З.ХҮРЭЛ
Өнгөрсөн онд хийсэн ажлын үзүүлэлтээрээ хамгийн өндөр оноог авч, улсын шилдэг тэргүүний аймгаар шалгарсан Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдантай ярилцлаа.
-Танай аймаг улсын тэргүүний аймгаар шалгарсанд баяр хүргэе. Чухам ямар ажлуудыг хийж амжуулсан болохоороо Ховдынхон тэргүүний аймгаар шалгарах болов оо?
-Баярлалаа. Засгийн газраас иргэдийнхээ ахуй амьжиргааг дээшлүүлсэн, авлига хүнд сурталтай тэмцсэн, бүтээн байгуулалтыг үр дүнтэй өрнүүлсэн гэх зэргээр нийт 72 шалгуур үзүүлэлтээр аймгуудын 2013 онд хийж амжуулсан ажлыг дүгнэхэд аймаг маань хамгийн өндөр оноог авч улсын тэргүүний аймгаар шалгарсанд баяртай байна.
Бид өнгөрсөн хугацаанд нэг өдрийг ч болов алдахгүй юмсан, аль болох ихийг бүтээчих юм сан гэж иргэдтэйгээ нийлээд хамтдаа нэлээд зүтгэлээ. Үр дүн нь эхнээсээ харагдаж, олон түмэнд мэдрэгдэж байгаа нь бидэнд их урам өгч байна аа. Бидний баримталж байгаа зарчим бол тогтвортой өсөлттэй, байгаль орчин болон хүндээ ээлтэй, иргэдийн оролцоотой зөв хөгжлийн жишгийг бий болгохыг зорьж байна. Ингэхийн тулд эдийн засгийн, нийгмийн, байгаль орчны асуудлаа цогцоор нь шийдээд явах нь чухал. Түүнээс дан эдийн засгийн ашиг орлогоо хараад байвал иргэдийн маань нийгмийн байдал хоцрогдож, байгаль орчны асуудал хаягдана. Тогтвортой зөв хөгжлийн үндэс болсон энэ асуудлуудыг нэгийг нь нэгээс нь дөвийлгөхгүйгээр хамтад аваад явах нь чухал. Ховд нутагтаа иргэд маань хэдэн үеэрээ сэтгэл хангалуун, тохитой тухтай, ажилтай орлоготой, тогтвортой сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.
Ямар ч Засгийн үед, ямар ч даргын үед яригддаг асуудал бол хэдий хэрийн хөрөнгийг юунд зарцуулав, хэний ямар компанид хэдэн төгрөгийн тендер өгчихөв гэдэг асуудал байдаг. Би ажил авсан эхний өдрөөсөө л ил тод байхыг хамгийн гол зарчмаа болгосон. Засаг даргын гаргаж буй бүх захирамж шийдвэр нийтэд ил болсон. Хүссэн хүн нь аймгийнхаа цахим хуудаснаас нэгбүрчлэн харахаас гадна долоо хоног бүр орон нутгийн телевизээр мэдээлдэг болсон л доо. Бүх зүйл нь ил болоод ирэхээр хүмүүст ч хардлага төрөхгүй, ямар шийдвэр гарч байгааг мэддэг болохоор иргэд бодит мэдээлэлтэй болоод ирдэг. Аймгийн төсөв, санхүүтэй холбоотой бүх мэдээлэл ил болсонд олон хүн талархалтай хандаж байгаа. Шилэн дансны хуулийн төсөл ид яригдаж байна. Хэрэв энэ хууль УИХ-аас батлагдаад гараад ирвэл ард иргэд талархан хүлээн авч, ажил ч садаа тээргүй урагшлах юм гэдгийг бид өөрсдийнхөө хүрээнд хийсэн багахан энэ ажлаараа мэдэрчихээд сууж байгаа шүү.
-Төсвийн эрх мэдэл орон нутагт очсон нь том боломжийг нээж өгсөн гэж байгаа. Энэ хөрөнгөө хэрхэн зөв зохистой зарцуулсан нь шилдэг аймгаар шалгарах гол үзүүлэлт байсан болов уу?
-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг ухаалаг зарцуулсан нь томоохон оноо авчирсан талаар албаны хүмүүс онцолж байсан. Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх талаар зарчмын томоохон өөрчлөлт гарч байна. Өмнө нь сумын сургуулийн хагарсан цонхыг шиллэх хөрөнгийг Сангийн яамнаас гуйдаг байлаа шүү дээ. Одоо бол шинэ сургууль барих хөрөнгө мөнгийг хүртэл орон нутаг шийдэх боломжтой болсон. Гэхдээ энэ хөрөнгийг дарга удирдлагууд нь дангаар мэдээд шийдэх биш иргэдийнхээ оролцоотой хаана хөрөнгө оруулахаа шийддэг болсон нь хамгийн чухал нь юм. Эрэлт хэрэгцээ бол хязгааргүй, нөөц бол хязгаарлагдмал. Тиймээс бид эхнээсээ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөсөө гадна иргэд, байгууллагынхаа хамтын оролцоотой ажлаа шийдэж явсан. Энэ сан, мөнгө орон нутагт ирснээрээ иргэдийн оролцоо, идэвх санаачлагыг урьд өмнө байгаагүйгээр сэргээсэн үйл явдал өрнөж байна. Өнгөрсөн онд гэхэд төсвөөс өгсөн мөнгөн дээр нэмэгдээд аймгийн ард иргэдийнхээ санаачлага, дэмжлэгээр хоёр тэрбум шахам төгрөгийн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хийлээ. Энэ нь бусад аймгаас онцлох тал нь юм болов уу. Би ажлаа аваад хамгийн анхны захирамжаа “Нэг санаачилга хөдөлгөөн” өрнүүлэх тухай гаргасан. Үүнийг маань иргэд, аж ахуйн нэгжүүд дэмжиж, аймагтаа, орон нутагтаа юуг санаачлаад хийчихвэл гудамж, баг, сум, хотоо сайхан болгохов гэж бодох болсон, бас санаачилж эхэлсэн. Тухайлбал, эх орны дайны үед аймгаасаа шалгарч фронтод бэлэг хүргэлцэж явсан Эрдэнэбүрэн сумын уугуул, багийн дарга О.Зана гуайн үр хүүхдүүд аавынхаа нэрэмжит гудамжийг 280 сая төгрөг гаргаж бүрэн тохижууллаа. Бид иргэдийнхээ санаачилгыг дэмжээд л өгөхөд ямар их боломж цаана нь байгаа гээч. Бизнесийн байгууллагууд төрийн зүгээс асар их дарамт ирдэг гэдэг. Бид дарамт болох биш, хэрэгцээтэй бичиг цаасыг нь дараад суух биш харин хүнд сурталгүй хамгийн ойрын дэмжигч нь байх ёстой гэж ажиллаж байна. Ядахдаа төрийн байгууллагуудаас дэмжээд сүйд болохгүй юмаа гэхэд саад болдоггүй л болчих юм сан гэж зорьж байгаа.
-Танай аймаг битүү худалдааны төвтэй болж байгаа гэсэн байх аа?
-Тийм ээ. Манай аймагт олон зуун хүмүүс гадаа худалдаа, бизнес эрхэлж ирсэн. Өндөр түрээс төлөхөөс гадна тохь тухгүй хүйтэн орчинд ажилладгаас эрүүл мэндээрээ хохирох, зарж байгаа бараа нь чанараа алддаг зэргээс иргэдэд маань багагүй дарамт байсан. Өнгөрсөн жил гурван аймагт битүү худалдааны төв баригдлаа. Манайхны хувьд төсвөөс хөрөнгө гаргаснаас гадна иргэдээсээ бараг 30 орчим хувийг нь гаргуулж үүнийгээ барьсан. Энэ нь иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлж, хариуцлагатай эзэнтэй болгож байгаа хэлбэр юм л даа.
-Танай аймагт томоохон ямар бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна вэ?
-Бүтээн байгуулалтын ихээхэн ажил хийгдэж байна. Багагүй хөрөнгө ч үүнд зарцуулагдаж байна. Өнгөрсөн жил гэхэд 200 гаруй км хатуу хучилттай зам баригдаж ашиглалтад орлоо. Энэ онд 300 орчим км зам баригдана. Бас 2015 онд Ховд Улаанбаатар чиглэлийн зам, ОХУ болон БНХАУ-ыг холбосон Азийн босоо тэнхлэгийн автозам бүрэн ашиглалтад орно.
Түүнээс гадна Ховд хотын Дулааны хоёрдугаар станц хэдхэн сарын дараа ашиглалтанд орох гэж байна. Уг нь 2015 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн ч богино хугацаанд шамдаж ажилласнаар оны өмнө бараг бэлэн болсон. Одоо холболт, нарийн тохиргооны ажлууд нь хийгдээд явж байна. Мөн Ховд хотын цахилгааны хоёрдугаар дэд станц, шугам сүлжээний өргөтгөл, цэвэр усны өргөлтийн станц, цэвэрлэх байгууламжийн өргөтгөлүүд хийгдэж байна. Ингэснээр баруун бүсийн тулгуур төв болсон Ховд хот тэлж хөгжих дэд бүтэц, инженерийн байгууламжаа цогцоор нь шийдэж байгаа юм. Мөн хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийлгэж байна.
-Саалиа бэлдэхээс саваа бэлдэнэ гэдэгчлэн үү?
-Өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээ, боломжуудаа урьдчилан харж, хөгжихөд нэн шаардлагатай суурь асуудлуудаа шийдэж байгаа нь энэ. 2006 оноос хойш байнга буурч ирсэн Ховд аймгийн хүн амын тоо энэ онд анх удаа бараг нэг сумын дайтай хүнээр өслөө. Хүн амын шилжилт хөдөлгөөн, хүн амын өсөлттэй холбоотой нэлээд нарийн судалгааг бид хийсэн. Өнгөрсөн онуудад дунджаар 3000-4000 хүн шилждэг байсны дийлэнх нь хөдөлмөрийн насныхан байсныг бид олж харсан. Ажлын байр хомс байгаагийн улмаас хүмүүс маань шилжээд байсан. Тиймээс үйлдвэр үйлчилгээ, бизнес эрхлэх гэсэн хүмүүсээ л дэмжихийг хичээж, Ховддоо олон хүн ажиллаж, амьдрахад таатай сайхан орчин бүрдүүлэхийг зорьж байна. Эхнээсээ хүмүүс маань нутагтаа буцаад ирж байна. “Нутгаа хөгжүүлэхийн тулд хамтдаа зүтгээд үзье” гэсээр хотоос нүүгээд очиж байгаа залуусаа харахад надад бахархмаар санагдаж байна. Ер нь манай аймагт намчирхаж хоёр тал болж суухын оронд нэг зүгт хараад нутгаа хөгжүүлье гэсэн хүмүүс их болж байгаа шүү.
-Ховдод Засаг дарга нь аль сумын хүн болно тэр зүгийнхэн л дарга болцгоодог байсан нь Д.Цэвээнравданг дарга болсноос хойш өөр болсон шүү гэсэн яриаг сонсч байлаа. Та үүн дээр зориуд хичээж ажиллаад байна уу?
-Би хэн ажлаа хийж чадаж байна, тэр хүнтэй хамтран ажиллана гэсэн гол зарчимтай. Ховд аймгийн хувьд 13 үндэстэн ястан нэг дор амьдран суудаг онцлогтой газар. Тиймээс аль болох бүгдийнх нь төлөөллийг багтааж, намчирхах биш ажлаа хийж чаддаг хүмүүсийн хүчийг авч нутаг улсаа хөгжүүлэх чин зорилготой л явна. Хөдөө орон нутагт улстөржих, намчирхаж талцах явдал хэрээс хэтрээд байгаа талаар хэн хүнгүй л ярьдаг. Жаахан энэ газартаа талцаад хуваагдаад байлаа гээд хэн хожих юм. Бид бүгдээрээ л хохирно. Өнгөрсөн сард болсон жилийн эцсийн хурлаар Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ИТХ-аас хангалттай сайн гэж үнэлсэн. Манай ИТХ-ын төлөөлөгчид аймаг орон нутгийн хөгжил дэвшлийн төлөө Засаг даргынхаа үйл ажиллагааг дэмжиж, нэг зүгт харж ажиллаж чадаж байгаад иргэд маань талархалтай байгаа шүү.
-Дан ганц эдийн засгийн ашиг харахгүй байгаль орчны асуудлаа ч давхар аваад явна гэж та онцолж байна л даа. Танай аймаг тусгай хамгаалалттай газар нутгийнхаа хэмжээгээр улсын хэмжээнд тэргүүлдэг. Уг нь аль болох тусгай хэрэгцээнээс гаргаж ашиглаж байх нь орон нутагтаа ашигтай юм биш үү?
-Мэдээж ашиг, орлого талаа эхэлж харвал тийм байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бид тогтвортой хөгжлийн төлөө зорьж байгаа шүү дээ. Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээрээ 2015 он гэхэд нийт газар нутгийнхаа 30-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад оруулсан байх ёстой. Тэгэхээр энэ зорилтыг биелүүлэхийн тулд бид орон нутгаасаа дэмжээд ажиллаж байхгүй бол болохгүй шүү дээ. Одоо манай аймгийн нийт газар нутгийн 29 хувь нь хамгаалалтад орсон, 2015 гэхэд 35-аас багагүй хувийг нь хамгаалалтад авахаар ажиллаж байгаа. Ер нь хууль тогтоомж гарсан л бол үүний биелэлтэд хаа, хаанаа зорьж ажиллах хэрэгтэй байгаа юм. Түүнээс цаасан дээр нэг өөр, амьдрал дээр бас өөр байгаад байж болохгүй шүү дээ. Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн өнгөрсөн оны эхнээс хэрэгжиж эхэлсэн нэг заалтаар бол аймгийн хэмжээний удирдах албан тушаалтны 40-өөс доошгүй хувь нь нэг хүйсийн төлөөлөл байх талаар заасан. Манай аймгийн удирдах албан тушаалтны 40 орчим хувь нь ажил хэрэгч бүсгүйчүүд маань байна. Энэ жишиг цаашид тогтоод явна.
-Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан зарим хүн хотод алба хашиж байгаад тийшээ даргаар томилогдож байсан шиг санагдаж байна. Таны хувьд сум орон нутагтаа л ажиллаж байсан гэж сонссон. Өөрийнхөө болоод гэр бүлийнхээ талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Би цэргийн албаны хэдэн жилийг эс тооцвол нутгаасаа ер гараагүй хүн дээ. Манайх Ховд аймгийн Чандмань сумын айл. Би олон хүүхэдтэй айлын долоо дахь хүүхэд. Өвөг эцэг А.Гомбосүрэн маань Богд хаант Монгол Улсын үед баруун хязгаарын харуул, гаалийн албанд ажиллаж байгаад ардын засгийн жилүүдэд анхны хошуу даргаар ажиллаж явсан байдаг юм. Миний аав Г.Дамдиндорж улсын аварга малчин хүн байлаа. Бас олон жил багийн Засаг даргаар ажиллаж байсан. Ингээд харахаар төрд гурван үеэрээ ажиллаж байгаа улсууд юм. Миний хувьд барилгын салбар, орон нутгийн залуучуудын байгууллагад ажилаж, багийн Засаг дарга, сумын орлогч дарга, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, одоо аймгийн Засаг дарга гээд орон нутгийн удирдлагын бүх төвшинд ажиллаж байна. 1990 оноос хойш тасралтгүй сум, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, иргэдийнхээ дуу хоолой болж явлаа. Гэргий маань цэцэрлэгийн багш хүн. Манайх хоёр хүү, ганц охинтой айл. Хоёр хүү маань цэргийн алба хааж байгаа, охин маань Ховдын их сургуулийн оюутан даа.
-Хоёр хүү хоёулаа цэргийн алба хааж байгаа гэж үү. Даргын хүүхдүүд цэргийн алба хааж байна гэхээр сонин сонсогдож байна шүү?
-Том хүү маань МУИС-ийн хуулийн ангид, бага хүү маань Ховд их сургуулийн түүхийн ангид суралцаж байгаад оюутан байх үедээ цэргийн албаа хаасан нь зөв гэж өөрсдөө ярилцаад өнгөрсөн намар цэргийн албанд мордсон. Монгол Улсын иргэн хүн цэргийн албаа хаах ёстой, түүнийгээ л хөвгүүд маань биелүүлж байгаа хэрэг. Харин сургуулиа төгсөөд явах, дундуур нь явах зэрэг цэвэр тэдний маань сонголт байсан даа.
-Улсын тэргүүний аймаг болчихлоо. Одоо энэ амжилтаа дараа дараагийн удаадаа батлаад явна биз дээ?
-Ховдчуудынхаа итгэл зүтгэл, санаачилгаар бид ийм амжилтад хүрлээ. Мэдээж сайхан байлгүй яахав. Гэхдээ үүнийгээ хадгалж, дааж явах нь хамгийн том хариуцлага юм. Бид олсон амжилтаа бататгаад дахиад олныг хийж амжуулахыг хичээх болно. Үүнийгээ бид ард иргэдийнхээ хамтын оролцоотойгоор хийж чадна гэж бодож байна. Бидний хийж амжуулсан бүхэн иргэдийн маань дэмжлэг оролцооных байсан болохоор танай сониноор дамжуулж тэдэндээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Бас хамтдаа амжилтаа бататгаж, илүү ихийг хийцгээе гэж уриалмаар байна.