Огцрох амархан” жагсаал Төв талбайд өчигдөр найм дахь өдрөө үргэлжиллээ.  Нөгөө талд “Ухаа худаг”-аа авъя” нэртэй жагсаал нэмэгдээд хоёр хонож байна.  Энэхүү жагсаалуудыг дагасан улс төрийн үйл явдлууд нэлээд “халуун” өрнөж байна. Тухайлбал, өчигдөр  МАН-ын бага хурал 15.00 цагт товлогдсон ч гишүүдийг хүлээсээр 16:50 минутад 67 хувийн ирцтэйгээр эхлэв. МАН-ын бага хурал 369 гишүүнтэй, хурал эхлэхэд үүнээс 240 нь хүрэлцэн ирсэн байв.  Энэхүү хурлаар Хамтарсан Засгийн газар байх, эсвэл МАН дангаараа гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдэх юм.  Өчигдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

08.00 цагт:  Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлж, хоёр цаг орчим хуралдлаа.  Хуралдаанаар 14 мега төслийн явц, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  Шадар сайд Л.Гантөмөр 14 мега төслөөс тавыг нь хэрэгжүүлж эхэлсэн гэдгийг мэдэгдлээ. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулан, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээг баталгаажуулан, Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж ажилласан гэдгийг танилцуулжээ.  Мөн хуралдаанаас  дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн юм.  Үндсэн хуралдаан дууссаны дараагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нартайгаа уулзсан.  Энэ үеэр “Хамтарсан Засгийн газраа задлахгүй” гэдэг байр суурь илэрхийлсэн гэдэг мэдээлэл байна.

12.30 цагт: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барив.   Энэхүү хуулийн төсөл нь 2002 оноос хойш үйлчлэх иргэний журмын зохицуулалттай юм.  Ерөнхий сайд “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслөө өргөн барьж байна. Өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард өргөн баригдсан. УИХ-ын дүгнэлтийг үндэслэн зарим зүйл заалтыг илүү боловсронгуй болголоо. Ялангуяа Сингапур, Шинэ Зеланд гэсэн улсуудын туршлагыг оруулсан. Нийтийн албан тушаалтан орлогоо нотолж чадахгүй бол хуулийн дагуу улсын орлого болдог. Гэр бүлийн гишүүд орлогын албан татвараар бүртгэл илүү нарийвчилж хянагдах агуулгыг бид ярилцаад өргөн барих нь зүйтэй гэж үзсэн. Хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээллийн сан маш сайн болсон. Мэдээллийн сан дээрх орлого нотлогдохгүй бол хэрхэх вэ гэдэг зохицуулалт манайд бий” гэлээ.

13.00 цагт: АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар Хамтарсан Засгийн газрын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

АН-ын дарга Л.Гантөмөр:

-Бид С.Зориг агсныхаа үгээр явж ирсэн. Монголын эрх ашгийг нэгдүгээрт тавья. Намынхаа эрх ашгийг хоёрдугаарт тавья, харин хувь хүний эрх ашгийг гуравдугаарт тавья гэж зорьж ажилласан. Миний хувьд Хамтарсан засгийн газраас хэзээ ч урвахгүй гэдэг байр суурьтай байна. МАН-ын зүгээс АН-ын нэр бүхий гишүүд Хамтарсан засгийн эсрэг байгаа учир Хамтарсан засаг байгуулах асуудлыг дахин ярилцъя гэдэг асуудлаар хуралдаж байх шиг байна. АН өөрөө олон ургалч үзэлтэй нам шүү дээ. Өөрийнх нь засаг байсан ч гэсэн манай намын гишүүд шүүмжилдэг. Тийм учраас өөрийнхөө өнгө төрхөөр л байгаа. Үүнийг МАН-ын нөхөд ойлгож, хүлээж авч сурах хэрэгтэй. Түүнээс биш засагт хамтарлаа гээд намынхаа гишүүдийн амыг барина гэсэн үг биш. Ийм хэлэлцээрийг бид нар хийгээгүй. Бид Монгол Улсын эрх ашгийг бодож ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Улсын эрх ашгаа орхиод намын эрх ашиг, тодорхой хүмүүсийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байвал, цаашдаа ч ингээд явна. Түүнээс биш АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй.

ХҮН намын дарга Т.Доржханд:

 -Хэрэв ХҮН нам Засгийн газартай хамтраагүй бол хүчтэй сөрөг хүчин байх байсан. Магадгүй орон нутагт олон суудал авах байсан нь үнэн. Гэхдээ энэ бол ХҮН намын эрх ашиг. Тэрнээс Монгол Улсын эрх ашиг биш. МАН-ынхан хариуцлагатай байцгаая. Та нар 100 жилийн түүхтэй гэж өөрсдөөрөө бахархаж, дүгнэдэг. Та нарын өмнө улс орны эрх ашиг байна уу, танай намын эрх ашиг байна уу. Дэлхий ертөнц үймээнтэй байгаа нөхцөл байдалд та нар эдийн засгийн хямралыг дангаараа гаталж чадах уу. Би чадахгүй гэж харж байна. Мөн МАН-ынхан парламентад 68 суудалтай. Бүгдээрээ бүх асуудал дээр ирээд кноп дарж чадах уу. Зургаан сар болоод л Засгийн газар нь солигдоод байх уу.

15:00 цагт: МАН-ын Бага хурал эхлэх товтой байв. Гэсэн ч Бага хурлын гишүүдийн ирц цагтаа бүрдээгүй, зарим нь нэлээд хоцорч ирэв.  Сэтгүүлчид хэлэлцэх гэж байгаа асуудалд ямар байр суурьтай байгааг нь тодруулав. Гишүүдийн олонх нь “Хэрвээ МАН дангаараа Засгийн газраа байгуулан ажиллах болбол маш хүнд замыг туулах болно” гэдэг байр суурийг илэрхийлж байв.

16:50 цагт:  МАН-ын бага хурал 67 хувийн ирцтэйгээр эхлэв.  Хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар даргалж, хуралдааны эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн итгэл тавьжээ. Мөн хурлын үеэр УИХ-ын дарга Л.Амарбаясгалан “Би Л.Оюун-Эрдэнэтэй цуг байгаа гэдгээ шударга хэлье” гэсэн байр суурийг илэрхийлсэн гэх мэдээлэл байна.   Мөн бага хурлын үеэр 45 гишүүн үг хэлэхээр бүртгүүлснээс дугаар шилжих мөчид 27 гишүүн үг хэлэхээр үлдээд байсан юм.  Мөн үг хэлсэн гишүүдийн олонх нь хамтарсан Засгийн газрыг тараахгүй гэсэн байр суурь илэрхийлсэн гэсэн мэдээлэл байна.

16:30 цагт:  МАН-ын бага хурал эхлэхдээ зэрэгцэн Төв талбай ч жагсагчдаар дүүрэв. “Огцрох амархан”, “Ухаа худгаа авъя” нэртэй жагсаалууд зэрэгцэн, хоёр талаас үзэл бодлоо илэрхийлцгээв.  Нэг талаас “Огцрох амархан, орлогоо нотол” хэмээн орилж, нөгөө талаас “Баялагаа авъя, Ухаа худгаа авъя” хэмээн хашгирч нэлээд эмх замбараагүй байдал үүсэж байв. Тэдний зүгээс өөрсдийн тавьж буй шаардлагыг нь хүлээж авах хүртэл Төв талбайд жагсаал хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

17.30 цагт: ХҮН намын төлөөлөх зөвлөл хуралдаж, хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэв.  Намын дарга Т.Доржханд “Хамтарсан засгийг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн Ж.Золжаргалд хатуу хариуцлага тооцно” гэдгээ мэдэгдсэн. АН-ын хувьд Улс төрийн зөвлөл хуралдах чигтэй байсан ч цаг нь тодорхой болоогүй байв.   Тус нам орон даяар хэлэлцүүлэг хийж байгаатай холбоотойгоор ирцээ бүрдүүлэхээр орон нутгаас ирж буй гишүүдээ хүлээж байгаа мэдээлэл бий. Ямартай ч, АН-ын дарга Л.Гантөмөр “Улс төрийн зөвлөлийн хуралдаа УИХ-ын гишүүдээ оруулж, өргөн бүрэлдэхүүнээр хэлэлцэнэ” гэдгээ мэдэгдээд байсан юм.

Дугаар шилжих мөчид Төв талбайд болж буй “Огцрох амархан”, “Ухаа худаг”-аа авъя” нэртэй жагсаалууд тараагүй.  Намуудын хурал ч тодорхой шийдэлд хүрээгүй байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 96 (7593)

 

Хүүхдийн баярт зориулсан цогц хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Хүүхдийн Ордонд “Хүүхдийн баярын багц хөтөлбөр” зохион байгуулагд

26 мин
Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

6 цаг 55 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

6 цаг 55 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

6 цаг 55 мин
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

6 цаг 55 мин
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын т

19 цаг 54 мин
З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

21 цаг 59 мин
Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Өчигдөр 12 цаг 08 мин
Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Өчигдөр 10 цаг 48 мин
Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин