Х.Мөнхбат: Охид маань “Аав аа” гэж дуудахад ухаан орсон

2019-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Онцгой байдлын алба энэ жил анх удаа онцгой гавьяа байгуулсан алба хаагчдаа мөнгөн шагнал 16 сая төгрөгөөр урамшуулсан юм. Эр зориг, мэргэжлийн ур чадвар гаргаж шилдэг гурван аврагчийн нэгээр шалгарсан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбатыг “Зууны мэдээ” сонин Монгол Улсын төлөө буландаа урилаа. Тэрээр  онцгой байдлын байгууллагад 11 жил ажиллахдаа 174 хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 860 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. -Юуны өмнө онцгой гавьяа байгуулж шагнуулсанд баяр хүргэе.  Анх хэрхэн аврагч болсон тухайгаа болон ажлын гараагаа хаанаас эхэлсэн талаар яриагаа эхэлье? -Баярлалаа. Би Батлан хамгаалахын их сургуулийн харъяа Ахлагчийн коллежийг 2003-2004 онд суралцаж төгсөөд 2008 он хүртэл Зэвсэгт хүчний 150 дугаар ангид ажилласан. 2008 онд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврах отрядад усчин аврагчаар анх ажилд орж байлаа. -Онцгой байдлын албанд 11 жил ажиллахдаа 174 хүний амь нас, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын 860 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Нэг ч хором хариуцлага алдах эрхгүй онцгой нөхцөлд ажиллахад шантрах үе гарч байв уу? -Шантрах үе байсан. Онцгой байдлын алба хаагчид аврах туслах тангарагтай ч бусадтай адил жирийн л хүмүүс шүү дээ. Гэхдээ бид төр, эх орон, ард түмэндээ тангараг өргөж бие, сэтгэл зүрхээрээ хат суусан эрс. Бидний хийж буй ажил үүрэг, хором мөч бүхэн эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө, байгаль дэлхийгээ аврах үйл хэрэг байдаг учир ямар ч хүнд хэцүү бүхнийг даван туулж чаддаг. Үүгээрээ өөрсдийгөө хурцалж энэ сайхан албаараа бахархдаг. -Анхны тусламж үзүүлэхээс эхлээд үүрч, дүүрээд гүйх үе гардаг байх. Сэтгэлээс гардаггүй аврах ажиллагаа юу байсан бэ? -Тийм үе олон бий. 2011 оны хоёрдугаар сарын 8-нд НИК компанийн 14 тонн шатахуун ачсан Урал загварын хоёр автомашин Хөвсгөл далай дээгүүр тээвэр хийж яваад далайн мөс цөмөрч осолдоход манай онцгой байдлын газрын  бие бүрэлдэхүүн дуудлагын газар очиж үүрэг гүйцэтгэсэн. Энэ аврах ажиллагаанд далайн мөсийг 2х2-ын хэмжээтэй цоолж цооног гарган 47 метрийн гүнд шумбаж нэрвэгдэгчийг гаргаж ирэх үе л мартагддаггүй юм. Тухайн үед 35-40 хэмийн хүйтэн байсан учир амьсгалын төхөөрөмж усанд хөлдчихөөд гурван өдөр шумбалт хийсэн. Гурав дахь өдөр 40 метрийн гүн рүү ороход амьсгалах зуултуур маань хөлдөж агааргүй болсон. Ард мөрдэс нэгт алба хаагчид, НИК компанийн ажилчид, нэрвэгдэгчийн ар гэр, бусад хамтран үүрэг гүйцэтгэж байгаа тэр олон алба хаагчдаа бодож зорьсон үүргээ заавал гүйцээнэ дээ гэж шийдсэн. Тэгээд машинаас нэрвэгдэгчээ өөртэйгөө бэхлээд дээш гарах үед үхлээ л гэж бодсон. Туулж өнгөрүүлсэн амьдрал минь хэдхэн хоромын хугацаанд нүдний өмнө харагдаад өнгөрдөг юм байна лээ. Гэнэт нүдэнд минь цооногны дээрээс хоёр охин маань тонгойчихсон “Аав аа нааш ир нааш ир” гээд дуудаад байгаа нь харагдсан. Тэр үед гэнэт ухаан орж амьд гарах ёстойгоо ойлгосон. Хүүхдүүдийн минь заяа намайг түшсэн. -Ажиллаж байсан томоохон осол гамшгуудаасаа дурдахгүй юу. Хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахад мэргэжлийн ур чадвараас гадна сэтгэл зүтгэл их гардаг болов уу? -2011 онд НИК компанийн хоёр Урал автомашины осол, 2012 онд ОХУ-ын нутаг дэвсгэрт цасан нурангины аврах ажиллагаа, 2012 онд Хөвсгөл нууранд нэг хүн завьтайгаа осолдсон, 2016 онд Хөвсгөл нууранд дөрвөн  хүүхэд нэг  том хүн завьтайгаа хөмөрсөн. Мөн 2017 онд Мөрөн суманд болсон үер, 2018 онд Хөвсгөл нуурын мөс цөмөрч гурван том хүн, нэг хүүхэд машинтайгаа унаж осолдсон дуудлагад үүрэг гүйцэтгэсэн. Ер нь жижиг гэлтгүй аврах ажиллагаа болгон өөрийн онцлогтой. Аврагчдад нэг секунд ч үнэ цэнэтэй. Учир нь хором бүр хүний амь наснаас гадна нөхрийн болон өөрийн амь настай холбоотой байдаг болохоор их хариуцлага үүрч явдаг. -Гал, ус, үер гээд ослын үед үүрэг гүйцэтгэж байхдаа бэртэж гэмтэх тохиолдол гарч байв уу. Мэдээж аварч хамгаалсныхаа төлөө хариу нэхдэггүй байх. Гэхдээ баярлаж талархсанаа илэрхийлэх хүмүүс хэр их байдаг вэ. Ямар ч мэргэжил урмын үгэнд улам хүч ордог шүү дээ? -Аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байх үед бага сага бэртэл гэмтэл гардаг. Аврагчдын сэтгэлд аварч хамгаалсныхаа төлөө хариу нэхнэ гэсэн ойлголт өчүүхэн ч байдаггүй. Аврах ажиллагаагаа амжилттай гүйцэтгэх л аврагч хүний бахархал. Тэр ч утгаараа бидэнд “Баярлалаа” гэдэг үг л хамгийн том хариу болдог. -Онцгой байдлын алба шилдэг гурван аврагчаа 16 сая төгрөгөөр урамшуулсанд олон нийт ч баяртай байна лээ.Танд ч гэсэн улам сайн ажиллах урам зориг өгсөн байх. Шагналын мөнгөө юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ? -Онцгой байдлын алба энэ жил анх удаа онцгой гавьяа байгуулсан гурван алба хаагчдаа 16 сая төгрөгийн мөнгөн шагнал өгсөн. Гурван алба хаагчийн нэг болж шагнуулсандаа их баяртай байна. Энэ шагнал ганц миний хийсэн гавъяа биш. Хамтран үүрэг гүйцэтгэсэн мөрдэс нэгт хамт олны минь гавьяа юм шүү. Намайг Онцгой гавьяа байгуулсан алба хаагчаар тодруулсан ОБЕГ-ын дарга удирдлага, хойд бүсийн төв Орхон-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, удирдлага, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, удирдлага алба хаагчиддаа баярласнаа илэрхийлье. Шагналын мөнгөө гэр бүлийнхээ хэрэгцээнд, ээжийнхээ эмчилгээнд, албандаа зориулна даа. -Онцгой байдлын салбарт ажиллах хугацаандаа нийт хэдэн сар, хоногоор хээр хөдөө үүрэг гүйцэтгэсэн байдаг вэ. Ялангуяа, Хөвсгөл аймгийн хувьд онцлогоосоо шалтгаалаад усны осол их гардаг уу? -Энэ албанд орсноос хойш одоог болтол хэдэн сар хоног үүрэг гүйцэтгэснээ тооцож байсангүй. Их л өндөр тоо гарна даа. Гэр бүлтэйгээ байхаас илүү ажил, албандаа үүрэг гүйцэтгэх өдөр хоног нь олон байдаг. Гадаа гарч эр, гэрт орж эм болж амьдралыг минь санаа зоволтгүйгээр зохицуулж сэтгэлийг минь хоёрдуулалгүйгээр авч яваа ханьдаа их баярладаг. Амжилтын маань нэг үндэс нь гэр бүл юм. Хөвсгөл аймаг гол, нуур ихтэй үүнтэй холбоотой гол усны дуудлагууд өвөл зунгүй гардаг. -Монгол Улсын төлөө зүтгэхийг тэр дундаа аврагч гэсэн онцгой албыг хэрхэн ойлгож хүлээн авч явдаг вэ. Ер нь аврагч хүн ямар байх ёстой гэж боддог вэ? -Аврагч хүн мэдрэмжтэй, зоригтой, ухаалаг, багаар ажиллах чадвартай, бие бялдар сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байх ёстой гэж боддог. Цэрэг хүн улс орны тулгуур багана байх ёстой. Тэр дундаа онцгой байдлын алба хаагчид энх цагийн баатрууд гэж ойлгож, мэргэжлээрээ бахархаж явдаг. Өөрийн амиараа дэнчин тавьж эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ариун цагаан үйлстнүүд, үхлийг үргээсэн буянтнууд юм шүү гэж албаараа, аврагчдаараа бахархдаг. -Гамшиг ослоос болж иргэд амь нас, эд хөрөнгөө алдах нь цөөнгүй. Энд иргэд ч хариуцлага болгоомжтой байх ёстой байх? -Ер нь тохиолдож буй аюулт үзэгдэл болон техникийн холбогдолтой ослын ихэнх нь иргэдийн санамсар болгоомжгүй, буруутай үйл ажиллагаанаас болсон байдаг. Телевиз, радио, fm, сонин хэвлэл, тараах материал, уулзалт, сургалт гэх мэтчилэн бүхий л арга хэрэгсэлээр урьдчилан сэргийлж сануулж мэдэгдсээр байтал зарим иргэн хариуцлага, хор уршгийг тооцоолдоггүйгээс хүний амь нас, эд хөрөнгө, байгаль дэлхийд хохирол учруулдаг. Нэгэнт тохиолдсон явдлын дараа л харамсдаг. Иймээс иргэн бүр дор бүрнээ хариуцлагаа ухамсарлаж тохиолдож болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.11 № 27 (5994)
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

23 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

1 цаг 35 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

2 цаг 10 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

8 цаг 50 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

9 цаг 5 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

9 цаг 5 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13