АН АРДЧИЛЛААС ДАРАНГУЙЛАЛ РУУ

Ч.ЗОТОЛ
АН хүчтэй байна. Амьтан хүн айлгаж, барилга байшин нурааж сүрийг үзүүлээд л. Монголын хамаг л хүчтэн бяртангуудаас эхлээд баян цатгалан бизнесмэн эрмүүдийг ч өмнөө сөхрүүллээ шүү дээ. “Манай намд элс” гэвэл хурдхан гүйж очихгүй бол хэрэг бишдэнэ. “Далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарахгүй бол шоронд орж шонд өлгүүлэхдээ” тулна. Намаа дагаад хаа сайгүй гишүүд нь тэнхээжиж буль суусан.
Сүүлийн үед АН өрсөлдөгч намуудаа ч “нүд аниулах” төлөвлөгөөтэй. Эхнээс нь хэрэгжүүлж байгаа. Удахгүй хэвлэлийн эрх чөлөөг цаазын тавцанд аваачина. АН-ын талаар таагүй мэдээ бичсэн, аль нэгэн даргын булхайг ил гаргасан сэтгүүлчдийг намнаад эхэлсэн юм биш үү. АТГ алх нь болчихсон, шүүх прокурор ч дагаар орчихсон. Ийм байхад АН хүчтэй, нөлөөтэй, бяртай байхгүй яах юм. УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнгээр АН олуулаа болсон. УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа томилсон, Хотын даргаар Баатар-Үүлээ тавьсан. Сая ардчилсан Ерөнхийлөгч улиран сонгогдлоо. Улам бяр орж, хүчээ гайхуулж байгаа. Энэ янзаар бол Монгол Улс дарангуйллын тогтолцоонд шилжих хэтийн төлөв “үнэртээд” эхэлснийг олон хүн ярьж, дүгнэж буй. АН гэхээр л ардчилал гэж ойлгоод байсан чинь нэг л мэдэхэд ийм болчихдог байна.
АН одоо ийм байгаа юм чинь цаашдаа яах бол гэдэг сонин асуулт. Амттанд дурласан хүүхэд айлын аав болсон ч зангаа орхидоггүй шүү дээ. Үеийнхнээсээ давжаа байсан хүү олон шанаа авч, юм бүхэнд өөдөсхөн гэж шоовдорлогдож явснаас гомдол бухимдал, өсөрхөл цээжинд нь бугшиж өш хонзон санамтгай болж хүмүүждэг шиг болох вий. Тэд олон сонгуульд МАН-д мад тавиулж, дандаа цөөнх байж ирсэн. Боломж гарсан ч түүнийгээ бүрэн дүүрэн эдэлж чадаагүй гунигтай дурсамж ч бас бий. Энэ бүхнийг хойш тавьж гагцхүү АН хаачих вэ, ямар замаар явж байна вэ гэдгийг эргэцүүлж үзье.
АН үзэл баримтлалаа баруун чиглэлийнх гэж тодорхойлдог. Зарим нь манай нам консерватив гэдэг бол либерал гэх нь бий. Либерал ардчилал ч гэж их ярьдаг. Н.Алтанхуяг “Би тэр либерал, консерватив энэ тэрийг чинь ойлгодоггүй” хэмээн хэвлэлд яриад дооглуулж байсан удаатай. Д.Дорлигжав болохоор “Манай нам баруун, тэр дотроо консерватив нам” гэсэн нь сонины шарлаагүй хуудсуудад бий. Харин тус нам Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ үзэл баримтлалаа баруун төвийнх гэж томъёолсон байдаг.
АН-ынхан барууны школоор хүмүүжсэнээрээ бахархдаг. Болдогсон бол бүх юмыг үндсэндээ баруунчлахыг мөрөөддөг. Манайхны диваажинд хүрэх зам гэж төсөөлдөг либерал үзэл гэгч явж явж амьдралд буухдаа ядуу хүмүүсийн дуу хоолой төрд хүрэхгүй гэсэн үг. Яагаад гэвэл либерал ардчилал хөрөнгөлөг хүмүүс төрийн эрх мэдэлд гарахыг л хэлдэг. Ардчилсан хувьсгалын эхний зам тийм байсан. Одоогийн АН-ын толгой хэсгийнхэн 1990-ээд онд хувьчлал явуулж төрийн өмчийг хувьдаа авцгаасан. Үр дүнд нь арьс ширний, гутлын, оёдлын, хөнгөн хүнсний, шил шаазангийн, үслэг эдлэлийн гээд бүх үйлдвэр “нүд аньсан”. Тэнд ажиллаж амьдралаа залгуулж явсан олон хүн гудамжинд гарч, ард түмний амьдрал доройтсон гашуун үнэн бий. Түүний үр хөврөл өнөөдөр ч үргэлжилсээр байна. Аргаа барсан иргэд хот руу тэмүүлсэн төвлөрөл үүсгэж, охид бүсгүйчүүд биеэ үнэлж, хулгай худал газар авч, амьдрах аргагүй нь архинд орж, хэрүүл зодоон, хулгай дээрмийн асуудлаар Монголын шоронг дүүргэсэн. Либерал ардчиллын эцсийн дүн ийм юм гэж үү. Ингэж хэлэхээр магадгүй “Өнөөдөр бид зүүний чиг баримжаатай МАХН-тай хамтран засаг барьж байна. Арай ч тийм болчихгүй” гэх байх. Нэг болж нийлчихгүйгээс хойш улс төрийн тавцанд удаан амьдрах визээ сунгуулахын тулд АН өөртөө дүн тавих л ёстой.
Өнөөдөр МАН үзэл баримтлалын мухардалд орлоо гэж байна. Шинэчлэлийн салхи сэвэлзүүлж, өөрсдөдөө дүгнэлт хийе, явж ирсэн замаа эргэж харъя, алдаа оноогоо дүгнэе гэж байна. АН ч гэсэн үзэл баримтлалаа өргөжүүлж, хамрах хүргээгээ зөвхөн өөрсөд болон тойрон хүрээлэгч гэсэн хязгаарлалаас нь гаргаж ард түмнээ гэсэн бодлогоор баяжуулахгүй бол дан өөрсдийгөө бодож, эрх мэдэл, өмч хөрөнгийн тухай бодоод байвал юу болох нь ойлгомжтой. Монголд энэ асуудал зайлшгүй тулгарна.
MАН АЛТАН ДУНДЖИЙГ МӨРӨӨДӨВ

Ч.ОЛДОХ
Дараалсан ялагдал амсч, лидер гэгддэг С.Баяр, У.Хүрэлсүх нар нь “зугтаж”, байгаа хэд нь бие биеэ доожоогүйгээр нь дуудаж, шинэчлэл ярьсан хэдэн нөхдөө янз бүрээр цоллож улам муухай, арчаагүй, ядарсан харагдуулж буй МАН. Улс төрийн хүчин үзэл баримтлалын мухардалд орчихоороо ингэдэг юм гэнэ.
Тэд өөрсдийгөө зүүний, тэр дотроо зүүн төвийн үзэл баримтлалтай гэж тодорхойлж ирсэн. Улсын Дээд шүүхэд ингэж бүртгүүлсэн байгаа. С.Батболд намын дарга байхдаа “Манай нам социал-демократ” хэмээн хэвлэлд ярьж байв. Баруунтнууд хувь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэж, нийгмийн амьдралд төрийн оролцоо бага байхыг чухалчилдаг бол зүүнтнүүд бүгдэд тэгш нөхцөл бий болгохыг эрмэлздэг гэж үздэг. Тиймээс энэ үзлийг баримтлагчид татвар хураамжийг өндөр тогтоож, халамжийн бодлогыг дээдэлдэг. Социал-демократ буюу ардчилсан социалист гэдгээ МАН-ынхан зүүн төвийн үзэл, баримтлал гэж тайлбарладаг. Энэ ч утгаар дэлхийн Социалист интернационал байгууллагад элссэн, тэр нь одоо хэвээр байгаа. Гэтэл одоо өчнөөн жил яваад ирчихсэн үзэл баримтлал нь болохоо байсан тул өөрчилнө, шинэчилнэ гээд эрэл сурал болж байдаг. Үзэл баримтлалаа хэрхэн өөрчилснөөс Социалист интернационал байгууллагын гишүүнчлэлийн асуудал ч яригдаж болох.
МАН одоо шинэчлэгч залуус, хуучин кадрууд гэсэн хоёр тал болоод заримынх нь томъёолсноор “ олс таталцаж” байна. Уг нь МАН шинэчлэгдвэл шинэчлэгдэхээр хугацаа өнгөрсөн. Хөрш орнуудад шинэчлэлийн салхи сэвэлзсэн 1980-аад оноос л юм бодох байсан юм. Үгүй ядахад улс төрийн тавцанд өрсөлдөгчтэй болсон 1990-ээд онд тэдний үзэл баримтлалд дүгнэлт хийж, ирээдүй чигийг нь харж байгаад шинэчлэлээ хийчихсэн бол одоо амаа барихад хүрэхгүй байсан биз. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн он жилүүдийн түүхийг сөхвөл Монголд МАН шиг олон удаа “шинэчлэгдсэн” нам бараг үгүй. Байнга л шинэчлэл ярьж, шинэчлэгдлээ гээд байгаагүй бил үү. Гэтэл одоо дахиад л шинэчлэл ярьж сууна. Шинэчлэлийн гэх тодотголтой талцал ч үүсчихлээ. Нэг талд багтсан хууччуул нь намын нэрээр албан тушаал, эрх мэдэлд хүрч авсан хэсэг нь. Шинэчлэхийг шахаж буй залуусын хувьд энэ мэт хуучин муу зуршлуудыг цэглэхээ амлаж буй. Ингэснээр сонгууль болгонд ялагдаад байгаа намынхаа үзэл баримтлалыг олон түмэнд таалагдах хэмжээнд хүргэн өөрчилж цаашдын замыг нь дардан болгоно гэцгээж буй. Ийм хоёр тал талцаж байна гэтэл бас биш гэнэ. Хууччуул нь ч, шинэчлэлийн залуус ч бас дотооддоо зөрчилтэй, бас л дотроо хоёр талцан үзэлцэж буй. Мөн дундыг баримтлагчид ч байна. НАМЗХ буюу Нийгмийг ардчилах Монголын залуучуудын холбоо хэмээх МАН-ын дэргэдэх улс төрийн “ясли”-аар дамжин гишүүний туслах, нарийн бичиг хийж байсан, нам дотор албан тушаал хашиж ирсэн залуус нэг баг болсон дуулдана. Тэрний, энэний хүн гэх хаяг, шошготой нөхөд гарч ирээд шинэчилж чадахгүй, даргыгаа муухай харахаар хөдөлж ч чадахгүй байж юугаа шинэчлэх юм бэ хэмээн үлдсэн хэсэг нь шүүмжилж буй. Эд бол юмыг яаж мэдэх вэ гэж намд элссэн, одоо үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан “Хоёрдугаар ээлж хоолондоо” гэж байгаа нөхөд. Гэхдээ тэдэн дотор бас янз бүрийн санаа бодолтой хүн олон. Жинхэнээсээ намаа шинэчилье, нэгэнт л үзэл бодлоороо дэмжиж энэ намын гишүүн болсон юм чинь хүнд үед нь зүтгэх ёстой, ачааг нь үүрэлцэе гэж буй залуус ч мэр сэр байх шиг. Хууччуулын дотор залуусыг дэмжих нэгэн байхад яаж нэр хүнд, эрх ямбаа хадгалан үлдэж, түр ч атугай гал намжаах вэ хэмээн тархиа гашилгаж буй нь ч бий.
Хуучин, шинийг хүсэгчдийн зүгээс нэг л зүйлд санал нийлж байгаа болов уу. Тэр нь үзэл баримтлалдаа их засвар хийх. Янз бүрийн санаа оноо хэлж байгаагийнх нь утга ч ерөнхийдөө ийм юм. Гэхдээ шинэчлэгчдийн зарим шинэчлэх бус шинэ нам байгуулъя хэмээсэн гэнэ лээ. Мөн “Алтан дундажийн нам” байгуулъя хэмээн намынхаа хөгжлийн бодлогыг хальт тодорхойлоод авсан залуус ч бий. Энэхүү мөрөөдлийн хөлөг онгоцондоо суух цагаа ирэх намар хэмээн тодорхойлжээ.