Х.ОЮУНБОЛД
Тив дэлхийд улсынхаа нэрийг гаргаж, төрийн дууллаа эгшиглэхэд сэтгэл нь огшдоггүй тамирчин гэж үгүй. Хүндийн өргөлтийн ахмадын олон улсын тэмцээнд +87кг-ын жингийн 55-59 насны ангилалд аваргалж алтан медаль хүртсэн бахдам амжилтын эзнийг уншигч тантай уулзуулъя.
Хүндийг өргөлтийн дэлхийн дээд амжилтыг 138 кг,Гранпри тэмцээний дээд амжилтыг 151 кг, Азийн дээд амжилтыг 131 кг-р тус тус эвдэж дээд амжилтуудыг өөрийн болгосон энэ эмэгтэй бол ОУХМ Ц.Оюунчимэг юм.
Тэрээр тив дэлхийн тэмцээнд эр бяраа гайхуулан алтан медалийн тавцанд Монгол төрийн дууллаа сонсож сэтгэл догдлон зогсохдоо амжилтаа ахиулах юм шүү гэсэн итгэл өвөрлөдөг аж. Жинхэнэ тамирчин хүний мөрөөдөл ийм л байдаг болов уу. Энгүй их бяртай эгэлхэн эмэгтэй Ц.Оюунчимэгийг “Зууны мэдээ” сониныхоо “Амьдралын тойрог” буланд зочноор урьсан юм.
ЯАРМАГИЙН ХҮҮХЭД
Амжилт:
♦ Дэлхийн аваргаас хоёр мөнгө, гурван алтан медаль хүртсэн.
♦ Мастер тамирчдын олимпоос хоёр алт хүртэж, дээд амжилтыг нь найман удаа шинэчилсэн.
♦ Олон улсын Гранпри тэмцээнээс дөрвөн алт, дөрвөн гранпри алтан цом хүртэж дээд амжилтыг нь хоёр удаа шинэчилсэн.
♦ Европын тоглолтоос алтан медаль хүртэж, дээд амжилтыг нь хоёр удаа шинэчилсэн.
♦ Азийн аваргаас хоёр алтан медаль хүртэж, дээд амжилтыг нь зургаан удаа шинэчилсэн.
♦ Дэлхийн гурван удаагийн аварга, Дэлхийн тоглолтын хошой аварга.
♦ Олон улсын гранпригийн дөрвөн удаагийн аварга, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази Европ тивийн дөрвөн удаагийн аварга.
♦ Дэлхийн дээд амжилтыг 18 удаа, Ази тивийн дээд амжилтыг зургаан удаа шинэчилсэн.
Манай зочны хүүхэд нас бусдын л адил өнгөрчээ. Хуучнаар Ажилчны район, Яармагт тоглож өссөн тэрээр 1962 онд Төмөр замын II төрөхөд Б.Цэрэндоржийн зургаа дахь хүүхэд болж мэндэлжээ. Насаараа БХЯ, ХЦУГ-т нарийн бичгээр ажиллаж, хожим нь тив дэлхийд улсынхаа нэрийг дуурсгасан тамирчин маань 1970 онд Хан Уул дүүргийн арван жилийн 34 дүгээр сургуулийг дүүргэжээ. Яармагийн дэнж Туул голтой ойрхон учир өвөлдөө мөсөн дээр гулгаж, зундаа сэлж, голын эргээр нь зугаалан,үеийнхэнтэйгээ ноцолдон тоглож өсч. Түүний аав залуудаа шаггүй барилдчихдаг, эмээл, гөлөм, монгол гутал хийчихдэг гарын дүйтэй нэгэн байж. Энэ л хөдөлмөрийнхөө үр шимээр үр хүүхдээ өсгөж өндийлгөжээ. Ахыгаа даган барилдаанд очоод дээлийнх нь захыг мушгидаг байсан түүний аавыг Яармагийнхан гаргүй Цэрэндорж гэхээр анддаггүй байж. Булган аймгийн Хангал сумын харьяат аавынх нь төрсөн ах Халхын цуутай бөх, монгол бөхийн түүхэнд нэрээ үлдээсэн Б.Түвдэндорж аварга юм байна. Цагийг эзэлсэн их аварга хэзээ ч дүүгийнхээ хүүхдүүдийг спортод уруу татаж, байгаагүй. Энэ их аварга өөрийн биеэр спортын хатуу хөтүү, атаа жөтөөг мэдэрч явсантай холбоотой байж магадгүй гэж хуучиллаа. Харин эрдэм ном сурч, амьдралаа дээшлүүлэн боломжийн амьдралтай болоосой гэж боддог байсан байж магадгүй гэнэ.Гэхдээ аав нь түүнийг охидууд дотроосоо бяртай гэж магтаж онгироодог байжээ.Удам дагасан их бяр түүнд эмэг эх буюу аавынх нь ээж “Хайнаг” хэмээх Сэрээнэнгээс өвлөгдөж иржээ. Тодруулбал,Түвдэндорж, Цэрэндорж хэмээх хоёр хүүтэй тэр эмэгтэй нас ахисан хойноо шаварт суусан хайнагийг хөлнөөс нь суга татаад гаргачихдаг байсан гэнэ. Хайнаг гэдэг нэрийн учир ийм. Бөхийн удам ээжийн талаас удамшдаг гэж үг ч бий. ОУХМ Ц. Оюунчимэгийн хэлснээр ер нь тэр үеийн хүмүүс өдөр тутмын хийдэг зан үйл, ахуй, хоол хүнснээсээ болоод их бяртай болдог байсан нь үнэний ортой байх. Аавынх нь ч тал бөхийн удамтай болохыг нотолсон өөр нэг нотолгоо бол дээд үеийнх нь өвөг дээдэс даншиг наадамд барилдаж дөрөв тав давчихдаг хүмүүс байсан гэж тэрээр хуучилсан. Түүний ээжСосорын Цэнд удам угсаа гарвалаа хөөж ярих дуртай хүн байсан гэнэ. Ээжийнх нь ярьснаар удам талд нь лам хүмүүс олон байсан тэд Амарбаясгалант хийдээр голдуу шавилан сууж байсан гэв.Хүндийн өргөлтийн дэлхийн аварга маань ээжийгээ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харъяат хүн байсан. Багадаа буюу 10 гаруй настай байхад төрүүлсэн аав ээж нь хамаатныхаа хүнд өргүүлээд бурхан болсон гэж ярьдаг байсныг Ц.Оюунчимэг дурсаж байсан юм.
ИХ АВАРГЫН УДАМ

Их аваргын удмыг үргэлжлүүлж яваа тэрээр 10 жилийн сургуулиа төгсөөд Улсын багшийн их сургуулийн хими, биологийн ангийг төгсч, Хилийн цэргийн дээд сургуульд хуульч, эрхзүйч мэргэжлээр сурчээ. Харин хүндийн өргөлт, штанг гэж юу болохыг мэдэх байтугай тамирчин болно гэж төсөөлж бодоогүй явахдаа ханилсан ханьтайгаа тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбож амьдарсан тэр цагаас хоёр хүү, хоёр охин нийлсэн дөрвөн хүүхэдтэй болжээ. Гэвч хүний амьдралд юу эс тохиолдох вэ. Гай зовлон гэдэг хэлж биш хийсч ирдэг хойно тэрсхэн, ойр ойрхон төрсөн хүүхдүүдийнхээ нэгийг 1986 онд гурван ой хүргээд алдсандаа сэтгэл эмтэрч явж. Өнөөдөр тэрээр үндэстэй мод цэцэглэж, үртэй хүн жаргадаг гэдэг шиг нэг ач, нэг зээгийн эмээ болсон. Тэрээр их аваргын шийрийг хатаах хүн хүүхдүүд дотроос нь гараасай гэж хүсч явна. Тэр үүднээсээ сайхан бөх, спортын алдартай хүн төрүүлж өсгөхийг хүсэлгүй яахав. Одооны хүүхдүүд зөвхөн өөрийнхөөрөө л бодох юм. Өнөөдөр улс нийгэм хэцүү байхад хүүхдүүд ажил гэр, хүүхэд гээд таарах юм” хэмээн ярьж сууна. Харин зээ охин нь нэлээн эршүүд учраас спортоор явж магадгүй байгаа. Ач хүүгийнх нь хувьд номын хүн болох төлөвтэй гэнэ. Энэ тухайгаа Ц.Оюунчимэг хэлэхдээ“Би уг нь сайхан бөх болоод барилдаад яваасай гэж хүсдэг л юм. Хоёр хүүгээ гуйгаад дийлээгүй. Дунд хүү уг нь спортод дуртай. Гэвч багадаа хоёр ч удаа ходоодны хагалгаанд орж байсан учраас эрүүл байх талаасаа фитнест явдаг. Том хүү маань спортод дургүй хүн биш ч зав нь болдоггүй юм уу, хэлэхээр бэлтгэл хийнэ гэсхийгээд өнгөрдөг. Охиныгоо өөрийгөө хамгаалж сураг гэж ОУХМ Б.Энхтайван дасгалжуулагчийн удирдлаган дор боксоор хичээллүүлж байсан. Овоо авьяастай, сонирхдог ч ажлаа хийхээс гадна хүүхэдтэй болсон учраас бэлтгэл хийж амждаггүй юм шиг байгаа юм” хэмээн хуучилж сууна. Хүндийн өргөлтийн их мастерын гэр бүлийн хүн нь биеийн тамирын багш мэргэжилтэй юм байна.
СПОРТОД ХОЖУУ ХӨЛ ТАВЬСАН ГЭЖ БОДОХ ЗАВГҮЙ
Тив дэлхийд хүндийн өргөлтөөр ахмадын төрөлд улсынхаа нэрийг гаргасан Ц.Оюунчимэг насаараа ажилласан хилийн цэргийн байгууллагаас 49 настайдаа тэтгэвэрт гарчээ. Тэгээд гэртээ суух болсон тэрээр 77 кг-ын жинтэй байсан бол таргалж жин нэмснээр бүх бие нь өвдөж өөрт нь зовиуртай байх болжээ. Тиймээс зүгээр суухыг хүсэлгүй арван жилийн ангийнхаа найз Х.Баттулгатай уулзаж ажил олж өгөхийг хүссэн аж. Түүний яриаг сонссон ангийнх нь найз чамд удам бий. Спортоор яв, хүндийн өргөлтөөр оролдоод үзвэл яасан юм бэ гэж зөвлөж. Ийнхүү энэ зөвлөгөөг нь дагаж, илүүдэл жингээсээ салахын тулд Спортын ордны хүндийн өргөлтийн тамирчид бэлтгэл хийдэг зааланд анх 2011 онд очсон байна. Штанганд анх удаа орохоор очиход нь Н.Дөрвөлжин агсан түүнийг хүлээн авч хүндийн өргөлтийн А үсгийг анхлан заажээ. Тухайн үед түүнд 60 жингийн туухайг өргө гэхэд нь зүгээр ороод хүчээрээ өргөх юм байна гэж ойлгоод цээжин дээрээ аваад өргөж байлаа. Тэгэхэд багш нь “Бяр бол байна” гэж магтжээ.Дараа нь одоо “Хүч” нийгэмлэгт байгаа С.Хөхөө багш дээрээ очиход шалгалт авсан байна. Эндээс тэрээр нэг зүйлийг анзаарсан нь хэчнээн бяртай, удам байсан ч бага залуугаас эхэлж хичээллээгүй учраас нуруу, эсвэл тохой мөр өвдөх гэх мэт асуудал эхэндээ тулгарч бэрхшээх үе ч байж. Эхний гурав, дөрвөн жил бэлтгэл хийгээд, багш нар нь дааж байгаа юм чинь яадаг юм гэж өргүүлээд байхаар нуруу, хөл өвддөг байж. Харин олон жил бэлтгэл хийхээр дасаад ирж. Өөрөөр хэлбэл, эндээс л тэрээр бяр гэхээсээ хүндийн өргөлтийн техникийг эзэмших нь чухал гэдгийг ойлгосон ажээ. Тиймээс техникээ сайн эзэмшээгүй, штангаа мэдрээгүй байж шавьтай болох болоогүй байна гэсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр сэтгүүлч Б.Мөнхбаясгалантай хийсэн ярилцлагандаа дурдаж байснаар их спортод хөл тавиад удаагүй “нялх” тамирчин учраас энэ талаар бодож байгаагүй. Харин үнэхээр цаашид штанг өргөж чадахаа болихоороо шавьтай болох талаар бодож явдгаа нуусангүй.

Олон улс оронд очиж тэмцээнд оролцож байсны хувьд тэр өгүүлэх түүхтэй тамирчин. 2015 онд Финляндад болсон ДАШТ-д оролцохоор явтал Улаанбаатараас Москвад очих онгоц саатаад байж. Үүний улмаас Москвагаас дамжин суух байсан нислэгээ алдаж, дараагийн буюу шөнийн нислэгээр нисчээ. Гэвч зорьсон газраа очсон ч адал явдал нь дууссангүй. Цаашаа тэмцээнд оролцох ёстой хот руу нь зорчдог орон нутгийн нислэгээс хоцорчихож. Асууж сурагласаар байгаад хурдан галт тэргэнд сууж, шөнөжингөө нүдүүлсээр яваад тэмцээн болох газраа өдөр 11:40 цагт очсон байна. Ингээд 15:15 цагт эхэлсэн тэмцээнд шууд оров. Урт замд ядарснаа ч юман чинээ бодсонгүй. Гагцхүү би амжилт гаргах ёстой гэж сэтгэл зүйгээ бэлдсэнээс бяр нь амтагдаж жиндээ гурван өрсөлдөгчөө ялснаар алтан медаль хүртэж байсан удаатай. Энэ нь түүний хувьд хамгийн хүнд тэмцээн байв. Ер нь заримдаа тэмцээнд хоног хугацаагаа тулгаж орох эсвэл хэд хоногийн өмнө очиж байсан удаа бишгүй бий. Хэд хоногийн өмнө очвол амраад тэмцээндээ бэлтгэлээ хангаад орох боломжтой. Халуун дулаан уур амьсгалтай оронд тэмцээнд оролцох хэцүү байдаг бол манайх шиг уур амьсгалтай Швед, Япон, Данид бол боломж, давуу тал илүү байдаг.
Түүнээс гадна анх тэмцээнд явж байхад ах дүү нар нь “Сайн яваарай” гээд мөнгө төгрөг өгдөг байсан бол яваандаа тоохоо байсан гэх. Багш Н.Дөрвөлжин агсан “Оюунаа анх явж байхад би гаргаж өгнө, тосно гээд хүмүүс сүйд болж байдаг юм. Яваандаа тоохоо больдог юм” гэж байсан нь ийнхүү ойлгомжтой болсон гэдэг.

Тэмцээн уралдаанд оролцоход тулгардаг нэг бэрхшээл нь тамирчдын хувьд зардал мөнгөний асуудал. Харин түүний замын зардлыг даадаг хүн нь анх их спортод хөл тавих, ялангуяа хүндийн өргөлтөөр хичээллэхийг санал болгосон дэлхийн самбо, жүдо бөхийн аварга, ангийн найз Х.Баттулга ажээ. Тиймээс жилд 4-5 тэмцээнд орж чаддаг. Харин тэмцээнүүдэд амжилттай оролцох нь миний ангийн найздаа барьж байгаа бэлэг юм уу даа гэж хэлээд бүх зардлыг минь даадаг найздаа талархаж явдгаа сониноор дамжуулан илэрхийлье хэмээсэн. Түүний хүсдэг өөр нэг зүйл нь хүндийн өргөлт, штангад анхаарал хандуулах байгууллага, хүн олдоосой билээ. Тэгвэл манайхан энэ төрөлд цойлох амархан байна даа гэсэн юм. Одоо тэрээр багийнхны хамтаар зургадугаар сард Австралид болох тэмцээнд оролцохоор бичиг баримтаа бүрдүүлж өгөөд визээ хүлээж байгаа юм байна. Тэрээр энэ тэмцээнд 55-59 насны ангилалд, +87 кг жинд хүчээ үзэх юм. Түүнээс гадна наймдугаар сард Канадад болох тэмцээнд оролцох урилгаа хүлээж байгаа аж. Мөн аравдугаар сард АНУ-д долоо дахь удаагаа болох Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явах юм байна. Ц. Оюунчимэг АНУ-д болох тэмцээнд зургаан удаа түрүүлж, зургаан удаа дээд амжилтыг нь эвдэж шинэчлэн тогтоожээ. Тэрээр “Хүндийн өргөлтийн тамирчид нэг удаагийн бэлтгэл дээр өргөдөг нийт өргөлтийн жин нь нэг тонн байдаг. Харин бэлтгэлээ эрчимжүүлсэн үед 1.5-3 тонн өргөх тохиолдол бий” гэж байлаа.
ОУХМ Ц.Оюунчимэг хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлснээс хойш тив дэлхийн тэмцээнээс долоон жилийн хугацаанд нийт 25 медаль авсан байдгаас хоёр нь мөнгө бусад нь алт гэнэ. Дэлхийн тэмцээний дөрвөн алтан цомтой. Мөн дотоодын тэмцээнд оролцсон өргөмжлөл, медалиуд гэвэл тоогоо алдаж. Дэлхийн хүндийг өргөлтийн дээд амжилтыг 18 удаа шинэчлэн тогтоосон байна. Багадаа биеийн тамир, спортоор хичээллэж байгаагүй түүнийг өнөөдөр ийм амжилтын эзэн болсонд ангийнхан нь их гайхдаг гэнэ лээ. Хожуу эхэлсэн ч хоёргүй сэтгэлээр зүтгэж чамлахааргүй амжилтад хүрсэн түүнийг олон олон тэмцээн, алтан медаль, цом хүлээж байгаа. Түүний энэ зүтгэлийн нь үнэлж өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнасан байна.
Зүтгэл сэтгэл байвал эрт орой гэж үгүйг, бас нас бол тоо гэдгийг, өөрийгөө ялж болохыг биеэрээ үлгэрлэн харуулсан түүнээс эрч хүч, биеийн болоод сэтгэлийн их тэнхээ мэдрэгдэж байна.
Ялахын итгэлээр жигүүрлэсэн тамирчны амжилт хямдхан олддоггүй ч төрийн дууллаа харийн нутагт эгшиглүүлэхдээ нүдэндээ нулимстай сонсдог их аваргын удам таныг цаашид олон олон амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.1 № 66 (6033)