Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч асан, профессор Б.Пүрэвням
Жам ёсны хөгжлийг зөв баримжаалахын чухлыг шүүх эрх мэдлийн хүрээнийхэнд хамаатай сүүлийн бараг нэг аравны үйл явдал, түүнийг тойрсон шинэтгэл улам илүүтэй нотлон харуулж байна. Төр, эрх зүйн шинэтгэлийг ийнхүү зайлшгүй хийх эрхэм зорилго нь Засаг төр, намын үүрэг даалгавартай холилдож, хууль нэвтрэх зайгүй байсан тогтолцоог, төр засаг нь хуулиар төдийгүй, жам ёсны зүй тогтолд нийцсэн
хуульд захирагддаг болгон өөрчлөх гэсэн шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалаас эхтэйд оршино. Энэ утгаараа шүүх эрх мэдлийн шинэтгэл өнгөрсөн бүхий л хугацаанд төрийн хийгээд эрх зүйн салбарт онцгой байр суурь эзэлсээр ирсэн, цаашид ч улам төгөлдөржүүлэх тулгамдсан зорилт хэвээр байх нь тодорхой болж байна. Гэтэл уг шинэтгэл нь сүүлдээ Үндсэн хуулиар тогтоосон үзэл баримтлалын агуулгаасаа хальж, нийгэм дэх улс төрийн байр сууриа бэхжүүлэх хэлбэр болж хувирсныг Үндсэн хуулийн хэд хэдэн зөрчил баталж өглөө. Үр дагавар нь сүүлийн нэг аравны хугацаанд хууль тогтоогч олонхын зүгээс эрс шинэтгэлд тэмүүлж, тооцоо судалгаагүй эхлүүлсэн зарим ажил үйлс нь ирээдүй рүү гэхээсээ эргэж буцсан, эмхэлж цэгцлэх нөр их ажлын гарааг эхлүүлэв бололтой. Цаг төрийн тэр самуунд өртөж, хууль зүйн амьдралд мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлыг бодитой зохион байгуулж ирсэн, одоо ч хүлээсэн үүргээ гүйцэтгэсээр буй Монголын Өмгөөлөгчдийн байгууллага бие даасан хуульгүй болж, 90 гаруй жилийн буурал түүх үгүйсгэгдэхэд хүрсэн билээ.
Ингэх бодитой ямар шалтгаан байсан эсэх, шинэтгэлийг ултай харсан уу? гэдэгт л эргэж харах, эргэцүүлж бодоход хамаг учир байгаа юм. Тэр тусмаа төрт ёсноо тодорхой байр эзэлж, нийгэмд тустай үүрэг, хуримтлуулсан туршлагаар нь түүнийг
үгүйсгэж бус, харин ч улсын төсөв, эдийн засагт хэмнэлттэй байдлыг нь тооцож, мэргэжлийн өөрөө удирдах ёсны Үндэсний хэмжээний тогтолцоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрд салбар зөвлөлтэй /одоо ч хэвээр байгаа/, Олон Улсын Барын Холбоонд гишүүнчлэлтэй зэрэг давуу байдлуудыг тооцохгүй юм гэхэд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, түүний эрх зүйн үндсийг тогтоосон “Өмгөөллийн тухай хууль” шинэтгэлд саад болох бодит шалтгаан, ямар үндэслэл байв гэдгийг зөв ойлгож, зохих байранд нь хүлээн зөвшөөрөх итгэл үнэмшил төрөхгүй байна. Тэгвэл манай улс шиг пост соц-орнууд төр нь олгодог байсан зөвшөөрлийн тогтолцоогоо өөрөө удирдах ёсонд шилжүүлэхдээ өмгөөлөгчдийн уламжлалт тогтолцоог ашиглан Барыг амжилттай байгуулсан зөв загварыг үзье гэвэл жишиг хангалттай бий.
Харамсалтай нь, хууль тогтоож, цоо шинэ тогтолцоо, дэд бүтцийг бүтээх нэрийн дор төсөв мөнгөний эрх мэдэлд хүрэх, хувийн оноо цуглуулах гэсэн улс төрийн далд ашиг сонирхлоос өөр олигтой шалтаг шалтгаан харагдахгүй байгаа нь эмгэнэлтэй бас сургамжтай санагдана. Ийм маягаар хууль тогтоох эрх мэдлийн оновчтой бус шийдвэрээс манай өмгөөлөгчдийн ахмад буурлууд, залуу үеийнхний ирээдүйгээ баримжаалж байсан итгэл үнэмшил нь тэднийг амьдрал практикаар шалгарсан үнэнд хамгийн ойр хуучин, хуулиар харьяалуулсан шинэ гэсэн хоёр холбоонд зэрэгцэн хамааралтай байх нөхцөлд хүргэжээ.
Зүй нь хүний үндсэн эрхийн баталгааг хангах төрийн холч бодлогын бэлэн жор болсон өмгөөлөгчдийн тогтолцооныхоо нааштай бүхнийг өвлөж, засаж залруулах бүхнийг нь цэгцэлж, өөдтэйхөн шинэтгэе гэвэл өнгөрсөн замналын алдаа оноонд авах, гээхийн ухаанаар ултайхан хандсансан бол үр нөлөөтэй, цаг алдахгүй, талцуулж бутаргахгүй ганц ажил ч гэсэн урагшлах байлаа.
Ийм л агуулга, жам ёсны хөгжлийг ухаарч аль 2000 онд Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрийг Төрийн эрх барих дээд байгууллагаас баталж, ялангуяа Шүүх, Прокурор, Өмгөөлөгчдийн байгууллагын алс хэтийн хөгжлийг баримжаалах зүг чиг болсон УИХ-ын мөн оны 39 дүгээр тогтоол түүхэн бөгөөд Төрийн залгамж бодлогын баримт бичиг байсан юм. Ийнхүү онцлох үндэслэл, шалтгаан бий. Учир нь уг баримт бичгийн 2.5-д “Хуульчдыг сонгон шалгаруулах нэгдмэл тогтолцоо”-г бий болгох гэсэн стратеги зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний 2.5.2-т “хуульчдыг сонгон шалгаруулах БАР”-ын тогтолцоо бий болгох гэсэн үзэл санаа, шаардлага тодорхой тусгагдсан байдаг.
Энэ талаар сануулах төдийхөн товч дурдъя. Олон Улсын практик зуун зууны тэртээ хуульч сонгон шалгаруулах бие даасан тогтолцоог “ВАR” /Бар/ хэмээн нэрлэж иржээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн боловсролын дараах шатны /2 дахь шалгалт/ шалгаруулалтыг давж гарсан этгээдэд хуульчаар ажиллах зөвшөөрөл олгодог тогтолцоо юм билээ.
Хуульч бие даасан, хараат бус байх нь Барын үндсэн гол шалгуур тул түүнийг, ялангуяа Төр /ЗГ/-с хараат бус байлгах, тасралтгүй боловсрол /кредит цаг/-ыг хангах нь хуульчид тавигддаг үндсэн шаардлага ажээ. Эл агуулгаар хуульчийн мэргэжлийн үүрэг /ёс зүй/, хүлээх хариуцлагыг нь баримжаалан манай улс ч шинэ цагийн өмгөөлөгчид тавих шалгуурыг өөрчлөх үндэслэлээ шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрт тодорхой зааж тусгасан нь тохиолдлын зүйл биш болохыг дээрх баримт нотолж байна.
Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир Хууль тогтоох онцгой бүрэн эрх нь хууль санаачлагчийн дур зоргын асуудал биш бөгөөд гагцхүү тэр эрх дархыг эдлэхдээ “Хүнийг дээдэлж, түүний эрх, эрх чөлөөт байдлыг хүлээн зөвшөөрсөн Үндсэн хуулийнхаа язгуур үзэл баримтлал”-ын агуулгаар харж, өнөө маргаашгүй өөрчилж, шинэтгэх оволзсон их хүслээ хянаж байхгүй бол нарийн бодож тогтоосон үзэл санаа, тогтолцоо, хуулийн томьёолол бүдгэрч, өмнөхөөс илүү сулрах гэм ажиглагдаж байна. Тухайлбал:
Өмгөөллийн хуулийг хүчингүй болгосны шууд үр дагавар нь дурын хуульч, өмгөөлөгчөөр ажиллахад ямар ч саадгүй болсон. Тодруулбал, хуульчийн шалгалтад тэнцсэн хүн Өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтад ороод 50-60 хувь нь босго давдаггүй байсныг он оны судалгаа харуулна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа сахилгын зөрчлөөр халагдсан, үүрэгт ажилдаа тэнцэхгүй чөлөөлөгдсөн, огцорсон хуульч шалгалтад тэнцсэн ч тэдэнд ёс суртахууных нь шалгуураар тусгай зөвшөөрөл олгодоггүй байсан цензур үгүй болсноор одоо тэд бүгд өмгөөлөгчөөр ажиллаж байна. Нийгэмд өсөж буй хэрэгцээ шаардлага, хариуцлагаа ухамсарлан ёс суртахуунтай, чадварлаг хуульчаас “Өмгөөлөгч”-ийг бэлдэн гаргах, хүний халдашгүй дархан байдал, үндсэн эрхийн манаанд нэр цэвэр, шударга, жудагтай өмгөөлөгч ажиллуулах гэсэн Монголын Өмгөөлөгчдийн байгууллагын хатуу бодлого, байр суурь төрийн буруу шийдвэрийн уршгаар ийн замхарсан билээ.
Иргэд өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох, хууль зүйн туслалцааны чанар, үр нөлөөг хүссэнээрээ хүртэх, ёс зүй, сахилга алдсан өмгөөлөгчөөс хариуцлага нэхэх эрх нь бүдгэрч, хэнд хандахаа мэдэхгүй төөрөлдөж, хохирч будилсан хүмүүс цөөнгүй таарах болжээ. Иймэрхүү бэрхшээл эрх зүйн орчин өөрчлөгдөх бүрд бусармаг явдлаар амилдаг гэмийг Өмгөөлөгчдийн байгууллага тойроогүй, дайрч гарсан богинохон туршлага бий. Тухайлбал: Тал тохой, танилын нүүрээр эрх зүйн туслалцааны агуулгыг явцууруулж, хүний мөсгүй явдал гаарах, тэр нь өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндэд халтай төдийгүй, тэр шүүгч, прокурор, мөрдөн байцаагчийн “халаасны” өмгөөлөгч гэх нэр зүүн, хэвлэлд гарч олны анхаарлыг татаж байсан тохиолдол 1992-1994 оны үед мэр сэр байсан. Тийм явдалд өртөгсдийн дийлэнх нь шүүх, прокурор, цагдаагийн байгууллагаас халагдсан, огцорсон нөхдүүд байсан юм. Ийм бусармаг, хүний зовлонг зоосны нүхээр харах мөсгүй явдал нь эрх зүйн орчныг бүдгэрүүлж, түмэн олны итгэлийг сулруулдаг талтай. Энэ мэт гаж үзэгдлээс давын өмнө салах, социалист нийгмийн уламжлалт арга ажиллагаа, хэв маяг шинэ Үндсэн хуулийн үзэл санаанд тохирохгүй нь амьдрал практикаар нотлогдож, “Өмгөөлөгчийн хууль” батлагдах нөхцөл болсон юм. Хуульд шүүгч, прокурор, мөрдөн байцаагчаар ажиллаж байсан этгээд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хүсвэл ажлаа өгснөөс хойш 3 жилийн дараа өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтад орж болохыг анх удаа хуульчилж өгсөн нь тэдгээрийн сэтгэл зүй, дадал зуршил, ажлын хэв маягийг харгалзсантай шууд холбоотой. Ийнхүү шинэ Үндсэн хуулийн дагуу бие даасан хууль бүтээж, 20 орчим жил тогтвортой дагаж мөрдсөний язгуур үндэс нь “... гэм бурууг гагцхүү шүүх тогтооно, ... шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй, шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд нь буюу хуульд зааснаар
хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ” гэсэн тулгуур үзэл санаа байсан бөгөөд түүнийг хангах механизмыг байцаан шийтгэх болон бусад хууль,
түүний дотор Өмгөөлөгчдийн байгууллагын эрх зүйн үндсийг тогтоосон хуулиар тодруулан зохицуулж өгсөн нь энэ юм. Шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах тухай Үндсэн хуулиар тогтоосон
“дээд үзэл санаа”-аас эхтэй бие даасан тогтолцоог үгүй хийх явцуу хүсэл зоригийг зөвтгөх үндэслэл нь яавч хууль тогтоох онцгой бүрэн эрх дархаар тайлбарлагдах ёсгүй гэсэн итгэл үнэмшилтэй явдаг хүний нэг нь би.
Үзэл буруу бол үйлс хэзээ ч зөв байдаггүй гэсэн өвгөдийн мэргэн ухаан зарж, Төрийн тогтолцоонд шүүх эрх мэдлийг, шүүх эрх мэдлийн тогтолцоонд оролцогч байгууллагууд, түүний дотор “Өмгөөлөгчдийн институц”-ийн эзлэх байр, эрх зүйн орчныг Үндсэн хуулийн хүрээнд эргэн харж нухацтай, нэг мөр цэгцтэй ойлголтоор ултайхан харж хандахгүй бол хөгжил, бэхжил нь дурын хууль тогтоогчоос хамаардаг урд тогтсон муу гэм хэвшиж тогтох хорлонтойг энэ цаг дор сануулбал зохилтой мэт.
Иймээс өмгөөллийн язгуур мөн чанар, хүн төрөлхтний ололт, жам ёсны сургаал, Үндсэн хуулиар тогтоосон зарчим, үзэл баримтлалын хүрээнд судалж “өмгөөлөгчийн эрх зүйн байдал”-ыг шинээр харах учиртай гэсэн санааг дэвшүүлэхдээ хуучин шинийг харьцуулж бүхэлд нь харлуулах, эсхүл үндэсгүй зөвтгөх гэсэн санаагүй билээ. Гагцхүү өнөөдөр бол өчигдрийн үргэлжлэл, маргаашийн эхлэл ... гэсэн утгаар өөрийн бодлыг буулгах гэж зорьсон нь энэ юм. Олноороо хэлэлцвэл буруугүй гэдэг.
Үндсэн хуулиар тогтоосон Хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үндсэн эрх хоёрын агуулга хэлбэрийн нэгдэл нь тус улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдлын шинэтгэл, цаашдын чиг хандлагыг илэрхийлэх гол шалгуур болох учиртай.
XVII жарны бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар мөрдөж эхэлсэн шинэ Үндсэн хууль
“МЭДЭГТҮН, САХИГТУН!” хэмээн жаргадаг билээ. Уг хуулийнхаа үг өгүүлбэр, үзэл баримтлал, үнэт санаа бүрийг шинээр хууль тогтоохдоо анхаараасай билээ гэсэн өөдрөг зарчмаар хандаж, орчны шинэ нөхцөл, хэв маягийг шаардаж сануулах цаг нэгэнт болжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2019.2.25 № 37, 38 (6004, 6005)