[caption id="attachment_51002" align="alignright" width="200"]
Н.МӨНХТҮВШИН
Анагаах ухааны доктор, профессор[/caption] Түрүүч нь Монголын анагаах ухааны бүрэлдэл, дэлгэрэл, эсрэгцэл Өнгөрсөн зууны 1930-аад оны улаан хэлмэгдлийн үед Монгол оточийн эмнэлэг хаагдах цагт бүрэлдэж асан өрнийн анагаах ухааны эмнэлэгт ажиллах үндэсний мэргэжилтэн байсангүй. Шинэ цагийн Монголын өрнийн анагаах ухааны үндсийг миний эх орны хөрсөнд үндэслүүлж манай анхны санитар, ариун цэврийн зааварлагч, сувилагч, бага эмч, их эмч, эрдэмтэн багш нарыг өсгөн бойжуулж, монгол хүмүүнийг эрүүлжүүлэх их ажлын эхийг тавьсан ариун үйлстэн бол улаан армийн эмч нар, зөвлөлт оросын эмч нар байлаа. 1950-аад оны сүүл хүртэл Зөвлөлийн Засагт Холбоот Орос улсаас ирж ажилласан орос эмч нар монгол ахан дүүсийн төлөө гэх өөриймсөг сайхан сэтгэлээр зүтгэж үнэнхүү буянтай үйл бүтээсэн юм. Тэдний хот хөдөөд барьж өгсөн олон эмнэлэг, эмчилж эдгээсэн олон хүн, тахлын голомтоос аварсан хүмүүс, зааж сургасан олон эмч нар, байгуулж өгсөн эмнэлгийн дээд дунд сургууль, зон олны эрүүл мэндийн төлөө хийж бүтээж өгсөн бүхнийг үеийн үед санаж явах учиртай. Академич Т.Шагдарсүрэн, профессор В.Ичинхорлоо тэргүүтэн манай алдарт ахмад үе, орос нөхдийн тусламжтай өрнийн анагаахын хүчирхэг эрдмийг эх орондоо нутагшуулан цогц тогтолцоо болгон хөгжүүлж цагаан цэцэг өвчнийг устгаж нийгмийн халдварт өвчний дэгдэлтийг эрс бууруулаад, халдварт бус өвчинтэй тэмцэх цаг үеийг эхлүүлсэн түүхэн гавьяатай бөлгөө. Академич Т.Шагдарсүрэн дэлхий дахин нийгмийн хоёр системд хуваагдаж хүйтэн дайны ирмэгт тулж асан тэр бэрх цагт зөвлөлтөөс тулгаж асан нийгэм, улс төр, үзэл суртлын хязгаар саадыг давж гуравдагч орноос өндөр технологийн төхөөрөмж авч зүрхний мэс заслын төв байгуулсан. Анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг далайцтай өрнүүлэх тулгуур Анагаах ухааны хүрээлэн байгуулсан, үйлс бүтээлийг нь тоолж баршгүй хөдөлмөрч, домогт эмч, багш, төрмөл ухаантан, ер бусын авьяаслаг зохион байгуулагч байсан юм. Өнөөдөр элэглэх болсон социализмын гэгдэх энэ үеийнхний ямархан их хүч хөдөлмөр, халуун сэтгэл, эх оронч хичээл зүтгэлээр чухам гайхамшгийг бүтээснийг домогт эмч, сайд Г.Туваан, сайд Б.Дэмбэрэл нар дурсамжийн номдоо өгүүлжээ. Г.Туваан сайд сийрэг ухаантай, аймаг сумын эмч, эмнэлгийн жолооч нарыг овог, нэрээр нь дууддаг ой сайтай, ард олны эрүүл мэндийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр жигүүрлэсэн, шинэ цагийн алтан үеийн нэрт зүтгэлтэн, авьяаслаг зохион байгуулагч байв. Г.Туваан сайдыг одоо цагийн нам, тендер хоёр руу сөлөлзсөн Эрүүл мэндийн сайдын оронцог улстөрчидтэй зүйрлэх аргагүй хүн байсан гэдэг. Тэрээр нэгдсэн ба тусгай мэргэжлийн эмнэлэг, түргэн тусламжийн алба байгуулж хөгжүүлэх, анагаах ухааны дээд, дунд сургууль, хүрээлэн байгуулж үндэсний эмч, эрдэмтэд бэлтгэх, эх нялхсыг хамгаалах, ариун цэвэр, халдвар судлалыг үүсгэн хөгжүүлэх, гоц халдварт, арьс өнгө, сүрьеэтэй тэмцэх, Монгол Улсыг ДЭМБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлэх, тив дамнасан халдвар, цар тахалтай тэмцэх сэргийлэх, олон улсын хамтын нийгэмлэгээс мэдээлэл технологи, техникийн туслалцаа авах, сум, сум дундын эмнэлэг, багийн бага эмчийн салбар байгуулж алслагдсан хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх олон ажлыг улс даяар өрнүүлсний дүнд нийгэм эрүүлжиж 1950 онд 0.7 мянга байсан хүн ам 1970 онд 1.3 сая болж, 0-14 насныхан 44 хувийг эзлэх болсон билээ. Байгалийн эрс тэс дөрвөн цагийн улиралтай, Хангай, Хэнтий, Алтайн өндөр уулсаас өргөн уудам хээр тал, говийн элст манхан дамнан дорно зүг үргэлжлэх асар том газар нутаг дээрээ малынхаа тэжээл, өвсний сөл дагаж нүүдэллэн амьдардаг малчид болон шинээр үүсч буй төв суурин газар хосолсон онцлогтой манай орны нийслэл хот, аймаг, дүүрэг, сум баг, суурин газрын айл өрх хийгээд нүүдэлчин малчны гэрт хүртэл очиж эрүүл мэндийн тусламж үзүүлдэг, хүн амд нэн хүртээмжтэй сонгодог тогтолцоог ахмад үе маань бүтээж залгамж халаа болсон биднийхээ гарт атгуулсан юм. Манай үеийнхний өмнө бүх нийтийг диспансерийн хяналтад хамруулж өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх гэдэг социалист номлолоос татгалзаж, хагас зууны турш туулсан зам, төлөвшсөн итгэл үнэмшлээсээ хагацаж, төлбөртэй гэхдээ эрүүл мэндийн тусламжийн төгс бус зах зээл гэдэг нэн ойлгомжгүй тэс өөр ухагдахуунд тулгуурласан нийгмийн тогтолцоонд хөрвүүлэх бэрх үүрэг ногдсон билээ. Шилжилтийн үе хэмээх эдийн засгийн хямрал, иргэдийн бухимдал, хоосон лангуу, эрүүл мэндийн санхүүжилтийн дутал, эм тарианы хомсдол, эмч нарын цөхрөл, гадаадад цагаачлах дүрвэлтийн үед салбараа сөхрүүлэлгүй, авч гарсан ухаант эрхэм бол Эрүүл мэндийн сайд асан энэ цагийн анагаахын ноён оргилуудын нэг, академич, П.Нямдаваа юм. Тэрээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль эрхзүйн үндсийг цогцоор нь шинэчилж, олон хэв шинжит тогтолцоо шинээр бүрдүүлж, хувийн секторыг шинээр үүсгэн хөгжүүлж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог анх санаачлан нэвтрүүлж, вакцинжуулалтын нэр төрөл, товлолыг шинэчлэн тогтоожээ. Мөн нэн шаардлагатай эмийн бодлогыг шинээр боловсруулж, зүү тариурын үйлдвэр, эм бэлдмэлийн үйлдвэр ашиглалтад оруулж, уламжлалт анагаах ухааныг сэргээн хөгжүүлж, биеийн тамир, спортыг хөгжүүлэх, зүрх судасны эмгэгээс сэргийлэх, хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр, өрхийн эмнэлгийн тогтолцоо гээд үргэлжлэх олон томоохон түүхэн хөтөлбөр, стратегийн тулгуур үзэл баримтлал боловсруулж хэрэгжүүлсэн, бодол эргэцүүллийн хязгааргүй өргөн цараатай, бүтээх босгох ширгэшгүй хүсэл тэмүүлэлтэй, олон улсын анагаах ухааны хүндлэл хүлээсэн, эд эс, эрхтэн молекул, вирус, прионы молекулын чинад бүтцэд нэвтэрсэн. Дэлхийн анагаах ухааны хөгжлийн чиг хандлагыг сэтгэлдээ багтааж, социализмын үед эрүүл мэндийн салбарын ахмад үеийнхний зүтгэж бүтээсэн их үйлсийг шилжилтийн үед сүйрүүлэлгүй аваад гарсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн билээ. Япон улсын Засгийн газрын санаачлагаар эхэлсэн хандивлагч орнуудын зээл тусламж, олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаа нь нийгмийн тогтолцооны нэг хэвшлээс нөгөө хэвшилд шилжих түүхэн үеийг хохирол багатай давахад манай орны үйлдвэр, ХАА, холбоо, боловсрол, эрүүл мэнд хийгээд улс ардын аж ахуйн бүх салбарт үнэлж баршгүй тус болсныг бид үеийн үед санаж явах учиртай. Чингэхдээ хандивлагчдын нэгдсэн ойлголт бол социалист систем боловсрол, эрүүл мэндийн дэндүү үрэлгэн төрийн тогтолцоо буй болгосон учраас өөрчлөлт хийхдээ энэ салбарт ажиллагсдын тоог цөөрүүлэх хатуу бодлого баримтлах ёстой гэсэн шаардлага тавьж боловсролын салбараас сайн дураараа гарсан хүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх туршилт хийсэн билээ. Ерөнхий боловсролын сургуулийн олон багш сэтгэлдээ унаган мэргэжлээсээ салсан нойтон сормуустай, халаасандаа Азийн банкнаас олгосон дэмжлэгийн хэдэн төгрөгтэй харанхуй туршилтын бай болж Эрээний гахайчидтай нийлэхээс өөр тавилангүй хохирч золигт гарсан билээ. Олон улсын байгууллагаас дэмжлэг авахын тулд ажиллагсдын тоог цөөлөх ганцхан нөхцөл тавьж амжилттай хэрэгжүүлээд олон багшийг золиослосон Азийн хөгжлийн банк нүгэлт энэ бодлогоо эрүүл мэндийн салбарт мөн тулгаж улсын хэвшлийн эмнэлгийн боловсон хүчнээ цөөлөх хатуу шаардлага тавьсан байдаг. Сайд асан П.Нямдаваа зарчмын хувьд зөвшөөрөөд манай улсын онцлог 10 мянган хүнд ногдох эмчийн тоогоор дэлхийд дээгүүрт орох боловч нэг хавтгай дөрвөлжин км нутагт ногдох эмч гэж тооцвол тун хойгуур орох тул олон жилийн зүтгэлээр бүтээсэн анхан шатны тусламжийн бүтцийг эвдвэл алс хязгаар нутгийн хүн ам хохирно гэсэн бодлогоо сөргүүлэн тавьж хөдөө явуулж үзүүлсэн байдаг. Нөхдүүд зэлүүд газар цасанд сууж, хөдөөний эмч нар ямархан бэрх нөхцөлд ажилладгийг биеэрээ туулж, нусаа хацартаа нааж ирээд эмч нарыг цөөрүүлэхдээ багш нарт мөнгө өгөөд “өөрөө мэд” гэж орхисон шиг бус, “эрүүл мэндийн хувийн хэвшил, өрхийн эмнэлгийн салбарт” шилжүүлэх хүмүүнлэг саналыг хүлээн авсан нь биднийг хараат бус төрийн бодлого бүхий, эзэн эрхт (sovereignty) тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрснийх, сайдын маань төрмөл ухаан, заяамал оюун тэгж ойлгуулж чадсаных байв. Бидний дараачийн үеийнхэн соронзон үелзлийн томограф, судас сэтгүүр, дурангийн хагалгаа, зүрх, судас, мэдрэлийн мэс засал, генийн онош зүй, эрхтэн шилжүүлэн суулгах, хүчирхэг аргыг нутагшуулж, шинэ мянганы эхэнд бид гурван сая дахь иргэнээ өлгийдсөн өлзий буянтай сайхан зуунд дэвшин оров. Гэсэн хэдий ч манай оронд өрнийн анагаах ухаан нэвтэрч эхэлсэн түүхийн тэр зурвас үед бөмбөрцөг хоёр хуваагдсаны харгайгаар бид өрнийн анагаахын жам ёсны бус гажуу замаар оржээ. 70 жилийн турш социалист тогтолцооны үед олсон ололт, хүрсэн төвшин маань зүйрлэшгүй их хэдий ч зах зээлийн нийгэмд шилжих болсон сүүлийн 30 жилд Монголын өрнийн анагаах ухааны хөтлөл зүй, менежментэд мэргэжлийн бус улс төрийн нам хүчнүүд хутгалдаж ордог, эрүүл мэндийн салбарыг улс төрийнхэн ирж дамшиглан үймүүлдэг тийм салбар болгож хувиргаад тэрнээсээ салж чадахгүй, яаж салах аргаа олохгүй явна. 1990-ээд оны үеэс хүйтэн дайн төгсгөл болж хоёр систем нэг нэгэндээ хаалгаа нээхэд коммунизм нь явуургүй болохоо ухаарч нөгөөх капиталын хууль, ёс төрхмийн өмнө тэргүүнээ гудайж дагахуй дор эхлэл төгсгөл нь үл харагдах шилжилтийн гэдэг их уналтыг туулах зурлагатай учирсан билээ. Эрүүл мэндийн салбар нам бус байна хэмээн хуульд заах хүртлээ бид нөгөө намын хүнд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ тээнгэлзэх болтол ялзарч улстөржиж гажив. Ядахад улстөрчид манай салбарыг самарч шившиглэх, эмнэлгийн дарга нарыг сольж холих тоолонд эмнэлгүүд, ялангуяа өрнийн анагаах ухааны суурьтай улсын эмнэлгүүдийн хөтлөл зүй (hospital management) алдагдах нь нэн бэрх. Ардчиллын буянаар өрнийн анагаахын эх нутаг барууны орнуудад очоод үзтэл бид эрүүл мэндийн тогтолцоо, анагаах ухааны хөтлөл зүй, менежментийн олон асуудлаар эсвэл буруу ташаа явж ирсэн, эсвэл ор тас орхигдуулж ирсэн. Эсвэл олон жилээр хоцорсон байлаа. Хэрэг явдал ийм болсны учир ташаарсныг залруулах, орхисныг үүсгэх, хоцорсныг хурдасгах их үйлсийг гардан хэрэгжүүлэх зорилт тулаад байгаа нь бас өнөөгийн бидэнд оногдсон түүхэн үүрэг тавилан мөн. Манай улс төрийнхөн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлээд байна. Бид нэг намын дарангуйллын засаглалаас ардчилсан парламентын засаглалтай орон болж чадав. Одоо үүнийгээ төлөвшүүлж сурах л үлдлээ. Засаглалын сульдаа үе үе тохиох ч энэ бол түр зуурын явдал. Шилжилтийн эхэн үед тохиожихуй энэ үзэгдэл насгүй юм. Миний авьяаслаг ард түмэн үүнийг зөв замд нь оруулж л таараа. Олигархи маягийн сонгуульт дарангуйлал, зэрлэг капиталын хэлбэрээс либерал ардчилал маягийн хүмүүнлэг капиталын хэлбэрийг сонгоод явж байна. Олон зууны тэртээгээс өвөг дээдэс маань амиараа сольж, цусаараа тамгалж, сэрэмсэрээрээ шүтэн барилдуулж хойч үедээ үлдээсэн эх нутаг, ариун дагшин газар шороогоо хамгаалж, олон түмэнтэйгээ нягт байж ард олон, улс орныхоо төлөө зүтгэх учиртай нам үүргээ умартаж авлига, луйвраар халаасаа зузаалах нам болохуй дор ард олон даруй зайлуулж сурав. Манай үйлдвэр, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, харилцаа холбоо, зам тээвэр, мэдээллийн салбарынхан маань шинэчлэлийг нэгэнт хэрэгжүүлээд үр шимийг нь хүртээд эхлэв. Манай боловсролын салбар чанарын өндөр төвшинд хүрсэн боловсрол олгох гэж оролдсоор л явна. Шинэчлэл бүрэн утгаараа эхлээгүй байгаа цорын ганц салбар бол манай эрүүл мэндийн салбар юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид эрүүл мэндийн даатгалын систем, өрхийн эмнэлгийн систем нэвтрүүлсэн. Зарим багаж нийлүүлсэн, хувийн хэвшлийн үйл ажиллагааг эхлүүлсэн нь үнэн. Гэвч эдгээр нь шинэчлэлийн багаахан хэсэг учир хүсэн хүлээсэн өөрчлөлт, шинэчлэлийн үр дүн өгөхгүй, системийн доголдол арилахгүй байгаа учраас олон нийт ихэд бухимдаж байна. Бид эрүүл мэндийн салбарын гажгийг засахгүй бол төсөв зардлыг хэчнээн нэмэгдүүлэвч доголдсон хэвээрээ. Салбар маань үрэлгэн, эрчимгүй, үр өгөөж муутай байна. Эмч нар маань өрнийн анагаахын уг мөн чанарт нэвтрэх түлхүүргүй, мэргэжлээ бүрэн эзэмших боломжгүй, сургалт маань олон улсын стандартад нийцэхгүй байна. Иргэд маань бидэнд хандах итгэл алдарч, хандив цуглуулж гадаадад явах гэж хамаг цаг мөнгө, үгээ барсаар. Хавсарсан эмгэгтэй өвчтөн, эсвэл дэгдэлт гарах үед гажуу бүтэцтэй тусгай нарийн мэргэжлийн гэх олон жижиг эмнэлэг маань шуурхай арга хэмжээ авахын оронд бие бие рүүгээ шилжүүлж түлхсээр богино хугацаанд гамшигт хүргэж хүний амь эрсдэх явдал байнга гарах болов. Чоно борооноор гэгчээр бидний мунгинах хооронд солонгос, хятад голдуу гаднын эмнэлэг борооны дараах мөөг мэт олширч байна. Эрүүл мэндийн системийн доголдлын буруутай эзнийг хайж нэг нэгээ хэмлэхийн оронд манай салбарыг улс төрийн бузраас чөлөөлж хөгжлийн зөв замд оруулах хэрэгтэй байна. Нэн түрүүнд манай салбарын тогтолцооны гажгийг засах хэрэгтэй. Энэ бол тусгаар улсын хувьд бид өөрсдөө олж хараад залруулж зөв замд нь оруулах ёстой асуудал мөн. Эрүүл мэндийн одоогийн тогтолцоог энэ хэвээр нь хойч үедээ үлдээгээд яваад байж яавч болохгүй. Залуу үе маань ард олноо эмгэг өвчнөөс ангижруулах ганцхан нандин хүсэл бий. Өнөөдөр тэд маань анагаахын сургуульд элсмэгцээ гажиг сургалтын анхны өлөн намагт шигдэж төгсмөгцөө зарим тохиолдолд эсвэл өвчтөн гарцаагүй энддэг. Эсвэл эмч гарцаагүй ял авдаг эсвэл авлига өгч ажилд ордог ёс бус тогтолцооны хөхөмдөг намагт улам гүн шигдэж учраа олохгүй явна. Нэгэн зүйл. Тусгаар Монголын өрнийн анагаах ухааны шөвгөн нарийсал Өдөр бүр шахам шинэ чиглэл, шинэ салбар, шинэ технологи үүсч их хурдацтай хөгждөг зүй тогтолтой өрнийн анагаахын нарийн мэргэжлийн олон салбар ухааныг нэг үндэснээс салаалан ургах асар том царс мод лугаа зүйрлэдэг нь цаанаа нарийн учиртай ажээ. Барууны орнуудад эмнэлэг нь ийн олон салбарлахдаа өрх тусгаарладаггүй. Нэг том хотхон эмнэлэг болж түмэн учгаар амин холбоотой анагаахын үндсэн эх ундарганаасаа тасралтгүй ундаалж “Нэгдсэн эмнэлгийн хөтлөл зүй” (General Hospital Management)-ийн маш нарийн зохицуулгын дотор хөгждөг жамтай юм байна. Нийгэмд аюултай үйлдэл хийх эрсдэлтэй сэтгэцийн хурц хэлбэртэй өвчтөн хэвтдэг эмнэлэг зөвхөн зарим оронд хотоос зайдуу байрлахаас бусад дотор, мэдрэл, гэмтэл, халдварт, төрөх эмэгтэйчүүд, хүүхэд, арьсны эмгэг, хавдар бүгд нэгдсэн эмнэлэгтэйгээ хамт байдаг. Баруунд өвчтөнийг нэг эмч үздэггүй. Хотхон эмнэлгийн олон тасаг салбараас оролцсон эмч нарын баг нийлж үзээд эцэслэн шийдэж шаардлагатай бүх төрлийн тусламжийг нэг дор үзүүлдэг нь өвчтөнд туйлын ээлтэй, чирэгдэлгүй, эмч нарт нэн ашиг тустай, ёс зүйтэй, эмнэлэг тасралтгүй хөгжих, ашигтай ажиллах үндэс нь болдог ажээ. Аль нэг салбар нь тусдаа бие даасан мэргэжлийн эмнэлэг болсноор сайн муу ямар үр дагавартай болохыг үзэж судалюу гэхээр барууны орнуудад угаасаа тийм туршлага, түүх байхгүй юм. Харин Орост бол байна. 1990-ээд он гэхэд хуучин ЗСБНХУ нарийн мэргэжлийн эмнэлэг төв олныг байгуулсан боловч хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт сайжрахгүй, эмнэлгийн тусламж доголдож, анагаах ухааны хөгжил мухардалд орж уруудаад эхэлсэн байдаг. Хүчирхэг Орос гүрний эрүүл мэндийн салбарыг туйлдуулж сөхрүүлсэн буруутан бол үрэлгэн, эрчимгүй, хэт нарийссан, гаж бүтэцтэй нарийн мэргэжлийн олон эмнэлэг, төвүүд байсныг оросууд ухаарч “Өөрчлөн байгуулалт” (Перестройка) эхлэхэд холбооны улс, мужуудад барьж байсан олон тусгай мэргэжлийн төвүүдийг “царцааж” (замораживание) хожим нэгдсэн эмнэлэг, оношилгооны нэгдсэн төвүүд болгон өөрчилжээ. Бид оросуудыг яг дуурайдаг байсан болохоор 1950-1980-аад оны сүүлч гэхэд гурав дахь шатлалын, төрөлжсөн нарийн мэргэжлийн гэдэг сайхан нэртэй олон эмнэлэг төвтэй болоод авсан билээ. Гэтэл энэ маань бахархал биш алдаа байсныг сүүлийн 20 жилийн түүх харуулсаар ирсэн хэдий ч бид огтхон ч ухаарч анзаарсангүй, өөрчлөн шинэчилж чадсангүй. 1935 оноос тэр үед ажиллаж байсан Зөвлөлтийн эмч нар төв эмнэлгийг клиникийн төв эмнэлэг гэж өргөмжлөн сургалт, судалгаа, эмчилгээ гурвыг хослуулан явуулах болсон нь барууны нэгдсэн эмнэлгийн сонгодог жишиг мөн байв. Гэтэл 1940-өөд оноос мэргэжлийн тасгууд нь тусгаарласаар 1970-аад оны дунд үе гэхэд төв эмнэлгийн 19 тасаг бие даасан төрөлжсөн нарийн мэргэжлийн олон эмнэлэг, сургууль болон жижгэрч тасарсан нь манай салбарын өнөөгийн доголдлын эхлэл болсон байна. Нэгдсэн эмнэлгээс тусгаарлаж тасарсан төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн жам ёсны хөгжил зогсонги болж царс модны хугарсан мөчир лугаа аажим өмхөрдөг. Эмч өвчтөн хоёрт хоёуланд нь хэмжээлшгүй их хохирол учруулдгийг манай эрүүл мэндийн системийн өнөөгийн тогтолцоо харуулж байна. Ингэж тасарснаас олон мэргэжлийн эмч нийлж онош тавих боломж хумигддаг. Гаднаас олон зөвлөх эмч авахаас өөр аргагүй байдалд хүрдэг, Бусад мэргэжлийн эмч нараас олж авдаг мэдээллийн их урсгал зогссоноос эмчийн харьцуулалт, олон талт дэлгэмэл сэтгэлгээний динамик хөгжил саарч явцуу хүрээнд эргэлдсээр “Манай талаас онцын юмгүй” гэдэг бэлэн хэлц үгтэй болж өвчтөнийг өөрөөсөө холдуулах ёс зүйн доройтол руу эргэлтгүй ордог юм байна. Манай нэрт профессор найман эмнэлэгт зөвлөх эмч хийж явсаар сөхөрч туйлдсан бөлгөө. Хамгийн их хохирол амсдаг нь өвчтөн. Тэд ямар өвчин туссанаа мэдэхгүй, өөрт нь аль эмнэлэг таарахыг мэдэхгүй олон эмнэлэг дамжиж туйлддаг. Ялангуяа, олон эрхтэн барьж тусдаг өвчин, хавсарсан эмгэгтэй өвчтөнүүд, олон байрлалтай сүрьеэ, хавдрын эхний үе, халдварт өвчний өвөрмөц хэлбэрүүд, далд гэмтэлтэй өвчтөнүүд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгээ ололгүй явсаар өөр эмнэлэгт нас барах явдал их байна. Суурь өвчин хавдарт шилжих үйл явц бусад эмнэлэгт эхэлдэг болохоор хавдар судлалын төвд хугацаа хэтэрсэн. Эмчилгээ авахгүй болсон өвчтөн ирж нас бардаг тийм газар байсан нь 60 жилийн турш үндсэндээ өөрчлөгдсөнгүй. Туяа эмчилгээний ганц тасаг урт дараалалдаа дарагдаж, хавдрын эсрэг аяны завсраар хавдар өсөн нэмэгдсээр, бусад эмнэлэг туяа эмчилгээний тасаг байх ёсгүй мэт буруу ойлголт дэлгэрч, эмчилгээ эрт эхлээгүйгээс олон өвчтөн нас барж байна. Австри улсаас бэлэглэсэн 7.4 тэрбум төгрөгийн үнтэй шинэ үеийн туяа эмчилгээний багажийг ХСҮТ дээр суурилуулах өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгч компани гурван жил шилэрч, захиалагч ЭМЯ, эзэмшигч ХСҮТ хөөцөлдөж ядаад цөхрөнгөө барж өнгөрсөн зуны борооны үерийн усанд үйжээ. Засварын үнэ 400 сая төгрөг гэх. Өвчтөнд ээлгүй өмнөх намын Засгийн газар, яам, сайдуудын үйлийн үр үүгээр үл зогсох, намын нууц эзний хуурамч компанийн шунал үүгээр үл дуусахыг яалтай билээ. Олон жижиг төрөхүүд зөвхөн төрөлт, эмэгтэйчүүдийн эмгэгээр хязгаарладаг учир давхар өвчтэй ээж нар их зүдэрч байна. Өрнийн анагаах ухааны эдийн засгийн онолоор нэгдсэн эмнэлэг жижгэрэх тусам ашиггүй болдог. Барууны нэгдсэн эмнэлгүүд дунджаар 1500-2500 түүнээс дээш ортой бол бид гурав дахь шатлалын, төрөлжсөн, нарийн мэргэжлийн нэртэй, 200-450 орчим ортой манайдаа том гээд байгаа ч үнэн хэрэгтээ “давжаа”, чадварын хувьд дорой, эдийн засгийн хувьд алдагдалтай эмнэлгүүд байгуулчихжээ. Жижиг эмнэлгүүдийг тоноглоход олон төрлийн өндөр үнэтэй багаж хэрэгтэй атлаа ашиглалт муу, өөрийн өртгөө хэзээ ч нөхдөггүй. Жижиг эмнэлэг болгон MRI (соронзон үелзлийн томограф) төрлийн багажтай болох гэж зүтгэнэ. Төрөлжсөн нарийн мэргэжлийн олон шатлалтай тогтолцоо хүн амын хэрэгцээг бүрэн хангахгүй, захиргааны олон жижиг бүтэц хэт үрэлгэнээс гадна байгууллага хооронд өвчтөн шилжүүлэх ажилд үлэмж түвэг учруулж манайх, танайх гэсэн мэтгэлцээнээс өвчтөн хохирсоор. Хүн амын эрүүл мэндэд ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх ажилдаа бүхий л сэтгэл оюун, зүтгэлээ зориулж яваа эмч, эмнэлгийн ажилтнууд маань зарим үед өнөөгийн эрүүл мэндийн олон шатлалт бүтцийн гажгаас болсон доголдолд орооцолдон захиргааны болон эрүүгийн хуулийн зүйл ангиар шийтгэл хүлээж хэлмэгдэх явдал гарч хайран хүний нөөцөө туйлдуулсаар байна.. Нэгэн зүйл. Зэрэмдэг нэгдсэн эмнэлэг Барууны орнуудын нэгдсэн эмнэлгийн хаалгаар ороход хамгийн эхний тасаг нь гэмтэл, яаралтай тусламжийн тасаг байдаг. Манай нэгдсэн эмнэлгүүдэд гэмтэл, яаралтай тусламжийн тасаг байхгүйтэй адил. Гэмтлийн эмнэлэг тусдаа байдаг. Осол болоход аль ойр эмнэлэгт тусламж авах боломжгүй, нэгдсэн эмнэлэг гэмтлийн тусламж үзүүлэх үүрэггүй хачин этгээд гажиг тогтолцоо руу хальтраад орчихсон байна. Байх ёстой тасгууд нь байхгүй болохоор нэгдсэн нэртэй боловч угтаа зэрэмдэг нэгдсэн эмнэлгүүдэд тусламж, үйлчилгээний алдаа доголдол гарсаар байна. Баруунд шигдээс, ДОХ, халдварт шар, ходоод гэдэсний шархлаа хийгээд янз бүрийн оноштой өвчтөнийг нэгдсэн эмнэлэгт хоорондоо гүйдэг хөшгөөр таславчтай нэг тасагт эмчилдэг. ДОХ, халдварт шарыг халдвартын эмнэлэг рүү шилжүүлдэггүй, тийм эмнэлэг байх ч үгүй. Нэгдсэн эмнэлэгт ирж байгаа өвчтөн бүрийг болзошгүй халдвартай гэж үзэж халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр баримтлаж тусламж үзүүлдэг. Харин аливаа эмнэлэг тусгаарлах тасагтай байх ёстой. Дэгдэлтийн сэжигтэй тохиолдолд өөр эмнэлэг рүү шилжүүлэх биш өвчтөний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж нэн даруй тусгаарлах тасагт авч онош батлах, улсын хэмжээнд болон олон улсын хэмжээнд сэрэмжлүүлэх, зохих журмын дагуу яаралтай хариу арга хэмжээ авах журамтай байдаг. Үргэлжлэл бий.

Оюун
Нүцгэн үнэнийг ямар зөв дүгнэж бичсэн юм бэ!