Хөнхөхийн билэг танхай найрагч Г.Санжжав

2019-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОТГОНБАЯР ... Уул нь униартаж алсад цэнхэртээд Уран зэрэглээ наад талаар нь торолзоод Дахилт нуурын хөвөөн дээр Хур дэлтийн сүрэг багшраад Далан түрүүнийх нь усан дээр Хун цэнгийн дуу ганганаад Агь тааны үнэр Саахалтын газраас ханхлаад Алаг цэцгийн үнэр Салхины аясаар амтагдаад Ай баян Хөнхөхий... [caption id="attachment_53553" align="alignright" width="542"] Г.Санжжав[/caption] Төрж өссөн нутгаа ийнхүү магтан шүлэглэж байсан яруу найрагч бол Гүндсамбын Санжжав хэмээх эрхэм. Монголын уран зохиолд богинохон атлаа тод мөрөө үлдээсэн найрагч. Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул. 1935 онд төрсөн. Аж үйлдвэрийн комбинатад нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлжээ. 1962 онд “Мөнхийн хавар” нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлэн гаргаж байсан. Идэр залуу 37-хон настайдаа хорвоог орхисон Г.Санжжав найрагчийн богинохон амьдралд алдар нэр, алдаа оноо бүгд багтаж. Аж үйлдвэрийн комбинатад байхдаа нутгаасаа жаахан бүсгүй дагуулж ирсэн нь ирээдүйн алдарт дуучин Г.Түмэндэмбэрэл байжээ. Г.Санжжав үйлдвэр комбинатад нягтлан бодогч, харин Г.Түмэндэмбэрэл нь нормчин хийж, үйлдвэр комбинат орчимдоо нийтийн байранд амьдарцгааж байсан талаар ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн бичсэн дурсамж байна. Г.Түмэндэмбэрэлийнхээ дуу хуурын чадварыг хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайгаар шалгуулж, хожмоо монгол түмний сонорыг мялаасан сайхан дуучин төрөх замыг зассан хүн нь Г.Санжжав найрагч байсан гэдэг. Үйлдвэр комбинатад нягтлан бодогч, нормчин хийж байсан хоёр, дараа нь нэртэй яруу найрагч, алдартай дуучин болсон энэ хосын амьдралын зам хожмоо салжээ. Цэргийн ансамбльд дуучин болсон Дэмбээ нь хөдөө томилолтоор явж, дараа нь Их наадамд оролцохоор гадаад ч эргэлт буцалтгүйгээр урлагийн зам мөр хөөжээ. Ингэж амьдралын зам нийлээгүй хоёр тийш болсон хайртай бүсгүйдээ зориулан тэрээр 1960 онд “Хун” шүлгээ бичсэн байна. “Тэнгэрт ниссэн хундаа Тэгсэн ч гэсэн тайвшрахгүй Тэнд л харин буух вий гэсэн Тэнгист л би атаархана” хэмээн шүлэглэж байсан “Яруу найрагч маань томоогүй гэнэн насандаа гэнэдэж, амьдралын хатуу нугачаанд хэлмэгдсэнээ даанч ухаарсангүй тэнцвэр алдаж явлаа” гэж дотнын нөхдийн нэг сэтгүүлч С.Бодоош дурсамждаа бичжээ. “Туяа” сэтгүүлийн нарийн бичгийн даргын албан тушаалаас гэнэт халагдаж, МХЗЭ-ийн гишүүнээсээ хөөгдөж, байраа хураалгаж, Халх голын баатруудын тухай хэдэн мянган мөр шүлэгтэй “Бурхан ч бүтээж чадаагүй гавьяатан” хэмээх найраглал бичиж хэвлүүлээд номын худалдаанд гарахын өмнөхөн нийтлэл гаргахыг хориглож, гурав дахь хэлмэгдэлдээ орж, уг ном хаашаа яаж алга болсныг мэдэхгүй” хэмээн С.Бодоош сэтгүүлч дурсан бичсэн байна. Ингэж хэлмэгдэж явахад нь Улаанбаатар төмөр замын эвлэлийн хорооны дарга Гүнсэн гэдэг хүн Санжжавт итгэл хүлээлгэж, Замын-Үүдийн зангилааны эвлэлийн үүрийн даргаар томилж, тэрээр өмнөд хилийг зорьжээ. Тэнд ажиллаж байхдаа өвөрлөгч дуучин бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж, улмаар түүнээсээ болж хэл аманд өртөж, хотод дуудагдан ирж, дахин ажил төрөлгүй болжээ. Энэ үедээ бор дарсанд орж, зарим шүлэг найраглалаа зарж байсан тухай зарим нөхөд нь харамсан халаглан дурссан нь 2008 онд гарсан “Миний зүрхэн дэх Ханхөхий” номд нь байна. Гэхдээ найрагч бас дандаа ингэж гундаж явсангүй. Авьяас билэгт найрагчийг 1960-аад оны эхээр МУИС-д суралцах аз тохиосон нь тухайн үеийн МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Л.Цэндийн дэмжлэгтэй холбоотой байжээ. 1960-аад оны эхээр мандаж байсан Монголын нэрт сэхээтэн Л.Цэнд гэдэг хүн Г.Санжжавын авьяас билгийг үнэлж, ингэж дэмжсэн аж. Их сургуульд орж, худалдагч бүсгүй Лхамжавтай хайр сэтгэлийн холбоотой болж, дахин гэр бүлтэй болж, Оюунцэцэг охин нь төрж, түүндээ зориулан Аавын хайртай Тормойдоо Алаг нүдэн Тормойдоо Ээжийн хайртай Тормойдоо Эрэвгэр нүдэн Тормойдоо хэмээн гэгээн мөртүүдээ бичиж байжээ. Гэвч энэ сайхан үе нь богинохон байлаа. МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Л.Цэндийг “сэхээтний төөрөгдөл” гэгчээр буруутган нутаг заагдаж байхад түүний хамсаатан гэгдсэн найрагч Г.Санжжав МУИС-аас хөөгджээ. Хамгийн гол нь хэвлэн нийтлэх эрхийг нь хассан, “Яруу найрагчийг бичиж болохгүй гэж хааж боох шиг том шийтгэл хаана байх билээ дээ”  гэж дүү Г.Гачинхүү гуай өгүүлж байна. Их сургуульд сурч болохгүй, бичиж нийтэлж болохгүй ийм хавчилган цагт тэрээр төрсөн нутгаа зорьжээ. Нутагтаа сумын улаан буланд ажиллаж, сумынхаа урлаг уран сайхны ажилд идэвхтэй оролцдог байсан гэдгийг дүү нь хуучилж байна. Найрагч 1972 онд нутагтаа таалал төгсчээ. Нас барахаасаа өмнөхөн Зохиолчдын хорооны дарга С.Удвал гуайд, “... хоёр сарын нас уртасгах арга бодооч романаа дуусгамаар байна...”  хэмээн захидал бичиж байсан гэдэг. Г.Санжжав найрагчийн дүү Г.Гачинхүү гуай академич Ч.Автайтай хамтран 2008 онд ахынхаа уран бүтээлийн түүврийг “Миний зүрхэн дэх Хөнхөхий” нэртэйгээр хэвлүүлэн гаргажээ. Энэ бол Г.Санжжав найрагчийн хувьд гурав дахь ном гэдгийг дүү нь онцолж байсан. Анхны түүвэр 1962 онд “Мөнхийн хавар” нэртэйгээр гарсан. Эхний түүвэрт шүлэг найраглал, дууны үг гээд нийт 40 орчим бүтээл нь орсон байдаг аж. Харин дараа нь 1976 онд түүнийг нас барсны дараа “Ханхөхий” нэртэй хоёр дахь түүвэр нь гарсан байна. Хоёр дахь түүврийг монгол киноны ахмад ажилтан С.Сандуйжав гэдэг хүн эмхэтгэн гаргасан бөгөөд шүлгүүдээс гадна нэлээд олон өгүүлэл нь орсон байжээ. Ахынх нь номын шагнал гарсан ирж ав гэж зохиолчдын хорооноос дуудсаны дагуу дүү Г.Гачинхүү нь Увсаас ирж, яруу найрагч Б.Явуухулантай уулзан уран бүтээлийнх нь шагналыг авч байжээ. Өөрийг нь Г.Санжжавын дүү гэж танихгүй байх гэж эмээгээд таниулахын тулд ахынхаа зурагнуудыг хүртэл авчирч байсан. Харин ийм баримтуудтай цүнхээ Б.Явуухулан найрагчийн өрөөнд орхиод эргэж авч чадаагүй гэнэ. Гурав дахь нь буюу “Миний зүрхэн дэх Хөнхөхий” номд өмнөх хоёр түүвэрт багтсан бүтээлүүдийг анд нөхөд, ах дүүсийнх нь дурсамж дуртгалаар баяжуулан гаргасан. Г.Гачинхүү гуай 1990-ээд оны эхээр Г.Санжжав найрагчийг цагаатгасан тухай мэдээлэл тухайн үеийн “Үнэн” сонинд гарч байсныг бас дурсав. Монголын зохиолчдын байгууллагын 90 жилийн ойд зориулсан “Чингисийн Монголын тэнгэрлэг зохиолчид” /90 зохиолчийн цаасан хөрөг хайчилбар, уран бүтээлийн дээжийг багтаасан/ номд Г.Санжжав найрагчийн бичсэн “Дурлал хайрыг минь дамжуулаарай” /Д.Лувсаншарав аялгуу зохиосон дуу/, “Залуу нас” /1960/, “Чи минь содхондоо”, “Мөндөөхөөн агуй” /1968/ шүлгүүд нь багтсан байна. Монголын зохиолчдын байгууллага 90 жилийнхээ ойг тэмдэглэж, яруу найраг утга зохиолын олон арга хэмжээ ар араасаа хөвөрсөн энэ өдрүүдэд 1960-аад онд Р.Чойномтой нэгэн үе зэрэгцэн гарч ирсэн авьяаслаг найрагч Г.Санжжавын тухай эргэн дурсаж, бас зарим шүлгээс нь толилуулж байна. “Хун” “Мөнгөлөг сайхан шувуу Мөрний хөвөөнд бууна Өнгөлөг сайхан болохоор нь Миний сэтгэл татагдана Дун цагаан өнгөөр нь Хун шувуу гэж танина Дулаан орноос ирэхээр нь Улаан цайм хөөцөлдөнө Цэцэг навч алагласан Намрын эхэн сард Цэнгэг ус долгиолсон Нэгэн нуурын эрэгт Өнөөх хунгаа барив Өөрийн болгож тэжээв Шувуу шувуунаас илүү Үзэсгэлэнт хунгаа энхрийлж Шуурга салхи болсон ч Үс нь өрвийчих вий гэж зовдогсон. Танхил хөөрхөн хунгаа Таалж би илэхдээ Талын салхинаас арай л Зөөлхөн хүрэхсэн гэж боддогсон. Хүний гар хүрээгүй Эрх танхи амьтан Хөх тэнгэрт явсан Энэ хөөрхөн шувуу Алган дээр минь суучихаад Толгойгоо тонхилзуулж байдагсан. Амьдралын сургууль заалгачихаад Дохио мэддэг болсонсон. Миний л гар дээр ирж Амьдрал гэдгийг үзээд Мэдэх мэдэхгүй газраар Дэмий нисэхээ болиод Хун шувуу ингэж Хүн болсон юмсан Хүн би ингэж Хунд дассан юмсан Зэрлэг танхи араатнаас Хүний гар дээр ирснээ бодвол “Зэгсэн дориун ачтан” гэж Хун, намайг нэрлэх биш үү. Өөрөө над дасаад байхаар нь Өөдөө арай нисчихгүй болов уу гээд Орон байрнаас нь гаргаад үзэв Орой болохоор дагаад харав Холхон саахалтын газар очоод Хоёр гурав явгалж үзсэнээ Сайхан далавч нь дэв дэвсээр Сарны туяанд нисэн одов Заяа золыг нь бодоод би Уяа хүртэл хийгээгүйсэн. Эргэх улирлын нэгэн өдөр Ингэдэг байжээ, даанч яав. Одоо тэр тэнгэртээ л явна Онгон болчихоод нисэж л яваа Өд сөд нь гэмтээ болов уу. Өнгө гялбаа нь муудаа болов уу. Хүний амьдралаас юунд уйдаж Хөх тэнгэрт нисэж гарав даа. Нарнаас өөр илчгүй агаарт Намайгаа юунд орхиж явав даа. Гэвч би алаг нүдээрээ Гэрэлт хунгаа харж л явах юм Дандаа миний толгой дээгүүр Далавчны чинь сүүдэр л өнгөрөх юм Москвагийн агаар, Парисын цамхаг Монголын тэнгэр, Польшийн Варшав Мөн ч дээгүүр явна даа чи. Цэгээ мэдэхгүй өндөрт хөөрч Цагаа болохоор ойчив заа чи минь Шөнийн сарыг хардаг нүдээрээ Шүлгийг минь нэг уншаасай билээ Ухаан мунхаг хунгийнхаар биш Урлаг төгөлдөр хүнийхээр ойлгоосой. Тэнгэрт ниссэн хундаа Тэгсэн ч гэсэн тайвшрахгүй Тэнд л харин буух вий гэсэн Тэнгист л би атаархана” 1960 он.
С.Д
"Мөнгөлөг цагаан хун " гэж бичсэн байдагдаа
Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

9 цаг 35 мин
Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

10 цаг 11 мин
Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

11 цаг 34 мин
ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар худал мэдээлэл тарааж байна  

ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар ташаа мэдээлэл тарааж байна  

11 цаг 47 мин
УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

13 цаг 47 мин
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ

13 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарын Засагт хамтран саналыг өнөөдөр намууд хэлэлцэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засагт хамтран саналыг өнөөдөр намууд хэлэлцэнэ

14 цаг 13 мин
Гурван улсын хамтын ажиллагаа:  Тээврийн интеграцийн шинэ боломжууд

Гурван улсын хамтын ажиллагаа:  Тээврийн интеграцийн шинэ боломжууд

14 цаг 36 мин
Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

УИХ-ын гишүүн Э.Батшугартай энэ сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхлэх Зээлийн мэдээллийн тухай хуулийн талаар ярилцлаа.

19 цаг 49 мин
АН-ынхан төмөр зам, тэрбум мод, бас алдсан тамганыхаа ардах учрыг “сонсоно”

УИХ-ын чуулганы 2025 оны зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнийн хуралдаанаар Л

19 цаг 49 мин