


Хошой аваргын цолыг төлийн дуугаар мялаажээ
Дээхнэ үед Аварга малчин боллоо гэх мэдээг 40 гаруй хоногийн дараа нутаг нугынхан, гэр бүлийнхэн нь сонсдог байсан гэдэг. Харин одоо цагт гэрлийн хурдаар л мэдээлэл түгдэг болсон нь сайшаалтай. Ц.Насанжаргалыг Монгол Улсын “Хошой аварга малчин” цол хүртлээ гэх мэдээ утсаар ирэх тэр агшинд малчны хотонд хонь хургалж төлийн дуу цангинажээ. Хошой аварга маань түмнийхээ хайр ивээлийг нутгийн зон олонтойгоо хуваалцахаар бэлтгэл базаажээ. Биднийг зочлох үед 300 гаруй зочин ирсэн. Одоо дахиад ирэх хүмүүс бий гэж байв. “Зочдын зоог гүнцгийг зэхэхээр ахлах тогоочтой баг ажиллаж байгаа” хэмээн гэрийн эзэгтэй хэллээ. Сургуулийн амралтын үе таарсан болоод ч тэр үү бага сургуулийн, цэцэрлэгийн насны хүүхдүүд бужигналдана. Тэд ч мөн үйлчилгээний багийн гишүүд гэнэ. Малчны хотонд наргиан хөгжөөнтэй, хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Андуудын нөхөрлөл ба 44 жил
“Орчин цагт элдэв дуу чимээнээс мал үргэхээ больсон. Харин ч сав суулга дуугаргавал хүрээд ирдэг болсон. Хэдийгээр цаг үетэй холбож тайлбарлаж болох ч үнэн хэрэгтээ байгалийнхаа жам ёсыг алдаж байгаа хэрэг. Үүнд л санаа зовж сууна” хэмээн хуучилсан Хошой аварга малчин Ц.Насанжаргал малын бэлчээрийг ургаж төлжих, нөхөн сэргэх нөхцлийг нь алдагдуулсан учраас хомсдол үүсч байгаад халаглаж сууна. Харин түүний гэргий Ч.Насанхүү “Хүмүүс энэ талаар янз бүрийн л юм ярих юм. Казахстан улс жилд хоёр удаа ургац авдаг учраас хур тунадас оруулахгүй байна гэлцэх. Нөгөө талаар зам тавьж байгаа компани ажил хийх боломжоо бүрдүүлэхийн тулд бороо оруулахгүй байна гэх нь ч бас бий. Үнэн худлыг нь ялгах аргагүй элдэв яриа гарч байгаа нь зарим талдаа сэтгэлд сэвтэй байдаг” гэх зуур нь гэрийн эзэн “Нийгмийн хөгжлийг бид чөдөрлөж, зогсоож, өөрийн эрхшээлд нийцүүлэх ямар боломжгүй л дээ. Хамгийн гол нь байгалийн тэнцвэр алдагдаж байгаад их учир бий” гэж байлаа. Ийнхүү биднийг хөөрөлдөж суух зуур гэрийн эзэгтэй найзууд руугаа хандаж “Та хоёр минь цагаа олж иржээ” гэхэд нь Ч.Цэрэнчимэд “Танайд ирэх төлөвлөгөө байлаа. Гэтэл ИТХ-ын нарийн бичгийн дарга яриад хотоос ирсэн сурвалжлагчийг Хошой аваргынд хүргээд өгөөч гэдэг байгаа. Тэгээд л холын зочныг дайгаад танайх руу гараад давхичихлаа” гэв. Нийтлэлийн баатар андтайгаа хөөрөлдөж байна. “Чи 44 жил дарга хийж, би 46 жил мал маллаж. Ер нь даргын сэнтийгээс буулгүй явсаар тэтгэвэрт гарсан байна шүү найз минь” гэхэд нь түүний анд “Тийм шүү. Эмэгтэйчүүдийн даргаас бусдыг хийсэн байгаа юм. Төрийн буян ч сайхан шүү” гэж байлаа. Өсөхөөс өдийг хүртэл нутаг орондоо хөдөлмөрлөж ирсэн найзаараа Ц.Насанжаргал бахархаж байсан юм. “Хүн гэдэг амьтан нэг л зангаараа байж, бусадтай энгийн харилцаатай байхын эрхмийг миний найз Ч.Цэрэнчимэд харуулсан хүн дээ” гээд найзууд инээлдэж суув. Хавьд уулзаагүй хоёр найз элдвийг хүүрнэлдэнэ. Улсын хошой аварга Ц.Насанжаргал 1976 онд Ховд аймгийн Булган сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид гурван жил цэргийн албыг байлдагчаар хаасан бол түүний найз Ч.Цэрэнчимэд Баян-Өлгийн отрядын Намын хорооны дарга хийж байжээ. Ийнхүү цаг хугацааны эрхээр биедээ уусан нөхөрлөж яваа андууд бие биесээрээ бахархаж явдгаа ярьж байлаа. Харин гэрийн эзэгтэй нар хүүхдүүд, ач зээ нарынхаа тухай ярилцана. Хаа сайгүй л яригдах “утас маажих” асуудал хөдөөгийн малчны хотонд ч байдаг ажээ. Нийтлэлийн баатар Ц.Насанжаргал олон зүйлд санаа чилээж явдгаа хэлсэн юм. “Энгийн хар ухаанаар харахад ирээдүй маань бүрхэг байна уу л гэж бодох юм. Адаглаад дарга нар нь хөлөө жийлцээд ажил хийхгүй. Улсынх нь өр 20 гаруй тэрбум ам.доллар гэж байх. Эцсийн дүндээ энэ бүх өр ард түмний нуруунд л үүрэгдэнэ. Арвин баялагтай газар нутгийнхаа үр шимийг хүртэхийн оронд хөрөнгө оруулалт гэх нэртэй өр төлбөрт худалдчихаад сууж байгаад нь харамсч байна” гэсэн юм. Монгол Улс хөгжих боломж бий. Хүн ам цөөтэй, байгалийн баялаг арвинтай гэх энэ байдлаа бид зөвөөр ашиглавал “Азийн бар” болох амархан байсан болов уу. Харамсалтай нь төрд гарсан хүмүүсийн олхиогүй байдал ард түмнийг туйлдуулж байна л даа. Магадгүй хөдөөгийн малчин өвгөн амныхаа зоргоор “чалчиж” гээд тоохгүй л байх. Гэхдээ л миний төрсөн нутаг, би монгол хүн учраас аливаа асуудалд санаа чилээж суудаг юм шүү дээ” хэмээн шүүрс алдав.“Илгээлтийн эзэн”-ийг сэргээх хүсэл


Хошой аварга малчин Ц.Насанжаргалд зориулан Хөгжмийн зохиолч М.Алтангэрэл дуу зохиожээ.
Аварга Насаа
Мянга мянгаар малаа өсгөсөн
Мөнх цастай уулсаараа овоглосон
Ариун цагаан үйлсээрээ алдаршсан
Алтай нутгийн алдарт малчин
Нараа дагаж малаа хариулсан
Нутгаа дээдэлж буянаа нэмсэн
Насаа нэмсэн малаа өсгөсөн
Малчин Насаа, аварга Насаа
Түм бумаар малаа өсгөсөн
Төрийн өндөр буяныг дагасан
Өндөр сүрлэг Алтайн ууландаа
Өөдөлж дэвжсэн мянгат малчин
Дахилт
Малын буянаар мандаж жаргасан
Манант Алтайн алдарт аварга аа
Хойчийн үрсдээ үлгэр дууриалтай
Хотол түмэндээ нөмөр түшигтэй
Дахилт
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.4 № 43, 44 (6010, 6011)