Б.ДОЛЖИНЖАВ
Дөрөвдүгээр сар гарсаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой аймшигт хэрэг ар араасаа цуварлаа. Тухайлбал, энэ сарын 9-10-нд шилжих шөнө хамтран амьдрагчтайгаа муудалцсанаас 23 настай эмэгтэй орон сууцны 13 давхраас унаж амиа алдав. Шалгалтын явцад хохирогчийн найз залуу Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тогтоожээ. Байрны оршин суугчид иргэн Б-г найз охиноо цонхоор шидсэн байх магадлалтай гэж мэдүүлсэн байна. Мөн эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг Чингэлтэй дүүргийн VII хороонд гарлаа. Хосууд хувийн таарамжгүй харилцаанаас болж муудалцаж нөхөр нь уураа дийлэлгүй ийм хэрэг үйлдсэн аж. Энэ мэт гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд цэл залуугаараа хорвоог орхиж байгаа нь харамсалтай. Ийн бид гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалдаг “Түр хамгаалах байр”-ны орчин нөхцлийг сурвалжилахаар ГССҮТ-ийг зорьсон юм. Учир нь хамтран амьдрагчийнхаа гарт амиа алдчихгүйн тулд олон эмэгтэй зугтаан “Түр хамгаалах байр”-нд хоргоддог билээ.
11:00 цаг. Толгойгоо боосон, хэвтэрт орсон, тэргэнцэр дээр суусан болон суга таягтай хүмүүс үүдэнд тааралдана. Энэ бол ГССҮТ-ийн байдаг л нэгэн дүр зураг. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Нэг цэгийн үйлчилгээний төв” 2010 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухайн үед жилд 300 хүн үйлчлүүлдэг байсан бол өнгөрсөн онд 900 орчим хүн зөвлөгөө, мэдээлэл авчээ. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар насанд хүрсэн 140 хүн, бага насны 26 хүүхэд үйлчилгээ авсан байна. Хохирогчдын 50-60 хувийг 31-48 насны эмэгтэйчүүд эзэлдэг. Тэдний 98 хувь нь бие махбодьдоо хүнд гэмтэл авсны улмаас ирдэг аж. Энэ талаар тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.Сувд-Эрдэнэ “Эмэгтэйчүүдийн дийлэнх нь тархи болон хэвлийдээ хүнд гэмтэл авсан байдаг. Зарим нь гэмтлээ даалгүй нас барах нь ч бий. Намайг зургаан жил ажиллах хугацаанд 2-3 ч эмэгтэй гэмтлээ даалгүй нас барсан. Нөхрийнхөө зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн нэг, хэвлийдээ хүнд гэмтэл авч олон удаа хагалгаанд орсон нэг, тархиндаа хүнд гэмтэл авсан бас нэг эмэгтэй нас барсан” гэж ярив. Хѳдѳлмѳрийн чадвараа алдаж тахир дутуу болох эсвэл амь насаа алдахаас наагуур зодуулж, хүнд гэмтэл авсан хойноо л хүмүүс ирдэг Энэ үед хүчирхийлэл даамжирч, давтагдаж улмаар амь насанд нь аюул нүүрлэсэн байдаг байна.
Бид тус төвийн “Түр хамгаалах байр”-ыг сонирхлоо. Давхар хоёр ортой буюу нэг дор дөрвөн хүн байрлах боломжтой. Хөргөгч, зурагт, ус буцалгагчтай. Ариун цэврийн өрөөндөө усанд орох душтэй. Тавиур дээр хүүхдийн тоглоом болон сонин сэтгүүл өрсөн байх агаад тохилог юм. 2018 онд НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр зурагт, хувцасны шүүгээ авч тохижуулсан нь энэ аж. Хохирогчийг байрлах хугацаанд шаардлагатай хоол хүнс, эм тарианд улсаас хангалттай хэмжээний мөнгө олгодоггүй талаар Нийгмийн ажилтан Б.Сувд-Эрдэнэ “ГССҮТ-ийн гал тогооноос хоол өгч, хүлээн авахаасаа эм тариа авдаг. Улсаас зөвхөн урсгал зардлын мөнгийг л олгодог. Гэхдээ энэ нь тийм ч хангалттай бус. Шөнө хоолны цаг дууссан үед хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүүхдээ дагуулаад ирдэг. Энэ үед нь гурилан бүтээгдэхүүн л өгдөг” гэв. Ѳрѳѳгѳѳ олон улсын байгууллагын санхүүжилтээр тохижуулаад амьдрахад тухтай болгожээ. Одоо харин хохирогчдод үзүүлэх үйлчилгээний тѳсвийг нь нэмчихвэл ч “Түр хамгаалах байр” бүрэн цогц үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх нь.
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид нь зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд байдаггүй. Тэтгэврийн насны хүмүүс хүргэн, бэрийнхээ хүчирхийлэлд өртөөд ирэх тохиолдол сүүлийн жилүүдэд өсчээ. Өнгөрсөн онд тус төвд 10 эрэгтэй эхнэр, хадам ээж, найз бүсгүйнхээ хүчирхийлэлд өртөөд ирсэн аж. Энэ талаар Нийгмийн ажилтан Б.Сувд-Эрдэнэ “Нүд нь хөхөрсөн, хамар нь хугарсан эрэгтэй хүмүүс ирдэг. Ирж байгаа нь 10 боловч мэдэгдээгүй олон эрэгтэй хүчирхийлэлд өртдөг байж болзошгүй” гэсэн юм. Эмэгтэй, эрэгтэй ч байсан хүчирхийллийн голлох шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаа байдаг байна. Манай эхнэр, нөхөр өөр хүнтэй болсныг нь би мэдсэн. Тэгээд үргэлж мууддаг болсон гэж хохирогчдын 60 орчим хувь нь нийгмийн ажилтанд ярьжээ. Үйлчлүүлэгч 36 настай С ”Нѳхѳр маань суусан цагаас эхлэн хардаж, хэл амаар доромжлон зодож, сүрдүүлж ирсэн. Жирэмсэн байхад зодсноос хүүхэд зулбаж байсан. Зодсоныхоо дараа заавал бэлгийн хүчирхийлэл үйлдэж, хүчинддэг” байсан талаар 13 жилийн дараа л гэмтлийн эмнэлэгт хѳмсгѳѳ сэт цохиулж, хамраа хугалуулж ирэхдээ нийгмийн ажилтанд анх удаа хэлжээ. Түүний нѳхѳр гэр бүлээс гадуур ѳѳр эмэгтэйтэй дотны харилцаатай, эхнэрээ ажил хийлгэх ч дургүй гэртээ л байхыг шахаж шаарддаг байсан байна.
Дараа нь бид Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэр бүлийн хүчирхийлэлд ѳртсѳн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалдаг “Нэг цэгийн үйлчилгээний төв” рүү очсон юм. Тус төв харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ямар ч бичиг баримт шаардахгүй. Мөн бүртгүүлэхгүй, дараалалгүйгээр үйлчлүүлэх боломжтой гэдгээрээ онцлог юм. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 33 хүн тус төвөөс үйлчилгээ авчээ. Харин байгуулагдсан цагаасаа хойш буюу 2010 оноос хойш нийт 1009 хүнд үйлчилгээ үзүүлсэн байна. Тус төвийн “Түр хамгаалах байр” нь хоёр давхар нэг ортой, хөргөгч, угаалгын машин, зурагттай. Хөргөгчөө хоол хийхэд шаардагдах материал, хадгалалт удаантай бүтээгдэхүүнээр дүүргэжээ. Мөн өрөөндөө хоол хийж идэх бүрэн боломжтой юм. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд болон эмэгтэйчүүдийг үзлэгт хамруулдаг үзлэгийн өрөө нь техник хэрэгслээр хангагдсан зай талбай ихтэй том өрөө байв. Хохирогчдод хэрэгтэй ахуйн хэрэглээний зүйлс болох хүүхдийн живх, шүдний оо, саванг НҮБ-ын Хүн амын сан, Японы Жайка төвийн тусламжийн мөнгөөр авдаг аж. Учир нь ЭМЯ, НЭМГ-ын Эрүүл мэндийн төв зөвхөн урсгал зардлыг л хариуцдаг байна. Энэ талаар тус төвийн Нийгмийн ажилтан Б.Энхчимэг “Түр хамгаалах байраар үйлчлүүлж байгаа хүний нэг өдрийн төсөв нь 19100 төгрөг гэж Халамжийн тухай хуульд заасан. Гэвч энэ мөнгө бидэнд олддоггүй. Олон улсын байгууллагын санхүүжилтээр л зохицуулдаг. Заримдаа өөрөөсөө ч мөнгө гаргах тохиолдол бий” гэж ярьсан юм. Мөн тус Эрүүл мэндийн төвийн гэмтлийн эмч, эмэгтэйчүүд болон өсвөр үеийн, хүүхдийн эмч гэсэн 11 эмч хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг ч нэмэлт цалин авдаггүй байна. Хүүхэд, эмэгтэйчүүдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс болон үл хайхрах хүчирхийлэлд өртсөн ахмад настай хүмүүс тус төвөөс үйлчилгээ авдаг ажээ. Гэвч тѳрѳѳс үйл ажиллагааг сайн дэмждэггүй нь харамсалтай.
Хохирогч эмэгтэйчүүдийн ихэнх нь эр нѳхрѳѳсѳѳ салж, үр хүүхдүүдээ ѳнчрүүлэхийг хүсдэггүй. Нѳхрѳѳ засарна гэдэгт итгэж, зан үйлийг нь ѳѳрчлүүлэхийг хүсдэг. Гэвч хэсэг хугацааны дараа хүчирхийлэл давтагддаг байна. Тухайлбал, уруул нь сэтэрч, толгой нь хагарсан, хоёр хавирга нь хугарсан жирэмсэн эмэгтэй тус “Түр хамгаалах байр”-нд байрлаж байжээ. Нөхөр нь өмнө нь зодохдоо нэг хавиргыг нь хугалсан байж. Зан байдал засах сургалтад сууж ирээд дахин зодохдоо ийн хүнд бэртээжээ. Мөн үйлчлүүлэгч 31 настай М эрчимт эмчилгээний тасагт дэлүү нойр булчирхай нь няцарч цус их алдсан, зүүн талын гурван хавирга хугарсан, баруун гар үеэрээ хугарч санжигнасан байдалтай биеийн бүх хэсэгт сүхний ир болон араар нь цохиулан ярих чадваргүй иржээ. Тѳрсѳн эгчийнх нь нѳхѳр Д эхнэрийг нь дагуулж явж уруу татлаа гэсэн шалтгаанаар маш хэрцгийгээр зодсон байна. Энэ тухай түүний эгч “Манай нѳхѳр дүүг маань энэ удаа зодож байгаа юм биш өмнө нь хоёр ч удаа зодож байсан. Намайг байнга зоддог, би баруун гараа хугалуулаад гэмтлийн эмнэлэгт ирсэн ч худлаа хэлээд л ѳнгѳрсѳн. Одоо бол хамтран амьдарч чадахгүй гэр бүлээ цуцлуулна. Гэхдээ тэр хүртэл гэртээ очихоос ѳѳр газар байхгүй” гэж ярьжээ.
Гэтэл гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэхэд хамгийн хэцүү байдаг байна. Тухайлбал, шүүх гэр бүлийн хүчирхийллийн хэргийг зөвхөн мягмар гаригт л шийдвэрлэдэг. Тиймээс дөрөв дэх өдөр асуудал үүсээд шүүхэд очиход дараа долоо хоногийн хоёр дахь өдөр хүртэл хүлээх шаардлагатай болно. Энэ хугацаанд ихэнх эмэгтэй мэдүүлгээ буцаагаад авчихдаг аж. Энэ тухай Нийгмийн ажилтан Б.Энхчимэг “Өнгөрсөн сарын 24-26-нд болсон “Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт 2030” зөвлөгөөн дээр шүүх энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг өдөр бүр шийддэг болох тухай хүсэлт өгсөн. Манай төвд он гарсаар ирсэн 33 эмэгтэйн гурван хүний л хэрэг шийдэгдсэн” гэв. Шүүх хэргийг нь удаан шийдвэрлэдэг учраас энэ хугацаанд ихэнх эмэгтэй мэдүүлгээсээ буцдаг байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа хорлох талаар бодож байсан талаараа олон эмэгтэй сэтгэлзүйчид ярьжээ. Энэ нь хамтран амьдрагчийнх нь хүчирхийлэл тэдэнд ямар их сэтгэлийн дарамт, цочрол ѳгч буйг илтгэнэ. Тэгэхээр үйл ажиллагааг нь сайжруулах тал дээр дэмжээд ѳгвѳл “Түр хамгаалах байр” мянга мянган эмэгтэйн амийг аврах нь. Хохирогчид “Түр хамгаалах байр”-нд айдасгүй тайван аж төрж, нийгмийн хамгааллын, халамжийн, эрүүл мэндийн, сэтгэл зүйн, хууль эрх зүйн үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Гагцхүү тэдэнд шаардлагатай хоол хүнс, бусад хэрэглээний мөнгө эмчийн халааснаас бус төрийн төсвөөс гарах хэрэгтэй байна. Урьдчилан сэргийлж эмэгтэйчүүдээ хамгаалж чаддаггүй юмаа гэхэд хүчирхийлэлд өртсөнийхөө дараа айдасгүй, хоргодох байрных нь төсвийг нэмж өгөхийг хүсье. Улаанбаатар хотод байрлах гурван төвийн хоёр нь олон улсын байгууллагын санхүүжилтээр л үйл ажиллагаагаа явуулж байна.
Эх сурвалж www.polit.mn