Б.ДОЛЖИНЖАВ
Малчны хотонд шинэ өглөө иржээ. Зуны өглөөний 04:00 цаг. Нар мандаагүй боловч аль хэдийнэ гэгээ орчихсон эргэн тойрны зүйлс сайн харагдана. Гэрийн урд хэсэг адуу идээшлэн зогсоно. Баруун урд байх зэлэн дээр үнээнүүд хивэн хэвтэнэ. Харин хашааны ойролцоо хонь, ямаа хэвтэж байх агаад хонины хамар шуухитнахаас өөр чимээ үгүй. Яруу найрагч Ц.Хулангийн шүлгэн дээр гардаг шиг Монголын их амар амгалан энд оршиж байх мэт. Энэ удаагийн “Polit”-ийн нэг өдрийн сурвалжлагаа Сүхбаатар аймгийн Уулбаян сумын V багийн малчин О.Баярмэндийн хотноос бэлтгэлээ.
Биднийг очих үед ширүүн бороо орж байлаа. Машины цонхоор уулс, өргөн их талыг ширтэн явсаар зорьсон газраа ирлээ. Энэ жил тэдний нутагт зуншлага сайн байгаа аж. “Зургадугаар сарын сүүлээс хойш бороо ороогүй гандаж байтал сая хэд хоног бороо орж ногоо сэргээд сайхан байна” хэмээн сэтгэл хангалуунаар гэрийн эзэн биднийг угтлаа. Малчин О.Баярмэндийнх сумын төвөөс зүүн зүгт 20 км-т “Бөөрийн булаг” хэмээх булгийн зүүн урд “Тогоруут” гэх толгой дээр буужээ. Энэ дов дээр дөрвөн жил зусч байгаа аж. Улаанбаатарчууд улсын их баяр наадам гээд ид бужигнаж байх үеэр хөдөө нутаг, тэр дундаа сумын нэгэн малчин айлын амьдрал өрнөдгөөрөө өрнөж байв. Төвийнхөн амралт зугаалга гээд зав чөлөөтэй болж амсхийж байхад хөдөөгийн малчдын зуны хамгийн том ажил эхэлж хонио ноосолж байлаа.
Нар мандаагүй сэрүүхэнд хонь ноослох нь хүн болон малд хамгийн тохиромжтой үе байдаг. Тиймээс бүгд 04:00 цагт босчээ. Гэрийн эзэгтэй үнээгээ сааж харин бусад нь хашаан дээр хонио ноосолж байв. Ихэнх өдөр малчны өглөө хонио услахаас эхэлдэг боловч энэ өдөр хонио ноослохоос эхэлжээ. Харин малчин эмэгтэйн зуны өглөө үнээ саахаас эхэлнэ. Нартай үед үнээ ялаархаад байдаг учир нар мандаагүй байхад саачихвал тун амар. Энэ зун эзэгтэй Ж.Одсүрэн зургаан үнээ сааж байгаа юм байна. Тэрээр “Хур сайтай, өвс ногоо элбэг, зуншлага сайтай тул өглөө, оройдоо 10 орчим литр сүү саана. Цагаан идээ хурдан арвижиж байгаа” хэмээн ярилаа. Өнгөрсөн зуны яг өдийд нутаг нь гантай тул отроор 30 гаруй км-т зусчээ. Энэ талаар “Нүүж очсон газар манай нутгийг бодвол ногоотой байсан. Гэхдээ дан таана болоод тэр үү эсвэл өөр нутагт ирснийх ч юм уу хэдэн үнээ сүү ороогүй. Тиймээс тугалтай нь хамт явуулж наймдугаар сар гарч нутагт бороо ортол үнээгээ саагаагүй, хар цай ууж зусч байлаа” гэж Ж.Одсүрэн хуучиллаа. Харин энэ жил зургадугаар сар гараад зунтай золгожээ. Ийн бид хөөрөлдсөөр үнээгээ сааж дуусаад гэр рүү орцгоов.
Сүүгээ шүүчихээд тэрээр галлаж цайгаа чанахдаа бэлдэв. Цайгаа гал дээрээ үйчихээд зэл рүүгээ очиж үхэр, тугалаа ялгачихаад буцаж ирлээ. “Бөөрийн булаг”-т хонь, үхэр нь ундаалдаг боловч гэрийн ойролцоо том тойром тогтсон учраас үхэр хол явахгүй тугалтайгаа нийлчих гээд хэцүүхэн байгаа талаар ч ярилаа. Цайгаа чаначихаад тарагаа бүрнэ, өчигдрийн тарагаа буцалгаж аарц болгож хуруудаа тавина. Өглөө саасан сүүгээ хөөрүүлнэ, өдрийн хоол хийнэ, орой ахиад сүү хөөрүүлнэ гээд галын дэргэдээс холдохгүйгээр малчин эмэгтэйн зуны өдөр үргэлжилнэ. Өчигдрийн хөөрүүлсэн сүүний шаргал, нэлээд зузаан өрмийг таваглахыг харах мөч төв газрын бидний арааны шүлсийг асгаруулна. Хэдийгээр намар цагийн өрөмний амтыг гүйцэхгүй ч гэлээ хот газраас ирсэн бидэнд шинэхэн өрөм намрынхаас амтлаг санагдлаа.

О.Баярмэндийнд дүүгийнх нь хэдэн хонь байгаа учир дүү нь хонио ноослохоор сумаас нөхөр, хүүхэдтэйгээ иржээ. Гэрийн эзэгтэй цагаан идээгээ боловсруулж байх зуур бид хашаа руу очлоо. Зарим нэг нь хонио чирч хөлийг нь боож, нэг нь хайчаа ирлэж, нөгөө хэсэг нь нэг хониноос нөгөө рүү дамжин ноосолж байлаа. Нар хэдийнэ мандаж, халуунаар төөнөж төв газрын болон хөдөөгийн хүмүүсийн чансааг шалгана. Дөнгөж хайчилж эхэлж байхдаа дуу шуутай байсан хүмүүс үд болоход эрч нь суларсан харагдана. Сумаас ирсэн хүмүүс нэг нь гар цэврүүтлээ, нөгөө нь халуун байна хэмээн гэр рүү байн байн гүйж, нэг явахаараа нэг хэсэгтээ л эргэж ирэхгүй удна. Харин насаараа шахуу мал малласан О.Баярмэнд халуун нарыг үл тоон, инээд наргиантай яриа өрнүүлэн цуцсан шинжгүйгээр хонио ноосолсоор л байв.
Түүний хувьд халуун наранд шарагдан бүтэн өдөр байтугай хэдэн өдөр үргэлжлүүлэн ноосолсон ч тоохооргүй болтлоо туршлагажсан нэгэн. Эргэн тойрондоо олон айлтай юм байна. Хөршүүдээс нь ирж хонио ноослоход нь тусалж, тэд мөн зөрж очдог аж. Хонины ноос хяргах гэсэн энэ том ажлын гард гарчихвал зун цаг малчдын хувьд бусад улиралтай харьцуулбал ажил бага байдаг үе нь билээ. Гэхдээ тэдэнд амралтын өдөр байдаггүй. Тогтсон ажлын цаг ч байхгүй ч өглөө бүр эрт босч үдшийн бүрий хүртэл зогсоо зайгүй хөдөлмөрлөдөг хүмүүс. Хааяа нэг зочин ирэх, найр наадам болохыг эс тооцвол малчны нэг өдөр нэгэн хэвийн өнгөрдөг. Гэхдээ энгийн мэт харагдах ч тэр дотор олон ажил өрнөж, тийм ч амаргүй даваатай тэд тулгардаг. Зуншлага сайтай үед мал тогтуун, малчдын сэтгэл амгалан байдаг. Гэвч хүйтэн, ширүүн бороотой шөнө хонио манаж гадаа хонохоос эхлээд хүнд, хэцүү үе бас тохионо. Олон жил мал дагасан малчдад энэ бол нэг их хэцүү зүйл биш билээ.
Гэрийн эзэгтэй цагаан идээгээ боловсруулахаас гадна хоол, цай бэлтгэх, аргал түүх, гадуурх зарим зүйлээ цэгцэлсээр байтал оройн үнээ саах цаг болжээ. Сүүгээ хөөрүүлж, үхэр, тугалаа ялгасаар байтал нэг мэдэхэд 20:00 цаг болчихсон байв. Хэсэг хугацаанд зурагт үзчихээд 21:00 цаг болохоос өмнө тэд унтлаа. Нэг л мэдэхэд 04:00 цаг болж өглөөний цэнгэг агаар, борооны чийгний сэтгэл татам үнэр угтана. Бороо орсны маргааш хөдөө нутаг үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Нар мандах үед өвсөн дээр тогтсон борооны дуслууд гялтганан нүд булаана. Байгаль дэлхий ч гэрэлтсэн, бидний сэтгэл ч цэлмэсээр Улаанбаатар хотоо зорилоо. Цаг үе өөрчлөгдөж буй энэ үед техник технологийн дэвшлийн үр шимийг малчид мөн адил хүртэж байгаа аж. Тэд нарны энергиэр зурагт үзнэ. DDISH TV-ийн тавган антентай тул төвийн зарим айлаас олон суваг үздэг юм байна. Ойрхон уулан дээрээс утсаар ярьж хүүхдүүд болон ойр дотныхонтойгоо харилцаа тогтоож, мэдээллээ солилцоно. Зарим айл нь бүр угаалгын машин, хөлдөөгчтэй байдаг юм билээ. Малаа хариулж, ёс уламжлалаа хадгалан үлдэхээс гадна технологийн дэвшлийг ч хүртэн хөдөөгийн малчид хотынхоос дутахааргүй сайхан амьдарч байгаа юм байна.
Эх сурвалж: www.polit.mn