Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 цаг 12 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал УИХ-ын дарга С.Бямбацогтын ивээл дор боллоо.  “Найман зууны тэртээ өвөг дээдэс маань Их Хуралдайгаа хуралдуулж, төрийн хэргийг зөвшин хэлэлцдэг байсан бол өнөөдөр бид парламентын танхимд тэрхүү төрийн ухааны өвийг эргэн дурсаж, ардчилал, зөвшилцөл, хууль дээдлэх ёсны үнэт зүйлстэй холбон хэлэлцэж байна” хэмээн УИХ-ын дарга онцолсон.Тэрээр, Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог гэж би боддог. Тиймээс “Иргэдээ сонсдог парламент бол хамгийн ардчилсан парламент” гэсэн зарчимд тулгуурлан Улсын Их Хурлын үйл ажиллагааг бүрэн утгаар нээлттэй болгож, урьд өмнө эрж сурж байж олдог байсан мэдээлэл, баримтуудтай ганц товчлуур дарах төдийд танилцах боломжтой болоод байна. Түүнчлэн “Улсын Их Хурал таныг сонсож байна” цахим платформ ажиллуулж иргэдийн дуу хоолой цаг хугацаа алдахгүй парламентад хүрэх боломжийг нээлээ.Энэ бол найман зууны тэртээ Их Монгол Улсын төрийн хэргийг ганцаар шийдэх бус, хамтаар зөвшин хэлэлцдэг байсан төрт ёсны уламжлал өнөө цагт үнэт зүйл болон үргэлжилж буйн илэрхийлэл юм гэлээ.

Эрдэм шинжилгээний хурлын анхны илтгэлийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, Хархорум хотын Зөвлөлийн дарга Н.Энхбаяр ““Дэг журам” ба хууль: Pax Mongolica, Их Засаг, Хархорум” сэдвээр танилцуулсан юм. Тэрээр илтгэлдээ “Их Засаг”-ийн тухай бид баримтаар юу мэддэг вэ, Эх бичвэр нь үлдээгүй хуулийг яагаад “Үндсэн хууль”-тай адилтган үзэж болох вэ, Энэ хууль Их хуралдай, Хархорум, Pax Mongolica-тай ямар холбоотой байсан бэ гэсэн асуудлыг хөндсөн. Мөн Чингис хаан 1204 онд, дараа нь 1206 онд нийгмийг аравтын тогтолцоогоор шинэчлэн зохион байгуулж, овог аймгаасаа илүү төрд үнэнч байхыг шаардсан шийдвэрүүд гаргасан. “Нууц товчоо”-ны 203 дугаар зүйлд өгүүлснээр Чингис хаан Шихихутагийг Их заргачаар томилж, шийдвэрлэсэн заргууд болон улс ба иргэний хуваарийг “Хөх дэвтэр”-т бичүүлэн, “хойч үед хэн ч бүү өөрчил” хэмээн зарлигласан. Энэ бол монгол бичмэл эрх зүйн хамгийн эртний, хамгийн найдвартай баримт юм. “Их Засаг” нэг өдөр батлагдаад хөшиж царцсангүй, харин хаан бүрийн өргөмжлөлөөр дахин дахин баталгаажиж байв хэмээн илтгэлдээ тэмдэглэсэн. “Их Засаг”-ийн хөгжлийн үе шатууд, “Их Засаг”-ийн тухай мэдээний баримтын зэрэглэлийн талаар танилцуулж, Их Британи, Израиль ба “Их Засаг”-ийн бүтэц, Хуралдай ба Хархорум: хуулийн орон зайн талаар өгүүлсэн. Түүнчлэн “Их Засаг” бол ганц бичиг баримт биш. Энэ нь Их Британи, Израилийн Үндсэн хуулийн нэгэн адил бичмэл акт, шүүхийн шийдвэр, бичигдээгүй уламжлалаас бүрдсэн, цаг хугацааны явцад хөгжиж байсан Үндсэн хуулийн цогц хэмээгээд, Их хуралдай нь хууль тогтоох эрх бүхий байгууллага, Хархорум нь уг хуулийг хэрэгжүүлэх төв, Pax Mongolica нь тив дамнасан зохицуулалт байжээ хэмээн дүгнэсэн юм. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, түүхийн шинжлэх ухааны доктор, (Sc.D), профессор Н.Ням-Осор "Чингис хааны Их Засаг хуулийн үзэл санаа өнөөгийн нийгмийн амьдралд хэрхэн үйлчилж байна вэ” сэдэвт илтгэлдээ, Чингис хааны Их Засаг хуулийн түүхэн үүрэг нь зөвхөн Их Монгол Улсыг оршин тогтнож байсан XIII зуунд төдийгүй дараа дараагийн үеийн улс түмэн, ард олны зан суртахуун, авир араншинд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Их Засаг хууль бол ангийн ямарваа нэг эрх ашгийг урьдал болгоогүй, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байхыг тэртээ XIII зуунд номлож, нийгмийн бүхий л амьдралд хэрэгжиж байснаараа онцлог гэдгийг дурдлаа.

Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, академич С.Нарангэрэл “Их Засаг– ертөнцийн мөнхийн хууль” хэмээгээд  “XIII зууны сурвалж бичгүүдээс Их Засгийг эрэлхийлсэн нь” гэсэн хэсэгт Чингис хааны Засаг (хууль)-ийг үл өөрчилж, хадгалан баримтлах аваас Мөнх тэнгэр хишгээ хүртээж, өнө мөнхөд гэр хотлоороо энх амар, төрөл саднаараа түвшин жаргалтай байх болмуй хэмээн Судрын чуулганд онцлон тэмдэглэсний учрыг тайлахын тулд Их Эзэн Чингис хааныг энх тунх байх үеийн сурвалж бичгийг нягтлан судалсныг академич С.Нарангэрэл онцлоод, тэдгээр болон бусад олон сурвалж Чингис хааны Их Засгийн утга учрыг ойлгож ухаарах боломжтой болгосон гэв.

Мөн “Их Засаг л амар амгаланг хүн төрөлхтөнд дахин авчирна” гэсэн хэсэгт суут сэтгэгч Монтесько зарим улсад хууль тогтоогчдын гол зорилго нь ард олныхоо амар амгалан амьдралыг хангахыг эрмэлзэхэд оршмуй. Тэдний хүслээр хүн бүхэн бие биеэ дээдлэн хүндэтгэх, хүн бүхэн, хором бүр өрөөл бусдад юутай их өртэй билээ гэдгээ мэдрэх, аль нэг талаар бусад иргэнээс хамаардаггүй байх ёсгүй гэсэнд оршдог гэж бичсэнийг дурдаад, энэ нь Чингис хааны тогтоосон Их Засаг хуулийн амин сүнсийг хэлсэн хэрэг гэв.

Монголын төрийн эрх мэдлийн тухай ойлголтод Мөнх Тэнгэрийн үзэл санаа онцгой байр суурь эзэлж ирснийг илтгэгч Д.Лүндээжанцан өгүүлэв. Тэрээр, Чингис хаан болон түүний залгамжлагчдын эрх мэдлийг Мөнх Тэнгэрийн хүчинтэй холбон үзсэн нь хааны эрх мэдлийн хууль ёсны үндэслэл, түүний универсал шинжийг тайлбарлах улс төр, эрх зүйн үзэл санаа болж байжээ гэв. Төрийн эрх мэдлийн хууль ёсны байдлыг (легитим) түүхэн үүднээс авч үзэхэд түүний дотоод болон гадаад шинжийг ялган судлах шаардлагатай юм. Дотоод шинж нь тухайн нийгмийн хүрээнд төрийн эрх мэдэл ямар үндэслэлээр тогтож, хэрхэн хүлээн зөвшөөрөгдөж байгаатай холбогдоно. Гадаад шинж нь тухайн улс, түүний захирагчийн эрх мэдэл өөр улс, улс төрийн институцтэй харилцахад ямар байр суурь эзэлж, хэрхэн хүлээн зөвшөөрөгдөж байгаагаар илэрнэ. Монголчууд эртнээс дээд тэнгэрийг тахин шүтэж, эзэн хаанаа тэнгэрийн хүү хэмээн (Чэнли Гүтү) өргөмжилж, энэ талаар улс төрийн бүхэл бүтэн сургаалыг бий болгосон бөгөөд үүнийг судлаачид Тэнгэрийн үзэл буюу тэнгэризм гэж нэрлэх болжээ. Энэ нь Их Монгол улсын төрийн үзэл суртлын үндэс болж байв. Чингис, Өгэдэй, Гүюг хааны үед тэнгэрт шүтсэн бөөгийн үзэл ноёрхож байсан бол Мөнх хааны үеэс тэнгэрийн доорх бүхнийг захирна хэмээх тэнгэрчлэх үзэл болон хөгжсөн байна гэсэн юм. Монголын эзэнт гүрний эрх зүйн универсализмын үзэл санааг “эрх мэдлийн нийтлэг шаардлага, түүнийг хэрэгжүүлэх бодит институци, өөр улс, үндэстний хүлээн зөвшөөрөх байдал” гэсэн харилцан холбоотой гурван түвшинд судлах саналыг илтгэгч дэвшүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 214 (7956)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 12 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 12 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 12 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 40 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

11 цаг 59 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 6 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 25 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 38 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09