Өөр амьдрал

2019-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Фото: Edwin Montilva / Reuters
Д.ЭНХЭЭ Сэтгүүлчид ажил үйлсийнхээ тухай ярьж хөөрөх дуртай байдаг. Зарим нь сэтгэлийнхээ дуудлагаар энэ ажлыг хийж байгаа, энэ бол агуу их хүч чадал хэмээн бахдаж байхад нөгөө зарим нь хөрөнгө мөнгө, алдар нэрийг ч үл хайхран ажил мэргэжлээ сольж орхисон байдаг. Өчигдөрхөн хүмүүсээс ярилцлага авч явсан сурвалжлагчид улстөрч, эсвэл нийгмийн зүтгэлтний эгнээнд ордог. Гэхдээ олон жил зүтгэж ажил үйлээрээ амжилттай ахиж дэвшиж явсныхаа дараа илгээмж түгээгч болж, түүндээ сэтгэл хангалуун аз жаргалтай явдаг хүн ч бас таардаг. Шилдэг сайны төлөөлөл болсон хүмүүс хүндэлж дурлаж явсан ажил мэргэжлээ юуны учир орхидог тухай “Лента.ру”-гийн материалд өгүүлнэ.  

Ямар нэг агуу зүйлд хамааралтай байх

  Америкийн сэтгүүл зүйн салбарт он удаан жил ажиллаж, ихээхэн нэр хүндтэй болсон ахмад нэгэн сурвалжлагч 2017 онд ажлаасаа гарчээ. Оронд нь Амазон компанийн хүргэлтийн (зарлагын) алба үнэ цэнтэй нэгэн ажилтнаар хүчээ сэлбэсэн байна. Жон Остин Мерфи III медиаг орхиж, технологийн компанитай хувь тавилангаа холбосон нь энэ аж. Гэхдээ тэр өндөр цалин, эсвэл алдар нэр хөөж тийшээ очоогүй. Америкийн долоо хоног тутмын Sports Illustrated сэтгүүлд 33 жил ажиллахдаа Мерфи мянга гаруй өгүүлэл бичиж, зургаан том ном хэвлүүлж, АНУ-ын таван ерөнхийлөгчтэй уулзаж хөөрөлдсөн байна. Түүний бэлтгэсэн материал сэтгүүлийн нүүр хавтсанд хэдэн арван удаа гарч байжээ. Гэсэн хэдий ч сэтгүүлч маань 60 насныхаа ойн босгон дээр амьдралаа эрс өөрчилж, түгээгч болохоор нэгмөсөн шийджээ. Гэр бүлийн хэрэгцээ шаардлага үүний шалтгаан болсон юм байна. Учир нь эхнэр, нөхөр Мерфи нар хөрөнгө мөнгөний гачаалд орохооргүй (сэтгүүлчийн эхнэр өмгөөлөгчөөр ажилладаг байж) амьдардаг байсан боловч тодорхой цаг мөчид байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг тухай татварын тусгайлсан баримт бичиг тэдэнд шаардлагатай болсон байна. Удалгүй сэтгүүлч маань жолооч нарыг ажилд сонгож авдаг талаар Амазоны сайтаас мэдэж, өөртөө ажил олсон хэрэг. Өнгөц харвал дээд боловсролтой, нас намба суусан эр хүн илгээмж түгээдэг фургон жолоодоод, араасаа хяналтын цахим тогтолцооноос “захиалгатай айлыг өнгөрөөд явчихлаа, эсвэл хэлсэн цагтаа дугтуйтай бичиг авчирч өгсөнгүй” гэх зэргээр байнгын гомдол зэмлэл хүртдэг гээд бодохоор Мерфигийн амьдрал нэг л биш дээ гэж бодогдохоор. Харин сэтгүүлч асан өөрөө дэмий хий хоосон зүйл огт мөрөөдсөнгүй, тэрээр алдаж эндсэн болохоороо л ийнхүү хар ажил хийхээс өөр аргагүй болсон байх хэмээн залуучууд өөрийг нь өрөвддөг гэдгийг мэднэ. Мерфи харин бусдаар өрөвдүүлэхийг хүсдэггүй.“Өдрийн явах зүг чигээ тодруулахыг тэсч ядан баярлан хүлээж, хувийнхаа фургоны залуурыг мушгиад хэнээс ч хамааралгүй сэтгэл амар явдаг” хэмээн шинэхэн түгээгч өдөр тутам хийдэг ажлаа тайлбарлана. Илгээмж гартаа хүлээж авч байгаа мөчийг тэр өөртөө ид шидийн хэмээн тооцно. Өөрөө тэр нэг хэсэг нь болж чадсан маш нарийн уялдуулж зохицуулсан тогтолцоо түүний сонирхлыг ихэд татдаг аж. Нийгмийн зүгээс таагүй ханддаг явдал нас тогтсон эр хүний хувьд хүндхэн асуудал болдог юм байна. Америкчүүдийн олонхи нь түгээгч нарт хүйтэн хөндий хандаж, заримдаа тэднийг хулгай зэлгийд хардах тохиолдол ч гардаг. Ийм үед өөрийгөө хэн болох, яах гэж яваагаа удаан тайлбарлах хэрэг гарна. Өөр бас нэг хүндрэл бол тохь тух муутай явдал. Мерфигийн хэлснээр тэр огт санаанд оромгүй газраар түгээлтийн үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд ариун цэврийн өрөөнд орох зөвшөөрөл авахын тулд дэлгүүрийн худалдагч нараас хэлэх хэлэхгүй үг сонсох ч үе гарна. Иймэрхүү хүндрэл бэрхшээл зөндөө гардаг хэдий ч эерэг сайн зүйл түүний ажилд хавьгүй их байдаг гэж тэр боддог. Амжилттай, урагш тэмүүлж яваа “баг”-т тэр өөрийгөө тоглож байна хэмээн итгэл дүүрэн бодож төсөөлж явдаг. Ийм бодол өөрийгөө үеэ өнгөрөөсөн “динозавр” биш, харин хэнээс ч хамааралгүй орчин үеийн хүн гэж өөрийгөө бодоход нь тусалдаг аж. Өөрийнхөө ажлыг тэр “зарим талаараа баатарлаг” хэмээн нэрлэж, саяхан нэг өдөрт 279 илгээмж түгээснээрээ сэтгэл хангалуун бахархаж явна.
Фото: Brendan McDermid / Reuters
 

Хүүхдийн анд

  Өнгөт арьст бүсгүй Лореаль Томпсон Пейтон 15 орчим жилийн өмнө сэтгүүлч болохоор шийджээ. Сэтгүүлийн гялгар хуудаснаас тэр өөрийнхөө цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, нэрд гарсан эмэгтэйчүүд болох Бритни Спирс, Кристина Агилера нарыг хардаг байсан. Тэдний цагаан арьс, гялалзсан дүр төрх, ололт амжилт бүхэн Пейтоныг амар тайван суулгахгүй байлаа. “Хэрвээ би тэдэнтэй адил байж чадахгүй байгаа бол надад миний ямар нэг зүйл болохгүй байна гэсэн үг” хэмээн бүсгүй түс тас шийдлээ. Түүний хэлснээр тэр өөрийнхөө гадна төрхийг үзэн ядаж, жинхэнэ “төгс төгөлдөр гоо үзэсгэлэн”-тэй болоход ойртуулж өгөхийг гуйж өдөр бүр “бурханд залбирдаг” болжээ. Өөрийгөө ойлгож ухаарах хүртэл урт удаан зам туулсны эцэст Пейтон чухал, хэрэгтэй байхад нь бусад бүсгүйчүүлд туслахаар зориг шулууджээ. Долоо хоног тутмын The Baltimore Sun сонинд бүтэн цагаар хөдөлмөрлөхийн сацуу өнгөт арьст бүсгүйчүүлд зориулсан Sesi сэтгүүлд давхар ажиллаж эхлэв. 18 настай хар арьст залуу цагдаагийн бууны суманд амь үрэгдэж, энэ хэрэг явдал нийт америкийн нийгмийг донсолгож, Фергюсон хотын гудамжинд эмх замбараагүй байдал үүсгэсэн явдал Пейтоныг нэгмөсөн эргэлт буцалтгүй шийдвэр гаргахад хүргэжээ. Пейтоны санан дурсаж байгаагаар эмгэнэлтэй энэ хэрэг явдлын талаар Jet сэтгүүлд нийтүүлэхээр материал бичиж байхдаа тэр ажил дээрээ “шатсан” аж. Түүний сэтгэл зүрхийг шаналгадаг байсан хар арьстнуудын асуудал дахиж түүнийг огт зовоохоо больж, өөрийнх нь хэлснээр “Шинэ мэдээг бараг тоохоо больж, зүгээр л өөр нэр, өөр хотын тухай өгүүлж, миний мэдэрсэн дүлий дүмбэ оргисон байдал надад таалагдахгүй болсон”  гэжээ. Өнгөт арьстны эрхийн төлөө бодит амьдрал дээр тэмцэхээр сэтгүүлч бүсгүй санаа шулуудсан аж. Тиймэрхүү ажил олохын тулд бичиж боловсруулах авьяас чадвар нь түүнд хэрэг болж: ажил мэргэжлээ солиход өөртэй нь уулзаж ярилцаж, тусалж дэмжихийг тэрээр олон нийтийн байгууллагуудын удирдлагуудаас хичээнгүйлэн гуйж хүсчээ. Одоо тэрээр охидын скаутын байгууллагад гадаад харилцааны асуудал хариуцсан удирдагчаар ажиллахын зэрэгцээ мэдээний сурвалжлагч, олон нийттэй харилцах болон сэтгэл зүйчийн чиг үүргийг хослон гүйцэтгэж явна. “Хүмүүс өөрийнхөө тухай ярих нь тэдэнд таалагддаг, тэгээд бусдад татгалзах бус харин туслахад бэлэн байдаг ийм л хоёр үнэнийг би олж мэдлээ” хэмээн тэрээр онцолж байна. Одоогийнхоо ажлын сайхныг тэр өдөр бүр гайхаад бардаггүй. Тэрээр зөвхөн өөрөө олон бүсгүйчүүлд туслах ёстой юм шиг боддог боловч үнэндээ бүх юм эсрэгээр: удирдлагад нь байдаг охид, бүсгүйчүүл түүнд сайхан амьдарч, улам сайн болоход нь урам зориг, хүч тэнхээ өгдөг гэнэ. “Хэрвээ эд нар маань маргаашийн лидерүүд болох аваас бид найдвартай гарт байх болно. Ирээдүй үнэхээр эмэгтэйчүүдийнх байх болно” хэмээн тэрээр үгээ дуусгав. Одоогийн хийж байгаа ажлаараа сэтгүүл зүйд урьд өмнө нь ажиллаж байснаасаа илүүгээр тус нэмэр болж байгаа гэдэгтээ Пейтон итгэлтэй байна. Түүний хэлснээр сонирхолтой сэдэв, уулзах бүсгүйчүүлийг санал болгож, хамт ажиллаж байсан нөхдийнхөө ажлыг хөнгөвчилдөг гэнэ.
Фото: @ltinthecity
 

Шүүмжилсэн бол санал дэвшүүл

  Сэтгүүлчээс улс төрд шилжихийг Уинстон Черчилль аль тэртээ олноо таниулжээ. Morning Post сонины цэргийн сурвалжлагч асан тэрээр мэдээ бэлтгэх, сурвалжлага хийхийг бүхий л амьдралынхаа үйл хэрэг хэмээн үздэг байсан бөгөөд Их Британийн ерөнхий сайдын албыг хашиж байхдаа ч үүнийгээ мартаагүй байна. Түүний үлгэр дууриал дэлхий даяар мэргэжил, ажил үйл нэгт олон хүнд халдварлажээ. Сэтгүүлчээр ажиллаж байсан улстөрчдийнхөө тоогоор сүүлийн жилүүдэд Энэтхэг улс үнэмлэхүй тэргүүлэх болжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн олон арван ажилтан намд идэвхтэй элсэж, муж улсууд дахь орон нутгийн засаг захиргаанд сонгогджээ. Тэдний нэг нь телевийн хөтлөгч, сэтгүүлч асан Маниш Сисодия. Одоо тэрээр Делигийн гол сайдын орлогч бөгөөд орон нутгийн төвшинд санхүү, барилга, боловсрол, урлаг, соёлын асуудлыг тэргүүлэн хариуцдаг аж. Шинээр байгуулагдсан Жирийн хүний нам (ААР)-д 2012 онд элссэнээр түүний карьер эрс өөрчлөгдсөн. Нэг жилийн дараа нэрт сэтгүүлч хууль тогтоох хурлын гишүүн болсон байна. Түүнтэй адил нэг намын гишүүн, Star News телевизийн хөтлөгч Шазия Илмихарин аз муутай байгаа аж. Тэрээр “Авлигын эсрэг Энэтхэг” хэмээх хөдөлгөөний нэртэй идэвхтэн бөгөөд дараа нь Сисодиятай хамт хуралд нэр дэвшиж тэмцсэн боловч ялагджээ. ААР намын удирдлагатай муудалцсаны дараа тэрээр уг байгууллагаас гарсан байна. Гэхдээ Ирми тэмцлээ үргэлжлүүлэх бодолтой гэнэ. Нарендра Модигийн Засгийн газарт 2018 оны эцэс хүртэл Гадаад хэргийн төрийн сайдаар ажилласан Мобашар Жейвд Акбар бол урьд нь сэтгүүлчээр ажиллаж гайхалтай туршлага хуримтлуулсан нэгэн. Тэрээр хэд хэдэн сонин, хэвлэлийн газарт сурвалжлагч, редактораар ажиллаж байсан, түүнийг Энэтхэгийн улс төрийн сэтгүүл зүйн анхдагч нарын нэг хэмээн үздэг. Хожим нь Акбар долоо хоног тутмын The Sunday Guardian сэтгүүлийг хүртэл үндэслэж байсан. Телевиз л гэхээс биш, түүнтэй ойролцоо карьертэй нэгэн бол “Энэтхэгийн үндэсний конгресс” намын лидер Ражив Шукла юм байна. Шинэ зам сонгосон ихэнх улстөрч сэтгүүл зүйг орхидог. Шинэ ажил албанд тэд илүү ихийг хийж бүтээнэ гэж үздэг ажээ. Тэдний зарим нь улс төрийн гялалзсан карьерээ дуусгаж, амар тайван амьдралд шилжихдээ сэтгүүл зүйн ажлаа сэргээхийг нэг их яардаггүй гэнэ.  

Шинээр мэргэжил эзэмшихийн зэрэгцээ хянамгай байх

  Олны дунд тархсан бодлыг бодвол ажил мэргэжлээ сольдог сэтгүүлч хаа очиж цөөхөн байдаг ажээ. Сурвалжлагчаар ажиллаж байсан хүмүүсийн дунд Quora сайт дээр явуулсан хэд хэдэн санал асуулгаас үзвэл сэтгүүлчдийн зарим нь мэргэжлээ бүрмөсөн сольж, техникийн болон бусад ажил мэргэжлийн салбарт цоо шинээр ажил амьдралаа эхэлдэг байна. “Сэтгүүлчид бол надтай огт адилгүй, гол төлөв сэтгэлийн тэнхээтэй, бүтээлч, нийгмийн хүмүүс байдаг” хэмээн санал асуулгад оролцогчдын нэг, мэдээлэл боловсруулах салбарын мэргэжилтний замыг сонгосон Хакон Хапнес Странд бодлоо хуваалцав. Өөртөө хийгээд мэргэжилдээ сэтгэл дундуур байхын зэрэгцээ Страндын бодлоор энэ салбар хүнийг хөгжүүлдэггүй муу талтай, Ким Кардашьяны хувцасны загварын тухай шинэ өгүүллэгүүд хүний сэтгэл санааг тэр бүрий хөдөлгөж чадахгүй гэдэгт тэр итгэл үнэмшилтэй байдаг хэмээн онцлов. Инженерийн боловсрол олж авснаа Странд дахин төрсөнтэй адилд үзжээ. “Сэтгүүлчээс явсан минь миний карьерын хамгийн шилдэг сонголт” хэмээн тэрээр төгсгөлд нь хэлэв. Гэхдээ олон хүн түүнтэй санал нийлдэггүй. The Independent сонины дадлагажигч Жоанна Уайтхед 37 настайдаа сэтгүүл зүйтэй амьдралаа холбожээ. Үүнээс өмнө эрүүгийн хэрэг бүртгэлийн салбарт өнгөрүүлсэн цаг хугацаа түүний бичиж туурвих хүсэл мөрөөдлийг нэгмөсөн мөхөөх шахжээ. Карьертээ өөрчлөлт хийсэн явдал ухаалаг, цагаа олсон алхам гэдэгт Уайтхэд итгэл дүүрэн байна. Тэрээр одоо 10 жилийн өмнөхөөсөө илүү сэдэл тэмүүлэлтэй болсон гэнэ. Түүний бодлоор 20 насныхан зугаа цэнгэлийг л хүсэхээс биш насан туршийн амьдрах замаа сонгох чадвар муутай, “би ч ялгаагүй, ийм насандаа карьертээ анхаарал төвлөрүүлье гэж бодсон ч юунаас эхлэхээ мэдэхгүй байх байсан” хэмээн тэр санаа бодлоо хуваалцав. Амьдралынхаа одоогийн гол асуудлыг Уайтхэд санхүү гэж нэрлэв. Гэхдээ түүний бодлоор одоогийн бага цалин алс хэтдээ хожоотой байх гэнэ. “Өөрчлөхөд хэзээ ч оройтохгүй. Ажил, амьдралын туршлага бол үнэлж баршгүй, үүнийг ухаарч тооцдоггүй аливаа ажил олгогч таныг ойлгохгүй” хэмээн тэрээр яриагаа дуусгав. Сэтгүүл зүй унтарч бөхөж байгаа талаар жиг жуг яриа сүүлийн жилүүдэд гарах болов. Ажилтнуудыг олноор нь ажлаас халах (Buzz Feed, Huffington Post порталуудад тохиолдсон шиг),хэвлэлийн газрууд хаагдах, мөн робот сурвалжлагч нар дэлгэрсэн, түүгээр ч барахгүй телевизийн хөтлөгчдийг автоматууд орлох болсон зэрэг нь үүний шалтгаан ажээ. The New Yorker-ийн шинэ дугаарт зохиогч эмэгтэй Жилл Лепор өөрийнхөө ажлыг зовж зүдэрсэн, эцэж туйлдсан, цухалдаж бачимдсан талбартай зүйрлэв. Хэвлэмэл хэвлэл гэх зэрэг зарим уламжлалт ажил үйл аль хэдийнэ бүрмөсөн унтарч мөхсөн гэдэгт тэрээр итгэлтэй байна.... Дуулиан шуугиан, сөрөг муу бүхнийг чухалд үздэг мэдээний сайтуудад ч тэрээр тааруухан онош тавьж байна. Хэвлэлд байнга гарч байгаа иймэрхүү сөрөг муу өгүүллүүд ч бас сэтгүүлчдийг мэргэжлээ солиход хүргэдэг бололтой. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 19 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 19 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 19 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

12 цаг 47 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 6 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 13 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

21 цаг 32 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

21 цаг 45 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09