Т.БАТСАЙХАН
Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр албан ёсны захидал ирүүлжээ. Уг захидалд Монгол Улсын Ерөнхий сайд болон Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр Оюутолгой ХХК-ийн 2027 оны ногдол ашиг хуваарилалтын асуудлаар санал солилцсон талаар дурдсан байна. Тодруулбал, талууд 2027 онд Оюутолгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд эзэмшлийн хувь хэмжээнд нь тэнцүүлэн ногдол ашиг хуваарилах боломжийн талаар ярилцжээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2027 онд Оюутолгой ХХК-аас гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тус компани уг төлөвлөгөөг бодит ажил хэрэг болгох чиглэлээр ажиллаж байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү гурван их наяд төгрөг нь Оюутолгой ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төлөх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад хураамж, төлбөрөөс гадна төвлөрүүлэх нэмэлт дүн гэдгийг албан бичигт онцолжээ. Мөн Оюутолгой ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газартай нягт хамтран ажиллаж, дээрх боломжийг бодит үр дүн болгоход итгэлтэй байгаагаа захидалдаа дурдсан байна. Уг асуудалтай холбоотойгоор өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Сүүлийн үед Оюутолгойн ногдол ашгийн асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон улс төрийн намууд, улс төрчдийн зүгээс янз бүрийн байр суурь илэрхийлж ирсэн. Тухайлбал, Засгийн газар Рио Тинто групптэй ногдол ашгийн асуудлаар амаар тохиролцсон, харин үүнийг баталгаажуулсан албан ёсны баримт бичиг байхгүй гэх шүүмжлэл гарсан. Мөн Оюутолгойн ногдол ашгийг Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээртэй холбон, цаана нь далд агуулга бий гэх тайлбар ч хийж байсан. Тэгвэл энэ асуудлаар Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс албан ёсны захидал ирүүллээ. Уг захидлаар 2027 онд Оюутолгой ХХК-аас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэх асуудлыг баталгаажуулсан бөгөөд уг мөнгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн энэ ногдол ашиг нь Оюутолгой ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төлөх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад хураамж, төлбөрөөс тусдаа нэмэлт төлбөр болохыг албан бичигт тодорхой дурдсан.Оюутолгойтой байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцээ хийж байгаа. Энэ хүрээнд "Эрдэнэс Оюутолгой" ХХК албан ёсны гарын үсгээ зурсан. Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирал Монголд ирсэн үеэр ирэх онд ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэх асуудлыг мөн албажуулсан. Ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авах ажлыг ч эхлүүлсэн. Наймдугаар сарын 31-нээс олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх үү, эсвэл эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулах уу гэдэг асуудлаар E-Mongolia платформоор санал асуулга явуулсан. Түүнчлэн иргэд өөрсдийн санаачилгаар D-Parliament цахим платформоор дамжуулан санал өгсөн. Эдгээр санал асуулга, хэлэлцүүлгээр нийтдээ 100 мянга гаруй санал ирсэн. Мэндсайхан сайдын хэлэлцээрийн ажлын үр дүнд өнөөдөр Оюутолгой болон Рио Тинто группийн талаас албан ёсны байр сууриа илэрхийлсэн захидлыг ирүүллээ. Монгол дахь Оюутолгой компанийн захирал энэхүү албан ёсны байр суурийг илэрхийлсэн. Мэдээж хөрөнгө оруулагч талын нэгдсэн шийдэлд хүрэхийн тулд ТУЗ болон Зэсийн группээсээ зөвшөөрөл авсны үндсэн дээр бидэнд ирүүлсэн гэсэн үг. Одоо бид ногдол ашгийг ямар хуваарийн дагуу авах вэ гэдгээ эцэслэн шийдвэрлэнэ. Энэ талаар Сангийн сайд та бүхэнд эргэж мэдээлэл өгнө. Энэ захидлын гол агуулга нь хэд хэдэн зүйлд оршиж байна. Нэгдүгээрт, улс төрчид ногдол ашгаа авах уу, үгүй юу гэсэн янз бүрийн байр суурь илэрхийлж байсан. Тэгвэл Оюутолгой компаниас 2027 оны төсөвт гурван их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа албан ёсоор илэрхийллээ.Хоёрдугаарт, 2027 онд төсөвлөсөн гурван их наяд төгрөг нь Оюутолгой компанийн улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад хураамж, төлбөрөөс гадна төлөх нэмэлт дүн гэдгийг тодорхой болгосон. Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгой компанид олгосон эрхийн хүрээнд ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, гурван их наяд төгрөгийг 2027 онд гурван үе шаттайгаар төвлөрүүлэх байр сууриа хөрөнгө оруулагч тал албан ёсоор илэрхийллээ.Түүнчлэн Оюутолгой компанийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж ажиллахаа мэдэгдсэн. Ингэснээр Оюутолгой компанийн байр суурь албажиж байна гэсэн үг.Харин одоо бид хэлэлцээрийн явцад ногдол ашиг хэзээ, ямар хугацаанд орж ирэхийг эцэслэн шийдвэрлэнэ.Иргэдийн саналууд ч бидэнд байна. Төрийн тэргүүн мөн энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Бид иргэдээс ирүүлсэн эдгээр саналыг хүлээн авч, шаардлагатай тохиолдолд УИХ-ын Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, 100 мянга гаруй саналыг хүлээн авна. Үүний дараа улс төрийн шийдвэр гаргаж, шаардлагатай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой. Харин Засгийн газар гарсан шийдвэр, батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэлээ.
Сангийн сайд З.Мэндсайхан: Засгийн газраас Оюу Толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах чиглэлээр 3 ажлын хэсэг гаргасан. Менежментийн гэрээ, зээлийн хүүг бууруулах ажлын хэсгүүдийн хэлэлцээрийн үр дүн гарч Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орсон. Миний бие ногдол ашиг авах ажлын хэсгийг ахалж байгаа. Өнгөрөгч есдүгээр сард “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэрээ ногдол ашиг өгөхөө бататган хэлсэн. Тэгвэл өнөөдөр “Рио Тинто” болон “Оюу толгой” компаниас захидал ирлээ.
Захидлыг товчилвол, гэрээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаадаа талархаж байна. Ногдол ашиг өгөх асуудлаар хоёр тал харилцан ойлголцсон. 2027 онд өгөх ногдол ашиг нь татвар, АМНАТ болон бусад хураамжаас тусдаа дүн гэдгийг бататгажээ. Төлөвлөгөө гаргаад гурван шаттай төвлөрүүлэхээр бэлтгэл ажлаа хийж, удахгүй ажлын хэсэгт төлөвлөгөөгөө ирүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 214 (7956)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn