Сүүн мөртэй хүн

2019-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЦЭРЭННАДМИД Цаг хугацааны саалтад хүмүүний орчлон яасан их өөрчлөгдөнө вэ. Үе үеэрээ, үйл үйлээрээ гэдгийн жамаар амьдардаг хүн гэгч мөнх бус амьтан билээ. Харин тэр жамыг өөрчлөх хүчтэн бас байдаг юм  байна л даа. Тэр нь хүчтэн гэхээр арслан, бар биш, хангарьд ч биш түмэндээ тустай содон мэргэжлийн хүн байдаг аж. Тэдний нэг нь Анагаахын шинжлэх ухааны доктор, нэрт мэс засалч Я.Эрдэнэ-Очир аж. Хөрөг нийтлэлийн маань баатар тэрээр эмчийн мэргэжил эзэмшснээсээ хойш буюу 29 жил Хавдар судлалын Үндэсний төвд ажиллаж байгаа юм байна л даа. Түүнийг Монголын Анагаах ухааны хөгжилд оруулсан хувь нэмрээр нь хавдар гэдэг гайхал өвчинд ээрэгдээд ач ивээлээр нь эрүүл саруул болсон олон хүн сайн таних болсон. Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, дуртай, түүнийгээ амьдрал дээр сайнаар харуулж чаддаг, мэдлэгээ гайхуулах нэгэн гэж хүмүүс ярихыг сонсч л байлаа уулзахын өмнө. Хүмүүсийн амьдралын жамаар дэлхий эргэж тэр дунд инээд хөөр бялхаж бас цус нулимс урсаж, зам харуй элэгдэж замбуу  тивд юм юм л зэрэгцэн байх. Тэр бүхэн дунд эмч хүн цуг л явдаг гэдэг. Тэгвэл Я.Эрдэнэ-Очир тэр эмч нарын тэргүүнд нь алхаж буй юм. Тийм байтлаа өвчилсөн нэгэнтэй сэтгэлээрээ адилхан өвчилж, зовсонтой ижил зовж ертөнцийн элдэвтэй ёстой л хутгалдаж амьдарсан гэлтэй. Түүнтэй ярилцан суухад иймийг бодсоон. Түүний бага нас 1960-аад оны хүүхдүүдийн адил урсан өнгөрч, аав ижий нь хоёулаа эмч болохоор гэрт нь шүүгээ дүүрэн ном байх. Гол нь анагаах ухааных. Тэр бүхнийг Я.Эрдэнэ-Очир хүү сонирхож, заримдаа саваагүйтэх маягтай үзэж байсаар нэг л мэдэхэд эмч гэдэг хүн сайхан юмаа гэсэн бодол толгойт бат сууж аав ээжээрээ ч бахархах болж. Тэгээд 33 дугаар сургуулийн Х ангийг төгсөх үедээ эмч болох чин хүсэлдээ автсан байсан гэдэг. Харин хүссэнээрээ Анагаахын дээдэд орох гэсэн оноо нь багадаж аз нь дутсан байна. Тэгэхээр нь өөр мэргэжлээр суръя ч гэсэнгүй цэрэгт явж. Учир нь тухайн үед Ленинградын анагаах ухааны академид цэргээс оюутан элсүүлдэг нэг зам байж л дээ. Тэгээд армийн жагсаалд 4-5 сар болж байтал нөгөө сургуульд цэргээс биш анагаахын дээдийн нэгдүгээр ангиас авдаг болсон гэнэ. Шуудхан цэргээсээ больж ажилгүй нэг хэсэг алхсан гэх. Дараа нь аавынхаа нэг ангийн найз  Нямдаваа эмч дээр очиж байдлаа учирладаг юм. Тэгсэн чинь лифтчны курст оруулж сургаад Хавдрын эмнэлгийн шинэ барилгын цахилгаан шат угсралцаж эхэлжээ. Ингээд цахилгаан шатны мэргэжилтэн болов. Хавар нь конкурсдэж Анагаахад орох билетээ авчээ. Зургаан жилийн дараа сургуулиа улаан дипломтой төгссөн байна. Оюутан байхдаа сурлагаар бас спортоор шилдэг нь байсан гэх. Д.Сүхбаатарын нэрэмжит цалин дээр спортын мастерын 50 төгрөг гээд 500 төгрөг өвөртөлчихнө. Спортоор хичээллээгүй төрөл түүнд бараг байсангүй. Хөнгөн атлетикийн нэг төрөл өндрийн харайлтад ёстой нисэхтэй адил. Оюутан болдог жилээ бүр ард түмний спартикиадад оролцохдоо хоёр метр дээгүүр харайж улсын рекорд тогтоож спортын мастер болоодхож. Хар багаасаа тэр ийм л эрчимлэг хүн болж чаджээ. Сагс, волейболыг хэнээс илүү тоглоно. Даангүй сагсан бөмбөгөөр бүр гарамгай. Үүнийг нь албан өрөөнд нь өрөөстэй олон цом “хэлнэ”. Бүр шилдэг тоглогч гэсэн үгтэй цом олон аж. Ийм элдэвтэй нэгэн бол Я.Эрдэнэ-Очир мөн л дөө. Харин суруулиа улаан дипломтой төгсгөсөн түүнд хаана ч хуваарь өгсөнгүй удаж. Уг нь өөрөө бол би сургуульдаа багшаар үлдэх бодолтой байж. Энэ нь юунаас болсон бэ? гэвэл аав П.Янсан нь эрүүл мэндийн салбарыг жаахан буруу замаар яваад байгааг шүүмжилдэг хүн байж. Нэг удаа “Үнэн” сонинд “Үгээр оношлон эмээр бөмбөгдөх нь” гэсэн гарчигтай хурцхан шүүмжлэл нийтлүүлсэн гэнэ. Энэ явдал тухайн үеийн эрүүл мэндийн сайд, дарга нарт сүрхий цохилт болсон болохоор хожим нь хүү Я.Эрдэнэ-Очирт багавтар хэлмэгдэл болж ирсэн нь яамны нөхдийн тавьсан занга байснаас хуваарь өгөхгүй 6-7 сар болсон юм байна. Дипломыг нь ч өгсөнгүй.  

Хүмүүсийн амьдралын жамаар дэлхий эргэж тэр дунд инээд хөөр бялхаж бас цус нулимс урсаж, зам харуй элэгдэж замбуу  тивд юм юм л зэрэгцэн байх. Тэр бүхэн дунд эмч хүн цуг л явдаг гэдэг. Тэгвэл Я.Эрдэнэ-Очир тэр эмч нарын тэргүүнд нь алхаж буй юм. Тийм байтлаа өвчилсөн нэгэнтэй сэтгэлээрээ адилхан өвчилж, зовсонтой ижил зовж ертөнцийн элдэвтэй ёстой л хутгалдаж амьдарсан гэлтэй. Түүнтэй ярилцан суухад иймийг бодсоон.

  Я.Эрдэнэ-Очир нөгөө Н.Нямдаваа багштайгаа таарсан чинь. -Чи цалин мөнгөгүй л гэхгүй л бол манайд ажиллаж байх уу даа гэж. Уухайн тас зөвшөөрч туслах эмч болов. Энэ тухайгаа Я.Эрдэнэ-Очир дурсан ярихдаа: -Н.Нямдаваа багшдаа их баярласан. Зөв санаатай явсан цагт үйлс бүтдэг л юм билээ. Ёстой л хувь тавилангаар энэ эмнэлгийн хаалгаар одоогоос 29 жилийн өмнө орж байлаа шүү дээ. Удалгүй эрүүл мэндийн сайд ч солигдож диплом маань гар дээр ирснээр би эмчээр жинхэлж байв даа гэж дурссан юм. Тэр сурах мэдэх, хийж бүтээхийн төлөө онгодоо хөглөж явсан үеээ тун “амттайхан” ярьж байна лээ. -Аав П.Янсан, ижий Н.Цэндсүрэн хоёул насаараа л эмч байсан хүмүүс. Тэдний минь мэргэжлийн чиг баримжаа намайг хөтөлсөн болж таарна. Би ч гэрийнхнээ бас эмч мэргэжилд уруу татсан. Одоо эхнэр Г.Уянгаа маань эмч. Эмгэг судлалын Үндэсний төвийн захирал, хүү Э.Дөлгөөн мэс засалч болж манай энэ эмнэлэгт ажилладаг гэсэн юм. Тэгэхээр Эрдэнэ-Очирынхон гэдэг нэг бүхэл бүтэн арми эрүүл энхийн фронтод нэгджээ гэж болноо доо. Бас нэг өөдрөг бодол төрөх нь энэ хүний хөдөлмөрийн гараа цахилгаан шат угсрахаас эхэлсэн. Спортод үзүүлсэн оргил амжилт нь өндөрт харайсан гээд бодохоор ажил амьдралын зам нь тэр өргөгч шат шигээ бас өндөрт харайж улсын рекорд тогтоосон шигээ ямагт дээшээ л байж дээ гэмээр. Мөн аав, ижийнхээ нутгийг алс баруун хязгаар Ховдынх гэж танилцуулсан юм. Ижийгээ дагаад нутагт нь очиход Хар ус нуурын зэсэн шаргал зэгс нь салхигүй байхад ч хөөмийн эгшигтэй, эргэн тойрных нь сүрлэг уулс мөнх цастай хосгүй сайхан байсныг бахархан ярьсан юм.  Я.Эрдэнэ-Очир мэргэжилдээ сайн, түүндээ үнэнч болохоор эмчийн зэрэг дэвийн хувьд ч түргэн өсч. Ердөө жил хүрээгүй хугацаанд тасгийн эрхлэгч, тэргүүлэх эмч байсан бол өнөөгийн албан тушаал нь клиникийн удирдагч юм. Клиникийн удирдагч гэдэг нь мэс заслын таван тасгийг хариуцсан эмнэлгийнхээ дэд захирал нь гэсэн үг юм байна л даа. Таван тасагтай болох эхлэлийг Эрдэнэ-Очир эмч тавьсан гэдэг. Мэс заслыг төрөлжүүлэхдээ Чинбүрэн элэг, Ганбаа бүдүүн гэдэс, Жаргалсайхан бөөр, Ганзориг уушиг гэж хуваарь хийгээд өөрөө улаан хоолойн хагалгааг хариуцах болсон нь сайн зүйл болсон аж. ЗХУ-д нэг удаа мэргэжил дээшлүүлэхдээ чээжний хөндийн мэс заслын чиглэлээр голдуу ажиллаж тун ихийг сурсан гэх. Тэгээд бүтэн 10 жил хагалгаа хийсэн дадлага туршлагадаа тулгуурлан 2007 онд “Ходоодны дээд хэсгийн хавдрын мэс заслын эмчилгээний үр дүн” гэсэн сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ. -Өөрөө ер нь маш олон хагалгаа хийсэн байхдаа гэвэл -Бид ер нь төдөн хагалгаа хийсэн гэсэн тоо ярьдаггүй. Гадаадынхны жишиг ч тийм. Эртхэндээ бол манай эмнэлэгт гэхэд өдөрт 4-5 хагалгаа байдаг байлаа. Харин одоо 2-3 гэж л яригдана. Үүнийг тоолоод байвал талийсан тоо гарна биз дээ гэж байв. Хагалгаа гэж юманд дэвшилттэй ч гэх юм уу эмчийн арга ажиллагаанаас шалтгаалсан өөрчлөлт гэх зүйл тун бага байдаг бололтой. Харин эмчийн гарын эвсэл, хөдөлгөөн  арга барилаас болж жаахан ялгаа гардаг юм байна. Харин техникийн шинэчлэл хөгжлөөс хагалгаанд дэвшил гарсаар байна. Тухайлбал, эдний эмнэлгийн ангиографийн тасагт элэгний хавдрыг хэмжээнээс нь шалтгаалж бичил долгионы хүчээр түлж эмчилдэг шинэ технологи нэвтрүүлсэн байна. -Өвчтнөө л эдгээж баярлуулж байвал эмч хүний хамаг хэрэг бүтэж байгаа нь тэр, Ер нь хүнд тус болох л гэж эмч болсон шүү дээ бид чинь. Аюулт өвчнөөс аврагдсан хүн болоод түүний ар гэрийнхэн ч баярладаг. Энэ нь бидэнд урлагийнхны үзэгчдээс алга ташилтын таашаал авдагаас ч илүү юм л даа гэж тэр хэлнэлээ. Я.Эрдэнэ-Очир эмчид онцгой нэг зарчим бий. Тэр нь хүнд заавал туслах ёстой. Өөрөөсөө илүү өрөөлийг хайрлан, мэддэг чаддаг бүхнээ хүнд л зориул гэж... Ерөөс хүн нийгмийн сайн сайхны төлөө хувийн амьдралаа хойш тавьж хичээн зүтгэж гэмээнэ өөрөө нийгмийн нэг үнэт зүйл болж хүндлэгддэг гэдэг. Я.Эрдэнэ-Очир эмч тийм л нэгэн юм даа. Тэр нэг удаа манай монголд тархиндаа “хог”-той хүн олширчээ гэж хэлсэн. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэдгийг нь тунгаавал эмч оношийг нь тогтоож өгчихөөд байхад лам бөө, энергиэр эмчилдэг гэх мэт шинжлэх ухаанд батлагдаагүй зүйл рүү очиж цаг алдаж, өвчнөө хүндрүүлдэг хүмүүс байна. Тэгээд буцаж ирээд эмчид буруу өгөхийг оролддог. Энэ л монголчуудыг ухааны хомсдолтой мэтээр муухай харагдуулж байна. Хүн өөрийгөө хамгийн муу ойлгодог жишээ энэ байх гэдгээр тайлбарлагдаж байгаа юм. Хүний биеийг нь эмчлэхийн зэрэгцээ бодол санаа, сэтгэлийг нь эмчлэх хэрэгтэй. Энэ нь бидний үүрэг шүү дээ гэж Эрдэнэ-Очир эмч хэлж байсан л даа. Бас түүний жаахан эмзэглэлгүй ярьсан нэг зүйл бол эмчийн хөдөлмөрийн үнэлэмж тааруу, цалин багатай байдаг тухай асуудал. Үүнийг мөн ч олон жил эмнэлгийнхнээр субботник хийлгэсэн дээ гэж хошигносон. Энэ тухайд нэг сонин зүйрлэл хэлсэн нь эмч нарыг цалин багатай байлгана гэдэг нь ар гэрийг нь муухай харагдуулж байгаа юм. Тэдний хүүхэд нь цэцэрлэг сургуульдаа явж чадвал чадаг, байвал байг гэсэнтэй адил гэж хэлнэ лээ. Нийтлэлийн баатрыг маань бурхан эмч гэж хэлэх хүнтэй нэг биш удаа таарсан. Эмчлүүлж эдгэсэн өвчтөн, түүний ар гэрийнхэн энэ эмчийн өрөөнийх нь хаалга дээр бурханчилж мөргөчихөөд буцаж байхыг харсан хүн цөөнгүй байдаг юм. Тиймээс бурхан эмч гэсэн үгийг хэлэх учиртай гэж бодлоо. Эрдэнэ-Очир эмчийн эргэн тойронд ямар их хүндлэл оршиж буйг ч үүнээс харж болноо доо. -Өөрөө ер нь өдөр бүр л хүний цус наркозод хордож бас цаг наргүй ажиллахдаа хальширдаг уу гэж түүнээс асуухад -Би энэ байдлаас огт төвөгшөөдөггүй ядрах, уйдахыг мартсаан. Миний л хийх ажил, мэргэжлийн маань үнэ цэнэ хүнд хүрч л байвал надад жаргал санагддаг шүү дээ гэж билээ. Үнэхээрийн л эмч хүний зовлон их, хэцүүг огт дурсдаггүй хүн юм. Монголын мэс засалчдын нийгэмлэгийн тэргүүний хувьд жил болгон олон улсын мэс засалчдын хуралд очдог. Тэндээс их юм мэдэж авдаг гэж байна лээ. Бидний яриаг өндөрлөх үед радиогоор Үхлийн бараан үүлэн дундуур Цагаан сум шиг зүсэн ороод Үзлийн муухай өвчнийг хөөгөөд та Цэлмэг тэнгэрт нарыг авчирлаа Цэцэрлэг, дэлгүүр талбайд хүмүүс Эмчээ гэж магтан дуудах юм Цэхэлж хараад эмч танд хүмүүс Энэрэлт сайхан харцаа илгээлээ гэсэн сайхан дуу яг л Я.Эрдэнэ-Очир эмчид зориулсан мэт эгшиглэж байлаа.   Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин 2019.3.7 № 47, 48 (6014, 6015)
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

2025-06-13
ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөрийг томилохоор болжээ

ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөр ажиллана

2025-06-13
Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

2025-06-13
Бан Ги Мун: Уур амьсгалын өөрчлөлт хэт хурдтай явагдаж байна, бидэнд хүлээх цаг байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025–Уур амьсгалын өөрчлө

2025-06-13
34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан онцлох асуултууд

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох процесс өчигдөр

2025-06-13
Хувьдаа 3000 вагонтой, төмөр замаа төрдөө бэлэглэчихсэн сайд салбараасаа юу хулгайлах вэ?

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд л, хариуд нь сайд нь Ерөнхий

2025-06-12
Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

2025-06-12
Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

2025-06-12
О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

2025-06-12
Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

2025-06-12