Ч.ГАНТУЛГА
Орчлонг таньж мэдэх, оньсыг тайлах эрдмийн их түлхүүр нь ном байдаг билээ. Балчир наснаасаа номтой нөхөрлөсөн хүүхэд номхныг нь сурдаг гэсэн үг зүгээр ч нэг гараагүй ажээ. Хүсэл мөрөөдлөөр жигүүр хийж, хүний орчлонтой танилцахыг яарсан гэгээхэн ертөнцөд ном гэдэг хүүхдийн хамгийн үнэнч нөхөр хэмээн нийтлэлийн баатар маань онцолж байсан юм. Саяхан дэлхий нийтээр “Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн тавдугаар сарын эхний долоо хоногт монгол орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэдэг уламжлал тогтоод уджээ. Тиймээс “Амьдралын тойрог” булангийнхаа энэ удаагийн хойморт “Үндэсний төв номын сан”-ийн номын санч Ч.Гансүхийг урилаа. Тэрээр сонин тохиолдол, содон түүхээр номын санч мэргэжилтэй болсон ч энэ салбар нэгэнт дурласан хүн гэж өөрийгөө тодотгосон юм. Түүний адал явдал, амжилт бүтээлээр дүүрэн амьдралын хуудсыг хамтдаа сөхье.
“МОНГОЛЧУУДЫН ОЮУН САНААНЫ ҮНЭТ ӨВИЙГ ХАДГАЛДАГ”
[caption id="attachment_61579" align="aligncenter" width="850"]

Ч.Гансүхийн урласан бүтээл. Дэлхийн хамгийн жижиг модон шатар.[/caption]
“Үндэсний төв номын сан” хэмээх өнөр өтгөн айл их хотын төвд хаяа дэрлээд 90 гаруй жилийн нүүрийг үзжээ. Одоогоор таван хэлтэс, 92 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 60 гаруй хүн нь номын санч. Сүүлийн жилүүдэд номын сангаас энэ албан тушаалд зөвхөн мэргэжлийн хүн авах бодлого хэрэгжүүлж байгаа юм байна. Хуучин номын санд ажиллаж байсан туршлагатай хүнийг энэ албанд тавьдаг байсан бол одоо мэргэжлийн сургуульд нь сургаж, туршлагажуулж авдаг болжээ. Тиймээс ихэвчлэн мастер, докторууд ажилладаг юм байна. Энэ нь ч номын сангийн хөгжилд сайнаар нөлөөлдөг тухай Ч.Гансүх онцолж байсан юм. Хэдийгээр номын санг чимээгүй орчин гэдэг ч үүднээсээ эхлээд хөл хөдөлгөөн ихтэй энэ л өргөөгөөр үйлчлүүлээгүй оюутан залуус, судлаачид гэж үгүй билээ. Олон хүний мэдлэгийн уурхайд дусал нэмж, номын цагаан буяныг түгээсэн энэ л хамт олны дунд номын санч Ч.Гансүх ард иргэдэд мэдээлэл түгээх их ажлын тэргүүнд “цойлж” яваа чадварлаг боловсон хүчин юм байна. Тэрээр номын сангийн “Гар бичмэл, монгол судлалын сан хөмрөг” гэсэн хэсгийг хариуцаж ажилладаг. Энэ тухайгаа “Миний хариуцаж буй хэсэг монголчуудын оюун санааны их өв хөрөнгийг хадгалдаг хэсэг. Хэдийгээр тооны хувьд бага ч утга агуулгын хувьд эрдэнэсийн сан гэсэн үг” гэж онцолсон юм. Энэ хэсэгт 1958 оноос хойшхи Монголын эрдэмтдийн бүтээлээс эхлээд 1740-өөд оны үеийн орос хэл дээрх бүтээл, бурхан шашны холбогдолтой ном, судрууд бий. Үүнээс онцолбол XVII зуунаас наашхи барын гар бичмэлүүд, Түвд, монгол бичгээр бичсэн хосгүй үнэ цэнэтэй номуудыг нэрлэж болохоор. Үнэхээр түүний хэлдгээр хариуцаж буй хэсэг нь “Эрдэнэсийн сан” ажээ.
ХАМГААЛАГЧААС ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН БОЛСОН НЬ

Номын санч Ч.Гансүхийн энэ мэргэжлийг эзэмшсэн түүх ихээхэн сонин ажээ. Уг нь тэрээр “Тэнгэр” дээд сургуулийг “Угсаатан зүй, түүхийн багш” мэргэжлээр төгссөн сурган хүмүүжүүлэгч юм байна. Түүний мэргэжлийн нэгээхэн хэсэг нь номтой салшгүй холбоотой. Оюутан байхдаа анх уншигчийн хувиар биш дадлага хийх оюутан болж анх “Үндэсний төв номын сан”-ийн босгоор алхжээ. Тухайн үед номын сангийн захирал нь Ж.Сэржээ гуай байв. Дадлага хийсэн оюутнуудаас хамгийн өндөр үнэлгээг ч Ч.Гансүх авчээ. Гэвч 2001 онд сургуулиа төгсөөд хүссэн ажилдаа орж чадсангүй. Хэдэн сар гэртээ байсны эцэст ямар ч хамаагүй ажил хийе гэсэн зорилготой гэрээсээ гарчээ. Ийнхүү найзынхаа тусламжтай харуул хамгаалалтын албанд орж, ажил, амьдралын анхны гараагаа эхлүүлсэн түүхтэй. Тэрээр ажил голж үзсэнгүй, хамт олныхоо итгэлийг ч алдсангүй. Нэг удаа ажил тарчихаад номын сангаар ортол Ж.Сэржээ захирал “Манайд эрдэм шинжилгээний ажилтан гэсэн орон тоо байна. Чи манайд дадлага хийж байсан юм чинь шалгуул” гэсэн санал тавьжээ. Түүнээс монгол бичиг, таталган бичгийн шалгалт авав. Шалгалт өгөөд сар гаруй болсон ч чимээ, сураг байдаггүй. Номын санд орно гээд харуул, хамгаалалтын албанаасаа гарчихсан тул дахиад л ажилгүй болчихлоо гэж бодож явтал номын сангаас ярьжээ. Ийнхүү Ч.Гансүх 2002 оны дөрөвдүгээр сард “Үндэсний төв номын сан” гэх их айлтай хувь заяагаа холбох их үйлсийнхээ эхлэлийг тавьсан гэдэг. Амархан ажил гэж байдаггүй. Дөнгөж орсон шинэхэн боловсон хүчний хувьд өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл номын архивтай танилцах, уншиж, судлах ажил хийнэ. Уншиж, судалсан номынхоо тухай тэмдэглэл хөтлөх үүрэгтэй. Тухайн үед өнөөгийх шиг компьютер элбэг байсангүй. Бүх тэмдэглэлээ гараар бичдэг байжээ. Энэ нь түүнд мэргэжлийн номын санч болох үндэс суурийг нь тавьж байв.
Г.АКИМ ГУАЙН ХҮҮХЭД
Үүнээс гадна Ч.Гансүх номын сангийнхаа музейг хариуцдаг байв. Тус музейд алт мөнгө, шүр сувдан номноос эхлээд хосгүй үнэт үзмэрүүд бий. Томруулдаг шилээр хардаг өөдсийн чинээхэн ном, хэдэн мянган жилийн Монголын түүхийг өгүүлэх дурсгалт бүтээлүүд. Ч.Гансүх ч энэ ажилдаа дуртай байж. Ийнхүү 2005 онд номын сан шинэ захиралтай болсон нь зохиолч, соён гэгээрүүлэгч Г.Аким юм. Хэдийгээр Ч.Гансүх шинэхэн захиралтайгаа олон жил ажиллаагүй ч мэргэжлийн номын санч болох боломжийг олгосон учир өдгөө ч хүндэлж явдаг тухайгаа дурссан юм. Ажлаа аваад удаагүй байхдаа тэрээр Ч.Гансүхийг өрөөндөө дууджээ. Г.Аким захирал “Чи энэ номын сангийн хамгийн чухал, үнэ цэнэтэй, эрдэнэсийн авдрыг хариуцдаг юм байна. Энэ их чухал алба шүү” гэж сануулаад “Унгар улсаас манай нэг хүнийг номын сангийн чиглэлээр мэргэшүүлье гэсэн санал тавьсан” гэж ярьжээ. Гэвч Ч.Гансүхийн хувьд өөрт нь ийм ховорхон хувь тохиол олдоно гэж төсөөлсөнгүй. Удалгүй Унгарын Элчин сайд номын сантай танилцахаар ирэхэд Ч.Гансүх тайлбар хийж таарчээ. Тэрээр бусдаас онцлон “Сайхан тайлбар хийлээ. Арвин мэдлэгтэй, номонд дурласан сайн хүү байна” гэж урамшуулсан гэдэг. Гэвч энэ нь тохиол байсангүй . Унгарын Элчин сайд Г.Аким гуайтай найз байсан учир ийнхүү Унгар явуулах боловсон хүчнээ сонжиж, урамшуулж хэлсэн үг байсан гэдэг. Нэг өдөр Г.Аким захирал Ч.Гансүхийг өрөөндөө дуудаж, хурдхан яам руу оч гэжээ. Түүнийг очиход яамны мэргэжилтэн “Г.Аким гуайн хүүхэд үү” гэсээр угтаж аваад Унгар явах болсныг нь дуулгаж, яаралтай бичиг баримт бүрдүүлэх үүрэг өгчээ. Маргааш нь бичиг баримтаа бүрдүүлээд очиход өөр мэргэжилтэн мөн л “Г.Аким гуайн хүүхэд үү” гэсээр хүлээж авч, уулзжээ. Ийнхүү Ч.Гансүх “Г.Аким гуайн хүүхэд” гэсэн нэртэй болж, захирлынхаа, итгэлийг өвөртөлж, алс Унгар улс руу мэргэжлийн номын санч болохоор хүлгийн жолоо залсан түүхтэй.
“НОМЫН САНЧ БОЛ ЧИГЛҮҮЛЭГЧ ЮМ”
Унгарт тэрээр зургаан жил сурсан юм. Энэ хугацаанд номын сангийн сан хөмрөгийн хичээлээс эхлээд орчин үеийн программ дээр ажиллаж сурчээ. Номыг хэрхэн ангилах, хамгаалах гээд номын санч хүний эзэмших ёстой бүхий л мэдлэгийг тэрээр оюутан байхдаа сурсан юм. Ч.Гансүх тэнхимдээ ганцаараа монгол оюутан байв. Тиймээс ангийнхан болон багш нар нь түүнд чадахаараа тусладаг байж. Түүний үндсэн мэргэжил нь “Номын сангийн удирдлага, зохион байгуулалт”. Г.Аким гуайн хэтийн зорилго нь хэдэн сайхан залуусыг номын сангаар мэргэшүүлж, төгсөөд ирэхээр нь номын сангийн хөгжлийг тодорхойлох байжээ. Гэвч Ч.Гансүхийг 2011 онд сургуулиа төгсөөд иртэл номын сангийн удирдлага өөрчлөгдөж, захирлаар Х.Чилаажав ажиллаж байв. Тэрээр шинэ захиралтайгаа төдийлэн ойлголцоогүй учир буцаад эрдэм шинжилгээний ажилтан гэсэн албан тушаалд томилогджээ. Энэ албанд 2013 он хүртэл ажиллаад, сэргээн засварлах хэлтэст хуваарилагдав. Гэвч энэ нь нарийн мэргэжил. Харин Монголд гарын дүйтэй л бол энэ албанд оч гэсэн хууль үйлчилдэг ажээ. Ч.Гансүх энэ хэлтэст 2014 он хүртэл ажиллаад, өнөөгийн албан тушаалдаа очсон юм. Тэрээр ажил мэргэжлийнхээ онцлогийн тухай “Манайхан номын санч гэхээр үйлчлүүлж буй хүний хүссэн номыг авч өгөөд сууж байдаг хүн гэж төсөөлдөг. Гэвч энэ бол нарийн мэргэжил. Бид өдөрт олон хүнтэй харилцдаг. Тэд надаас ямар ч ном хүсч болно. Би тухайн асууж буй номынх нь тухай нарийн мэдлэгтэй байж, уншигчийг чиглүүлэх үүрэгтэй. Нэг ёсны чиглүүлэгч гэж ойлгож болно. Хэрэв үйлчлүүлэгчийн уншихаар зорьж буй номын тухай ямар ч мэдлэггүй бол би хэрхэн зааж, зөвлөх билээ. Үүнээс гадна номын санч хүн шинжлэх ухааны олон талын мэддэгтэй байх ёстой” гэсэн юм. Тиймээс ч энэ удаагийн зочноо би “Эрдэнэсийн сан”-гийн чиглүүлэгч гэж тодорхойлсон нь ажил мэргэжлийн онцлогтой нь зохицох нь лавтай.
ХУВАРГА БОЛСОН ХҮҮХЭД НАС
[caption id="attachment_61581" align="aligncenter" width="850"]

Түүний буурал аав Мөрөнгийн хөвөөнд алдартай хурал ном удирддаг, унзад хүн байжээ. Тиймээс буурал ээж нь хүүгээ лам болгох хүсэлтэй байж. Хүү нь 13 наснаасаа ганданд шавилан сууж, уншлагатай болжээ.[/caption]
Ч.Гансүх номын санчид дундаасаа Түвд хэлтэй. Энэ нь түүний хүүхэд настай холбоотой юм байна. Учир нь тэрээр багадаа Төв ганданд шавилан суудаг хуварга байжээ. 1990-ээд оны эхээр айл бүхэн эрэгтэй хүүхдээ лам болгодог бичигдээгүй хууль үйлчилж байв. Тэр нийгмийн нэгэн төлөөлөл нь Ч.Гансүх юм. Түүний буурал аав Мөрөнгийн хөвөөнд алдартай хурал ном удирддаг, унзад хүн байжээ. Тиймээс буурал ээж нь хүүгээ лам болгох хүсэлтэй байж. Хүү нь 13 наснаасаа ганданд шавилан сууж, уншлагатай болжээ. Энэ үеэс Түвд хэл сурч, ном судартай нөхөрлөсөн юм байна. Ч.Гансүх буурал аав шигээ эрдэм номтой, уншлагатай, мундаг хүн болохыг хүсдэг байсан ч насаараа номын мөр хөөж, лам болохоор зорьсонгүй. Томрох тусам өөрийгөө хөгжүүлж, өөр мэргэжил эзэмшихийг хүсч эхлэв. Гэхдээ түүний эзэмшсэн Түвд хэлний мэдлэг ажил, амьдралд нь одоо ч ихээхэн хэрэг болдог ажээ. Учир нь номын санд буй Түвд хэлээр бичигдсэн бүхий л ном, судрыг тэрээр түвэггүй уншчихдаг нэгэн. Ч.Гансүх зөвхөн “Үндэсний төв номын сан”-д ажиллаад зогсохгүй хөдөө орон нутгийн номын санг цэгцлэх ажилд оролцдог ажээ. 2016 онд Өвөрхангай аймгийн номын санд ажиллажээ. Түүнийг очиход ном судруудыг цаасан хайрцагт хураасан байдалтай угтаж. Номыг ангилах, хамгаалахад тусгай стандарт гэж бий. Ч.Гансүх стандартын дагуу цэгцэлж, янзалжээ. Эдгээр номын 90 гаруй хувь нь Түвд хэл дээр байсан гэнэ. Харин өнгөрсөн жил Богд хааны ордон музейн судар, номыг мөн л цэгцэлж өгсөн тухайгаа ярьсан юм.
“ЭРДЭНЭСИЙН САН”-ГААС ӨӨРИЙН ЭРДЭНЭЭ ОЛЖЭЭ
[caption id="attachment_61580" align="aligncenter" width="850"]

Түүний гэргий М.Үүрийнтуяа мөн номын санч мэргэжилтэй. “Үндэсний төв номын сан”-д хамт ажиллаж байна.[/caption]
Ч.Гансүхийн аав Чулуунбат Завхан аймгийн Яруу сумын уугуул юм. Хуучнаар Засагт хан аймгийн Сэцэн вангийн хошуу. Харин ижий нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынх. Чулуунбатынх ам бүл тавуулаа. Аав нь цэргийн хүн, ижий нь цэцэрлэгт асрагч хийдэг байжээ. Ч.Гансүх “Ган зам” цогцолборыг төгссөн юм. Наймдугаар ангиа дүүргээд, 16 настай “Барилгын коллежи”-д анх оюутан болж очжээ. Гэвч тэрээр мэргэжлээрээ төдийлэн ажиллаагүй аж. Ч.Гансүх “Үндэсний төв номын сан”-тай ажил, амьдралаа холбосноор номын санч мэргэжлийн сайхныг мэдрэхээс гадна насны ханьтайгаа учирсан юм. Түүний гэргий М.Үүрийнтуяа мөн номын санч ажээ. Тэд 2011 онд танилцжээ. Нэг мэргэжилтэй учир бие биенийхээ ажилд туслахаас эхлээд давуу тал олон байдаг гэж байв. Ч.Гансүх анх гэргийнхээ хүүхэд шиг гэнэн цагаахан занд нь татагджээ. Хосууд өдгөө гурван хүүхдийн аав ээж болсон байна. Ийм л нэгэн түүхтэй, номын санч бидний дунд аж төрж байна. Тэрээр ажил мэргэжлээрээ үргэлж бахархаж, цаг тутамд сайхныг нь мэдэрдэг гэж ярьж байсан юм. Ч.Гансүхийн хэлсэн “Номын цагаан буян хэзээд дэлгэрч, үр өгөөжөө өгдөг” гэсэн үгээр нийтлэлээ төгсгөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.29 № 88 (6055)