
[caption id="" align="alignright" width="226"]
Н.МӨНХТҮВШИН Анагаах ухааны доктор, профессор[/caption]
Түрүүч нь Монголын анагаах ухааны бүрэлдэл, дэлгэрэл, эсрэгцэл
Халдварт өвчнийг тусгай эмнэлэгт хариуцуулснаар манай нэгдсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, эмч нар маань бүрэн төсөөрч өвчтөнийг тусгаарлах бус өөр эмнэлэг рүү шилжүүлж, эсвэл хил давуулж дэгдэлтийг улам дэврээснийг сүүлийн хэдэн жил тохиосон шувууны болон гахайн ханиад, гадаадад гэрээт ажлаар одогсод бэлхнээ харуулав.
Аймгийн нэгдсэн эмнэлэг бол жинхэнэ нэгдсэн эмнэлэг мөн. Харин аймгийн халдварт, аймгийн төрөх, аймгийн хавдар, аймгийн хүүхдийн эмнэлэг гээд салгаад эхэлбэл буруу. Эмнэлгийнхээ чадамжийг дээшлүүлэх нөхцөл боломжийг нь олгож ерөнхий эмч нарын эрх мэдлийг өргөжүүлээд өгвөл аймгийн нэгдсэн эмнэлэг богино хугацаанд хөгжлийнхөө зөв замд орохоор байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг бол аймгийн хэмжээнд лавлагаа төв учраас харъяа өрх, сумдын нийт хүн амын үзүүлэлт, хяналтанд орсон хүмүүсийн өгөгдлийн сан бүрдүүлж, сумдын эмч ажилтнаа мэргэжлийн удирдлагаар хангах үүрэгтэй баймаар. Гэтэл анхан шатны нэгж, өрх, сумдын эмнэлгийг салгаж аймгийн Засаг даргын дэргэдэх эрүүл мэндийн төвд хариуцуулж, нэгдсэн эмнэлэг нь эмчлэн сэргийлэх тусламжийн нэг хүнд ногдох хувьсах зардлаа олж авах боломжгүй болгож гарыг нь мухарласан менежментийн буруу тогтолцоонд орчихсон байна.
Төвдөө, нийслэлд эмнэлэг үйлчилгээний алдаа доголдлын шалтгаан болсон бүтэц тогтолцооны хамаг гажиг үүрлэсэн байна. Өнөөдөр нийслэлд улсын хэвшлийн 8500 орчим ор бүхий 120 орчим хүчин чадал сул, эдийн засгийн хувьд алдагдалтай жижиг эмнэлгүүд байна. 40-50 орчим хүнтэй, орон тооны талаас илүүг аж ахуйн дарга, нябо, гурван ээлжийн сахиул, жижүүр, үйлчлэгч зэрэг эмнэлэг үйлчилгээний бус туслах ажлын хүмүүс эзэлдэг байгууллага олон байна. Ачаалал бага, давхардсан орон тоо бүхий олон шатлалтай, олон мэргэжлийн эмнэлгүүд хоорондоо өвчтөнийг шилжүүлж, чирэгдүүлж, өрхийн эмнэлэг дүүргийн эмнэлэгт, тэр нь цаашаагаа гуравдахь шатлалын эмнэлэгт тэр нь цаашаагаа хүүхэд, эмэгтэйчүүд, хавдар, халдварт, сүрьеэ, сэтгэц, арьс, гэмтлийн нарийн мэргэжлийн эмнэлэг, төвүүдэд тэд нь буцаан шилжүүлж үлэмж чирэгдэл учруулдаг бүтэц, тогтолцооны буруу эргэлтэнд нэгэнт орчихоод зогсч чадахаа больжээ. Гуравдахь шатлалын нэгдсэн эмнэлгүүдийн үүрэг ажлаас харъяа аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, лавлан туслах үүргээс нь эгнэгт салгаж улсын хэвшлийн эмнэлгийн чадавхийг боомилсны учир тэд маань хувийн хэвшлийн өмнө сөхрөөд байна.
Аль ч улсад Эрүүл мэндийн яамны харъяа эмнэлэг гэж байдаггүй. Яам бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого, хүртээмж, арга зүй, стандартчлал, чанарын хяналт, баталгаажилтийн үүрэгтэй бүтэц, институц, нэгжүүдтэй байдаг. Манайд гуравдахь шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд нь Эрүүл мэндийн яамны харъяа, ор хоногийн өртөг, төсөв нь өндөр бусад шатлалын эмнэлгүүд нь харъяа биш юм шиг ор хоногийн өртөг, төсөв нь бага байгаа нь буруу. Гуравдахь шатлалын эмнэлгүүдэд баруун, зүүн, төвийн бүсийг хариуцуулж, харъяа газар нутгийн аймаг, дүүргийн хүн амын эрүүл мэндийн мэдээллийн сантай болгож, өвчтөнийг өөр эмнэлэг рүү шилжүүлдэггүй, гуравдахь шатлалын бүх төрлийн тусламж үйлчилгээг нэг дор үзүүлдэг тасаг хэсэг бүхий, иж бүрэн нэгдсэн эмнэлэг болгон өргөтгөн хөгжүүлэх, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг эдгээр иж бүрэн нэгдсэн эмнэлэг дээр суурилуулж хөгжүүлэх шаардлагатай байна. Бүтэц, менежмент, маркетингийн энэ тогтолцоонд оруулахад нэгдсэн гурван эмнэлэг маань тус бүр 700-900 мянган хүн амд ерөнхий гуравдахь шатлалын болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр байна. Эмч ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, ачааллыг шинэчлэн тогтоож, харъяа өрх, сум, аймаг, дүүргийн хүн амд шаардлагатай бүх төрлийн тусламж үйлчилгээг шат шатанд нь чанартай үзүүлэх ажлыг энэхүү иж бүрэн нэгдсэн эмнэлгийн удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагаатай нягт уялдуулж захиргаа, аж ахуйн олон илүүдэл орон тоог хасах, бусад нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлэг рүү өвчтөнөө алдахгүй төлбөрөө олж авах, эм, онош, эмчилгээний зардлыг шаардлагын хэмжээнд нэмэгдүүлж, ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлбэл тус бүр 720-980 тэрбумаас хэдэн их наядын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйлдвэрлэл явуулахаар байна. Энэ хэмжээний эрүүл мэндийн томоохон үйлдвэрлэлийг зөв зохион байгуулах чадвартай, авьяаслаг залуу бизнесмен, ерөнхий эмч нар манай салбарт цөөнгүй бий. Гагцхүү ерөнхий эмч нарт шаардлагатай эрх мэдэл олгох хэрэгтэй. Газрын луйварчдын дийлдэг нь ясли, цэцэрлэг, сургууль, эмнэлэг. Газраа алдаж хэрхэвч болохгүй. Байхгүй мэргэжлийн тасаг, шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд өргөтгөл хийх газар их хэрэгтэй. Бас Их сургуулийн эмнэлгийн статус авах хэрэгтэй. Клиникийн тасгуудаа их сургуулийн эмнэлгийн тэнхимийн статустай болгож, эмнэлгийн үйлчилгээ, клиникийн сургалт, эрдэм шинжилгээний цогцолбор хэлбэрт оруулах хэрэгтэй байна.
Нэгэн зүйл. Хажиглаа эмнэлэг
Гуравдахь шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд маань эмнэлэг үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогц нэгдэл байх эрхэм зорилготой ч бид энэхүү зорилгоо биелүүлэх боломжгүй гажиг тогтолцоо байгуулчихжээ. Тухайлбал, эмнэлэг үйлчилгээг эрүүл мэндийн сайдын багцаас санхүүждэг нэгдсэн эмнэлэг, сургалтыг Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын багцаас санхүүждэг ЭМШУИС, Эрдэм шинжилгээ шинжлэх ухаан технологийн сангаас санхүүждэг Анагаах ухааны хүрээлэн гэсэн гурван байгууллага хариуцдаг учраас цогц нэгдлийг хангах нь бүү хэл харин ч бие биеэ хажиглах янзтай болчихсон байна.
Хичээл зааж сургалтын процесс хөтлөн явуулбал эмч нарын мэдлэг чадвар эрс дээшилдэг.
Өвчтөн үзэх, хүнд өвчтөнтэй ноцолдоход багш нарын клиник сэтгэлгээ гайхалтай задарч сурах бичгийн амьгүй сургалтаас тэс өөр бодит жишээн дээр тулгуурласан оюутнуудын бүх мэдрэхүй цочирч анхаарал нь төвлөрсөн нэн сонирхолтой амьд сургалт болдог.
Эрдэм шинжилгээний ажилтнууд клиникээс хөндий, заримдаа судалгааны сэдэвтэйгээ холбоотой нэг ч өвчтөн үзэлгүйгээр эрдмийн зэрэг хамгаалдаг болжээ. Үүнээс илүү гажиг гэж байх уу?
Эмч нар нь сургалтын эрхгүй, багш нар нь эмчлэх эрхгүй, эрдэм шинжилгээний ажилтнууд аль алиных нь эрхгүй, гурвуулаа гурван тийшээ харсан өнөөгийн гажиг тогтолцооны эрх зүйн байдлыг шинэчлэхгүй бол эмнэлгүүд маань өдөр ирэх тутам шинжлэх ухаанлаг байдлаа алдаж байна. Үүнийг больницын дарга, ерөнхий эмчийн нарын гаргаж байгаа тушаалууд, эмнэлгийн түүхт ойн жилд зориулан гаргасан номнуудаас бэлхнээ харж болох юм.
Өнөөдөр байгууллагын даргын гаргасан тушаалын 80-90 хувь нь ажилд авсан халсан, төлбөр хийсэн тухай байна. Ойн жилийн ном нь дэлхийн шинжлэх ухааны түвшинтэй харьцуулах аргагүй, голдуу тэр эмнэлгийг оршуулах ёслол үйлдэж маанийн ерөөл, дурсамжаар дүүрсэн, эмнэлгийн хөтлөлзүйн (Hospital Management) шинжлэх ухааны судлах зүйл дээр тулгуурласан үйл ажиллагааны өсөлт, дүгнэлт, гэгээлэг зорилго, шинэ технологи, хүний нөөц, зохион байгуулалт менежментийн хөгжил, ирээдүйн төлөвлөлт, чиг хандлагаа тодорхойлсон зүйл байхгүй байна.
Нэгэн зүйл. Зөөгч эмч.
Олон улсын стандартад нийцсэн боловсрол олгох зорилт дэвшүүлээд 20 гаран жил өнгөрсөн боловч манай Анагаахын сургуулийг төгсөөд гадаад явж байгаа залуусын хуруу дарам цөөн хэд нь судлаач оюутны тэтгэлэгт тэнцэж ихэнх нь пицца зөөгч, илээч, буурчийн газрын аяга таваг угаагч ажилд орж харладаг нь халаглаад баршгүй харамсал юм. Үүнд залуучууд буруугүй. Энэ бол манай Анагаахын сургуулийн төгсгөн гаргаж байгаа бүтээгдэхүүнд тавьж байгаа бодит үнэлгээ юм. Бид анагаахын сургалтыг монгол хэл дээр явуулснаар хойч үеэ өрнийн анагаахын мөн чанарт нэвтрэх түлхүүргүй болгож нүглийн дээд нүгэл үйлджээ. Бид орос хэл дээр явуулж байсан анагаахын сургалтыг 20 жилийн өмнө коммунизм нуран унаж, зах зээлийн нийгэмд орох үед англи хэл дээр шилжүүлэх ёстой байжээ.
Нарийн мэргэжлийн шинжлэх ухааны нэр томъёог төрөлх хэл рүү орчуулахад нөлөөтэй толинд тусах мэт хугарч хөрвөдөг учраас юмс үзэгдлийн уг ухагдахууны мөн чанар нь оюутанд зөв тусгал болж буудаггүй тул дэлхийн олон оронд өрнийн анагаахын сургалтыг англи хэл дээр явуулдгийн учир нь үүнтэй холбоотой аж. Англи, Америк, Австрали, Европын орнуудад больницын ажлын голыг нугалдаг эмч нар нь Латин Америк, Ази гаралтай, өнгөт арьстай, англи хэлтэй залуус байдаг. Манай залуус оюуны чадавхийн хувьд тэднээс яавч дутахгүй. Гагцхүү гажигтай сургалтын тогтолцоог нь шинэчлээд өгөх хэрэгтэй.
Өнөөдөр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 9000 эмчийн дэргэд 9000 орчуулагч хэрэгтэй байна. Үүнээс өөр эмгэнэл үгүй. Тэд маань өрнийн анагаах эрдэмд нэвтрэх түлхүүрээ нэхэж буй нь зүйн хэрэг. Гадаадад урт богино сургалтанд хамрагдаж очоод юм сурах түлхүүр нь байхгүй, хэл байхгүй болохоор бухимдаж нэг үзээд, нэрэлхэж нэг үзээд эцэст нь дэмий тэнэх, шоппинг хийхээс өөр сонголтгүй хоцорч байгаа нь манай энэ цаг үеийн эмч нарын гутамшиг юм.
Хамгийн их гадаад явдаг яамныхны маань хэлний мэдлэг сул уу, мэлмий харалган уу ирээд өөрчлөх шинэчлэх нь ер үзэгдэхгүй, гажиг маань оршсоор 100 шахам жил өнгөрөв. Өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөн, дэд бүтэц сул манай оронд сум, өрхийн эмч нар маань интернетээр англи хэл дээр мэргэжлийн хэвлэл ашиглах чадвартай, оношлогоо эмчилгээний сайн технологитой, бага оврын хүчин чадал сайтай багаж тоног төхөөрөмжтэй байхад тусламж үйлчилгээний мөн ч олон асуудлыг сум, орон нутагтаа шийдэж малчдыг аймаг, нийслэлийн олон шатлалтай эмнэлгүүдэд очиж үрэгдэхээс сэргийлнэ дээ.
Нэгэн зүйл. Боловсролын алуурчид
Барууны орнуудад “Их Сургуулийн Эмнэлэг” (“University Hospital”)-т онош эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний дээд нэгдэл цогцолсон байдаг. Ер нь аливаа Эмнэлгийн сургууль (“School of Medicine”), коллеж (“Medical college”) өөрийн эмнэлэггүй байж болдоггүй. Манай улсын болоод хувийн анагаахын сургуулиуд бааз эмнэлэг байхгүй. Бааз эмнэлэгтэй болох асуудлыг ЭМШУИС-ийн захиргаа олон жил тавьсны дүнд саявтархан шав тавих ёслол болсон сайхан мэдээ дуулдав.
Өвчтөнтэй ажиллаж клиникийн тогоонд чанагдсан эмч эрүүл мэндийн яаманд нэг ч байхгүй, удирдлагын академийнхан голдуу хүмүүс ажилладаг болсноор нэг л хүйтэн нэг л цэвдэг. Бааз эмнэлэггүй сургалт нь багш, оюутан хоёрт хоёуланд нь зүйрлэшгүй их хохирол учруулдаг. Өөрийн өвчтөнгүй багш нар маань сурах бичиг, компьютер, хиймэл үзүүлэн, маск, хөшөө, баримал, муляж дээр сургалт явуулсаар клиникээс холдож нэг мэдэхэд өвчтөнөөс халгаад тойрч давхидаг болж зэрэг цолны хувьд анагаах эрдмийн том цолтой боловч дадлага чадварын хувьд цолгүй эмч нарт гологдох болтлоо доройтдог байна. Өвчтөний амин орон, өгүүлэмж зовиур, бодит үзлэгээс хөндийрэх тусам эмчийн сэтгэл зүрхний удган орноос нь арилдаг. Нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч нараас одоо байгаа өвгөн буурал зөвлөх багшийн дараа аль багшийг зөвлөхөөр авах вэ гэж асуухад толгой сэгсэрч алийг нь ч авахгүй гэж шууд хариулж байхтай олон таарлаа. Ингэж залгамж халаа тасарч байгаа нь их муу.
Шинэ төгссөн эмч нарын мэдлэг сул, ажил хариуцах чадваргүй, сэтгэлгүй, ёс зүйгүй байдал нь жил бүрийн удирдах ажилтны зөвлөлгөөн дээр хот хөдөөгийн эмнэлгийн ерөнхий эмч нарын хамгийн их хурц шүүмжилдэг асуудал болоод байна. Тэд аргаа барахдаа энэ гологдлоо буцаагаад авцгаа гэж ундууцлаа тайлахад насаараа багшилж яваа үүнийг тэрлэгч нүүрээ хийх газраа олж ядаад суурь шинэчлэлийн зангилаа чухам энд байгааг, ерөнхий эмч нар маань оюутан байхад багшийн үйл хөдлөл, хэлсэн үг, үзүүлж байсан өвчтөний зовиур шаналал, содон шинж тэмдэг тэр хэвээрээ ой санамжийн кинонд нь бууж хожим зурсхийн орж ирдэг амьд сургалт өнөөдөр үгүйлэгдэж байгааг, бид оюутнаас төлбөрийг нь авчихаад боловсролыг нь олгодоггүй, сургалтыг гурилддаг “Боловсролын алуурчид” болж хувирсныг яс махандаа мэдэрч асан билээ. Анагаах ухааны их сургуулийг эмнэлэггүй асман сургууль болгож, багш нарыг эмчилгээний оргүй, өвчтөн үздэггүй, манайх Боловсролын яамны харъяа гэдэг хүйтэн сэтгэлтэй болгосон нь анагаахын оюутан ёс зүйтэй, чадалтай сайн эмч болж төлөвшдөг уламжлалыг тасалжээ. Төрөлх анагаахын сургууль минь сургалтын ямар арга нэвтрүүлээд төгсөгчдийг мэргэжлийн хэвлэл ашигладаггүй, ашиглах чадваргүй, юм уншдаггүй, хэнэггүй, сурах тэмүүлэлгүй, гөлгөр, харанхуй болгочихов доо?
Эрүүл мэндийн сургалтын тогтолцооны гажгийг залуучууд, оюутны байгууллагууд олж харахад хэцүү. Оюутнууд төгссөн хойноо адлуулж загнуулах, мэргэжлийн алдаа гаргах, доголдолд орооцолдохдоо бүх бурууг сургуулиасаа биш өөрөөсөө хайж байна. Сургуулиасаа бас хайх хэрэгтэй. Тийм болохоор манай өнөөгийн эрүүл мэндийн боловсролын алуурчин тогтолцоог эх орон ч эрдэмтэд, багш нар л залруулах учиртайг сургуулийнхаа 80 жилийн ойн босгонд дөхөж яваа энэ өдрүүдэд тунгааж үзэхийг хичээнгүйлэн хүсье.
Нэгэн зүйл. Багажчин эмч
Орчин үеийн шинжлэх ухаан технологийн дэвшил, бүтээмж өндөртэй багаж тоног төхөөрөмж хамгийн түрүүнд анагаах ухаанд нэвтэрдэг. Өдөр ирэх тутам шинэчлэгдэж байдаг тэр олон багаж тоног төхөөрөмжийг барууны эмч нар гарсан даруйд нь эзэмшин онош эмчилгээндээ ашигладаг болохоос биш багажаар дагнан мэрэгшдэггүй. Тэд шинэ багаж технологийг тасралтгүй сургалтын нэг хэсэг, эмч бүхэн эзэмших ёстой оношлогоо, эмчилгээний аргуудын нэг гэж үзэж сурч эзэмшсээр байнга урагшилж байдаг учраас технологийн дэвшлээс хоцордоггүй. Баруунд эхоны эмч, зүрхний бичлэгийн эмч, дурангийн эмч гэх мэт нэг багажны эмч байдаггүй. Манай эмч нар нэг багаж сураад ганц технологитойгоо зууралдсаар сэтгэлгээний хоосролд орж эцэстээ эмч биш багажчин болдог дэндүү ядмаг тогтолцоо нэгэнт бүрэлдэж тэр нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталдаг мэргэжлийн индексийн жагсаалт, эмнэлгүүдэд баталж өгдөг орон тооны жагсаалтад ортлоо гажууджээ.
Бодлогоор бол эрүүл мэндийн салбарын дийлэнх хувийг ерөнхий мэргэжлийн эмч эзлэх ёстой атал 2017 оны байдлаар ердөө 30 хувийг эзэлж үлдэх 70 хувь нь ямар нэг чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэний ихэнх нь багажны эмч байна. Энэ сайн юм биш. Нэг хүнд нарийн мэргэжлийн нэг салбар, нэг молекул, нэг багаж хариуцуулаад байвал манай нийт хүн амыг эмч болгоод ч хүрэлцэхгүй тийм олон салбар, тийм олон багаж технологи шинээр үүсч асар их хурдтай эрчимтэй хөгждөг зүй тогтолтой юм даа, өрнийн анагаах ухаан.
Бид шинэ салбар болгон дээр шинэ эмнэлэг барих гэж зүтгэсээр, шинэ багаж болгон дээр шинэ мэргэжил буй болгосоор барууны нэг эмнэлгийн ажлыг манай 4-6 эмнэлэг хийдэг, барууны нэг эмчийн ажлыг манай 5-7 эмч хийдэг, бүгд хөдөлмөрийн бүтээмж багатай, бүгд цалин багатай болчихжээ.
Төслөөр ирсэн барууны эмч нарын баг өвчтөнөө багажийн шинжилгээнд явуулдаггүй, манайд өөр эмч багажийн шинжилгээ хийж дүгнэлт бичиж өгдөг гэхээр ойлгодоггүй, дүгнэлтийг нь уншдаг ч үгүй, багажийн шинжилгээг заавал өөрөө гардан хийж өөрийн нүдээр харж үзлэгээр илэрсэн шинж тэмдэгтэй харьцуулж цогцоор нь авч үзэж онош, ялгах оношоо тавьж баталгаажуулсны үндсэн дээр хагалгаанд ордог. Үзлэгийн эмч нар маань хүнээ үзээд лавшруулан багажаар шинжлэхийн оронд багажчин луу явуулж зөвхөн дүгнэлтийг нь хүлээж суудаг гажиг тогтолцоог залруулах хэрэгтэй.
Нэгэн зүйл. Эвий хөөрхий улсын эмнэлэг
Шилжилтийг буруу хийж эмчийн хөдөлмөрийн үнэлэмж эрс буурснаас амьд гарахын эрхэнд олон эмч хувьд гарах, гадаад руу шилрэх, эсвэл улс хувьд давхар ажиллахаас өөр аргагүй болсон юм. Хувийн эмнэлгүүд манай эрүүл мэндийн системд байдаггүй шинэ харилцаа нэвтрүүлж байна. Тэд өвчтөнд сэтгэлээсээ хандах харилцааны соёлыг дээд зэргээр эрхэмлэж, эмчилгээ оношлогооны аль сайн арга, аль чанартай эм сорчлон хэрэглэж өвчтөнийг татаж байна. Тэд үүднээсээ өнгөлөг, сул орон тоо байхгүй, ажилдаа дуртай гар сэтгэл нийлсэн цөөн ажилтны хүчээр асар их ажил амжуулна, гэртээ харина гэж үгүй, үргэлж завгүй, үргэлж жавхаалаг. Чадваргүй залхуу, санаачлагагүй хүнийг шууд хална. Өвчтөнүүд төлбөрөөс нь айлгүй хувийн эмнэлэг рүү цуварна. Улсын эмнэлэгт бүгд эсрэгээрээ, урт дараалал, орны хүлээлт, гар харсан сэтгэлгүй хүйтэн харьцаа, танил тал, уцаар бухимдал, 16 цагтай уралдаад алга болдог ачаалал багатай олон орон тоо. Уг нь үзэж эмчилсэн хүний тоо, чанар, ажлын ачаалал, гүйцэтгэлтэй уялдсан сайн цалин авч болдог санхүүжилтийн эрүүл тогтолцоо нэвтрүүлбэл улсын эмнэлэг ийм болох л ёстой. Одоо бол хичнээн өвчтөн үзсэн ялгаагүй бага цалин. Энэ байдлыг хувийнхан овжин ашиглаж улсын аль олигтой, чадвартай эмчийг өндөр цалингаар уургалж байна.
Улс хувьд давхар ажилладаг эмч хувийнхаа салбарт илүү сэтгэлтэй. Өөрийн гэсэн юмтай нийгэмд шилжиж буй болохоор үүнд буруугүй. Мэдээллийн давуу талаа ашиглан өвчтөнөө хувийнхаа эмнэлэг, аптек руу явуулах нь баруунд ч байдаг. Цалинд нь цохиулж эмчээ алдаад, үйлчилгээнд нь цохиулж өвчтөнөө алдаад, хумсын сувгаар эм, эмнэлгийн хэрэгслээ алдаад тамирдах болсон эвий хөөрхий улсын эмнэлгийн санхүүжилт менежментийг шинэчлэх, эмч ажилтны хөдөлмөрийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлэх замаар энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол болохгүй нь ээ. Эс тэгэх аваас хязгаарлах, хяналт тавих боломжгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үл үзэгдэх арилжаа улам цэцэглэж ёс зүйгүй байдал гаарах нь.
Улсын эмнэлгийг бүрэн хувьчилбал нэгдсэн эмнэлгийн олон гажиг богино хугацаанд цэгцэрнэ. Гэхдээ асуудлын нөгөө талд эмзэг бүлэг, хүн амын орлого багатай хэсгийн хамралт буурах эрсдэл бий. Энэ талаасаа эрүүл мэндийн салбар маань төрийн зохицуулалт шаарддаг төгс бус зах зээл боловч өнөөдөр манай төрийн зохицуулга, нэмэлт санхүүжилт, салбарын төлөө биш, авилгажсан тендер гэдэг үл үзэгдэх шугамаар нам төрийн бүлэглэлүүд, УИХ, засгийн газрын гишүүд, сайд, яам, Засаг дарга нарын компани руу явчихаад байгаа учраас шинэчлэл бус, төрийн дамшиглал болоод байна. Улсын эмнэлэг бол хулгай хийж болох хамгийн зохимжтой газар болжээ. Тендерээр шахсан, ашиглалтын зардал хэт өндөр, янз янзын компанийн үйлдвэрлэсэн өндөр үнэтэй олон багаж тоног төхөөрөмж өөрийн өртгөө хэзээ ч нөхөлгүй, хүчин чадлын 30-40 хувийг ашиглаагүй байхад сэлбэггүй, нийлүүлсэн компани нь олдохгүй, шинээрээ зогссон байх нь энүүхэнд. “Эрүүл монгол хүн” хөтөлбөрөөр их хөрөнгө зарж сум болгонд хэт авиа нийлүүлсэн нь ашиглалт муу, 30 жил хэрэглээд барахгүй ДОХ-ын оношлуур нийлүүлсэн нь хугацаа өнгөрөөд бүгд чанараа алдсан, хоёр сая хүнд нэг байх томограф нийслэлд 4-5 байна. Салбараа улс төр, нам, бизнесийн бүлэглэлүүдийн тоглоом болгосонд эмч бид нарын буруу бас бий. Эрх баригчдын буруу үйлдлийг таслан зогсоох бидний нийгмийн идэвхи сул, тэмцлийн хэлбэр дорой байдлыг дөрөөлж энэ бүхэн далд явагдаад, бид захиалаад, хэрэгтэй багаж, сэлбэгийн оронд тендерийн гажиг тогтолцоогоор нийлүүлдэг ашиглалтын зардал хэт өндөр, ДНБ-ний чадамжаас давсан өртөгтэй хэрэггүй багаж, таардаггүй сэлбэг, шахааны эм бэлдмэл, тоног төхөөрөмж авч, авсан хойноо гамшиг нь бидний нуруун дээр бууж байгаа учраас хэцүү хэдий ч залруулахаас өөр зам байхгүй.
“Мянганы сорилтын сан”-гаас хуурай химийн анализаторын тендер зарлахад ашиглалтын зардал хэт өндөр, манай хот хөдөөгийн нөхцөлд таарахгүй гэдгийг ЭМЯ-аас ММСС-д тайлбарлаж эсэргүүцээд нэмэр болоогүй, эмнэлгүүдэд өгсөн нь өнөөдөр сануулж байсанчлан ашиглалтгүй, далд оруулахаас өөр аргагүй хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй төмрийн хог болов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд ММС-ийн дараачийн багц санхүүжилтэд гарын үсэг зурлаа. Энэ удаа төмрийн хог болгохгүй байхсан.
Бэлгийн морины шүдийг үздэггүй ч манай эрүүл мэндийн салбарын хэрэгцээ, нөхцөл, шаардлагад нийцэхгүй, засвар үйлчилгээ, сэлбэгийн байнгын хангамжийг хариуцах дотоодын төлөөлөгчгүй, улсын бүртгэлд ороогүй хандив, өглөг, олон улсын байгууллагын зээл тусламжаас Их Хурал, Засгийн газар, ЭМЯ, эмнэлгийн дарга нар татгалзаж сурах хэрэгтэй, нэгэнт авлигын урхинд ороод амташсан бол хэргээ хүлээж дээлээ нөмрөх хэрэгтэй.
Улсын эмнэлгийн хууль эрх зүйн орчныг өөрчлөх нь суурь шинэчлэлийн нэг зангилаа асуудал мөн. Больницын удирдлага, ерөнхий эмч нарын бие даасан байдлыг хангах хэрэгтэй байна. Тэд маань дүүрэг нийслэл, аймаг, сумынхаа хүн амын эрүүл мэндийн байдал, газар нутгийн хэмжээ, байгаль цаг уурын нөхцөл, зонхилох өвчлөл, хамт олон, багаа бүрдүүлэх боломж, хүний нөөцөө төлөвлөх, хөгжүүлэх менежемент, орон нутгийн эмийн үнэ, шууд бус зардлын баримжаа, улам бүр өсөн нэмэгдэж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг зардлыг бууруулах арга замыг сайн мэднэ. Тэд маань ажил дээр, гадаа, гэрт, оронд оруулахгүй эргэлдэж зовоодог, дугтуйтай авилгаа ханцуйлсан олон компани дотроос чанартай эм, багаж, бүтээгдэхүүн нийлүүлдэг баталгаатай, ёс зүйтэйг нь бүр ч сайн мэднэ. Тэднийг нам, яам, Засаг дарга, данхар том төр захиргааны элдэв газраас ирдэг олон даргын цохолт, дарамт, хавсаа, шилээ даран цуврах давхардсан олон төрлийн хяналт, шалгалт, элдэв судалгаа бөглөх хуудас, цаас, тендерийн дарамтаас чөлөөлж бие дааж ажиллах боломжоор хангах хэрэгтэй. Тэдэнд манай салбарын нарийн мэргэжлийн онцлог шаардлагыг харгалзан хүчин чадал, хэрэгцээндээ тохирсон багаж тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, тохиргоо, засвар, үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчээ өөрөө сонгож, бараа үйлчилгээ худалдан авах шууд гэрээ хийх эрх олгох шаардлагатай байна.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
