Монголын анагаах ухааны бүрэлдэл, дэлгэрэл, эсрэгцэл /4/

2018-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_51002" align="alignright" width="222"] Н.МӨНХТҮВШИН
Анагаах ухааны доктор, профессор[/caption] Нэгэн зүйл. Гологдсон өрхийн эмнэлэг Зах зээлийн харилцаанд хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг, эмч нарт ховор өвчнийг судалж мэргэжлээрээ анагаах ухааны оргил өөд тэмүүлж хөгжих хүсэл сонирхол, нарийн мэргэжлийн өртөг өндөртэй тусламж үзүүлж орлогоо нэмэгдүүлэх бизнесийн сонирхол хоёр хосолж байдаг. Үүнийг буруутгах аргагүй. Өрхийн эмнэлгийн тогтолцоо арай өөр зорилготой. Өнөөдөр өрхийн эмнэлгийн хүчин чадал сул, эмч нь өрхийн хүмүүсээ танихгүй, хүмүүс нь өрхийн эмчээ танихгүй байгааг хүн болгон муу хэлж шүүмжилж байна. Энэ бол түр зуурын явдал. Зайлшгүй шаардлагатай тусламжийг хүн амд хүртээмжтэй үзүүлэх нь хүний нийгмийн мөрөөдөл. Энэ мянганы хөгжлийн зорилт. Энэ бол аль ч улсын Засгийн газрын үүрэг. Чухамхүү баг, сум, өрхийн эмч нар энэ аварга зорилтын ихэнхийг хэрэгжүүлдэг. Хүмүүнлэг капиталын хэлбэртэй Скандиновын орнууд энэ зорилтыг нэлээд амжилттай хэрэгжүүлж байгаа бол ядмаг яваа нь зэрлэг капиталын Америк. Тэд байдлыг өөрчилж эрүүл мэндийн салбараа шинэчлэхийн тулд төсвөө тамирдуулсан өчнөөн тэрбум доллар Конгрессоос нэхэх болсон Барак Обамагийн төслийг Доналд Трамп хүчингүй болгоод саяхан дахин сэргээв. Барууны өрхийн эмч нар нарийн мэргэжилд баригддаггүй учраас өргөн мэдлэгтэй, олон төрлийн ажилбарыг гардан хийж чаддаг, нэр хүндтэй, хариуцсан өрхийнхөө дотны нөхөр, тэднийгээ өвдүүлэхгүй байх, өвдвөл хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг рүү явуулж чирэгдүүлэлгүй шаардлагатай тусламжийг өөрсдөө үзүүлэх арга замыг байнга эрэлхийлж санаачилдаг, бага оврын өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр өвч зэвсэглэсэн, бие дааж хөгжих нөхцөл нь илүү чөлөөтэй учраас магнай тэнэгэр, анхан шатны тусламж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ өртөг зардлыг олж авч чаддаг, мэргэжлийн хувьд үлэмжхэн туршлагатай, тасралтгүй шинийг эрэлхийлдэг, бизнес сэтгэлгээ сайтай хүмүүс байдаг. Манай өрхийн эмнэлгүүд төлөвшлийнхөө эхний шатанд байна. Тэдний ажлын нөхцөл, хууль эрх зүйн зөв орчин, хариуцсан өрхийн хүн амын өвчлөлөөс сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн олон талт үйл ажиллагааных нь зардлыг бүрэн олгодог санхүүжилтийн үр ашигтай, баталгаатай механизм бүрдүүлэх хэрэгтэй. Нэгэн зүйл. Балчир төрийн хөнөөл  Монгол Улсад шинжлэх ухааны эмнэлэг үүсч хөгжих их үйлсийг эхлүүлсэн түүхэн гавьяаны хүндлэлийг “Алтан гадас” одонт Зэвсэгт Хүчний клиникийн төв Госпитал хүлээх учиртай хийгээд үүнийг манай анагаахын болоод цэргийн түүхчид лавлан тогтоох нь зүйд нийцнэ. Цэргийн төв эмнэлгийн анхны санитарууд, анхны ариун цэврийн зааварлагч нар, анхны сувилагч, бага эмч, их эмч нар бол зээг татсан айлыг тойрох, ивээл жилтнийг оноох, урд насны нүгэл буяныг ариусгах, хойт насны төөрөг тавиланг тогтоох шашны номлолд 300 жил автаж цогцост хүрэлцэхээс жийрхсээр дэлхий дахинаа цэцэглэж асан юмс, үзэгдэл, хүний бие тогтоцыг задлан шинжилж танин мэддэг аргаас хол хоцорсон сүсэг сэтгэхүйн том саадыг даван туулж өрнийн анагаах эрдэмд монгол хүн нэвтэрч эзэмших зам гаргаж өгсөн түүхэн гавьяатай хүмүүс. Тэр үед олон хүн сүсгээ давж чадалгүй шантарч байсныг буруутгаж яахин болох. “Нэг хүн олоод ирнэ, ийм муухай ажил хийхгүй гээд яваад өгнө, санитар ер олдохгүй” гэж 1930-аад оны сүүлчээр Төв эмнэлгийн дарга байсан В.Гүнсэн буурай хуучилсан байдаг. Чухам тийм цаг үед цэргийн төв эмнэлэгт ажиллаж байсан анхны санитар С.Гонгор, Шаравжамба, анхны сувилагч Д.Цэрмаа, Ц.Бадам, анхны бага эмч З.Дугар, П.Н.Шастины хэлмэрч асан партизан бага эмч Б.Гомбожав, анхны их эмч Ш.Шагдар нар болон бусад олон анхдагч нарын итгэл үнэмшлийн хувьсал, мятаршгүй хөдөлмөр зүтгэл, энэрч хайрлах дээдийн сэтгэл, удах тусмаа тодрох гавьяатай үйлс бүтээл нь үе үеийн эмч нарын амьдрал тэмцлээр мөнхөд түгэн дэлгэрэх нигууртай буяны дээд буянт үйлс байжээ.  Монгол хүн европ анагаах ухааныг сурч болдгийг үзүүлж Ленинградын цэргийн эмнэлгийн академийг 1934 онд төгсөж ирсэн манай хамгийн анхны их эмч Шархүүгийн Шагдар бол үндэсний мэргэжилтэн байгаагүй тэр цагт үнэнхүү олон ардыг гийгүүлсэн түүхэн үзэгдэл байв. Ш.Шагдар эмчийн гаргасан замаар энгийнхнээс В.Ичинхорлоо, Д.Маня, Т.Шагдарсүрэн, Д.Цэрмаа, Б.Гэпилмаа нар, цэргийнхнээс Ц.Дашцэрэн, Г.Довдон, Г.Цэрэнжав, Л.Шаравдорж, Ш.Даш, Б.Дамбийням нар Зөвлөлт Орост явж, 1938-1941 онд төгсч ирээд нэрт эрдэмтэн, профессор, гавьяат эмч, ууган мэс засалч нар болцгоосон юм. Манай эх оронд өрнийн анагаах ухаан нутагшиж асан энэ цаг үе улаан түйрэнтэй давхацсан байдаг. Анхны “Ардын Эмнэлэг” (Төв эмнэлэг)-ийн монгол-түвд эмнэлгийн хэсгийн хувь зохиол чухам хэрхсэний ул мөр тун ч бүрхэг. Сүм хийдийг хүйс тэмтэрсэн дайрлага төв эмнэлгийн энэ хэсгийг тойроогүй бололтой. Өрнө-дорнын хоёр ухаан зэрэгцэж, барууны анагаахын огтолж зүсэхийг урьтал болгох мэс эмчилгээний олон аргыг уламжлалт анагаахын цус үл гаргах аядуу зөөлөн аргаар амирлуулах зохистой нийлэгшил төлөвшиж, онол дадлын хувьд бие биеэ харилцан нөхсөн өвөрмөц хосгүй нандин анагаах ухаан хөгжих боломж энэ үед тасарчээ. Дайрлагын хар үүл лам энгийн ялгаагүй эрдэм номд гэгээрсэн гэмгүй олон ардыг нөмөрсөн юм. Уугуул нутагтаа өөрийн ард иргэд, цэрэг эрсийнхээ эрүүл мэндийн төлөө халуун эх оронч сэтгэлээр зүтгэж явсан, одоогийнхоор бригадын генерал дүйцэх цолтой, авьяаслаг эмч Шархүүгийн Шагдарыг балчир засгийн эрлэгүүд 1937 онд хилсээр буудан хөнөөжээ. Домогт партизан Л.Дэндэв Ардын хувьсгалыг ялалтад хүргэсний дараа улс гэрээ төвхнүүлэх энх цагийн хөдөлмөрт ханцуй шамлан орж, ном эрдэмд боловсорч, удирдах ажил хийж байгаад эрүүл мэндийн салбарт шилжиж, Ленинградын цэргийн эмнэлгийн академийг 1936 онд төгсч, их эмч болж ирсэн жилээ хилсээр цаазлуулсан нь даанч хайран, даанч харамсалтай. 300 жил манжийн эрхшээлд оршихдоо төрт ёсоо алдаж албат иргэдээ хамгаалж хайрлах төрийн ухаан суугаагүй, орос сургагч хэмээх ороолонгийн амаар хөдөлдөг, бодол нь харцын суудлаас үл хэтрэх, балчир засгийн ногоон малгайтай адгууслаг эрлэгүүдийн хамтын солиорол үүгээр зогссонгүй, цэргийн эмнэлгийн академийг онц дүнтэй төгсч ирсэн их эмч Ш.Сүхэндамба, Д.Тойвгоо, Д.Заванов нарыг 1937 онд хоморголон хороосон юм. Тэр үед хэлмэгдсэн олон эмч, сувилагч, эмнэлгийн ажилтныг хожим цагаатгасан хэдий ч, чухамхүү хөгжлийнхөө ид өрнөлийн үед өндөр мэргэжлийн залуусаа алдаж боловсон хүчний хомсдолд орсон 1930-аад оны сүүлч, 1940-өөд оны эхэн үеэс эрүүл мэндийн салбарт тогтолцооны гажиг үүсч эхэлсэн байдаг. Тэр цагаас эхлэн улам гүнзгийрч байсан энэхүү тогтолцооны гажгийг залруулах санаа бодлоо илэрхийлсэн эмч нарыг намын шийтгэл оноож, шоронд хийж, нутаг заан цөллөгт илгээж, нэг насны бие сэтгэлийн тамд унагадаг байв. Засаг төрийн алдаатай бодлого, Сталины харгислал, дэлхийн II дайны эхэн үеийн ялагдлын шалтгааныг шүүмжилсэн, олноо “Захын доктор” хэмээн алдаршсан, Ар Халхын их бичигтэн, дуун хөрвүүлэгч, гүүш, Эрүүл мэндийн яамны сайд асан Б.Гонгоржавыг буруутгая гээд төрмөл билэг оюун, далай их мэдлэг, төгс боловсорсон эрдмийг нь үл барахын учир намын Төв Хорооны хурал дээр хэлээрэй гэж Ц.Дамдинсүрэн мэтийн нэрт хүмүүс, Ш. Сүрэнжав мэтийн залуу шулган шүлэгч нарт үг зааж өгч хилсээр хэрэг тулган 1944 онд найман жилийн хорих ялаар шийтгэжээ. Хамгийн сүүлд Эрүүлийг хамгаалах яамны сайд асан, манай авъяаслаг зохион байгуулагч, хожмын УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга асан, нэрт эрдэмтэн багш, Б.Дэмбэрэлийг 1973 онд Дарханд цөлсөн юм. Тэр үеийн Улс төрийн товчоотой зөрсөн түүний гол санаа нь олон шатлалтай төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн үйл ажиллагааг уялдуулахад төвлөрсөн төсвийн санхүүжилт хангалтгүй байгааг шүүмжилж эмч нараа өмөөрсөнд оршдог. Багш хожим өөрийгөө хэлмэгдсэн гэж үзэхгүй, нөхөн олговор авахгүй гэсэн байдаг. Энэ бол хойч үе маань шударгуу ёсыг тогтоож зөвийг олох буйзаа хэмээн тусгаар улс минь бэхжиж, ард олон минь эрүүл энх, хөл хөсөр, амгалан байвал өөрийн бие үрэгдэхийг эс тооцох тэр үеийн хүмүүсийн ясны сайхан чанар юм даа. Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажилдаа бүхий л сэтгэл оюун мэдлэгээ зориулж ирсэн олон эмч, эмнэлгийн ажилтан энэхүү төрөлжсөн нарийн мэргэжлийн, олон шатлалтай “Эрүүл мэндийн алуурчин тогтолцоо”-ны гажгаас болсон доголдолд орооцолдож 1990 он хүртэл нам, яам, Ардын хянан шалгах хорооны шийтгэл, түүнээс хойшхи 30 жилд яам, шүүх, мэргэжлийн хяналтын шийтгэлд өртөж ирэв. Аль ч нийгэмд эмч нар энэрэнгүй үйлсийн эзэд, нийгмийн оюунлаг хэсэг, өвчтэй хүний аврал итгэлийн найдвар, эрүүл аж төрөх ёсны дууриал, хүндэт зөвлөгч байдаг. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдийн аллага, захиргаадалтын үеийн тогтолцооны гажгийн доголдол, эмч нарын гэх дуулиант хилс хэргүүд, нам, яам, Ардын хянан шалгахын шийтгэлүүд, ардчилсан гэх зэрлэг үеийн яам, мэргэжлийн хяналтынхны шийтгэлүүд нь нийгмийн энэ гэгээлэг ариун сэтгэхүйд туйлын цөвтэй нөлөөлж гүнзгий сэв суулгасны уршгаар эмч нарыг дарамтлах, заргалдах, дураар авирлах, хэрэгцээгүй олон янзын эм, дусал, витамин, тариа хийхийг шаардах, хуурамч магадлагаа гаргаж өгөхийг шаардаж сүрдүүлэх явдал хэрээс хэтэрсэн юм. Энэ нь эмч нарыг байнгын айдас, сэтгэл түгшилд оруулж, эмийн зохисгүй хэрэглээг дэвэргэж, ашиггүй хатгалтаар дамжих халдварын дэгдэлтэд олон удаа хүргэж байв. Үүний улмаас мэдэгдэх, үл мэдэгдэх хичнээн төрлийн халдвар, вирус, прион уургууд хүн амын удмын санд нэвтэрч шигдэн зүсээ хувиргаж байгалийн эргэлтэд ороод удмаас удам дамжин ямархан хөнөөл учруулж явааг төсөөлөхөд бэрх. Хэний ч зөвлөгөө авдаггүй Наполеон үгэнд нь дуулгавартай ордог ганцхан хүн байсан нь түүний эмч гэдэг. Барууны эмч нарын ажилдаа эзэн байж чаддаг энэхүү эрхэмсэг шинж, нийгмийн хүндлэл, итгэлийг эзэмдэх увидас, мэргэжлийн мэдлэгээ  өндөрт авч явж эрүүл мэндийн эерэг мэдээллийг түгээж олон нийтийг хошуучлагч ёс зүйн үнэт чадварыг бид ор тас орхигдуулснаас өнөөдөр манай салбар мэргэжлээ хамгаалах чадваргүй, өөрөөсөө мэдлэг сул, хүчтэйн дэргэд хүчгүйн буруу үзэлтэй, “ёс зүйн терроризм”-ийн аргаар “төрийн садизм”-д гаршсан Мэргэжлийн хяналтынхны өмнө байнга агшиж торгууль, шийтгэлд өртдөг, хүйсийн харьцаа алдагдсан, аймхай дорой “бүсгүй” эмч дийлэнхээс бүрдэх болов. Нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний ажилд засаг, төр хутгалдаж орох нь туйлын буруу бөгөөд хортойг өмнөх 70 жил хийгээд түүний дараах ардчилсан нэртэй зэрлэг нийгмийн 30 жилийн түүх бэлхнээ харуулж байна. Нэгэн зүйл. Салбараа самрагч яам Эрүүл мэндийн сайд, хууль хоёр тогтохоо байсан нь нэн бэрх. Заримдаа жилд таван сайдын нүүр үзэж байв. Хүн ам цөөн жижиг улсад эмч нарыг намын харъяаллаар талцуулж эвдрэлцүүлэх, больницын дарга, ерөнхий эмч нарыг халж солих, буцааж томилох, нөгөөдөх нь тамгаа өгөхгүй ширээ тойрч давхиад шар хэвлэлээр шившгээ хутгах нь ёс зүйгүй бөгөөд эмч ажилтан нарт, өвчтөнд, нийгмийн сэтгэхүйд туйлын хорлонтой. 1990 оноос хойшхи 30 жилд эрүүл мэндийн салбарын менежментийн савлагаа  эх захаа алдаж эрүүл өвчтэй нь үл мэдэгдэх улс төрчид сайд нэрээр ирж хонинд орсон чоно мэт аашлах болсон юм. Өнөөдөр эрүүл мэндийн салбарыг хамгийн их самрагч байгууллагыг тодруулах номинацад нэр дэвшүүлбэл Эрүүл мэндийн яам өрсөлдөгчгүй шалгарна. Үүнийг эрүүл мэндийн салбарыг чи самарсан, үгүй, би мандуулсан, харин чи самарсан гэх манай яамны сайд асан гишүүн Л.Гүндалай, С.Ламбаа хоёрын ой гутам хэрүүл, их хэмжээний валютын авилгын хэрэгт холбогдож өрөөндөө, гэртээ үйлдэл дээрээ баригдаж хар гэрт орсон, манай яамны сайд асан Г.Шийлэгдамба, Н.Хүрэлбаатар нар давхар баталлаа. Хамгийн их цаас, хөтөлбөр боловсруулсан нь манай яам хэдий ч тогтолцоо нь гажигтай болохоор ихэнх нь хэрэгжилгүй ширээний нүд рүү орно. Эрүүл мэндийн хууль, даатгалын хуульд гурван жил тутам өөрчлөлт оруулснаас үндсэн нэгж эмнэлгүүд хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээл учирч хоорондоо уялдаагүй, зарим талаар зөрчилдсөн тушаал, шийдвэр, дүрэм зааврын алийг баримтлах вэ гэдэгт тулж ирлээ. Эрүүл мэндийн яам салбарын тогтолцооны тулгамдсан асуудлыг судалдаггүй, яамны мэргэжлийн салбар зөвлөлүүд эрх мэдэл байхгүй, тогтолцооны судалгааны төсөв байхгүй, эрдэмтдийг оролцуулдаггүй учраас тушаал шийдвэр нь муйхар, үндэслэл муу, хэрэгжихгүй нь их байна. Улс орнууд эх орон ч эрдэмтдийнхээ мөрөн дээр тулж өндийгөөд үсрэнгүй хөгжих замдаа ордог атал бид эрдэмтэд, эрүүл мэндийн салбар хоёр ойртдоггүй, академи, хүрээлэн, их сургуулийн эрдэмтэд эрүүл мэндийн тулгамдсан асуудал руу ханцуй шамлан орж болдоггүй, салбарын бужигнааг хүйтэн сэтгэлээр хөндлөнгөөс ажиглахаас үл хэтрэх тийм нийгэм, тийм тогтолцоо байгуулчихжээ. Солигдож ирсэн сайд болгон бүрэн, иж бүрэн шинэчлэл, төгс, илүү төгс шинэчлэл, сайн, хамгийн сайн шинэчлэл гэх мэт олон янзын нэртэй өөрчлөлт, шинэчлэл хийнэ гэдэг ганц том зорилт үглэж ирээд учрыг нь ололгүй дөрвөн жил мунгинасаар адаг сүүлд нь хэвээр нь үлдээгээд яваад өгдөг гунигт түүхийг дахин давтахгүйн тулд салбарын их хурал хуралдуулж бүх шатлалын эмч, эмнэлгийн ажилтны санал санаачилга, хүчин зүтгэлийг нэгтгэх шаардлагатай байна. Яаманд ажилд орсон, чадалтай олон сайн эмч жил бололгүй хаяад гарсан байдаг. Учрыг лавлахад, ажил бүтэхгүй, амьдрал үрэгдэх дэмий газар, үүний оронд мэргэжлийнхээ ажлыг хийх хавьгүй дээр гэнэ. Хамаг ажил нь гал унтраах хэмнэлтэй оволзож байдаг яамны ажлын ачаалал, шаардлагыг нь даахгүй шантарч халшрах нэг хэсэг байхад менежментийн бурууг нь олж харах, залруулах мэдлэг чадвар мөхөсдөх нэг хэсэг байдаг биз ээ. Шантрахыг огоорч тууштай зүтгэсэн, миний мэдэх нэг түшмэлийн 20 жил хөөцөлдсөн нэг ажил өнөө хир шийдэгдээгүй л байна. Энэ бол манай яамны бодит үзүүлэлт бөгөөд өрнийн анагаахыг хариуцах чадваргүй, мэдлэгийн хомсдолтой, хүнд сурталд идэгдсэний баталгаа юм. Тийм учраас Удирдлагын академи төгссөн гэх мэргэжлийн бус сүг биш, улс төрийн намын бялуу үмхсэн лүд биш анагаахыг сурлага сайн төгссөн, клиникт ажиллаж туршлагасан эмч нараас бодлогоор эрүүл мэндийн менежер, яамны ажилтан бэлтгэх нь зүйтэй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний менежментийн ухаан бол олонлог гишүүнт хувьсуурын нөлөөлөл, оролцооны хүч, тэнцэл, алдагдлыг регрессийн ба бус томьёоллоор байнгын хөдөлгөөнд нь тооцоолон гаргаж тэнцвэржүүлж байх нэн сонирхолтой агаад өргөн хүрээтэй асар баялаг шинжлэх ухаан тул аль ч оронд анагаахын манлайлагч нар ухаанаа уралдуулж хамгийн чадварлаг нь сайд, удаах нь түшмэл болох салбар болохоос биш улс төрч ирж нохойтох газар биш. Ардын хувьсгалаас хойш хоёр удаагийн эрүүлжүүлэх отрядаар бүх нийтийг үзлэгт оруулж тэмбүүг дараад, вакцинжуулж цагаан цэцэг, сааг дараад, сахуу, татран, хөхлүүш, сүрьеэг үлэмж бууруулж хүн амыг тав дахин өсгөж, монголын үрсийг маш олон болгож чадсан ЭМЯ улстөрч сайдуудын нүүрийг харах болсон цагаас хүн амын дархлаажилтын түвшинд судалгаа, байнгын ажиглалт хийх ёстой үндсэн ажлаа хийж чадахаа болиод умайн хүзүүний өмөнгөөс сэргийлэх хүний папилломын вируст халдварын эсрэг вакцин хийлгэхгүй байхыг уриалсан иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч гэх мэргэжлийн бус жижигхэн охинд зад загнуулж, нотолгоо баримт түшсэн дорвитой хариу өгч чадалгүй нийгэмд эргэлзээ төрүүлэх болтлоо доройтсон байна. Монголын өрнийн анагаах ухаанд улс төрийнхэн ирж дамшигласан салбарын менежментийн гажуудлыг залруулж жам ёсны хөгжлийн замд нь оруулах нөр их ажлыг эмч нартай хамт хэрэгжүүлэх, авлига, хахууль, хүнд суртлаас ангид, цомхон, хүчирхэг, чадварлаг, мэргэжлийн тунгалаг яам, тунгалаг эмнэлгийг цогцлоох зорилт тулгарлаа. Нэгэн зүйл. Гацаа санхүүжилт Зах зээлийн харилцааны суурь логик нь хүмүүс өвчтэй байх цагт эмнэлэг оршиж хүмүүс эрүүл мэндээ хамгаалж өвчлөл буурах цагт хаалгаа барих учиртай. Яг одоо орчлонгийн хамгийн азгүй хүмүүс бол зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас үнэгүй зүйл байхгүй болоод удаж байхад эрх баригч намуудын үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж гэдэг тоглоомонд боомилогдоод төгс биш, төгс бус бас биш ерөөс зах зээлд орж чаддаггүй, эрх мэдэлгүй асмарах улсын эмнэлгийн дарга, ерөнхий эмч нар юм. Тэд маань зардлын зүйл ангиар батлагдсан, ханшны савлагаа, шууд бус зарлагын өсөлтөөс тодотгоод ч хүрэлцэхгүй төсөв, хүнд өвчтөний төсвөөс давсан эмийн зардал, харьяаллын бус иргэд, явуул хүмүүс, отрын малчид, нинжа нарт үзүүлсэн тусламжийн зардлаа олж авах боломжгүй тогтолцоо, үр ашгийг нэмэгдүүлж хэмнэсэн зардлаа захиран зарцуулах эрхгүй сангийн яаманд буцааж хураалгах солгой журам, ажилтныхаа цалинг олигтойхон нэмэх боломжгүй хязгаарлал, ижил зардлаар хүнд, хөнгөн бүх төрлийн тусламж үзүүлэхийг тулгасан эрүүл мэндийн санхүүжилтийн гацаа тогтолцооноос хувийн хэвшилтэй өрсөлдөх ямарч боломжгүй байна. Тэд маань хүчин чадал хэрэгцээндээ тохирсон багаж тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур авах боломжгүй, яамнаас шахсан ашиглалтын өртгийг нь даахгүй өндөр үнэтэй барууны багаж, гишүүд тойргийн тэрбумаараа авч өгсөн сэлбэг нь олдохгүй хямд үнэтэй хятад багаж, олон улсын хандив тусламжаар засвар үйлчилгээг хэн хариуцах нь үл мэдэгдэх эзэнгүй тавиул багаж гээд дэлхийн бараг бүх үйлдвэрлэгчийн ажилтай ажилгүй тоног төхөөрөмж, шахааны төмрийн хог цуглуулж түүнийгээ ажиллуулах гэж үйлээ эдлэх одонд төрсөн мэт. Төвлөрсөн төлөвлөгөөт коммунист эдийн засгийн үеэс уламжилж авсан ганцхан аргатай. Тэр нь дараа жил ахиухан төсөв олж авахын тулд энэ жил их зардал гаргах нэн бүдүүлэг, зах зээлийн харилцааны эсрэг нэн мулгуу арга. Сангийн яамны эмч гэж баймааргүй, юу үндэслэж эмнэлгийн тусламж үйлчилгээний өртөг зардал тооцоолдог, төсвийг зүйл ангиар хайрцагладаг нь тодорхойгүй. Аль ч оронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын 50 гаруй хувийг эм, вакцин, онош, эмчилгээний технологи эзэлдэг бол манайд нийслэл дахь улсын эмнэлгүүдэд 7-12 орчим хувь, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд 5-6 хувь, сумын эмнэлгүүдэд 2-3 хувь эзэлж зардлын ихэнх тог цахилгаан, уур ус, халаалт, шатахуун, цалинд явж эм, оношлогоо, эмчилгээний тусламжийн төсөв үлэмж бага, санхүүжилт туйлын хангалтгүй, хэлбэр нь буруу байна. Бид эрүүл мэндийн даатгалын мөн чанар, суурь ухагдахууныг сайтар нягталж ухаараагүй учраас цалингаас татвар суутгаад төрийн яамны тогтоосон тарифаар эмнэлэг санхүүжүүлдэг даатгалын биш санхүүгийн байгууллагын ажил хийгээд байна. Зүй нь, даатгал маань онош эмчилгээний ажилбар, нэр төрөл бүрээр бодитой үнэ тогтоож даатгалтай иргэдэд үзүүлдэг ямар тусламж үйлчилгээнүүдийг санхүүжүүлэхийг нарийвчлан тогтоох нь чухал. Яам, эмнэлгүүд нэг ор хоногоор, нэг иргэнээр, оношийн бүлгээр өндөр үнэ тогтоохыг эрмэлзэж даатгал бодитой үнэ мөрдөхийг эрмэлзэж энэ хоёр зөрчилт байдлын дундаас жишиг үнэ тогтдог. Зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн тусламжийг даатгалтай иргэдэд жигд, хүртээмжтэй, чанартай үзүүлэх учиртай албан журмын даатгалаар гадаадын жишиг барьж аманд орсон үнэ нэхдэг элэг, бөөр суулгах мэт өндөр өртөгтэй тусламжийг санхүүжүүлэх гэж оролдвол дампуурна. Энэ асуудлыг санхүүжилтийн өөр аргаар шийдэх нь зүйтэй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг ажлын ачаалал, чанар, гүйцэтгэлтэй уялдуулж чадахгүй байна. Төв аймгийн жилийн 1200 төрөлтийн 500 нь эх нялхаст амарждаг, төсвийг нь төв аймаг авдаг, гүйцэтгэлээр бол эх нялхаст өгөх нь зөв байх жишээтэй. Зах зээлийн мөн чанарыг ганц үгээр хэл гэвэл үнэ, мөнгө гэнэ. Шилжилтийн хамгийн эхэнд хийх ажил бол “Үнэ тогтоох” (pricing). Хувийн хэвшлийн ганц чаддаг ажил нь энэ атал улсын хэвшил үүнийг хийгээгүй л явна. Манай яамны санхүү, эдийн засгийн хэлтэс, эмнэлгийн дарга, ерөнхий эмч нарын хийх ёстой үндсэн ажил энэ мөн учир бүх төрлийн тусламж, онош эмчилгээний ажилбарын өртөг зардлыг тооцоолж түүнийгээ үндэслэн ор хоногоор, нэг иргэнээр, оношийн бүлгээр, ер аль ч хэлбэрээр бодит үнэ тогтоож төсвөөс, даатгалаас, төслөөс, хувийн төлбөрөөс зардлаа олж авч сурмаар байна. Хүн үзэж эмчлээд байвал эмнэлгийн орлого нэмэгдээд байдаг харилцаа бол суурь шинэчлэлийн цагаан толгой мөн. Энэ нь ажлын ачаалал, чанар, гүйцэтгэлтэй уялдаад эмч ажилтны цалин нэмэх, зардал хэмнэх, ашигтай ажиллах, шуурхай үйлчлэх сонирхол төрүүлж номер тарааж өвчтөнийг хүлээлгэх, чирэгдүүлэх гажигийг үүрд халж бухимдлыг арилган өрсөлдөх нөхцлийг бүрдүүлнэ. Өнөөдөр ихэнх хувийн эмнэлгээр үйлчлүүлэгсэд төлбөрийг 100 хувь өөрөөсөө төлж байна. Хувийн төлбөр улсын ба хувийн эмнэлгийн санхүүжилтийн 20 хувиас хэтэрвэл орлого багатай иргэд эрүүл мэндийн тусламжид хамрагдаж чадахгүйд хүрдэг. Энэ учраас хувийн эмнэлгүүдийг даатгалд хамруулах шаардлагатай байна. Чингэхдээ шаталсан магадлан итгэмжлэлд тогтмол оруулж, чадамжийн шаардлага хангахгүй байгаа болон мэргэжил, ёс зүйн доголдол гаргасан эмнэлгүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж энэ олон хувийн эмнэлгийг цэгцлэх хэрэгтэй.   Үргэлжлэл бий. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

1 цаг 19 мин
Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

5 цаг 11 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

5 цаг 56 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

8 цаг 45 мин
АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хоёр дахь Засгийн газар өчигдөр албан ёсоор бүрдлээ.

8 цаг 45 мин
Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд МАН-ын бага хурал болж,  Ерөнхий сайдад

8 цаг 45 мин
Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

22 цаг 31 мин
Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

23 цаг 7 мин
Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

Өчигдөр 14 цаг 15 мин
ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар худал мэдээлэл тарааж байна  

ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар ташаа мэдээлэл тарааж байна  

Өчигдөр 14 цаг 01 мин