
Социализмын үед техник мэргэжлийн сургуульд /ТМС/ мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг байв. Харамсалтай нь зах зээлийн нийгэмд шилжихдээ энэ сургуулийг алга болгосон. Үүний уршгаар хүн бүхэн дээд мэргэжил эзэмшихийг зорьж, чанаргүй олон сургууль бий болж төгсөгчдөд мэргэжлийн ажил олдохгүй байв. Зах зээлийн шуурганд мэргэжилтэй ажилтан бэлтгэх ангиуд элсэгчгүй болж байсан түүхтэй.
Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллеж Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхайн төсөл”-тэй хамтарч бичил уурхайд ажиллах мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх нэг жилийн сургалтыг нээсэн байна. Манай сурвалжлах баг тус сургуульд өнгөрөгч сарын сүүлчээр ажилласан юм. “Нинжа”-гаас бичил уурхайчин болж амьдралаа залгуулж яваа иргэдийн үр хүүхэд сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байсан. Харин өнөөдөр бичил уурхайчдын хүүхдүүдийн сурч боловсрох эрх нээгдэж мэргэжилтэй ажилтан болох боломжийг бүрдүүлжээ. “Би Сэлэнгэ аймгаас ирсэн. Шарын голын “Буянтын хөндий” ТББ-д зуныхаа амралтаар харуулын ажил хийдэг байсан. Бичил уурхайд ажиллаж байгаа аав, ээжээ хараад цахилгаанчин мэргэжил болохыг анзаарч энэ мэргэжлийг сонгосон. Бид сургуулийнхаа дотуур байранд үнэгүй байрладаг. Мөн суралцахад хэрэгтэй зүйлсийг сургууль болон Швейцарийн хөгжлийн бичил уурхайн төслөөс олгодог. Энэ сургуульд орсондоо баяртай байгаа. Харуул хийж байхдаа сарын 500 мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Цаашдаа мэргэжлээ дээшлүүлж суралцана” хэмээн ярих хүүг Д.Мандахнаран гэдэг. Тус сургуульд энэ хүү шиг хүсэл мөрөөдөлтэй хүүхүүд байлаа. Аливаа мэргэжлийг эзэмшүүлэхдээ дадлага давамгайлсан аргаар сургаж, дараа нь онолын мэдлэгийг өгөх нь үр дүнтэйг салбарынхан онцолдог.

Энэ үеэр цахилгааны багш Д.Нямдаваа ярихдаа “Манай ангид бичил уурхайд ажиллаж байгаад мэргэжлээ дээшлүүлэхээр ирсэн найман хүүхэд бий. Давхар мэргэжил эзэмших зорилготой хүүхдүүд бичил уурхайчин, цахилгаанчин гэсэн хос мэргэжлээр нэг жил суралцаж мэргэжлийн үнэмлэхтэй төгсөнө. Хүсвэл дахин 1.5 жилээр суралцаад техникч гэсэн мэргэжил эзэмшиж болно” гэлээ. Түүнчлэн Зуухны машинистын ангийн багш В.Нэргүй “Манайх боловсролын тухай хуулиас хүмүүжил гэдэг үгийг авч хаясан. Манай сургуулийн барьж буй гол бодлого хөдөлмөрөөр дамжуулан хүмүүжүүлэх явдал. Цаг барих ёстой. Удирдах удирдуулах зарчмыг баримтлах наад захын хууль эрх зүйн боловсрол олгоно. Ажилдаа сэтгэлээсээ хандах хандлагыг бий болгоно. Гэхдээ зарим хүүхэд есдүгээр анги төгсөөд аав ээжийнхээ шахалтаар ирдэг. Мөн найз нөхдөө дуурайх нь элбэг, зарим нь өөрийн хүсэлтээр элссэн байдаг. Өөрийн хүсэлтээр орж ирээгүй хүүхэд ажлын байранд тэнцэхгүй гарах тохиолдол бий. Сүүлийн үед мэргэжлийн боловсролыг олон нийт зөвөөр ойлгож эхэлсэн болохоор сургуулиас гарах явдал багассан. Учир нь төгсөөд уул уурхайд ажиллах болохоор тэр. Манай сургуулийг төгссөн олон шавь маань улс орны том том бүтээн байгуулалтад оролцож байгааг хараад багш хүний хувьд бахархаж явдаг” гэв. В.Нэргүй багшийн ангид орох үед зуухны машинист болохоор ирсэн гурван охин, долоон хүү байлаа. Оюутнууд энэ мэргэжлийг эзэмших чин хүсэлтэй байгаагаа ярьцгаав. Хамгийн гол нь агаарын бохирдол ихтэй байгаа манай улсын хувьд ямар технологийн зуух утаа бага ялгаруулдаг болохыг судалж мэдэхийн тулд машинистаас ажлаа эхэлнэ гэж бодоцгоожээ. Өөрийгөө М.Алтанжав гэж танилцуулсан хүү “Манай улс ирээдүйд үйлдвэрлэгч орон болно. Мэдээж зуухны машинист мэргэжил тэдгээр үйлдвэрүүдийн гол ажилтан байх болно гэж бодож байна” гэсэн юм.

Тус ангид Өмнөговь, Булган, Дархан, Сэлэнгэ аймгаас ирсэн оюутнууд байлаа. “Манайх улсын хэмжээнд ганц төлбөргүй сургууль. Хоол, дотуур байр, сургалтын төлбөр авдаггүй. Он гараад улсаас нэг оюутанд100 мянган төгрөгийн тэтгэлэг өгөхөөр болж байгаа. Манай сургууль анх хөлдүү гарааш байсан. Швейцарийн хөгжлийн агентлагаас засварлаж төнөг төхөөрөмжөөр тоноглосон сургууль болгосон. Сургалтын орчин, ном сурах бичгээр бүрэн хангасан. Хүүхдүүдийнхээ гарыг зүгшрүүлэхийн тулд төмөр жижиг хайрцаг, сантехникийн эрэг боолт, шургыг өөрсдөөр нь хийлгэхээс гадна гагнуур хийлгэж байна” гэдгээ ТМС-д 30 гаруй жил Металь боловсруулах токарь призерийн багшаар ажиллаж байгаа В.Нэргүй хуучилсан юм. Ирэх жил сургуулийн 80 жилийн ой тохиож буй. Тиймээс шатны бариул, цонхны решутк, хаалга зэрэг зүйлийг оюутнууд өөрсдөө хийж байна. Нөгөөтэйгүүр амьдрал дээр гэрийнхээ эвдэрсэн зүйлийг засаад янзлах ухаанд суралцахаас гадна бахь зөв барьж цахилгааны гэмтлээ засчихна гээд олон зүйлд бэлтгэгдэж буй ажээ. Тус сургууль Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхайн төсөлтэй гурван чиглэлээр хамтарч ажиллаж байгаа юм байна. Бичил уурхай эрхлэхийг зорьж байгаа иргэдэд хөдөлмөр аюулгүй байдал, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, бичил уурхай эрхлэгчдийн үр хүүхдүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлж мэргэжилтэй болгох нэг жилийн боловсрол олгох зэргээр сургалт явуулж байна. Одоогоор баяжуулалт болон уул уурхайн ангид 25 бичил уурхайчныг бэлтгэж буй. Үүний тав нь Сэлэнгэ аймгийн “Болд төмөр ерөө гол” уурхайд ажилладаг. Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн засварчнаар 10, цахилгаанчны мэргэжлээр тав хүүхэд суралцаж байна. Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй төсөл ирэх оны зургадугаар сард дуусна. Гэхдээ энэ төсөл цааш үргэлжилсэн ч, үргэлжлээгүй ч дээрх чиглэлээр байнга үнэ төлбөргүй сургалтуудыг явуулах аж. “Ирэх жил манай сургууль байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохионо. Тиймээс ойгоо тохиолдуулан, нөгөөтэйгүүр эдгээр мэргэжлийн эрэлт хэрэгцээ байгаа учраас мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэсээр байх болно” гэж тус коллежийн сургалтын албаны менежер,төслийн ахлагч Д.Чадраабал сургуулиа танилцуулах үеэр ярьсан юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин Ц.МЯГМАРБАЯР