
Ч.ЗОТОЛ
Дорноговь аймгийн нутаг Хамарын хийдээс долоон км зайд нүүрс олборлох эрхийг Хятадын “Даблью Эс Жи Эл” ХХК-д 40 жилийн хугацаатай олгосон нь хэсэгтээ дуулиан дэгдээсэн. Тухайн үед ямар тогтоол, шийдвэрүүд гарч байсан талаар Дорноговь аймгийн ИТХ-ын дарга асан Г.Ганбаатартай ярилцлаа.
-Хамрын хийдийн ойролцоо хууль зөрчиж ашиглалтын лиценз олгоход П.Ганхуяг, Г.Ганбаатар нар нөлөөлсөн гэх мэдээлэл хэсэгтээ шуугиан тарьсан. Үүнд тайлбар өгнө үү?
-Хулгайч хүн баригдахаараа “Хулгайчийг бариарай” гэж хашгирдаг юм гэсэн. Тийм л зүйл болов уу даа. Асуудал дэгдэхээр “Аймгийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс рүү чиглүүлээд үзье” гэсэн оролдлого байсан болов уу. Бидэнд огт хамаагүй, энэ нь ч тодорхой болчихлоо. Нөгөө талаас УИХ-ын сонгууль дөхүүлээд сөрөг хүчин рүүгээ асуудлыг чиглүүлэх гэсэн улс төрийн зорилго байж мэднэ.
-Таныг ИТХ-ын даргаар ажиллаж байх үед энэ үйл явц хэрхэн өрнөж байсан бэ?
-П.Ганхуяг бидний хэн хэн нь 2008 оны сонгуулийн дараагаас орон нутгийн удирдлагаар ажиллаж эхэлсэн. Тэгвэл энэ компани 2007 онд буюу Ж.Батсуурийг Засаг дарга байх үед “А” лицензээ авчихсан байсан. Тэгэхээр үүнээс өмнө, бүр 2003-2004 оноос хайгуул, судалгаа мэтээ хийгээд эхэлсэн байсан болов уу. “А” лиценз авсан талбай нь тухайн үедээ орон нутгийн тусгай хамгаалалтад ороогүй байсан. Тийм учраас аймаг, орон нутгаас олгосон байсан. 2008 оны жилийн эцсээр уул уурхайн ашиглалтын лицензийнхээ төлбөрийг төлөөгүй байсан учир 2009 онд тусгай зөвшөөрлийг нь цуцлуулсан.Бид лицензийг нь цуцлуулах хүсэлтээ 2009 оны эхээр явуулаад, тухайн үеийн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны наймдугаар сарын 3-ны 516 дугаар шийдвэрээр цуцалсан.
-Тухайн үед ямар арга хэмжээ авсан бэ?
-Зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтээ явуулангуутаа бид ямар арга хэмжээ авсан бэ гэвэл 2009 оны дөрөвдүгээр сарын 28-нд Дорноговь аймгийн ИТХ-ын тогтоолоор, зарим газрыг аймгийн тусгай хамгаалалтад авсан. Би аймгийн ИТХ-ын даргаар ажилласан найман жилийн хугацаандаа ИТХ-аас Хамарын хийдтэй холбоотой гурван хурлын тогтоол гарсан байдаг. 2009 оны наймдугаар сард АМГТХЭГ-аас тухайн лицензийг цуцалсны дараа жил нь буюу 2010 оны долдугаар сард аймгийн ИТХ-аар энэ талбайг тэлж, дахин тусгай хамгаалалтад авч байсан. Дараа нь 2014 оны долдугаар сарын 30-ны аймгийн ИТХ-ын тогтоолоор Хамарын хийдээс гадна, Айраг, Эрдэнэ, Улаанбадрах гээд хэд, хэдэн сумын 12 газрыг аймгийн тусгай хамгаалалтад нэмж авсан байдаг. Аймгийн тусгай хамгаалалтад авна гэдэг чинь аймаг орон нутгаас шийдвэр гарч хөрөнгө хүч зарцуулна гэсэн үг. Энэ дотор Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 573 га нутгаар нэмсэн. Тухайн үед бидэнтэй хамт тахилч З.Алтангэрэл гуай бас аймгийн ИТХ-д ажиллаж байсан юм.
-Тусгай хамгаалалтад авсан тогтоолын хугацаа хэзээ дуусах вэ?
-2014 оны долдугаар сарын 30-нд авсан гэхээр 2019 оны долдугаар сарын 30-нд дуусна гэсэн үг. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа аймгийн ИТХ эртнээс судалгаагаа хийж, дахин аймгийн тусгай хамгаалалтад авах хэрэгтэй. Энэ дашрамд хэлэхэд, орон нутгийн боломж нь байгалийн үзэсгэлэнтэй газар, түүх дурсгалын болон соёлын өвтэй, палентеологийн чухал олдвортой газруудаа орон нутгийн тусгай хамгаалалтад авах явдал. Хамгийн зөв гарц нь энэ.
-Тусгай хамгаалалтыг сунгахад ганц хоног ч хоцорч болдоггүй гэдэг байх аа?
-Уул уурхайн компаниуд тусгай хамгаалалтын хүчинтэй хугацаа дуусах өдрийг л хүлээж байдаг. Тэгэхээр ИТХ гаргасан шийдвэрээ ХЗДХЯ-нд даруй бүртгүүлж байх хэрэгтэй. АМГТХЭГ-ын Кадастрын албанд яг координатаар нь өгч байх хэрэгтэй. ИТХ-аас гарсан шийдвэрийг биелүүлэх нь аймгийн Засаг даргын ажил юм.
-Аймгийн тусгай хамгаалалттай газарт ашиглалт явуулах эрхийг сэргээсэн нь шүүх өөрөө хууль зөрчжээ гэж харагдаж байна?
-Би бас тэгж харж байгаа. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны зургадугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр, өөрөөр хэлбэл, 2007 оноос хойш арван жилийн дараа чимээгүй байсан хэргийг сэргээчихсэн байгаа юм. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хэн гэдэг хүнээс нэхэмжлэл гаргав, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх яагаад аймгийн тусгай хамгаалалтад авчихсан газрыг мэдсээр байж хууль бус шийдвэр гаргав гэдэг асуулт гарч байна. Монгол Улсад нэг ийм муухай луйврын схем байдаг л даа. Айхтар том эрх мэдэлтэй хүмүүс чинь Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын албанд танил тал, сүлжээ сайтай. Иймэрхүү зүйлийг олон жилийн дараа хүчээр сэргээгээд, аж ахуйн нэгжийнх нь нэрийг солиод цааш нь дамнуулаад их хэмжээний мөнгөөр зарчихдаг тохиолдлууд байдаг. Тийм биш л байгаасай гэж би хүсч байгаа. Гэхдээ тийм байх магадлалтай. Би хардах эрхтэй. Надад тийм хардлага байна.
-Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин лицензийг цуцлуулах талаар хүсэлт өгнө гэж ярьсан. Тэр энэ хүсэлтээ өгсөн юм болов уу. Нөгөө талаас “Болохгүй бол энэ газрыг өөр газарт шилжүүлэх арга хэмжээ авна” гэсэн. Шүүх хууль зөрчин шийдвэр гаргасан байтал Засаг дарга нь үүн дээр зоригтой дуугарч чадахгүй байгаагийн учир юу бол?
-Эрх мэдэл нь хүрэхгүй байж бас магадгүй юм даа. Түүний ярьж байгаа зүйлээс харахад заавал энэ компанийн талд л аливаа шийдвэрийг гаргах ёстой юм шиг хандлага ажиглагдаж байна лээ. Геологийн нөхцөл ойролцоо дүйцүүлэх газар олгох гэх мэтээр. Заавал тэр компанид дүйцүүлэх газар олгох ямар барьцаатай юм гэдийг нь би мэдэхгүй. Т.Энхтүвшин дарга өөрөө энэ лицензийн талаар хамгийн сайн мэдэх хүн нь. Лиценз олгосон гээд байгаа 2007 онд Т.Энхтүвшин аймгийн ЗДТГ-ын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан хүн. Тэр үүнийг хамгийн сайн мэдэж байх ёстой. Хоёрдугаарт, шүүхээс лицензийг сэргээсэн 2017 оноос хойш тэр өнөөдрийг хүртэл дуугүй явсан байна. Аймгийнхаа энергийн төвийг мэдэхгүй л байв гэж, Дорноговийн дарга, удирдлагууд.Одоо тэгээд лицензийг нь цуцлуулах хүсэлтээ АМГТХЭГ-т өгнө гэж яриад байгаа ч өгөөгүй байсан, одоо юу болж байгааг мэдэхгүй.
-П.Ганхуяг дарга та хоёрын үед олгосон хайгуулын лицензийн тоог хараад олон нийт бас дургүйцэж байх шиг?
-Хамарын хийдийн асуудалтай холбоотойгоор хуучин ажиллаж байсан биднийг улс төрийн зорилгоор харлуулах гэсэн оролдлогууд нэлээн явлаа. Анх нэг нууц хаягнаас энэ мэдээлэл гарсан байна лээ. “Анх Хамрын хийдийн лицензийг олгосон” гээд бид хоёрын зургийг тавьчихсан байх жишээтэй. Бас “Энэ хоёрын олгосон 163 лицензийн нэг нь илэрлээ” гэх мэтээр бичсэн байсан. Түүнийг өчнөөн мянган хүн шэйрлэчихсэн. Харамсалтай л байгаа юм.
Манай аймагт газар нутгийн байршлын давуу тал гэж бий. Төмөр зам, эрчим хүч гээд дэд бүтцийн их давуу тал байна. Дэлхийн хамгийн том хэрэглэгч хятад улстай хил залгаж байна. Энэ үүднээсээ ашигт малтмалын хайгуулын лиценз олонтой нь үнэн. Биднийг ажил авахад ч олон байсан. 300 гаруй. Бид найман жилийн хугацаанд 160-аад лицензэд дэмжсэн санал өгсөн.
Кадастрын албанаас лицензийн санал аймгийн Засаг даргад ирдэг. Аймгийн Засаг дарга түүнийг нь сумынх нь хурал руу явуулж саналыг аваад, дараа нь аймгийн ИТХ- руу оруулдаг. Хуулиараа энэ бүх процесс явахад 40 хоногт багтаах ёстой байдаг. Санал нь маш тулгуу ирдэг гэсэн үг. Тэгээд 40 хоногтоо багтааж хариу өгч чадахгүй бол лицензийг биднээс ямар ч санал авахгүйгээр АМГТХЭГ-аас шууд олгочихдог. Энэ бол орон нутгийн саналыг зарим үед орхигдуулах гэсэн хуулийн нэг цоорхой гэж би хардаг. Тэр 160 гаруй лиценз гэдэгт зарим тохиолдолд бидний санал ороогүй нь ч бий.
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн баримтлаж байсан зарчим бол нэгдүгээрт, сумын хурлаас дэмжсэн эсэхийг нь харгалзаж үздэг байсан. Аймгийн Засаг даргын байр суурь ямар байгааг бас харгалздаг байсан. Энэ хоёрыг харгалзаад хоёулаа дэмжсэн байвал бид дэмждэг байсан.
Бас нэг зүйл бий. Хайгуул бол тийм хортой зүйл биш шүү дээ. Хайгуул дандаа нөхөн сэргээлттэйгээ давхар явдаг. Хайгуул хийх өөрөө асар их зардалтай. Тэр их зардал орон нутгаас гаргана гэвэл хүндрэлтэй. Тэгэхээр аж ахуйн нэгжийн мөнгөөр газар доорх баялгийнхаа нөөцийг судлуулахад буруу зүйл байхгүй. Ашиглалтын лиценз дээр харин хариуцлагатай хандах ёстой. Бид ийм л байр суурь баримталж байсан.
Нөгөө талаас бидний үед аймгийн газар нутгийг хамгийн их талбайг аймгийн тусгай хамгаалалтад авсан байдаг.
-Тэгэхээр Хамарын хийдийн орчимд нүүрсний олборлолт хийх тусгай зөвшөөрлийг цуцлуулах ямар боломж, хуульзүйн үндэслэл байгаа гэж та харж байна?
-Т.Энхтүвшин даргын яриад байгаа, “Уг компанитай тохироод, дүйцүүлэх газар олгоё” гээд. Заавал яагаад тэгэх ёстой юм. Арван жил таг чиг байсан компанид бид ямар өртэй юм. Хэн нэгэн дарга цэрэг л өртэй биш бол. Хоёр дахь нь нөхөн олговрын асуудал бий. Ер нь уул уурхайн лицензийг цуцлахад эргээд заавал нөхөн олговор олгож таардаг. Үнэхээр хайгуулаа хийсэн, хөрөнгөө зарсан бол бид нөхөн олговрыг нь өгөх ёстой шүү дээ. Үүнийг нь төлөөд, “Уучлаарай, манай соёлын өвийн газар” гэж хэлж болно, хэрэв уг компани зөвшөөрвөл. Гуравдугаарт, Ашигт малтмалын газрын тосны тухай хуульд заасанчлан, “Тусгай зөвшөөрөл бүхий компанийн эзэмшлийн газар дээр соёлын өв байгаа нь тогтоогдвол цуцлах” заалт бий. Энэ заалтыг бариад цуцлахад нөхөн төлбөр ч олгохгүй, дүйцүүлэх газар ч олгохгүй. Хамгийн зөв хувилбар нь энэ гэж үзэж байна.
Эх сурвалж: www.polit.mn
