

МЭХА-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор(Ph.D) Г.Пүрэвдорж:
Станцуудын чадлыг нэмэхгүйгээр үйлдвэр баригдахгүй
-Монголд эрчим хүчний баялаг нөөц хангалттай. Үүнд анхдагч нар, салхи, ус болон нүүрсний нөөц орно. Харин эдгээрийг ашиглаж үйлдвэрлэл явуулдаг цахилгаан станцуудын хүчин чадал хүрэхгүй байна. Жишээлбэл, төвийн эрчим хүчний системээс алслагдсан Завхан, Говь-Алтай аймгийг эрчим хүчээр хангадаг Алтай-Улиастайн эрчим хүчний чадал муу түвшинд байна. Дахиад үйлдвэр бий болгоё гэхэд станцын хүчин чадал дийлэхгүй. Эрчим хүч байхгүй бол хэчнээн хүсээд ч үйлдвэр баригдахгүй. Бүс нутагт аж үйлдвэрийг хөгжүүлье гэхээр эрчим хүч байхгүй учраас хөгжихгүй байна.
АУЭХС ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Бээжин:
Анх суурилуулсан станцуудын чадал хүрэлцдэггүй
-Алтай-Улиастайн эрчим хүчний системийн шугамнуудыг шинэчилж, шинэ технологиуд нэвтэрсэн болохоор доголдох асуудал гарахгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд тэсвэртэй хамгаалалтуудыг хийсэн. Алтай-Улиастайн эрчим хүчний системийн чадлын хязгаарлалт, хэрэглээ нэмэгдэж байна. Анх суурилуулсан станцуудын чадал хүрэлцэхгүй байгаа учраас чадлыг нь томсгож, хүчин чадлаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.Үүнтэй холбоотойгоор дэд станц өргөтгөх, томсгох, шугам засварын ажлыг хийж байгаа. 2020 он гэхэд Алтай-Улиастайн эрчим хүч Төвийн эрчим хүчний бүсээс 110 квт-аар холбогдоно.
ЭХЗХ-ны үнэ тариф, зах зээлийн газрын мэргэжилтэн Б.Галбадрах:
Нэг квт цагаас 107 төгрөгийн алдагдал хүлээдэг
-Алтай-Улиастайн эрчим хүчний системийн хэрэглэгчид эцсийн үнийн хувьд төвийн бүстэйгээ ойролцоо үнээр цахилгаан авч байгаа. Гэвч нэгдсэн систем нь хэт урт шугамтай, зарлага өндөр байдаг учраас байнга алдагдалтай ажилладаг. Нэг квт цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлээд, дамжуулаад хэрэглэгчдэд түгээх зардал нь 243 төгрөг байдаг. Гэтэл хэрэглэгчдээс орж ирж байгаа орлогын дундаж үнэ нь 136 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, нэг квт цаг цахилгаан эрчим хүчийг борлуулсны төлөө 107 төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэ алдагдлыг нөхөхийн тулд одоо мөрдөж буй хэрэглэгчийн үнийг 80 хувиар нэмэгдүүлж байж бодит өртөгт нь хүрнэ. Гэтэл орон нутгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд үнийг огцом нэмснээр амьжиргаанд сөргөөр нөлөөлөх учраас өсгөх боломж хомс. Гэвч цаашид үнийг үе шаттайгаар нэмэгдүүлж байж бодит өртөгт хүргэх ёстой. Компани алдагдлынхаа 3.1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс авдаг. Тиймээс систем, санхүүгийн найдвартай үйл ажиллагааг тогтворжуулах чиглэлээр арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэглэгчдийн үнийг нэмэхгүйгээр техникийн шийдлээр шугамын хүчин чадлыг нэвтрүүлэхээр боломжтой боловч 100 хувь шийдэх арга зам биш. Заавал өртөгт нь уялдуулж байж шийдэх асуудал юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.20 ПҮРЭВ №125 (6092)