
Д.БОЛОР
Шинэчлэлийн Засгийн газар энэ жил 1702 км хатуу хучилттай зам тавьжээ. Уурхай тийш татсанаа нэмж тооцвол 1824 км зам. Үүнийх нь 104 км Улаанбаатараас Мандалговь хүртэлх шинэ зам байлаа. Мэдээж нийслэлээс Дундговь аймгийн Мандалговь сум хүртэл 210 гаруй км. Үүнийх нь 104-ийг энэ жил барьж дуусгаж байгаа бол үлдсэнг нь зургаан жил дамнан байж дуусч байжээ. Шинэ замаа барьж дууссан говийн залуус Ерөнхий сайдад тууз хаачлах урилга илгээсэн учраас өнгөрсөн даваа гаригт Н.Алтанхуяг Мандалговь тийш хөдлөв. Мандалговийн чиглэлийн 104 км замыг үндэсний “Монголын хурдны зам”, “Жей Кей Си”, “Мотор сервис” болон Хятадын “Шинжиан жэнгун житуа” компаниуд барьж гүйцэтгэжээ. Гэхдээ “Жей Кей Си” компанийн барьсан 20 км замын гурван км нь чанарын шаардлага хангаагүй учраас ирэх хавар дахин сэргээн засварлахаар болжээ. Үүнийгээ ч тэд батлах шиг Ерөнхий сайдад “Засна” гэсэн амлалт өгөв. Харин бусад замд дундаж гэсэн үнэлгээг мэргэжлийнхэн өгсөн юм. Үндэсний компанийнхан энэ замыг барихдаа түншлэл болон ажилласан бөгөөд төслийн багийн ахлах бүсгүй О.Оюунтунгалаг “Төсөл маань 2012 оны наймдугаар сараас эхлэн ажилласан. Өнгөрсөн аравдугаар сард хучилтаа хийж дуусгалаа. Хэдийгээр замаа хүлээлгэж өгсөн ч цаашид засварын ажил дутуу байна. Засвараа бид үргэлжлүүлэн хийнэ. Чанарын хувьд гүйцэтгэгч компаниуд гурван жилийн баталгаа өгч байгаа” гэсэн бол гурван км замаа муу барьсан гэх “Жей Кей Си” компанийн ерөнхий инженер Д.Цэнгэлмаа “Уг нь бид энэ замаа Ерөнхий сайдыг ирэхээс өмнө хуччихна гэж бодсон юм. Даанч хүйтрээд амжсангүй. Ирэх хавар гэхэд засаад дуусгачихсан байна” гэсэн товч тайлбар өглөө. Ерөнхий сайдыг дагалдаж Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Боловрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, Соёл, спорт, аялал жуулчлалын Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нар хамт явсан юм.
880 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА
Ерөнхий сайдад аймгийн Засаг дарга С.Сүхбаатар бүтээн байгуулалтаа танилцуулсан. Түүний хэлснээр бол Дундговь аймгийн хүн амын тоо 2012 оны үед 44 мянга байжээ. 2010 оноос хойш шилжин явагчдын тоо цөөрч, шилжин ирэгчдийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Үүнээс хөдөлмөрийн насны 29 мянган иргэн байгаагаас олонхи нь хувийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа юм байна. Ажилгүй иргэдийн тоо албан бусаар 1985, албан ёсоор бол 642 гэх. Иргэдээ ажилтай, орлоготой болгохоор 2008 оноос хойш 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл өгсөн бол сумдад гурван тэрбум төгрөгийг жижиг зээл олгожээ. Үүний үр дүнд барилгын материал, модон эдлэл, тахиа, гахай үржүүлэх, талх нарийн боов, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээ бий болсон гэлээ.Аймгийн төв Мандалговь 3200 өрхтэйгээс 800 орчим нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа гэх. Цаашдаа “Залуус”, “Түмний хороолол” гэсэн хоёр иж бүрэн цогцолбор хотхон барихаар төлөвлөж суугаа юм байна. Үүнд 880 гаруй айл хамрагдах төлөвтэй ажээ. Тэд ирэх хавраас барилгын ажилдаа орохоор төлөвлөж. Ажил хэрэг болсон бүтээн байгуулалт гэвэл Өндөршил, Эрдэнэдалай суманд сургуулийн хичээлийн байр, Баянжаргалан, Дэлгэрцогт, Сайнцагаан суманд сургуулийн дотуур байр, Дэрэн, Цагаандэлгэр, Сайнцагаан суманд спорт заал болон долоон суманд таван цэцэрлэг шинээр барьж ашиглалтад өгчээ.
Боловсолын салбарт багагүй бүтээн байгуулалт өрнөж байгаа нь Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг энэ аймгийнх учраас тэр бололтой. Тэрээр аймагтаа салбарын зүгээс багагүй хөрөнгө оруулалт хийж буйгаа ч энэ үеэр хэлж байсан юм.
ӨӨХНӨӨС ДИЗЕЛЬ ГАРГАНА ГЭВ ҮҮ?
Ерөнхий сайдад танилцуулсан өөр нэг ажил гэвэл өөх тосноос дизель түлш гаргах технологи байв. Үүнийгээ “Биодизель” гэж нэрлэжээ. Энэ нь малын гаралтай өөх тос, метилийн спирт хоёрыг холиод дизель түлш гаргах юм байна. Одоогоор үйл ажиллагаагаа эхлүүлээгүй бөгөөд зөвхөн танилцах шатанд байгаа гэнэ. С.Сүхбаатар дарга “2011 оноос хойш судалж байж АНУ-аас 21 сая төгрөгөөр худалдан авсан. Сум бүр үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Мэдээж дизель гаргах гэхээр метилийн спирт хэрэг болж байна. Импортоор орж ирдэг, хориотой бодис учраас холбогдох яам, агентлагт хүсэлт хүргүүлнэ. Энэ технологийг ашиглаж чадвал импортоор орж ирэх дизелиэс маш хямд байх болно. Дээрээс нь байгальд ээлтэй шинэ бүтээгдэхүүн” гэв. Харин Н.Алтанхуяг сайд энэ технологид итгэхгүй буйгаа хэлээд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээс “Танайд энэ тухайгаа дуулгасан байсан уу” гэж лавлалаа. Хариуд нь “Огт сонсоогүй юм байна” гэхэд нь “Засаг дарга ингэж бизнесийн ажилд хутгалдаж ормооргүй байна. Болж бүтэх эсэхийг нь та бид биш мэргэжлийн байгууллага нь хийх учиртай. Тэгж л хиймээр байгаа юм бол наадахаа үзүүлж биш ажиллуулчихаад ярь” гэсэн юм. Үүний дараа хотоос яваа албаныхан нутгийн иргэдтэй орон нутгийн телевизээр теле уулзалт хийсэн.
Нутгийн иргэд Шинэчлэлийн Засгийн газартай холбоотой мэдээлэл, гомдол, саналаа Н.Алтанхуягт шууд утасдаж хэлэх боломжтой байв. Гэвч Засгийн газрын ажлаас илүүтэй орон нутгийн шинж чанартай хүсэлт болон иргэн хоорондын маргаан түлхүү ирлээ. Үүнд Н.Алтанхуяг “Аймгийн удирдлагууд иргэдтэйгээ амьд уулзалт хийдэггүйн илрэл” гэж онцолсон. Тэрээр Засаг дарга С.Сүхбаатар, ИТХ-ын дарга С.Буджав нарыг ойрын хугацаанд иргэдтэйгээ уулзаж төрийн мэдээлэл, үйл ажиллагааны чиглэлээ танилцуулахыг хатуу сануулсан юм. Энэ үеэр Ерөнхий сайдтай холбоотой ердөө хоёрхон асуулт ирсэн. Нэг нь “Танай Засгийн газар юмны үнэ өсөөгүй л гэх юм. Манайд гурилын үнэ нэмэгдчихээд байна. Та шууд хариул” гэжээ. Үүнд “Шинэчлэлийн Засгийн газар өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой барьж байгаа. Тэр дундаа, шатахуун, гурил, нүүрс, махны үнийг тогтворжуулах хөтөлбөр хүртэл санаачлан ажиллаж байна. Яах вэ, бага зэрэг нэмэгдсэн байж болно. Гэхдээ өмнөх үетэй харьцуулахад үнэ өртөг нь тогтвортой байгаа” гэв. Хоёр дахь нь иргэн Санжаагаас ирүүлсэн “Тэтгэвэр тэтгэмж нэмэх үү” гэсэн асуулт. “Ер нь цаашдаа нэмэх зорилго бий” гэснээр Н.Алтанхуягтай хамаатай асуулт дуусав. Бусад нь аймгийн Засаг дарга болон дэд сайд Б.Ургамалцэцэгт хаяглажээ. Энэ нь “Манай телевиз муу гарах юм. Кабелийн сүлжээг сайжруулах ёстой юм биш үү. Газрын гэрчилгээг яаж авдаг вэ” гэхчилэн засаг тэргүүлж буй хүнд хамааралгүй, ач холбогдолгүй асуулт олон байлаа. Түүнээс гадна хоёр сумын Засаг дарга шүүхийн шатанд асуудалтай байгаа, хэсгийн төлөөлөгч хэрэг мандаасан гэх мэдээлэл ч бас ирлээ. Мөн иргэд орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү юу ч хийхгүй байна гэсэн хов хүртэл дуулгаж амжсан. Үүнийг батлах шиг Засаг дарга С.Сүхбаатараас сэтгүүлчид “Б.Наранхүү аймагтаа юу хийв” гэхэд нь “Их юм хийнэ гэж зурагтаар ярьдаг ч одоохондоо хийсэн юм алга” гэсэн товчхон хариулт өгнө лээ.
ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТ ТАВДУГААР АНГИАС ЭХЛЭХ ЁСТОЙ
Дэд сайд Б.Ургамалцэцэгт орон нутгийн шинж чанартай хэд, хэдэн асуулт ирсэн нь сурагчдын дүрэмт хувцасны чанар, үнэ өртөг болон МУИС-ийн харъяа сургууль татан буугдсан болон гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн тоо цөөрсөн шалтаан зэрэгтэй холбоотой гомдлууд байсан. Үүнд дэд сайд “МУИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаад харъяа сургуулийнхаа тоог цөөлөх шийдвэр гарсан байна лээ. Энэ шийдвэрийн дагуу цөөлж байна. Ер нь энэ шийдвэр зөв, буруу эсэхийг манай яамныхан дахин шалгана. Хоёрдугаарт, салбарын зүгээс гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд шалгуур тавьж эхэлсэн. Гүнзгийрүүлэн сургалт тавдугаар ангиас эхлэх ёстой. Монгол хэлээ дөнгөж үзэж байгаа хүүхдэд англи хэл зааж түүх, эх орноо мартахад нь тусалж буй хэрэг шүү дээ. Тавдугаар ангиас дээш гүнзгийрүүлсэн сургалтын талаар ярина. Мэдээж сурагчдын дүрэмт хувцастай холбоотой гомдлууд хаа сайгүй байна. Үнэ өртөгийн хувьд боломжийн гэж үзэж байгаа. Харин чанар нь муу байна гэж үзвэл оёсон үйлдвэрт нь эргүүлж өгөх боломжтой. Танд тийм эрх нь бий” гэж олон асуултад хариулт өглөө. Ийнхүү хагас өдөр ажилласан Ерөнхий сайд дагалдагчдын хамт аймгийн төвөөс 20.00 цагийн үед гараад нийслэлд 22.30 цаг гэхэд давхиад ороод ирчихэв. Энэ нь Мандалговийн чиглэлийн зам сайхан болсонтой холбоотой юм. Харин Мандалговис Даланзадгадын чиглэлийн зам энэ жилдээ багтаж ашиглалтад орох боломжгүй. Үүнийгээ ч тэр өөрөө батлан ярилаа.