
Рагчаагийн ОЮУН
Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гадаадын хөрөнгө оруулалтаар Сэлбэ дэд төвийн орон сууцны барилгыг барихаар тендер зарласан. Энэ талаар яриагаа эхэлье?
-Гадаадын хөрөнгө оруулалт биш. Дотоодын хөрөнгө оруулалт. Монгол иргэдийн татварын орлогыг барьцаалж бонд босгосон. Төлөх эх үүсвэр нь дотоодынх учраас дотоодын хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа. Тендер зарлахдаа олон улсын гэж хэт том төсөв тавихад монгол компаниудын хүчин чадал нь хүрэхгүй болохоор ороогүй. Бид үүнийг л эсэргүүцэж, Үндэсний эрх ашгийг зөрчсөн үйлдэл боллоо гэж харж байгаа.
-Үндэсний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байгаа болохоор “Хугацаагүй касктай суулт” зарлаж байна уу?
-Бид анх тендер нээгдсэний дараа буюу дөрөвдүгээр сарын 28-наас хэвлэлийн хурал хийж энэ асуудлыг төр, засгийн өндөр албан тушаалтнууд, Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга тэргүүтэй 14 албан тушаалтанд шаардлага хүргүүлж, тэмцэж эхэлсэн. Энэ сарын 2-ноос энэ тэмцлээ улс төрийн акц болгож хугацаагүй суулт зарласан. Өнөөдрийг хүртэл суухад хариулт, ямар нэгэн хариу үйлдэл байхгүй учраас өнөөдрөөс энэ тэмцлийн хурц хэлбэрт шилжихээр хэвлэлийн хурал хийж байна.
-Хугацаагүй суултаас гадна өлсгөлөн зарлана гэж байсан?
-Тийм ээ. Энэ асуудлыг шийдэгдтэл өлсгөлөн зарлана. Яагаад гэвэл энэ зөвхөн барилгачдын асуудал биш үндэсний хэмжээний асуудал болсон болохоор одоо л ингэж тэмцэж зах зээлээ, өөрсдийнхөө ажил, орлогоо хамгаалж чадахгүй бол хэзээ ч эргэж сэргээж чадахгүй. Ерөнхийдөө Монголын барилгын салбар 100 хувь Хятадын хараат болоход бэлэн болчихоод байна.

-Монголчуудын татварын мөнгөөр босгосон хөрөнгө оруулалт юм бол тухайн улс өөрсдөө барих ёстой. Гэтэл яагаад хятадуудад өгөв. Үндсэн хуулиар олгосон эрх хаачив?
-Бидэнд маш олон яагаад гэдэг асуулт үлдээд байна. Яагаад ийм том тендер зарлаж байгаа юм бэ. Яагаад монгол компаниудаа оруулсангүй вэ гэсэн асуулт байна. Эндээс харахад авлигын асуудал байгаа юм. Ийм мэдээллүүд ч ирж байгаа. Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг. Дараа нь аюулгүй байдлыг нь хангах. Гэтэл төр энэ үүргээ хэрэгжүүлсэнгүй. Монголын 100 мянган барилгачид, тэдний ар гэр 400 мянга орчим хүн гэж тооцвол энэ хүмүүсийн аягатай хоолыг булааж байна гэсэн үг. Бид яагаад Төрийн ордны гадаа жагсаад байна гэвэл төр үндсэн үүргээ хэрэгжүүлсэнгүй. Тэгэхээр хэн анхаарах ёстой вэ. Төр, дээд шат нь анхаарах ёстой. Нийслэл биднийг угаасаа тоохгүй байгаа учраас төр, 126 гишүүнд албан бичиг хүргүүлсэн. Мөн нийслэлийн иргэдийн 45 төлөөлөлд ч өгсөн. Бид ажилтай, орлоготой баймаар байна.
Монголчууд өөрсдөө босгосон бондоороо өөрсдийнхөө компанийг бэхжүүлэх, төрийн бодлогоо энд шингээх ёстой. Тэгвэл энэ мөнгөөрөө хэдэн компаниудыг ажилтай, орлоготой болгоё гэдэг төрийн бодлого зэрэг явах ёстой байсан. Гэвч төрийн бодлого явсангүй, авлига, ашиг сонирхлын бодлого явлаа гэж шууд хардаж байна.
-НЗДТГ-ынхан үүнд ямар байр, суурьтай байна. Та нартай уулзсан уу?
-Бидэнтэй яагаад уулзахгүй байна гэхээр бидний өмнө хэлэх үггүй болсон. “Та нар яагаад монгол компаниуддаа өгөхгүй, том зарлачихваа” гэхэд “Төслийн менежментийн хувьд 10 хуваах нь зохимжгүй, удирдах боломжгүй байна” гэсэн. Төслийн менежментийн доогуур ордог Үндэсний эрх ашиг гэж юу байсан юм бэ гэж зохион байгуулсан нийслэлийн орлогч дарга Т.Даваадалайгаас асуухад “Та нарт хятадуудаас 20 хувийг нь аваад өгье” гэсэн. Ийм юм байхгүй ээ. 100 хувь монголчууд хийх ёстой гэдгээ хэлээд “Төслийн менежментийн хувьд удирдах боломжгүй гэж харж байгаа бол та нарын ур чадваргүйн асуудал. Ажлаа хийж чадахгүй байгаа асуудлаас болж Монголын барилгачид хохирох юм уу” гэсэн зөрчил байгаа учраас тэд бидэнтэй уулзахыг хүсэхгүй, хэлэх үггүй байгаа. Харин бид уулзахыг хүсэж байгаа.
Одоо явж байгаа тендерүүд дээр зохион байгуулалт хийе, хамтарч ажиллая. Бидний саналыг тусга, ямар нэгэн байдлаар ажлын хэсэг гаргаад хамтраад ажиллая гэж яриад байгаа. Тэр шаардлагууд ч гэсэн ийм байгаа. Сая Эдийн засгийн сайд Л.Гантөмөр, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар “Хуулийн хүрээнд тендерийнхээ шалгуурыг бууруулаад, үндэсний компаниудаа оруул” гэсэн. Бид энийг л хийе, хамтраад ажлын хэсэг байгуулъя гэсэн. Тэгэхээр энд хуулийн хүрээнд бүх эрх нь нийслэлд байгаа. Гэвч тэд хүсэхгүй байна. Тиймээс үүнийг хууль, хүчний байгууллагууд нь шалгаач. Бид цагдаа, цэргийн байгууллага биш. Бид үүнийг хийхгүй, бидэнд тийм зав ч байхгүй. Харин бид монгол барилгачдаа ажилтай, орлоготой болгоё гээд үндсэн ажлаа хийгээд явж байна. Уг нь бид өдийд барилгынхаа талбайд, эх орныхоо бүтээн байгуулалтыг хийгээд байж байх ёстой хүмүүс.
-Монголд хэдэн мэргэжлийн барилгачин, ААНБ байгаа вэ. Бүтээн байгуулалтын ажилд оролцоход юу саад болж байна?
-Монголд тусгай зөвшөөрөлтэй 5000 орчим аж ахуйн нэгж, мэргэжлийн ажилчин 100 мянга бий гэсэн статистик тоо байдаг. Бүтээн байгуулалтын ажилд оролцох 100 хувийн чадамжтай, боломжтой. Гэвч боломжийг нь нийслэлийн зүгээс хаачихаад байна. Санхүүгийн өндөр шаардлага тавьдаг. Тендерт оролцохын тулд жилд 136 тэрбум төгрөгийн ажил хийсэн байх ёстой. Гэтэл Монголд ийм компани байхгүй. Жилийн борлуулалтын орлого нь 136 тэрбум хүрч байгаа монгол компани байхгүй гэдгийг нийслэлээс мэдэж байсан болохоор ингэж хийсэн байх.
-Тендерт Хятадын 15 компани оролцож шалгарсан байна. Яагаад Монголоос оролцоогүй юм бэ. Энэ компаниуд үнэхээр шаардлага хангасан гэж үзэж байна уу?
-Хятадын 15 компанийн хувьд бидэнд мэдээлэл ирж байгаа. Бид тодорхой байдлаар судалж байгаа. Нэг л барилгын компани байгаа. Зам гүүр, уул уурхай, металлурги, худалдааны компаниуд орж ирсэн. Нэг мкв-ыг 2.5 сая төгрөгөөр зарлагдаж байгаа. Энэ үнээр авсан компаниуд цаашлаад монгол компаниудыг 2.1 саяар бариад өгөөч гээд явж байгаа. Магадгүй хятадуудад ажил авч өгсөн монгол дарга нарын компаниуд тэр цавчааг нь хийх гээд явж байх боломжтой. Энэ бол хардах эрхийн хүрээнд хийж байгаа яриа. Үүнийг баримт гэхгүй юу гэж хэлэх вэ. Шалгаж, цагддаг газрууд нь шалгаж, цагдаач гэдэг хүсэлтийг тавьж байгаа. Монгол хүмүүс байна даа уулзаж, учраа олбол гэж яриад байгаа юм. Энэ төсөл 2.1 их наяд төгрөг учраас барилгын салбарт үсрэнгүй хөгжил авчирч магадгүй.
Энэ бүтээн байгуулалтыг монгол компаниуд хийвэл байнгын ажил, орлоготой, цалин нэмэгдэж, компаниуд өсөн дэвжинэ. Татвар, нийгмийн даатгал төлнө. Бүх эдийн засгийн нөлөөллүүдийг хоёр их наядаар гаргаж ирнэ. Мөн олон хүнийг ажлын байртай болгоно. 100 мянган хүн чинь тогтвортой бус ажлын байртай байгаа. Нэгдүгээрт, тогтвортой ажлын байр бий болно. Хоёрдугаарт, Монгол Улсад дундаж давхаргыг хурдан бүрдүүлэх салбар бол барилга. 100 мянган хүний ард дөрвөн хүн гэвэл 400 мянган хүн байна. Энэ хүмүүс байнгын орлоготой, тогтмол ажиллахад хамгийн түрүүнд нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлэх том салбар. Тиймээс нийгэм, эдийн засгийн ач холбогдол өндөр. Дээр нь барилгын салбарт үсрэнгүй хөгжил авчрах төсөл.
-Өмнө нь монголчууд өөрсдөө сургууль, цэцэрлэг, орон сууцаа барьдаг байсан. Гэтэл одоо Хятадын компани, хятад хүмүүсээр бариулж байгаа харагддаг?
-Нийслэлээс монголчууд барилга барьж чадахгүй гэж ярьдаг. Бид чадна аа л гээд байгаа. Монголын барилгачдын VII их хурал тавдугаар сарын 19-нд болсон. Энд Хөдөлмөрийн баатар, гавьяат барилгачид, манай ахмад үеийн төлөөллүүд “Монгол барилгачид энэ 100 жилийн хугацаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, 21 аймгийн төв, 330 сум, дүүргээ өөрсдөө барьсан, чадсан. Тиймээс нийслэлийн 20 минутын хот Сэлбэ дэд төвийг барьж чадна. Та нөхөд энэ зах зээлээ алдаж болохгүй. Хэрэв та нар алдвал нөхөж баршгүй үнээр буцааж олж авна. Одоо та нар хятадуудад зах зээлээ алдвал хэзээ ч олж авч чадахгүй. Тиймээс та нар маань зоригтой тэмц. Ахмадууд бид дэмжинэ” гэж хэлж байсан.
-Барилгын салбарт заавал гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг оролцуулах нь зөв үү?
-Гадаадын эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар барилга барьж байгаа бол бид тоохгүй, адилхан өрсөлдөөд явж болно. Тухайлбал, Ногоон нуур дээр байгаа 1008 айлын орон сууц Хятадын Засгийн газар буюу Хятадын ард түмний мөнгөөр Монголд барьж өгч байгаа. Тэгэхээр үүнийг дагаад хятад компани орж ирээд ажлыг нь хийж байна. Энэ зөв. Аливаа улсын бодлого ийм л байх ёстой.
Монголчууд, нийслэл өөрийнхөө бондыг өөрсдөө босгочихоод яагаад хятад компанид өгч байгаа юм бэ. Яагаад монгол компанидаа өгөхгүй байна гэдгийг бид яриад байна. Гол нь бид хятад компани, Хятад улсад эсрэг байр, суурь үзүүлээд байгаа юм биш. Бид дотоодын авлига, дотоодын улстөрчдийн буруу шийдвэрийг эсэргүүцээд байгаа юм. Мега төслийг дагаад мега авлига бий болчихлоо. Авлигын хэмжээ үлэмж том болсон. Энэ үлэмж том болсон мөнгийг харсан хүмүүс юу ч тоохоо байлаа. Ард түмний аж амьдралыг, ингээд тэмцэл хийж байгааг ч харахаа больсон. Нүдэнд нь бөөн мөнгө харагдаж байгаа учраас эх орны эрх ашгийг уландаа гишгэж, Үндэсний аюулгүй байдал руу орж эхэлж байна шүү.
Энэ том төслийг дагаж хятад компаниуд орж ирнэ. Энд орж ирсэн компаниуд цаашаа гарахгүй. Хурдан хугацаанд хийх нэрийдлээр хамгийн багадаа 5000 хятад ажилчин оруулж ирэх тооцоо байна. Энэ олон компани орж ирэхээр гээд ярьвал нийгмийн айдас, түгшүүр байгаа. Энэ нууц биш. Одоо угаасаа Сэлбэ дээр том өндөр дааман хаалга тавиад, хятад компани дээр нь нэрээ бичээд монгол хүмүүсийг оруулахгүй тэнд юмаа хийгээд эхэлсэн.
-Сэлбэ дэд төвийн нээлтэд Монголын барилгачид очсон байсан. Та нарыг шалгуур хангаагүй учраас ялагдсан гэсэн. Энэ талаар?
-Сэлбэ дэд төвийн нээлт дээр Х.Нямбаатар дарга илт худлаа ярьсан. Бид улстөрчдийг худлаа ярьдаг гэдгийг сэтгүүл дээр бичснийг ойшоодоггүй байсан. Сая өөрийн биеэр мэдэрлээ. Манай барилгын компани тэнд эсэргүүцэл үзүүлж очиход бүгдийг нь цагдаагаар хориулаад дотор нь хятад барилгачид, гадна талд нь монгол барилгачид цаас барьж, эсэргүүцээд зогсож байсан. Яг тэр үед Х.Нямбаатар нээлтийн индэр дээрээс “Тэнд хоёр хүн зогсож байгаа. Тэр бол ялагдсан компаниуд байгаа юм” гэсэн. Яагаад гэвэл монголчууд ялагдаагүй. Яагаад гэвэл оролцох боломжийг нь хаасан. Нэг ч монгол компани оролцоогүй юм чинь яаж ялагдах юм бэ.
Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол алдагдахад ойрхон болчихлоо. Хоёр их наядаар нь юу ч бодохгүйгээр Хятадад өгч байна. Дараа нь улсын төсвийн бүх ажлыг хятадууд хийдэг болох нь. Улсын төсвөөр тендер зарлаад сургууль, цэцэрлэг барьдаг. Энэ рүү дандаа үндэсний компаниуд ордог. Яг үүнтэй адилхан татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс яагаад хятад компани бариад байгаа юм бэ. Энэ чинь Үндэсний аюулгүй байдлын эсрэг, эдийн засгийн тусгаар тогтнолыг алдаж эхэлж байгаагийн хэв шинж байна. Тиймээс бидний нэгдүгээр зорилго Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлье. Ажлын хэсэг гаргаад УИХ нь байна уу, нийслэл нь байна уу хамаагүй. Үндэсний компаниудаа яаж оролцуулах вэ гэдэг арга замыг бидэнтэй ярилцаач гэсэн хоёр чухал асуудал байна.
Энэ дэд төвд орсон монгол компаниуд бойжино. Том татвар төлөгч, том баланстай, том хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжтэй болно. Мөн боловсон хүчний хувьд нэмэгдэж, чадваржина. Дараа нь биднийг Хархорин, Майдар гээд шинэ хот хүлээж байна. Үүнд бид бэлэн байх ёстой. Төр ч биднийг чадавхжуулж, бэлдэх ёстой. Ийм төртэй байхыг бид хүсэж байна. Гэтэл өөр орны компаниудад ажил өгөөд биднийг хийж чаддаггүй гэж мөнхийн дарамтлах гээд боломж олгохгүй байна. Уг нь төрийн үүрэг чинь биднийг бэлдчихсэн сууж байх ёстой. Сэлбэ дэд төвийг барьсан юм чинь Хархоринг айлтгүй цөмөөрөө барих юм байна гэсэн итгэл үнэмшлээ авах ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (7602)