Д.БОЛОР
УИХ-ын хаврын чуулган өндөрлөөд сар гаруй болж байгаа ч УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр цаг үеийн асуудлаар хуралдав. Энэ сарын 6-нд хуралдсан МАН-ын Бага хурлын VIII хуралдаанд МАН-ын дарга Ө.Энхтүвшин улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар онцолж, хүндрэлийг даван туулах шуурхай арга хэмжээг нэн даруй авах шаардлагатайг сануулсан. Мөн өнгөрөгч долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар дээрх нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахыг эрх баригчдаас шаардсан юм. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг ч ээлжит бус чуулганыг энэ сардаа багтаан хуралдуулахыг шаардаж буйгаа өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт “Төгрөгийн ханш суларч, валютын ханш чангарч, улс орны эдийн засгийн байдалд хүндрэл үүсч байна. МАН олон жил засгийн эрх барьсан, ард түмэнтэйгээ ойр ажилладаг улс төрийн хүчний хувьд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. Өнөөдөр эрх баригчид бурууг бусдаас хайж, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэлийг зөвхөн өмнөх Засгийн газрын балаг мэтээр тайлбарлаж байна. Уг нь асуудалд ингэж хандах учиргүй. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Засгийн газрыг тэргүүлээд нэг жил өнгөрч байна. Үнэхээр өмнөх засгийн ажил муу байсан бол засч залруулж, сайн сайхан болгочих цаг хугацаа хангалттай байлаа. Харамсалтай нь, энэ Засгийн газрын үйл ажиллагаанаас тодорхой үр дүн харагдахгүй байна. Өмнөх Засгийн газрын үед одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд, УИХ-ын гишүүн С.Баярцогт Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Хэрэв өмнөх Засгийн газрын ажил муу байсан бол тэр үед өндөр албан тушаал хашиж байсан энэ хүмүүстэй ч бас холбоотой байж таарна. Тийм учраас бурууг бусдад тохох байдлаар асуудалд хандаж болохгүй. Цаашдаа бусдыг буруутгаж биш, Ардчилсан нам эрхээ эдэлж байгаа эрх баригч намын хувьд тулгамдсан асуудалд анхаарч, үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээж ажиллах хэрэгтэй байна” гэлээ. Мөн тэрээр МАН 2012 оны сонгуулийн дараа ямар улс орныг шинэчлэлийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн гэв. Тухайлбал, өмнөх Засгийн газрын үед Монгол Улсын мал 50 саяд хүрч, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт өсөлт бий болсон. 400 мянган тонн улаан буудай хурааж, улсынхаа гурилын хэрэгцээг бүрэн хангаж, гадаадад экспортлох хэмжээнд хүрч байсан. Улсын валютын нөөц 2.8 тэрбум ам.долларт хүрсэн. Нүүрс бага хэмжээгээр экспортолдог байсан Монгол Улс жилд 30 сая тонн нүүрс экспортлох бүрэн хүчин чадалтай болсон. Аймгуудыг холбосон хатуу хучилттай замуудын ажил өмнөх Засгийн газрын үед эрчимжиж, өнөөдөр үр дүн нь гарч байна. Ядуурал 40 хувьтай байсан бол 30 болж буурсан зэрэг эерэг үзүүлэлттэй улс орныг шинэчлэлийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Гэтэл засгийн эрх баригч Ардчилсан нам өөрсдөө хийж чадаагүй бүхнээ МАН руу чихэж хариуцлагаас мултрах гэж оролдож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гаргаж буй алдаа болгоноо манай нам руу чихэж байгаа нь өрөвдөлтэй харагдаж байна хэмээн онцолсон юм.