Зохиолч, сэтгүүлч, судлаач Тугалхүүгийн Баасансүрэн /Уран бүтээлийн тойм судалгаа/

2018-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жил, TV-9 телевизийн 15 жилийн ойн өмнө

  Б.Уянга /Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн  Эрдэмтэн нарийн бичгийн дарга, докторант/         Нэг. Зохиолч Т.Баасансүрэн бага ангийн сурагч байхдаа 1962 онд “Пионерийн үнэн” сонинд “Намар” хэмээх анхны шүлгээ хэвлүүлснээс хойш монголын утга зохиол, сэтгүүлзүйд зүрх сэтгэлээ зориулан зүтгэж  яваа зохиолч, сэтгүүлч.  Тэр 7-р ангид сурч байхдаа 1965 онд “Анхны пионерийн бүрээн дуу” уран нийтлэлийн номоо хэвлүүлсэн байна. “Монетон бөгж”, “Дэнгийн цагаан эрвээхэй”, “Тал” зэрэг зуу гаруй өгүүллэг, “Алтай”, “Нүдэн булаг”, “Өвгөн цохио” зэрэг уянгын арав гаруй тууж,  “Тэрбумтан”, “Уулс, үүлс, туульс” /I ба II дэвтэртэй/ хэмээх роман бичжээ. Түүний тууж, өгүүллэгүүд “Монголын уран зохиолын дээжис-108 боть”-ийн 71 ба 82 дугаар боть болж тус тус хэвлэгдсэн байна. Зохиол бүтээлийг нь монголын уншигчид өндрөөр үнэлж ирсэн бөгөөд манай утга зохиолын нэрт судлаач, академич Х.Сампилдэндэв, доктор Ц.Хасбаатар, Д.Цэнд, Б.Ганбат, Д.Өлзийбаяр, С.Лочин, Ш.Цэнд-Аюуш, Ү.Хүрэлбаатар, утга зохиолын судлаач Б.Цэдэв, зохиолч Д.Содномдорж, Д.Гармаа, Ж.Бямбаа нарын зэрэг хүмүүс Т.Баасансүрэнгийн тууж, өгүүллэг, романы талаар шүүмж судлалын өгүүлэл бичин хэвлүүлж, өөрсдийн санал бодол, сэтгэгдлийг илэрхийлж байсан байна. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн хошой шагналт, Дорнын их уран зохиолч Донровын Намдаг гуай түүний “Хар хорхой ба бөөн шоргоолж”, “Оросын цагаан хус”,  “Шинэ хүн”, “Талх” зэрэг өгүүллэгийг өндрөөр үнэлж “Хар хорхой ба бөөн шоргоолж” өгүүллэг чинь Хэвлэл утга зохиол хянах газрын давааг яаж давдаг бол гэж санаа зовинон хэлж байжээ. Уг өгүүллэг Галивлет дээр олон жил дарагдаж, сүүлд “Шоргоолжнуудын тулалдаан” нэрээр орос хэл дээр хэвлэгдсэний эцэст сая монголын уншигчдад хүрэх эрх нь нээгдэж байсан билээ.  Т.Баасансүрэн бол Донровын Намдагийн гарын шавийн нэг  юм. Монголын хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдорж Т.Баасансүрэнгийн “Монетон бөгж” өгүүллэгийнх нь талаар “Утга зохиол, урлаг” сонинд тусгайлан шүүмж бичиж бүхэл бүтэн туужийн уянгын санааг ганцхан өгүүллэгт нэн чадмагаар зангидан багтааж чадсан нь гайхалтай гэсэн байдаг. Утга зохиолын нэрт шүүмжлэгч Х.Сампилдэндэв түүний “Ятуу намнагч”, “Хүлээсэн нь”, “Бутач”, “Хатиг”, “Туулай буюу баавгай”, “Дэлхий минь, өлгий минь”, “Амьдрал, тэмцлийн шивнээ”, “Хос гариг”, “Алтан загасны үлгэр” зэрэг өгүүллэгт анализ хийж өндрөөр үнэлсэн бол Оросын эрдэмтэн, утга зохиолын судлаач Л.Герасимович өөрийн судалгааны номондоо Т.Баасансүрэнгийн “Хүлээсэн нь”, “Өрхийн тэргүүлэгч”, “Нөхдийнхөө төлөө баярлаж явна”, “Төрсөн өдрийн бэлэг” өгүүллэг нь хүн, хүний амьдралын утга учир, учгийг нарийн чадмаг дүрсэлж үзүүлжээ хэмээн онцолж тэмдэглэсэн байна. Дал наяад оны өгүүллэгийн нэрт мастер Т.Баасансүрэн “Алтай”, “Өвгөн цохио”, “Нүдэн булаг” зэрэг арав гаруй уянгын тууж туурвижээ. Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжсэн үеийн сэдвээр “Нэг орцныхон” хэмээх сонирхолтой тууж бүтээсэн байна. Түүний уянгын туужууд монголын уншигчдын сэтгэл зүрхийг байлдан дагуулж чадсан юм. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Доржийн Гармаа түүний өгүүллэг, туужуудыг “амьдралаас олсон алтан үртэснүүдээс бүтсэн алтан сарнай” гэж нэрлээд Т.Баасансүрэн нь монголын үргэлжилсэн үгийн уран зохиол дахь дал наяад оны богино өгүүллэгийн нэртэй төлөөлөгчийн нэг гарцаагүй мөн. Миний санахад Тугалхүүгийн Баасансүрэнгийн авьяас билгийг богино өгүүллэгээс нь дутахгүйгээр нээн харуулсан утга зохиолын төрөл зүйл бол түүний уянгын туужууд юм... 1979 онд туурвисан түүний “Алтай” тууж зохиогчийн өөрийнх нь уран бүтээлд төдийгүй монголын уран зохиолд хүндтэй байр эзлэхүйц бүтээл болсон юм. Орос, Киргизийн их зохиолч Чингиз Айтматовын дэлхийд нэрд гарсан уянгын туужуудыг өөрийн эрхгүй санагдуулдаг “Алтай” тууж бол далаад оны манай уран зохиол, түүний дотор монгол туужийн төрөлд гарсан шинэ үзэгдэл байлаа” гэсэн дүгнэлт хийсэн байдаг /“Монголын уран зохиолын дээжис”, “Алтай”, 71-р боть. УБ. 2001 он 4-10 дахь тал/. Монгол Улсын төрийн шагналт зохиолч Сономын Удвал Т.Баасансүрэнгийн эл туужийг уншаад “Алтайгаа үнэхээр сайхан магтаж дуулсан байна” гэсэн бол монголын үргэлжилсэн үгийн нэрт зохиолч, АИХ-ын депутат асан Жигжидийн Бямбаа “Алтай гэдгийг мэдэхгүй хүн энэ оронд үгүй билээ. Гэтэл Алтайг бичиж чадсан хүн энэ хорвоод үгүй бизээ. Р.Чойномын “Алтай” найраглалаас хойш Алтайн тухай ийм сэтгэл хөдлөм ном уншсангүй” хэмээн дуун алдсан удаатай /”Уянгын хоёр тууж”. УБ. 1995 он. 216 дахь тал/. Д.Нацагдоржийн болон Ч.Лодойдамбын шагналт   утга зохиолын нэрт шүүмжлэгч, доктор Бажуудайн Ганбат “Цагтаа үнэлэгдэж чадаагүй, үнэлэгдэх ёстой байсан зохиолууд цөөнгүй. Түүний нэг нь зохиолч Т.Баасансүрэнгийн “Алтай” тууж /1979 он/ юм. Хүмүүний амьдралын тухай гүн ухаан, уянгыг хослуулан сүлжиж бүтээсэн энэ бүтээлээ зохиолч тэр үед Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулан зарласан уралдаанд уясан юм” /”Уянгын хоёр тууж”, УБ. 1995, 4-5 дахь тал/ хэмээжээ. Монгол Улсын төрийн соёрхолт, утга зохиолын ахмад шүүмжлэгч, доктор профессор Д.Цэнд Т.Баасансүрэнгийн “Нүдэн булаг” уянгын туужийг МЗЭ-ийн хоёр их хурлын хооронд гарсан хамгийн шилдэг тууж  гэж  өндрөөр үнэлж байсан бол академич, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Х.Сампилдэндэв “Яруу сайхны ухаарал нь Алтай нутагтайгаа холбоотой явдаг энэ уран бүтээлчийн эх орны тухай санаа бодлыг уран яруу дүрслэлээр харуулсан нэг бүтээл бол “Нүдэн булаг” билээ. Туужийн гол дүр Дамиран өвгөн ач хүүдээ хандан “Алтай нутгийн хүйс гэгдэх нүдэн булаг хэзээ ч ширгэх учиргүй. Тийм болохоор Алтайд амьдрал тасрах учиргүй. Хөрст дэлхийн мэнгэ болсон хөх нүдэн булгаа хүн ард нь хайрлан хамгаалж явах учиртай  гэж хэлж байгаа нь зохиолын гол санаа юм... Алсыг ширтэн жижиг толгойн оройгоос хот айлын зүг саравчлан, согтуу хөлчүү хойт эцэгт ээжийгээ зодуулахыг харан харамсаж, өвөөтэйгээ хамт бодол сэтгэлээ хуваалцан, ярьж өгсөн үлгэр домогт нь итгэн эх нутгаа хайрлаж байгаа болон үнэн байдлын дүрслэл, үлгэр домгийн сэтгэмж хосолсон Харлаг тэхийн өгүүлэмж зэрэг нь Ч.Айтматовын “Цайран харагдах хөлөг онгоц” туужийн дүр, үйл явдлыг үе үе санагдуулж байна. Гэхдээ энэ нь өнгөц дууриал бус бүтээлч эрлээс үүдсэн урлах эрдмийн нөлөөгөөр тайлбарлагдана” гэсэн байна /Х.Сампилдэндэв. Урлах эрдмийн нууц. УБ. 1993 он. 101-103 дахь тал/. Т.Баасансүрэнгийн “Өвгөн цохио” зэрэг  туужийг утга зохиолын шүүмжлэгч доктор, профессор Д.Өлзийбаяр нарийвчлан шинжилж үзээд “Хөвчийн өндөр ууланд нэг насаар ан гөрөө хийж аж төрсөн анчин Гомбо, түүний гэргий Балжидын эх Долзодын төрөлх нутгийнхан болох Галтайхан, хаяа зэрэгцэж нийлсэн цаатан ард Эрсаргайн омгийнхны эгэл жирийн атлаа байгаль дэлхийгээ гэсэн халуун эх оронч хайр энэрэлийг “Өвгөн цохио” туужид нэн уянгалгаар дүрслэн харуулж далай ээжийн домог Өвгөн цохион үүсэл гарал, эрт эдүгээг нэгэн орон зайд туульсын хэлбэрээр холбон сүлжилдүүлсэн сонирхолтой бөгөөд үнэмшилтэй зохиомжийг бодож олсон нь олзуурхмаар байна... “Алтай” тууж дахь Алтай баатар хүүгийн домог, “Нүдэн булаг” туужийн “Харлаг тэх буюу Зулцэцэгийн тууль”, “Өвгөн цохио” дахь далай ээжийн домог нь дээрх туужуудын амин сүнс юм. Шүлэглэн урласан эдгээр домгийг тэр ардын аман зохиолоос шууд хуулбарлаж авсангүй. Харин өөрөө зориуд бодож зохиомжилсон нь үнэхээр сайшаалтай” хэмээжээ /”Монголын уран зохиолын дээжис”, 71-р боть. УБ. 2001. 13-15 дахь тал/. “Алтай” туужийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орос хэлний нэрт орчуулагч Хасбаатарын Мэргэн орос хэл рүү хөрвүүлжээ. Зохиолч Т.Баасансүрэн “Тэрбумтан”, “Уулс, үүлс, туульс” /I ба II дэвтэртэй/ хэмээх роман туурвижээ. Утга зохиолын шүүмжлэгч, академич, доктор профессор Х.Сампилдэндэв “Тэрбумтан” роман Монголын утга зохиолд шинэ хандлага, шинэ хаялга авчирсан сайн бүтээл боллоо” гэж үнэлсэн бол Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч доктор Ц.Хасбаатар “Тэрбумтан бол Монголд нэг нийгэм нөгөөгөөр солигдох шилжилтийн үеийн зурвас үйл явцыг нийгмийн өргөн цар хүрээнд тусган харуулсан манай анхны романуудын нэг юм. Монголын нийгэмд цоо шинэ улстөрийн хүчин бүрэлдэн төлөвшиж эхэлж буй, өөрөөр хэлбэл хөрөнгөтний шинэ маягийн төлөөлөгчид нийгмийн тавцнаа шалгарч товойн гарч ирж буйг Т.Баасансүрэн өөрийн шинэ бүтээлдээ уран сайхны аргаар нээн харуулжээ. Монголын түүхэнд урьд өмнө байгаагүй шинэ баатар төрснийг “Тэрбумтан” роман зарлан тунхаглалаа... “Тэрбумтан” романыг орчин үеийн романы төрөл зүйл, тухайлбал адал явдлын роман, зөгнөлт роман, сэтгэл зүйн роман, улстөрийн романы язгуур эд эсээс бүрдсэн утга төгөлдөр уран цогцолбор бүтээл гэж хэлж болно”  гэж онцлон тэмдэглэсэн байна /Тэрбумтан. УБ.1999.Ц.Хасбаатар. Өмнөх үг. 7 дахь тал/ “Тэрбумтан” роман нь ерээд оны үеийн хамгийн эрэлт хэрэгцээтэй, уншигчдын сонирхол татсан роман бөгөөд хоёронтоо хэвлэгдэж, академич Цэндийн Дамдинсүрэнгийн төрсөн охин монгол судлаач, доктор профессор Анна Цендына орос хэл рүү хөрвүүлсэн байна. “Уулс, үүлс, туульс” романаа зохиолч Т.Баасансүрэн 2014 онд уншигчиддаа өргөн барьсан байна. “Шинэ романдаа зохиогч хорьдугаар зууны сүүлийн хагас, хориннэгдүгээр зууны эхэн үеийн Монгол Улсын байдал, хөгжил дэвшлийг гол баатар Тулгын амьдрал, тэмцлийн нэгэн жарны түүхээр товойлгон харуулжээ... Романы гол баатар Тулга. Тулга бол тухайн үеийн нийгмийнхээ үр хөврөл болон өсч төлөвшөөд улс нийгэм, эх орныхоо аль хэрэгцээтэй газар нам төрийн даалгавраар явж ажиллаж, ухамсарт бүх амьдралаа хоёргүй сэтгэлээр нийгэмдээ зориулсан социализмын үеийн мянга мянган сэхээтний нийтлэг дүрийн илэрхийлэл аж. Социализмаас Монгол Улс капитализмд шилжих шилжилтийн зурвас үе тэдний хувьд туйлын хүнд хэцүү байсан ч тэсч үлдэж, тэмцэж зүтгэж, унаж тусан байж зохицон өөрчлөгдөж, хувьсан шинэчлэгдэж байгааг Тулгын дүрээр зохиогч үзүүлжээ... “Уулс, үүлс, туульс” роман нь дотроо 9 бүлэгтэй бөгөөд нийтдээ 230 гаруй хүн ямар нэг байдлаар гол баатар Тулгатай холбогдож дүрслэгдэж байгаа нь уг бүтээлийн агуулга, өргөн цар хүрээг илтгэнэ. Баруун Монголын олон ястны дуу шүлэг, үлгэр домог, дууль туульсыг тэндхийн хүн ард, гол баатар Тулгын амьдрал тэмцэлтэй холбож сүлжилдүүлэн уянгалгаар өгүүлж, Алтай, Хангай, тал хээр нутаг, төрж өссөн уул усныхаа давтагдашгүй өвөрмөц гоо үзэсгэлэнг эгэл жирийн хүмүүсийн амьдралтай холбон зурж утга агуулгыг улам гүнзгийрүүлсэн нь эл романы хамгийн амттай, шимтэй хэсэг нь юм. Түүгээр дамжуулж баатруудынхаа дүр төрх, хүсэл эрмэлзэл, тэмцэл тэмүүлэл, үйл амьдралыг товойлгон гаргажээ” хэмээн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, доктор профессор Ш.Цэнд-Аюуш “Зууны мэдээ” сонинд нийтлүүлсэн шүүмждээ онцолсон байна./”Зууны мэдээ” сонин. Ш.Цэнд-Аюуш “Уулс, үүлс, туульс” романы тухай. 2015.5.8 № 93/5019/ Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч Дөнгөтийн Цоодол “Алтайнхны сүр жавхлан, эзэн түмэндээ ивээл түшиг болсон олон уулсыг хүүдээ үзүүлэхээр замд зориуд гарч, уулсыг зүслүүлж яваа аав нь Алтай Таванбогд, Сутай хайрхан, Хар тарвагатайн нуруу, Мянган угалзатын нуруу гэхчлэн уулс, тэдний цаст цагаан оргил, ногоон бэлийг зааж, тэр бүгдийг анх удаа үзэн баясаж яваа бяцхан Тулгын тухай уншихад Антон Чеховын “Тал” туужид гардаг байгалийн яруу үзэсгэлэн, сургуульд ороод төрсөн тосгоноосоо анх гараад олныг үзэж яваа хүү Егорка, эсвэл Францын Анри Додегийн зохиолын нэгэн баатар бага хүүгээ дагуулан алдарт Монблан уулыг үзүүлэх гэж хэрхэн ядарч, жаргаж яваагийн монгол зургархуу сонин сайхан бодогдох аж” хэмээн “Уулс, үүлс, туульс” романы ур чадварыг өндрөөр үнэлжээ. /“Уулс, үүлс, туульс”. УБ.2014. Д.Цоодол ”Алтайгаас эхэлсэн хорвоогоороо агт хүлгээ залан залан туурвидаа, анд минь. 12 дахь тал/. Дашдоржийн Нацагдоржийн болон Донровын Намдагийн нэрэмжит шагналт зохиолч Т.Баасансүрэн “Монетон бөгж”, “Шиврэн шиврэн орсон зүсэр бороо” өгүүллэгүүд, “Алтай” уянгын туужууд, “Тэрбумтан” роман, “Уулс, үүлс, туульс” роман /I ба II дэвтэртэй/, “Нямаагийн тухай өгүүллэгүүд” хүүхдийн тууж, өгүүллэгийн 7 ботио хэвлүүлсэн байна. 2017 онд “Сумын эмч” хэмээх телевизийн 7 ангит уран сайхны кино бүтээж үзэгчиддээ өргөн барьсан нь нийгмийн зүгээс талархал хүлээсэн билээ. Уг олон ангит киноны үргэлжлэл “Ардын эмч” кино удахгүй телевизийн дэлгэцнээ гарна. Тэр “Эх орон сумаас эхэлнэ”, “Туурвихуйн урланд” зэрэг телевизийн нэг бус цувралыг санаачлан буй болгожээ. Зохиол бүтээл нь орос, казак, болгар, польш, халимаг хэл дээр хөрвүүлэгджээ. /“Тэрбумтан” роман, “Алтай” тууж нь орос хэл дээр орчуулагдан оросын уншигчдын хүртээл болсныг өмнө тэмдэглэсэн/. Хоёр. Зохиолч Т.Баасансүрэн бол манай улсын нэрд гарсан нийтлэлч билээ. Тэр монголын хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй гуч гаруй жил ажиллахдаа хэдэн зуун тэмдэглэл, найруулал, зураглал, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, эссе бичиж нийтлүүлсэн байна. Сэтгүүлч Т.Баасансүрэн нь М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгсөөд 1974 онд “Үнэн” сониноос хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Тэрбээр төвийн сонин хэвлэлд хэдэн зуу, мянган мэдээ, сурвалжлага, ярилцлага, өгүүлэл, найруулал, тэмдэглэл, эссе, зураглал бичиж нийтлүүлсэн байна. Уншигчид судлаачдын сонирхлыг татсан “Дэлхийг эзлэх Японы төлөвлөгөө”, Туркийн тухай “Хүн хөшөөний дууль”, Польш болоод Украин, Балтын 3 орны талаарх “Элчин сэтгүүлчийн тэмдэглэл” зэрэг номыг Т.Баасансүрэн туурвисан юм. “Гадаадад зорчсон тэмдэглэлүүд” хэмээх сонирхолтой түүвэр хэвлүүлжээ. Уг түүвэрт  түүний “Зөрчил тэмцэлтэй Энэтхэг орноор”, “Өөрчлөн байгуулалт ба Арбатын гудамж”, “Дэлхийд ганцхан Куба”, “Хар ирвэсийн арал дээр” зэрэг шилдэг тэмдэглэлүүд нь оржээ.Тэр “Монголын ажилчин”, “Монголын Үндэсний мэдээ” сонины эрхлэгчээр үр бүтээлтэй ажиллаж байв. “Номинчимэдийнхэн”, “Наран, саран, дэлхий”, “Элчин сэтгүүлчийн тэмдэглэл”, “Төрийн түшээ гэж хэн бэ?”, “Гадаадад зорчсон тэмдэглэлүүд”, “МОНЦАМЭ: үе үеийнхэн”, “Бөмбөрцөг бөөрөнхий” зэрэг шилдэг нийтлэлийн 7 ботио хэвлүүлсэн байна. “Их Монгол Улс” хэмээх 7 хэсэг бүхий хоёр ангит телевизийн томоохон нийтлэл бүтээж, төрж өссөн Ховд аймгийн Цэцэг сумынхаа хүн ард, үзэсгэлэнт байгалийг хөрөглөн буулгасан “Эх орон сумаас эхэлнэ” теле нэвтрүүлэг бэлтгэжээ. Тэрбээр “Хээр морьтой хүн”, “Идэвхтэн”, “Өвсний үнэр” зэрэг найруулал, Бөмбөрцөг бөөрөнхий ерөнхий нэрийн дор “Хээгүй Ерөнхийлөгч”, “Хийгүй Ерөнхийлөгч”, “Хохирогч Ерөнхийлөгч”, “Хошигруулагч Ерөнхийлөгч” хөрөг бичсэн нь уншигчдын талархлыг хүлээжээ. Монголын говь, Монголын Алтай, Монголын тал хээр, Монголын Хангайн тухай “Чингисийн монголын онгон байгаль” уран нийтлэлийн ном бичиж, “Сутай”, “Уул усны нутгаар” зураглал, “Шүдэнз зураад хаяхын адил асаад унтардаг амьдралын тухай эргэцүүлэл” эссе, “Тэнэгхэн монголчууд минь битгий мартаарай”, “Бузартсан гал тогоогоо цэвэрлэх юмсан”, “Тэсэрч дэлбэрэхэд бэлэн болсон Монгол орон” зэрэг асуудал дэвшүүлсэн өгүүлэл нийтлүүлсэн нь сэтгүүлзүйн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тэрбээр Радио телевизийн улсын хороо, “Үнэн” сонин, МОНЦАМЭ агентлаг, Монголын Сэтгүүлчдийн Холбоо, TV-9 телевизэд ажиллаж Монголын чөлөөт ардчилсан хэвлэлийг бүрэлдүүлэн төлөвшүүлэхэд хүчин зүтгэсэн байна. Улс нийгэмд тасралтгүй 44 жил ажиллаж байгаагаас гуч гаруй жилд нь сэтгүүлч боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуульд /тухайлбал Отгонтэнгэр их сургууль, Шинжээч XXI дээд сургууль, Улаанбаатар Эрдэм Их Сургууль зэрэг/ багшилж олон зуун шавь бэлтгэжээ. Тэрбээр арав гаруй магистрын эрдмийн ажлыг удирдаж, сэтгүүлзүйгээр нэг докторыг хамгаалуулж, эдүгээ гурван докторантын эрдэм шинжилгээний ажлыг удирдаж байна. Т.Баасансүрэн “Шинжээч XXI”, “Улаанбаатар Эрдэм Их сургууль”-д сэтгүүлзүйн шавь сургалтыг буй болгож, оюутнуудыг гуравдугаар ангиас нь Монгол Улсын Ардын уран зохиолч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч сэтгүүлчдэд шавь оруулж, “Багш, шавийн барилдлага” тогтоон бичих дадлагад сургаж байгаа нь ихээхэн үр дүнтэй болж буй. Энэ нь Европын сургалтын стандартыг Дорнын, түүний дотор Монголын уламжлалт сургалтын аргатай холбосон шинэлэг алхам болсон юм. Нийтлэлч Т.Баасансүрэн сэтгүүлзүйн бүх төрөл, зүйлээр нийтлэлүүдээ туурвидаг бөгөөд хэн хүний зориглон барьж авч чаддаггүй шүүмжээр сүүлийн хориод жилд дагнан ажиллаж тодорхой амжилтад хүрсэн уран бүтээлч юм. “Сүүлийн гуч шахам жилд Монголын сэтгүүлзүйг хөгжүүлэхэд ухамсарт амьдралаа зориулж, авьяас билгээ дайчилж ирсэн томоохон зүтгэлтний нэг бол зохиолч сэтгүүлч Тугалхүүгийн Баасансүрэн билээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд сэтгүүлзүйн бичлэгийн олон зүйлээр бүтээлээ туурвиж арвин туршлага хуримтлуулсны дотор сэтгүүлзүйн шүүмж хэмээх шинжлэх ухаан-нийтлэл зүйн хосолмол шинжтэй бичлэгийн зүйлээрээ Монголын сэтгүүлзүйд хүч түрэн тодорсон юм. Тэр, бичлэгийн энэ зүйлийг бусдаас түлхүү анхаарч бичсэнээрээ монголын сэтгүүлзүйд олон жилийн турш байсаар ирсэн хоосон орон зайг нөхсөн гэж хэлж болно.  Бусдын бүтээлийг шүүмжилж, үнэлж дүгнэх эрдэм судлалын шинжтэй энэ зүйлээр бүтээл туурвихдаа нийтлэл-уран сайхны өнгө аясыг өргөн хэрэглэдэг нь Т.Баасансүрэнгийн шүүмж бичлэгийн өвөрмөц тал юм. Өөрөөр хэлбэл судалгааны аястай нийтлэл, уран бүтээлийн хөрөг гэж хэлж болохуйц шинэ зүйлээр сэтгүүлзүйн судалгааны арга хэлбэрийг баяжуулсанд түүний гол гавьяа орших юм. Т.Баасансүрэн бүрэн биш тооцоогоор сэтгүүлзүйн зуу шахам бүтээлд шүүмж бичсэний дотор “Чөлөөт ардчилсан хэвлэлийн загалмайлсан эцэг”, “Шинэ зууны эхний шижиртсэн сайхан бүтээлүүд”, “Энцеклопеди Жамбалдорж буюу танин мэдүүлэгч сэтгүүлч”, “Оны шилдэг номын нэг”, “Үнэн” сонины Дамба”, “Нэгэн сонины нийтлэлд хийсэн зарим ажиглалт”, “Маргааш” сонины маргаашийн төрх”, “Билэг оюуныг бадраагч билгүүн судар”, “Шигтгээ од шиг гялалзана”, “Анхдагч алтан гадас од нь энэ мөн”, “Сэтгүүзүйг баяжуулав, хойч үе үнэлнэ”, “Баримтаас дүр бүтээх ёсон” зэрэг шилдэг шүүмж олон бий... Т.Баасансүрэн цагийн аясыг дагаж хөвсөргөнтдөггүй, Монголын сэтгүүлзүйн түүхэн хөгжлийн явцыг өргөн хүрээнд харж, авах гээхийн ухааныг зөв хослуулан, уламжлал шинэчлэл хоёрыг холбох гүүр болж ирснийхээ хувьд сэтгүүлзүйн түүхэнд мөнхрөх гавьяатай нэгэн билээ” гэж сэтгүүлзүйн шинжлэх ухааны доктор, профессор Л.Норовсүрэн нийтлэлч Т.Баасансүрэнгийн уран бүтээлийг үнэлж дүгнэсэн байна. /Л.Норовсүрэн. Монголын нийтлэл. Гутгаар дэвтэр. УБ. 2007. 99-101 дэх тал/   Монголын сэтгүүлзүйн онол практикийн тулгамдсан асуудлыг хамгийн өргөн хүрээнд даацтай судалсан эрдэмтэн бол шинжлэх ухааны доктор, профессор М.Зулькафиль юм. Тэрбээр сэтгүүлзүйн тулгамдсан асуудлаар цуврал арван боть бүтээлийг туурвисан билээ. Уг цувралын 10-р ботид “Доктор, профессор Т.Баасансүрэнгийн бүтээлийн тухай хоёр эргэцүүлэл” хэмээх судалгааны өгүүллээ оруулжээ. Тэрбээр “Сэтгүүлзүйн судлаач Т.Баасансүрэн Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлзүйн үүсэл, хөгжил, төлөвшлийн асуудлыг манай орны сэтгүүлзүйн 100 орчим жилийн түүхэн туршлага, нийтлэлийн төрөл зүйл, ур чадварын уламжлал, шинэчлэлийг түүхчлэн үзэх, задлан шинжилж нэгтгэн дүгнэх, агуулгын дүн шинжилгээ хийх /контент-анализ/, нэгжээс ерөнхий, ерөнхийгөөс нэгж рүү шилжих, харьцуулан судлах зэрэг сэтгүүлзүйн судлалд түгээмэл хэрэглэдэг нийтлэг аргуудын тусламжтайгаар судалж “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” хэмээх томоохон хэмжээний нэг сэдэвт зохиол бичсэн”  гэж онцлоод “Монгол дахь тогтмол хэвлэл, түүний дотор чөлөөт хэвлэлийн үүсэл, хөгжил, төлөвшлийн асуудлыг судлаач монголын хэвлэлийн уламжлал ба шинэчлэлийн уялдаан холбоон дунд нь авч үзээд хөгжлийн цаашдын төлөв байдлын талаар таамаглал дэвшүүлж, түүнийг бодит баримтын үндсэн дээр баталж чадахуйц дүгнэлт хийснээрээ анхаарал татсан цоо шинэ ажил болжээ...Зохиогч монголын хамгийн анхны чөлөөт хэвлэл нь “Шинэ толь хэмээх бичиг” сонин гэж өөр өнцгөөс харж Монголын сэтгүүлзүйн судлалд шинэ үг хэлсэн нь үнэ цэнэтэй болсон юм” гэж түүний судалгааны ажлыг өндрөөр үнэлээд өөрийн бичсэн “Эрэл олзоор дүүрэн Элчин сэтгүүлчийн тэмдэглэл” судалгааны өгүүллээ дагалдуулан нийтэлжээ. Уг судалгааны өгүүлэлд Т.Баасансүрэнгийн бичсэн “Дэлхийг эзлэх Японы төлөвлөгөө”, “Хүн хөшөөний дууль”, “Элчин сэтгүүлчийн тэмдэглэл”, “МОНЦАМЭ: үе үеийнхэн”, “Төрийн түшээ гэж хэн бэ?”, “Наран, саран, дэлхий” уран нийтлэлийн номуудад задлан шинжлэл хийж өөрийн үгийг хэлсний зэрэгцээ “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботийг санаачлан хэвлүүлж буйг үнэхээр хөхиүлэн дэмжүүштэй буянтай сайн үйлс гэж талархан тэмдэглэсэн байна. /М.Зулькафиль. Сэтгүүлзүйн судалгааны бүтээлүүд. УБ. 2017. X боть. 224-236 дахь тал/   Гурав. Судлаач Т.Баасансүрэн сэтгүүлзүйн онол, практикийн тулгамдсан асуудлаар 20 гаруй ном зохиол бичиж, олон арван эрдэм шинжилгээний өгүүллийг дотоод, гадаадын сонин сэтгүүлд нийтлүүлжээ. “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” хэмээх цуврал 6 боть судалгааны томоохон бүтээл туурвиж, Монголын үндэсний хэвлэлийн өнгөрсөн зуу гаруй жилийн түүхийг тодотгоход үнэтэй хувь нэмрээ оруулжээ. Ялангуяа 1913-1914 оны “Шинэ толь хэмээх бичиг” ба 1915-1920 оны “Нийслэл хүрээний сонин бичиг” сонины нийтлэлд хийсэн түүний задлан шижлэл, 1920 онд зургаан дугаар хэвлүүлсэн “Монголын үнэн” сонины нийтлэлийн бодлогын талаарх нарийвчилсан задаргаа бүхий судалгаа, үнэлгээ дүгнэлт, МОНЦАМЭ агентлагаас 1922-1923 онд монгол, орос хэл дээр гаргаж байсан “Бюллетень МОНТА” ба “Хураангуй сэтгүүл”-ийн талаарх шинжлэх ухаанч шинэ үг нь Монголын хэвлэлийн түүхийг үнэн зөвөөр ойлгох, их, дээд сургуулиудын сэтгүүлзүйн салбарынхны сургалтад хэрэглэгдэхүүн болгож ашиглахад ихээхэн ач тустай ажил болсон билээ. Сэтгүүлч боловсон хүчин бэлтгэдэг Монголын бүх их, дээд сургуулиуд түүний туурвисан “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” хэмээх 6 ботийг сургалтад идэвхтэй ашиглаж байна. Зохиогч Монгол дахь чөлөөт хэвлэлийн эхлэлийг өнгөрсөн зууны ерээд оноос биш харин бүр 1913-1914 оны “Шинэ толь хэмээх бичиг” ба 1914-1920 оны “Нийслэл хүрээний сонин бичиг” сонины нийтлэлээс эрж хайж, түүнийг баримтаар баталж нотлон монголын хэвлэлийн түүхийг уламжлал ба шинэчлэлийн уялдаа холбоон дунд нь авч үзсэн нь манай сэтгүүлзүйн судлалд шинэ үг болж чадсан юм. Тэр монголын сэтгүүлзүйг үндэслэгч нь Жамсраны Цэвээн мөнийг үнэмшилтэйгээр баталж чадсан эрдэмтний нэг бөгөөд эдүгээ сэтгүүлзүйн салбарынхан үүнийг бүгдээрээ нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Уг цувралын 3 дугаар боть буюу “1990 оны ардчилсан хувьсгал ба Монгол дахь чөлөөт хэвлэлийн хөгжил, түүний цаашдын төлөв” номондоо доктор, профессор Т.Баасансүрэн ерэн оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монголд жинхэнэ утгаараа бүрэлдэн төлөвшиж эхэлсэн чөлөөт хэвлэлийн төлөвшил, явц байдалд анх удаа нарийвчилсан шинжилгээ хийж, сэтгүүлзүйн онолын үүднээс мэргэжлийн өндөр түвшинд үнэлгээ дүгнэлт өгсөн байна. Ийм ул суурьтай томоохон судалгаа  2009 он хүртэл  гараагүй байсан юм. “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” хэмээх цуврал 6 ботийг монголын сэтгүүлзүйн салбарын олон эрдэмтэн, түүний дотор доктор, профессор С.Лочин, М.Зулькафиль, Б.Болд-Эрдэнэ, Ч.Чойсамба нарын эрдэмтэд өндрөөр үнэлсэн байдаг юм. Жишээ нь МУСГЗ Ц.Дашдондов “Монголд сэтгүүлзүй гэж байгаа бол тэр нь түүхтэй байх ёстой. Тэрхүү түүхийг бүтээгчдэд зориулсан хамгийн бат өндөр суваргыг Т.Баасансүрэн босгосон. Үүний үнэмшилтэй нотолгоо нь гэвэл төсөрхөн түүний туурвисан таван боть цуврал бүтээл... Ямар ч л байсан өнөөхөндөө өд сөд нь гүйцэд ургаж төлөвшөөгүй байгаа сэтгүүлзүйн судлалд тодорч, товойн харагдахаар том суварга анхлан босгосон түүчээ бол Т.Баасансүрэн доктор мөнөөс мөн. Тиймээс ч миний бие уг номын нээлтийн ёслолд уригдан оролцож үг хэлэхдээ тэрхүү таван боть цувралыг сэтгүүлзүйн шүүмж судлалд сүндэрлэн тодрох суваргатай зүйрлэсэн” гэж өндрөөр үнэлсэн бол МУСГЗ Х.Цэвлээ “Сэтгүүлч доктор Т.Баасансүрэн 2009 онд “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” хэмээх цуврал 5 боть хэвлүүллээ. Монголын хэвлэлийн түүхэнд анхдагч дорвитой бүтээл болсон тул Монгол Улсын Төрийн шагналд МСНЭ-ээс нэр дэвшүүлмээр байгаа юм” гэж өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн байх жишээтэй байна. /XXI зууны эхэн үеийн монголын чөлөөт хэвлэл ба сэтгүүлчдийн уран чадварын зарим асуудал. УБ. 2010. 416 дахь тал/. Судлаач Т.Баасансүрэн 2014 онд “Монголын нууц товчоо”-нийтлэлийн дурсгалт бичиг мөн” хэмээх 21,5 хэвлэлийн хуудас эрдэм шинжилгээний шинэ бүтээлээ нийтийн хүртээл болгосон юм. Зохиогч уг бүтээлээ шинэчлэн баяжуулж нэг бүлэг нэмж бичээд 2017 онд дахин хэвлүүлсэн байна. Энэ бол түүний сүүлийн арваад жилийн эрчимтэй эрэл хайгуул, нөр их хүч хөдөлмөрийн үр дүнд бүтсэн томоохон эрдмийн ажил болно. Тэрбээр “Монголын нууц товчоо”-н дахь баримтын мөрөөр уйгагүй мөшгөж, дотоод гадаадын эрдэмтдийн олон арван ном зохиолыг харьцуулан судлаж шинжилсний үндсэн дээр “Монголын нууц товчоо”-нд гарч байгаа бүх үйл явдал үнэн бодитой, газар ус, хот балгад, хүмүүсийн нэрс зохиомол биш болохыг нотолж батлаад “Монголын нууц товчоо” бол яах ч аргагүй XII  зууны сүүлч, XIII зууны эхэн үеийн Монголын эзэнт гүрний үүсэл төлөвшил, мандал бадрал, Чингис хаан, түүний хан хөвүүдийн байлдан дагууллын үнэн бодит түүх, тухайн цаг үеийн түүхэн чухал үйл явдлыг хураангуйлж охилон дээжилсэн нийтлэлийн хосгүй нандин дурсгалт бичиг мөн. “Монголын нууц товчоо”-г зөвхөн монголын хуучны уран зохиолын төдийгүй баримтат нийтлэлийн дээж бичиг гэж үзвэл зохино” гэсэн үндсэн дүгнэлт хийжээ. Тэрбээр бас “Монголын нууц товчоо” хөлгөн их судрын 12 дэвтрийн бичлэгийн 282 зүйлд задлан шинжлэл хийж үзээд бичлэгийн арга хэлбэр нь уран зохиолын гэхээсээ илүүтэйгээр нийтлэлийн өнгө төрхтэйг тогтоож, нийтлэл зүйн үнэн бодит байдал, товч тодорхойн зарчмыг уг бүтээлд хөдөлшгүй мөрдсөн байхын зэрэгцээ сэтгүүлзүйн бичлэгт хамааруулж болох мэдээ, сурвалжлага, сурвалжилсан тэмдэглэл, ярилцлага, дуртгал тэмдэглэл, тэдгээрийн шинж тэмдгийг өөртөө агуулсан бичлэгийн элементүүд байгааг баримтжуулан баталсан байна. Мөн “Монголын нууц товчоо”-ны үг хэллэг, дүр дүрслэлийг Монголд анх удаа нийтлэл зүйн үүднээс нягтлан задалж шинжилсэн нь сэтгүүлзүй, утга зохиолын судлаачдын анхаарлыг гойд татсан билээ. Энэ бол монголын сэтгүүлзүйн шинжлэлд зохиогчоос хэлсэн цоо шинэ үг болсон юм. ШУА-ийн дэд Ерөнхийлөгч, академич Т.Дорж уг бүтээлийг “Нийгмийн шинжлэх ухаан, түүний дотор сэтгүүлзүйн шинжлэлд хэлсэн зоримог бөгөөд үнэмшилтэй шинэ үг юм” гэж үнэлсэн бол Монгол Улсын ардын багш, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян “Монголын нууц товчоо” судалсан хүмүүсийг ажиглабал голдуу л оюун ухааны өндөр чадвартай, соёл шинжлэх ухааны нэрт эрдэмтэд байдаг. Ер нь хэр баргийн хүн энэ их дагшин бүтээлийн нууцад халдах аргагүй. Энэ нь уг бүтээлийн агуулга хэр гүн, олон талтайг харуулж байна. Энэ утгаар нь үзвэл доктор Т.Баасансүрэн эрдэм чадал, оюуны эрч хүчийн хувьд Нууц товчоог оролдох хүний нэг яах аргагүй мөн. Тийм ч учраас сэтгүүлч, нийгэм соёлын зүтгэлтний дотроос “Монголын нууц товчоо”-г өөр нэг өнцгөөс нь анх удаа нарийвчлан судалж өвөрмөц дүгнэлт хийсэн байна” гэж өндрөөр үнэлсэн байна. /“Монголын нууц товчоо”-нийтлэлийн дурсгалт бичиг мөн”. УБ. 2014.”Шинжлэл судлалд шинэ үг хэлсэн бүтээл” ба “”Монголын нууц товчоо -ны нууц руу шинэ  харгуй гаргажээ”, 5-6 дахь тал/ Уг бүтээлийн талаар манай сэтгүүлзүй, утга зохиолын нэртэй судлаачид, тухайлбал Б.Номинчимэд, А.Даваасамбуу, Х.Цэвлээ, До.Цэнджав  зэрэг хүмүүс өөрсдийн үгийг хэлсэн байдаг бөгөөд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл 2014 онд “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цуврал 5 боть  /сүүлд нэг боть нэмж гаргасан/ ба “Монголын нууц товчоо”-нийтлэлийн дурсгалт бичиг мөн” судалгааны дорвитой бүтээл туурвисны учир доктор Т.Баасансүрэнг дээрх хоёр бүтээлээр нь Монгол Улсын Төрийн соёрхолд нэр дэвшүүлж байжээ. Доктор, профессор Т.Баасансүрэн нийтлэл, нэвтрүүлгийн үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн “Тэргүүн туршлагыг хэвлэлээр сурталчлах асуудалд”, “Сэтгүүлчийн уран чадварын тухай яриа”, “Сэтгүүлчийн уран чадварын асуудал: уламжлал ба шинэчлэл” зэрэг өөр олон ном зохиол туурвиж монголын сэтгүүлзүйн онолын сэтгэлгээг хөгжүүлэхэд өөрийн жинтэй хувь нэмрийг оруулжээ. Утга зохиол, сэтгүүлзүй судлаач доктор До.Цэнджав түүний эдгээр бүтээлийн тухай “Сэтгүүлчийн урланд хийсэн эрэл” хэмээх шүүмж бичиж өндрөөр үнэлж байв. /”Монголын мэдээ” 1999.4.7. № 53/055/. Түүний эрдэм судлалын ажлууд орос, хятад хэл дээр нийтлэгджээ. Тэрбээр бас утга зохиол, сэтгүүлзүйн тавь гаруй номыг редакторлаж өмнөх үг бичсэн байна. Мөн Монголын сэтгүүлзүйн 100 жилийн ойд зориулсан “Монголын сэтгүүлзүйн шүүмж судлал” 5 боть, Монголын сэтгүүлзүйн нэрт төлөөлөгч Гэндэнжамцын Дэлэгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан түүний судалгааны бүтээлүүд, аян замын тэмдэглэлийн 6 ботийг хэвлэлд бэлтгэж гаргах ажлыг удирдан зохион байгуулалцсан байна. Т.Баасансүрэн Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн үйл явцыг шинжлэх ухааны үүднээс ул суурьтай тогтож судалсан төдийгүй Монгол дахь ардчилсан нийгмийн үнэт зүйлс болсон чөлөөт хэвлэлийн хөгжилд эхнээс нь идэвхтэй оролцсон сэтгүүлчийн нэг юм. 20 гаруй жилийн өмнө тус улсад Монголын Хэвлэлийн Хүрээлэнг анх үүсгэн байгуулалцахад гар бие оролцож явсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус байгууллагын Удирдах Зөвлөлийн гишүүнээр нэг бус удаа сонгогдон ажиллажээ. МСНЭ-ийн үйл ажиллагаанд тэрбээр идэвхтэй оролцож, тус байгууллагын дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн бөгөөд 2010 оноос “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботийг санаачлан хэвлүүлж, эдүгээ 50-иад боть нь уншигчдын гарт хүрээд байна. Энэ нь монголын нийгмийн сайн сайхны төлөө түүний хийж хэрэгжүүлж байгаа бодитой томоохон ажлын нэг юм. Монголын сэтгүүлзүйн өнгөрсөн 106 жилийн түүхийг эмхлэн цэгцлэх, судалгааны эргэлтэд оруулах энэхүү ажлыг тэрбээр хэсэг эрдэмтний хамт хэрэгжүүлэхдээ улсаас нэг ч төгрөгийн дэмжлэг авалгүйгээр өөрсдийн хүч хөдөлмөр, санал санаачилгаар ажил хэрэг болгож байгаа болно. Тэрбээр эдүгээ ч хэвлэл мэдээллийн байгууллагад мэргэжлийнхээ дагуу ажилласаар байна. Түүний удирдаж буй TV-9 телевиз МСНЭ-ийн 2015 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шалгарч “Гран при” шагнал авч байв. “Т.Баасансүрэн нь монголын сэтгүүлзүйн томоохон судлаач, шүүмжлэгч төдийгүй уншигч олон түмэндээ нэгэнт танигдаж үнэлэгдсэн нэртэй сайн нийтлэлч, үргэлжилсэн үгийн авьяаслаг зохиогч мөн” гэж судлаачид түүнийг үнэлжээ. /Л.Норовсүрэн, Б.Уянга “Монголын сэтгүүлзүйн шүүмж судлал: Сэтгүүлзүйн судлаач, шүүмжлэгч Тугалхүүгийн Баасансүрэн”. УБ. 2013. 195 дахь тал/        
зочин
Бялдага шүү дээ, хөгийн амьтан
зочин
хошного шүү дээ
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

1 цаг 49 мин
АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хоёр дахь Засгийн газар өчигдөр албан ёсоор бүрдлээ.

1 цаг 49 мин
Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд МАН-ын бага хурал болж,  Ерөнхий сайдад

1 цаг 49 мин
Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

15 цаг 35 мин
Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

16 цаг 11 мин
Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

17 цаг 34 мин
ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар худал мэдээлэл тарааж байна  

ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар ташаа мэдээлэл тарааж байна  

17 цаг 47 мин
УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

19 цаг 47 мин
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ

19 цаг 58 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарын Засагт хамтран саналыг өнөөдөр намууд хэлэлцэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засагт хамтран саналыг өнөөдөр намууд хэлэлцэнэ

20 цаг 13 мин