
Б.НАМУУНТАМИР
Төрөлхийн сонсголгүй болон, олдмол сонсголгүй хүмүүсийг сонсголтой болгодог мэс ажилбарын талаар “Доктор тун” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батбуянтай ярилцлаа.
-Манай улсад энэхүү төрлийн хагалгаа хийгдээд хэр удаж байгаа вэ?
-Энэхүү мэс ажилбарыг манай компани Монголдоо анх удаа 2009 оны наймдугаар сараас эхлэн нэвтрүүлээд байна. Дунгийн суулгацыг Австри улсын “MEDEL” компаниас оруулж ирдэг.
-2009 оноос хойш нийт хэдэн хүнийг энэ төрлийн хагалгаагаар сонсголтой болгоод байгаа вэ?
-Одоогийн байдлаар 145 хүнд мэс ажилбар хийсэн байгаа. Хамгийн анхны мэс засалд маань хоёр настай төрөлхийн сонсголгүй хүүхэд орж байсан. Одоогоор жирийн хүүхдүүдтэй сургуульд суралцаж байгаа. Чихний дунгийн суулгацын мэс засал хийлгэхийн тулд эхлээд тухайн өвчтөнөө үзэж оношилно, дараа нь биеийн байдлыг нь мэс заслын эмч болон бусад нарийн мэргэжлийн эмч нар үзээд боломжтой бол мэс засал хийдэг. Гэтэл хүүхэд хоёр нас хүртлээ 200-300 үгтэй, дөрвөн нас хүрэхдээ үгийн баялаг 2000-3000 болж огцом өсдөг. Энэ завсар үе буюу 2-4 насны үед хүүхдийн тархины хөгжил дээд цэгтээ байдаг бөгөөд хэдэн ч хэлийг сурах боломжтой гэж үздэг. Гадаад хэл сурахад 2000 үгтэй байхад ойр зуур ойлголцож чадна гэдэг шүү дээ. Тэрэнтэй адил ийм үгийн сангийн баялгийг дөрвөн настайдаа авсан байдаг. Энэ хугацааг алдаж болохгүй. Гэтэл онош нь тодорхой байхад эцэг эхчүүд мэс заслаас айж илүү хялбар хүүхэдэдээ мэс хүргэхгүй зам буюу лам болон зарим нэг уламжлалт аргуудыг ашиглаад хүүхдийн хөгжлийн чухал хэсгийг өнгөрүүлсэн цөөхөн тохиолдол байдаг. Бид хэдий дунгийн суулгац суулгаж тархинд дуу авиа очих замыг нь зассан ч том болсон хүүхдийн тархины сонсголын төвийн хөгжил нь ашиглаагүй удсан тул удааширчихсан, хүүхэд өөрөө хүсэж байна, хүсэхгүй байна гэдгээ ялгаж чаддаг болчихсон, тархин дээр очих дуу чимээг тэвчиж чадах уу үгүй юу гээд асуудал гарч ирдгээс болоод хүлээж байгаа үр дүнд хүрэхгүй байх тохиолдол бий. Тиймээс л аль болох хугацаа алдахгүй бага насан дээр нь, сонсгол алдсанаас хойш богино хугацаанд мэс засалд орохыг зөвлөдөг.
-Дунгийн суулгац мэс ажилбарын талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Гэмтэлтэй болон ажиллагаагүй болсон дотор чихний үйл ажиллагааг нөхөх үүрэгтэй. Дунгийн суулгацыг гавлын ясан дээр байршуулж, дотор чихний дун ясанд суулгадаг бөгөөд энэхүү суулгац нь дууны долгионыг хүлээн аваад маш нарийн цахилгаан утсаар гадна, тэгээд дунд чихийг алагсан дотор чихэнд хүргэснээр дотор чих буюу дун яс цааш тархинд дамжуулж сонсох боломж бүрддэг. Энэ суулгацыг хоёроос доош насны хүүхдэд суулгавал илүү үр дүнтэй байдаг. Бүр оройтсон бол 7 наснаас доош суулгах хэрэгтэй. Учир нь бага насандаа сонсдог болсон хүүхдийн хэл яриа, тархийг хөгжүүлэхэд хялбар байдаг. Суулгац суулгах мэс заслын ажилбар нь ихэвчлэн 1-3 цагийн хугацаанд ерөнхий мэдээ алдуулалтын дор явагдана. Чихний дунгийн суулгацын мэс ажилбар нь эрсдэл багатай, чихний бусад төрлийн мэс заслуудтай харьцуулж болно. Өвчтөн ихэвчлэн мэс заслын дараах өдөр гэхэд босож явж чадахаар болдог. Түүнчлэн эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэх нь өвчтөний биеийн байдал, тухайн орны практикаас хамаарч нэгээс хэдэн өдрийн хооронд хэлбэлзэнэ. Мэс заслын дараа сонсголын эмч тохиргоог нь хийнэ. Хүн 35 үсгийг нэг түвшинд сонсож байх ёстой. Гэтэл тохиргоо алдаатай байвал А ч юм уу эсвэл С үсгийг сонсохгүй. Тэгэхээр эдгээр үсэг орсон үг бүрийг бүрэн сонсож чадахгүй болчихно. Тиймээс мэс заслын дараа сонсгол, хэл заслын багш тухайн хүүхдийг бүх авиаг сонсож байгаа эсэхийг мөн эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн харьцах талаар хичээлийг хамгийн багадаа нэг жил ордог.
-Монгол улсад анх хэрхэн нэвтрүүлсэн бэ?
-2009 оны наймдугаар сард Монгол улсад анх удаагаа Анагаах ухааны Доктор, Клиникийн Профессор А Өлзийбаяр эмч маань, Улсын Клиникийн Төв эмнэлэгийн чих хамар хоолойн тасгийн эрхлэгч Л.Бямбасүрэн эмч болон бусад олон эмч багш нартай баг болон анхны мэс заслыг хийж байсан. Суулгац суулгаснаас ойролцоогоор дөрвөн долоо хоногийн дараа аудио процессороо асаана. Гадна процессорыг сонсголын мэргэшсэн эмч зөвхөн тухайн хүнд тохируулан програмчилсан байдаг. Чихний Дунгийн Суулгац Систем нь мэдрэл мэдрэхүйн сонсголоо алдсан хүмүүст зориулсан эмнэлэгийн хэрэгсэл юм. Ийм төрлийн сонсголгүй хүмүүст сонсголын аппарат ямар нэг тус болохгүй тул чихний дунгийн суулгац нь хэлд орохоос өмнө олдмол буюу хэл яриа хөгжсөн хойноо сонсголгүй болсон хүүхэд болон насанд хүрэгчдэд үр дүнтэй байдаг.
-Үнэ өртгийн хувьд?
-Зөвхөн нэг талын чихний мэс ажилбарын үнэ 29 сая төгрөг байдаг. Үүнээс улс 19 сая 500 мянгыг хөнгөлдөг. Манайхаас бусад буюу Япон, Солонгост монгол мөнгөөр яг үүн шиг мэс засал 100 сая төгрөгөөс эхэлдэг. Үүнийг манайхан мэдэхгүй гадагшаа гарч энэхүү мэс заслыг өртөг өндөр хийлгэдэг нь мэдээлэл багатайгаас болдог. Тэрнээс биш тоног төхөөрөмж нь, ашигладаг багаж, хэрэгсэл нь яг ижил. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан мэдээгээр 2015 оны байдлаар дэлхийн хүн амын 5.3 хувь буюу 360 сая хүн сонсголын бэрхшээлтэй байгаагаас 0-15 насны хүүхэд 32 сая байна . Америкт 1000 амьд төрөлт тутмын 2 нь сонсголгүй ба хүнд хэлбэрийн сонсгол бууралттай төрж байгаа бол ДЭМБ-ын мэдээгээр хөгжиж буй орнуудад энэ тоо 2 дахин их байдаг гэсэн судалгаа байдаг. .
-Дунгийн суулгацын хагалгааг ямар тохиолдолд хийдэг юм бэ?
-Хүүхдэд бол долоон наснаас доош төрөлхийн сонсголгүй тохиолдолд хийнэ. Суулгац хийлгэснээр шууд энгийн хүн шиг болно гэж байхгүй. Огт сонсголгүй хүний хэл яриа нь хөгжөөгүй байдаг. Энэ төрлийн мэс засалд орсон хүнд сонсголын мэдрэлийг хөгжүүлэхэд гэр бүлийн үүрэг оролцоо хамгийн чухалаас гадна сонсголын эмч, хэл заслын багштай хамтран ажилласнаар үр дүнг нэмэгдүүлдэг. Манайхаас энэ төрлийн сургалтыг хагалгаанд орсон хүүхдийн гэр бүлийнхэнд заадаг. Төрөлхийн сонсголгүй бол хугацаа алдалгүй бага байхад нь л суулгуулаад гэр бүлийнхэн нь хичээвэл хүүхдийнх нь тархины сонсголын төв эрүүл хүүхдийн төвшний хэмжээнд хөгжих бүрэн боломжтой. Олдмол буюу гэнэтийн сонсголгүй болсон хүмүүст хугацаа алдахгүй хийвэл үр дүн өндөртэй байдаг.
-Энэ хагалгааг хийлгэхэд насны хязгаар гэж бий юу?
-Нэг ойтойгоос эхлээд дээд насны хязгааргүй.Дэлхий дээр дун яс буюу дотор чихнээс болжсонсголгүй хүнд хийдэг цорын ганц эмчилгээ нь одоогийн үед энэ.
Дэлхий дээр хамгийн бага настай хүүхдэд дунгийн суулгацын хагалгаа хийсэн нь Австрали улс бөгөөд зургаан сартай хүүхдэд энэ хагалгааг хийсэн байдаг. Монголд 11 сартайгаас 61 нас хүртэл хүмүүст хийж байсан.
-Мэс заслын дараах үр дүн?
-Суулгац хийлээ гээд бүх юм болчихсон гэсэн үг биш. Энэ бол 30 хувь нь харин үлдсэн 70 хувь нь хамт байгаа гэр бүлийн хүмүүсийн тэр тусмаа эцэг эхийн хичээл зүтгэл байдаг гэдгийг дахиад хэлэхийг хүсэж байна. Энгийнээр тайлбарлавал хүний дуу авианы долгионы эхлэл бол нэг секундад 1- с 20,000 удаа хөдөлж байдаг маш нарийн салхины долгион байдаг. Энэ салхины долгионыг таны гадна чих цуглуулан авч чихний сувгаар дамжаад хэнгэргийн хальсыг чичрүүлэн хөдөлгөдөг. Дунд чихний алх, дөш дөрөө ясанцарууд хоорондоо энэ чичиргээнийг дамжуулж, дун шиг хэлбэртэй яс буюу дотор чихийг тоншиход түүнд дотор байрлах шингэн цалгина. Ингэж цалгихдаа 16 мянган ширхэг хүний биед ганц удаа заяадаг ой мод шиг үслэг эсийг хөдөлгөж энэхүү хөдөлгөөн нь угтаа цахилгаан давтамжийг үүсгэснээр цааш тархины сонсголын төвд хүрч дуу авиа болох орчуулагддаг. Баруун, зүүн чих тус тусдаа сонсголын төвтэй.Хэрвээ ямар нэг шалтгаанаар үслэг эсүүд гэмтвэл мөн насжилттай холбоотой сонсгол буурахад инэхн тохиолдолд хамгийн түрүүнд сонсогдохоо больдог авиа нь С үсэг. Тэгэхээр настай хүмүүст нийтлэг тохиолддог “Сонсож байна уу” гэдэг үгийг нь С үсэггүй сонсвол “Онож байна уу” болчихож байгаа юм. Тэгэхээр “айн, айн” гээд байдаг байх нь. Харин “Дүлий юм уу” гээд шивнэх төдийд “намайг дүлий гэлээ” гэж гомддог нь дүлий гэдэг үгэнд орж байгаа “Д” үсэг нь хамгийн сүүлд мууддаг давтамж тул шивнэсэн ч сонсогдож байдагтай холбоотой.
Бид бүгд аливаа гадаад хэлийг ашиглахгүй удвал ойлгох ярих чадвар муудаж байдаг шиг сонсгол муу хүмүүсийн хувьд Монгол хэлээ ойлгох чадвар алдагдаж байдаг.Мөн сонсгол буурах болон сонсголгүй болох нь хувь хүний хөгжил, ой санамж болон сэтгэлзүйд маш муугаар нөлөөлж байдаг. Хүүхэд нь эхийн хэвлий дэх зургаан сартай байх үед дотор чихний дун яс нь дуу чимээг цааш нь сонсголын төвд дамжуулах чадвартай болсон байдаг. Ингээд зургаан сартайгаас ээжийнхээ хоолойг сонсож эхэлдэг тул төрсний дараа ээжийнхээ дуу хоолойг сонсохоор тайвширдаг. Гэтэл төрөлхийн сонсголгүй хүүхдийн хувьд биологийн нас нь 1, 2, 3 гээд явсан ч сонсголын нас нь тэг байж байдаг. Сонсголтой хүүхэд ойролцоогоор нэг нас хүрээд эхний үгээ хэлж эхэлдэг бол сонсголгүй хүүхдийн энэ алдсан хугацааг нөхөхийн тулд сонсголыг нь ажиллуулах сонсгол болон хэл яриа хөгжүүлэх олон улсын стандартын аргачлалыг ашиглаж хичээлээ орсноор сонсголын насыг нь илүү хурдан хөгжүүлэх боломжтой.
-Хүн хөгшрөөд ирэхээр сонсох чадвараа бага багаа алддаг энэ талаар?
-Дотор чих буюу дун ясны үслэг эсүүд маань насжилттай холбоотой хүний бие мах бодь мууддаг шиг захаасаа эхлээд муудаж эхэлдэг. Энэ үед өмнө нь дурдаж байсан шиг С үсэг хамгийн түрүүнд муудаж эхэлнэ. . Аливаа үгийг бүтнээр нь буюу тухайн үгэнд орсон бүх авиаг сонсож байж тэр үгийг ойлгодог учраас настай хүний хувьд муу сонсдог авиа их орсон үгнүүдийг ойлгохгүйгээс болоод зарим үгийг сонсоод заримыг нь сонсдоггүй. Ийм үед мэргэжлийн байгууллагад яаралтай хандан тухайн хүний сонсгол бууралтанд таарсан сайн аппаратыг зүүснээр нэмж муутгах эрсдэлийг багасгаж байдаг. Сонсгоын аппарат дангаараа сонсголыг хадгалахгүй бөгөөд хүн өөрөө сайн унтаж амарч тайван байж сонсголоо хадгалах боломж бий болно..
-Сонсгол буурахад нөлөөлөх хүчин зүйлүүдээс дурдвал?
-Сонсголоо алдахад нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг. Үүний заримаас дурдвал: Антибиотик зохисгүй хэрэглээ, Менингит, сүрьеэ өвчин, удамшлын болон төрөлхийн шалтгаанууд, дуу чимээ ихтэй үйлдвэр, уурхай, цэрэг арми, диско клубын дуу чимээ, осол гэмтэл,гэх мэт маш олон хүчин зүйлс байгаа. Мөн стресстэй холбоотой ядаргаанаас болж тархины цусан хангамж муудсанаас шалтгаалан сонсгол буурдаг
-Чихний ямар нэгэн өвчлөл хүндэрвэл сонсголгүй болох магадлал бий юу?
-Чихний бүхийл төрлийн өвчлөлүүд сонсголд нөлөөлөх боломжой байдаг. Хэнгэргээ цоолох, дунд чихний үрэвсэл зэрэг нь дамжуулах замын сонсгол бууралтыг үүсгэж байдаг бол дамжуулах замын сонсгол бууралтаас болж бусдын яриаг ойлгох чадвар муудаад, улмаар стресс ядаргаанаас болж дотор чих буюу дун ясны үйл ажиллагаа муудаж сонсгол буурах боломжтой.
Хэнгэргийн хальсыг энгийнээр тайлбарлавал танай гэрийн цонх гэж ойлгож болно.. Та цонхоо нээгээд орхивол маш их хэмжээний гадны бохирдол таны гэрийг бохирдуулж нян бактери тараадаг шиг таны хэнгэрэг цоорхой байвал таны дунд чихний хөндий яг түүнтэй адил бохирдож үрэвсэх боломжыг бүрдүүлдэг бөгөөд энэ нь явцдаа сонсгол бууралтад хүчтэй нөлөөлдөг.Мөн сонсголын ямар нэг бууралт илэрсэн бол шууд мэргэжлийн байгууллагад хандаж шинжлэх ухааны үндэслэлтэй оношилгоо хийлгэж асуудлаа бүрэн ойлгох нь хамгийн чухал. Чихэвчийг 50 хувиас ихгүй чангалж нэг удаа зүүхдээ 30 минут зүүх хэрэгтэй гэж зөвлөдөг. Мөн чихэнд хийдэг биш гадуур нь зүүдэг том чихэвч зүүх хэрэгтэй бөгөөд энэ нь гадны чимээг илүү хамгаалснаар бага хэмжээнд хөгжмөө тухтай сонсох боломжийг бүрдүүлж өгнө. Эцэст нь хэлэхэд таны үг таны хүүхдийн тархийг бүтээж байдаг тул хүүхдийнхээ хажууд зөв соёлтой үг ашиглаж хэрэлдэж муудалцахаас сэргийлж чадвал таны хүүхэд зөв боловсон хүн болж хүмүүжихэд тус дэм болно шүү.
Эх сурвалж:www.polit.mn
