Ц.МЯГМАРБАЯР
Байгаль нуурыг дэлхийн өвд бүртггэсэнтэй авсантай адил Хөвсгөл нуурыг дэлхийн өвд хамаатуулах нь манай улсын нэн тулгамдсан асуудал хэмээн эрдэмтэн судлаачид сануулсаар. Дэлхийн цэвэр цэнгэг усны эх үүсвэр, байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн, өвөрмөц амьтан, ургамал бүхий Хөвсгөл нуурыг хамгаалж, нуур орчмын тогтвортой хөгжлийг хангах нь Монгол Улсын Засгийн газрын тулгамдсан асуудал гэж НҮБ-аас зөвлөсөн.

“Өнөөдөр аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрээр Хөвсгөл нуурын эргэн тойронд олон тооны жуулчны бааз бий болж хамгаалах гэхээсээ млүү байгальд халтайгаар яаж ашигтай ажиллах вэ гэдэг сэтгэлгээгээр ханддаг. Энэ нь Хөвсгөл нуурыг аюулд хүргэж байна. Хөвсгөл нуур нь Дэлхийн байгалийн өвд бүртгэх бүх шаардлагыг хангасан иймээс Хөвсгөл нуураа аялал жуулчлал нэрийн дор олгосон замбараагүй газар ашиглалтын хөлд үрэгдүүлмээргүй байна. Удахгүй Хөвсгөл нуур орчим уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих гэж байна. Төмөр зам тавина гэж байна. Энэ бол том эрсдэл. Эрсдэл бодитоор нүүрлэж байгаа учир бид хамгаалах ажлыг эхлүүлж байна. Сэтгүүлч Ц.Балдорж “Хөвсгөл нуур цаазын тавцанд” нийтлэлээр нуураа хамгаалах анхны давалгаа эхэлж байсан бол Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх нь хоёр дахь давалгаа” гэж Эко эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганы индрээс “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөн ТББ-ын тэргүүн, Монголын “ТАН” эвслийн ерөнхийлөгч Б.Баярмаа онцлон хэлсэн юм. Хөвсгөл нуурыг дэлхийн өвийн жагсаалтад оруулах санаачлагыг эко эмэгтэйчүүд дэмжиж гарын үсгээ зуржээ.
Хөвсгөл нуур дэлхийн өвийн жагсаалтад орох шалгуурыг хангасан
Байгаль нуурыг Дэлхийн өвийн жагсаалтад 1996 онд оруулж байжээ. Дэлхийн өвийн жагсаалтын гол зорилго нь өвөрмөц байгаль, түүхийн объектыг хамгаалах явдал юм. Одоогоор Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад багтсан 1000 объект байгаагаас байгалийн өвийн дөрвөн шалгуурыг хангасан 10 орчим объект байдгийн нэг нь Байгаль нуур юм. ЮНЕСКО-гийн тогтоолд “Байгаль нуур нь байгалийн өвийн дөрвөн шалгуурт нийцсэн дэлхийн өвийн сонгодог хэлбэр. Нуурын усаар халхлагдан хүний нүднээс нууцлагдсан усан доорх ертөнц нь шинжлэх ухаанд ч, байгаль хамгаалалд ч үнэт ач холбогдолтой гэсэн бий. Нуур нь уулын, тайгын газар нутгийн тогтоцтой бөгөөд Төрийн тусгай хамгаалалтай, байгалийн унаган төрхөө хадгалсан газар нутгаар хүрээлэгдсэн байдаг нь онцгой ач холбогдлыг илтгэдэг гэж энд бас тэмдэглэжээ. Тэгвэл Хөвсгөл нуур яах аргагүй эдгээр шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй хэмээн Хөвсгөл нуурыг судалсан гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаач хэлдэг. Бүртгүүлэх ажлыг энэ онд багтаан хийх ёстой гэж эко эмэгтэйчүүд чуулганаараа уриалж байв.
Нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо үгүйлэгдэж байна

“Эко эмэгтэйчүүд” нэгдэх эхлэлийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ жилийн өдрийн өмнө ийнхүү тавьж буй нь онцлог байлаа. Байгаль орчны экологийн асуудалд эмэгтэйчүүд санаачлага гаргаж манлайлан оролцож ирлээ. Харин тэд тулгамдсан олон асуудалд хүчээ нэгтгэн нэг нэгээр нь шийдвэл үр дүнд хүрэх нь тодорхой гэж үзсэн аж. Тиймээс "Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “Байгаль орчны эко сэтгүүлчдийн сүлжээ”, “Түгээмэл эрх хөгжил”, “Ногоон эвсэл” зэрэг ТББ-ууд санаачлан 80 гаруй төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж анхдугаар чуулганаа хийв. Чуулганд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга нар оролцсон юм.

М.Оюунчимэг “ Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус 80 гаруй байгууллага нэгдэж чуулж байна. Энэ бол маш чухал үйл явдал. Бид нэгдэж хамтдаа зүтгэвэл илүү үр дүнтэй ажиллаж чадна. Эко эмэгтэйчүүд маань тусдаа үйл ажиллагаа явуулахын оронд нэгдэж нэг асуудлыг барьж авч түүнийхээ үр дүнг үздэг, асуудлаа шийдүүлж чаддаг байя гэж ярьж байлаа. Асуудал маш их бий. Тиймээс асуудлаа эрэмбэлж аль түрүүнд шийдвэрлэх асуудлаа хамтын хүчээр шийдвэрлэдэг байх нь зөв жишиг. Эхний ээлжинд Хөвсгөл нуурыг Дэлхийн өвд бүртгүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэдэг зорилт тавьсан байна. Мэдээж энэ хүрээндээ бусад гол мөрөн уул ус байгаль дэлхийгээ хамгаалахад төр засагтайгаа хамтран ажиллах талаар нэгдсэн бодлогоо тодорхойлж байна” гэв. Г.Уянга “Байгаль орчыг хамгаалахад эмэгтэйчүүдийн оролцоо үгүйлэгдэж байна. Эко эмэгтэйчүүд бүхий л төвшинд буюу ахуйн хэрэглээнээс, уул уурхай хотжилтын сэдэв хүртэл өргөн хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй байгаа бүхий л асуудалд анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Эко эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж хамтарч асуудлаа эрэмбэлж, үүндээ төвлөрч ажиллах болно гэдгээ дамжуулж хэлж амжилт хүссэн” гэлээ.

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Ц.Пүрэвхүү “ Манай байгууллага агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгуулага. Утаа нүдэнд харагддаг аюул.Тийм учраас иргэд маань утааны асуудалд илүү анхаарал хандуулдаг. Харин иргэний нийгмийн байгууллагууд ус, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд илүү төвлөрч ажиллаж байна. Уг нь ус, хөрс, агаар гурав бол нэг л юм. Мэргэжлийн байгууллага нь энэ асуудлыг ойлгоод байдаг. Харин иргэд үүнийг ойлгож олон талын мэдлэг мэдээллтэй болж соргог хандаасай гэж хүсч байна. Ус ширгээд хөрс тахал болчихлоо гээд байдаг. Гэтэл тэгсэн учир нь хаана байгааг өнгөц хардаг. Өнөөдөр хотын ус, хөрсний бохирдол байж болох төвшнөөс хэд дахин их болсон байхад иргэд түүнд бүр дөжирчихсөн. Цахим орчинд бухимдахаас өөр зүйлгүй. Хэдэн сэтгүүлч, иргэний нийгмийнхэнтэйгээ хамтарч дуугарсан ч төр нь төвөгшөөсөн байдалтай байна. Иргэд ч хангалттай оролцохгүй байна. Мэдлэг мэдээллийг хайж олохгүй байна. Гэтэл гадаадын иргэд ийм асуудалд ямар их хариуцлагатай сонор соргог оролцож буйд бид атаархдаг. Тиймээс өнөөдөр бид өөрсдөө нэгдэх хэрэгтэйг мэдэрч энэ чуулганаа хийж байна” гэж ярьсан юм.

“Хүмүүнлэг эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн З.Түвшинжаргал “Өнөөдөр цаг үеийн шаардлагаар ээжүүд, эмэгтэйчүүд нэгдэж байна. Эко орчинг бүрдүүлэхийн тулд ээжүүдийн уян зөөлөн бодлого чухал. Манлайлагч эмэгтэйчүүдийн оролцоог нэгтгэж дэлхийн тавцанд Монгол Улс эко улс гэдгээ харуулж буй чуулган болж байна. 2030 оны тогтвортой хөгжлийн бодлогод ч нийцэж буйг харуулж байна гэж үзэж болно. “Хөвсгөл нуурийг дэлхийн өвд бүртгүүлэх асуудлыг төр засаг дэмжинэ гэдэгт найдаж байна” гэв.

“Монголын ногоон уламжлал сан”-гийн тэргүүн С.Алтантуяа хэлэхдээ “ Төрийн бус байгууллагууд тус тусдаа ажиллахаас илүүтэй нэгдэж хөдлөнө гэдэг бол дэвшил. Энэ санаачлагыг гаргасан Б.Баярмаа бид хоёр Хөвсгөл нутгийн хүүхдүүд. Бид 1992 оноос хойш байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулсаар яваа. Өнөөдөр 30 жилийн дараа үйлс зорилгоо нэгтгэхээр чуулгандаа хуран цугларлаа. Энд ирсэн эко эмэгтэйчүүд маань бүгд бие, биеээ таньдаг, зүс зүсээ мэддэг. Нэг хүсэл мөрөөдөл, нэг зорилгоо биелүүлэхээр олон салаа замаар явж байсан ч эцэстээ нэгдэх нь зөв гэдгээ ухаарсан нь хамгийн том алхам. Манай байгууллага сүүлийн 10 жил Алунгоо хатны сургаалийг Монголын төдийгүй дэлхийн өвд хадгалж үлдээхийн төлөө ажилладаг. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд Алунгоо хатны сургаалийн баярыг хийдэг. Дөрвөн жил тутамд болдог энэ баярыг дэлхийд брэнд болгох зорилго тээж явдаг. Гэхдээ энэ хатны домгийг манай үеийнхэн болоод ирээдүй үе маань мэдэхгүй байна. Эрдэмтэд нь хүртэл домог зүй төдийхнөөр ханддагт харамсаж явдаг. Монголын язгуурын алтан ургын их хатны үндэс угсаа Тува, Турк зэрэг өөр угсаатны үндэстэн болчих юм бол бид тэгвэл хэн болох юм гэдэг үндэсний тусгаар тогтнолын асуудалтай холбоотой. Тэгэхээр цаашид өв соёл, байгаль экологит түшиглэсэн хөгжилд нэгдэх цаг нь болсонг харуулж байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Эмэгтэйчүүдийн энэхүү нэгдэл улс орныг хамарч “Эвтэй байвал хүчтэй” гэдэг үгээр монголчууд амьсгалж эхэллээ.
Эх сурвалж:www.polit.mn