“Монголын улс төрд бизнес, хувийн ашиг сонирхлын нөлөө их байна”

2018-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монголын улс төрийн санхүүжилттэй холбоотой цогц судалгааг Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн, Нээлттэй нийгэм форумаас Европын холбооны дэмжлэгтэйгээр хийсэн талаараа өчигдөр танилцууллаа. Судалгааны баг  улс төрд хяналтгүй орж, гарч буй эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөний урсгал  Монголын ардчилалд ноцтой эрсдэл бий болгож байгааг тайландаа онцоллоо. Улс төрийн санхүүжилттэй холбоотой хуулийн хийдэл их,  хэрэгжилт хангалтгүй байгаа. Энэ сорилтыг давж олон улсын сайн туршлага, чиг хандлагатай зэрэгцэж дөхөхийн тулд юуны өмнө эрх зүйн орчны шинэчлэл хийх шаардлагатайг зөвлөсөн юм. Эрх зүйн шинэчлэлийн нэн түрүүнд улс төрийн санхүүжилтийн хяналт, ил тод байдал, тайлагналтыг сайжруулах, мэдээллийг олон нийтэд ил болгоход анхаарах хэрэгтэй байгааг дурдлаа. Тухайлбал, төрийн санхүүжилт, хувь хүн, хуулийн этгээдийн хандив, зардлын дээд хэмжээтэй холбоотой зохицуулалт, зөвлөмжийг онцолж судлаачдын дунд хэлэлцүүлсэн юм. Тэр дунд, эмэгтэйчүүдийн улс төрд оролцоход саад болж буй нэг зүйл нь санхүүгийн нөөц боломж хомс байдгаас тэгш өрсөлдөх боломжийг хумьдаг гэж үзжээ. Улс төрийн тогтолцоог санхүүжилт болон эрх зүйн зохицуулалт талаас нь авч үзвэл  улс төрийн намууд томоохон бизнесийн ашиг сонирхлын нөлөөнд автах эрсдэл өндөр байгаа гэсэн судалгааны дүн гарчээ. Түүнчлэн Монголын улс төрд томоохон бизнес, хувийн ашиг сонирхлын нөлөө тусаж буй нь илэрхий байх бөгөөд хамгийн санаа зовоосон асуудал болж байгааг Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Каталина Урибэ Бурчер хэлсэн юм. Улс төрийн санхүүжилтийг 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хууль, 2005 онд өөрчлөлт оруулсан Улс төрийн намын тухай хуулиар зохицуулж байгаа ч хоёр хуулийн аль алинд нь намын санхүүжилттэй холбоотой олон улсын сайн туршлага, удирдамж, зөвлөмжөөс хол зөрүүтэй. Ялангуяа, сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд нам нь дэнчин хурааж авдаг нь сонгуульд нэр дэвших боломжоор хангагдах эрхтэй холбоотой зөвлөмжтэй зөрчилдөж байна. Энэ нь эдийн засгийн боломж, танил талын сүлжээ дутмаг эмэгтэйчүүд, залуучуудын хувьд улс төрд оролцоход нь саад учруулдаг гэж үзэж байгаа аж. Улс төрийн санхүүжилтийн одоогийн практикт тулгамдаж буй гол асуудлын нэг нь сонгуульд нэр дэвших хүмүүсээс татдаг дэнчингийн хэмжээ огцом нэмэгдэж ирсэн явдал юм. Дэнчингийн хэмжээ 2008 онд 20 сая  орчим төгрөг байсан бол 2012 онд 80 сая, 2016 оны байдлаар 100 саяд хүрчээ. Сонгуульд намын жагсаалт ашиглаж байх үед жагсаалтын дээгүүр бичигдэхийн тулд 250-500 сая төгрөг төлөх шаардлагатай байсан талаар судалгаанд оролцогчид ярьсан байна. Мөн төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээс хандив авах нь хуулиар хориотой ч төрийн тендерт ялсан хувийн ком­пани хандив өгөхийг хориглоогүй. Үйлд­вэрчний эвлэл нэр дэв­шиг­чид хандив өгөх хо­рио­той боловч намуудад хандив өгөх бололцоотой. Эрхзүйн орчин ийм байгаа нь томоохон компаниудын зүгээс тендерт давуу байдал олж авах, лобби хийх замаа засах сэдэл бий болгох боломжтой гэнэ. Мөн улс төрийн намд төрийн санхүүжилтийн эзлэх хувь бага буюу ойролцоогоор орлогынх нь 20-иос доош хувийг эзэлж байгаа нь намууд хувийн компанийн хандив, дэнчингийн мөнгөөр гол санхүүжилтээ босгохоос өөр аргагүй байдалд хүргэж байгааг харуулж байгаа. Түүнчлэн  одоо хүчин төгөлдөр мөрдөж буй сонгуулийн хууль тогтоомжоор хууль зөрчсөн талуудад мөнгөн бус шийтгэл ногдуулахаар зохицуулсан нь төдийлөн үр дүнтэй байж чадахгүй. Өнөөг хүртэл намыг дараагийн сонгуульд оролцуулахгүй байх шийтгэлийг гурван удаа  ногдуулсан байна гэдгийг судалгаанд дурдлаа. Энэ үеэр зарим оролцогчдын байр суурийг сонирхлоо.   Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Каталина Урибэ Бурчер: ДЭНЧИНГИЙН МӨНГӨ ХУРААДАГ ПРАКТИКИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ   -Хуулийн этгээдээс авах хандивын хэмжээг багасгаж хувь хүний өгч болох хэмжээг нэмэх замаар улс төрийн нам иргэдтэй холбоотой байж, тэдний өмнө хариуцлага хүлээдэг болох нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар дэлхийн 50 улсад хуулийн этгээдээс хандив авахыг хуулиар хориглосон. Төрд бараа, үйлчилгээ нийлүүлэх гэрээтэй бизнесийн байгууллагуудаас авах хандивын хэмжээг хязгаарлах, цаашид хориглохын тулд хэмжээг заахаас гадна хандив өгсний дараа тендерт оролцохыг хориглосон “завсарлагын хугацаа өгөх” зэргээр зохицуулах боломжтой. Дэнчингийн мөнгө хураадаг практикийг зогсоох хэрэгтэй. Хувь хүний хандивын дээд хэмжээ нь нэр дэвшигчдэд ч ялгаагүй хатуу үйлчлэх ёстой. Улс төрийн нам болон нэр дэвшигчид сонгуулийн болоод сонгуулийн бус аль ч үед данснаас гадуур бэлэн мөнгөөр хандив өгөхийг нэг мөр хориглох. Ингэснээр хуулийн этгээдийн хандивыг хувь хүмүүсээр дамжуулж нууцлах боломж хумигдах ба хяналтын байгууллагууд үүргээ гүйцэтгэхэд дөхөм болно. Төрөөс олгох санхүүжилтийг УИХ дахь суудлын тоогоор бус сонгуульд авсан саналын тоонд үндэслэх байдлаар шалгуурыг өөрчлөх шаардлагатай.   УИХ-ын гишүүн С.Бямбацогт: ХАНДИВЫГ ХЯЗГААРЛАЖ, САНХҮҮЖИЛТ, ТАТВАРЫГ ЦЭГЦЛЭХ ЁСТОЙ   Хандивыг хаанаас, хэнээс,хэдийг авч болохыг Улс төрийн намуудын тухай хуулиар зохицуулах шаардлагатай. Хандивыг хязгаарлаж, төрийн санхүүжилт, намын гишүүний татварыг цэгцлэхгүй бол хандивын хараат нам байх төдийгүй одоогийн алдаа давтагдсаар байх болно. Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зардлын хэмжээг, мөн сонгуульд оролцсон зардлын тайлангаа аудитаар хянуулдаг. Гэтэл аль аль нь тодорхой бус яваад байна. Тухайлбал, Монгол Улсыг хөгжлийн  урт хугацааны бодлогод нийцсэн, түүний бодлогыг хэрэгжүүлэхийн тулд намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Нэр дэвшигчдийн ч, улс төрийн намуудын ч тайлан бодит байдал дээр үнэн зөв байдаггүй. Тиймээс тайланг хугацааны хувьд эртхэн авч, холбогдох байгууллага үнэн бодит эсэхийг нь хянадаг болох талаас нь Улс төрийн намуудын тухай хуульд тусгах шаардлагатай.СЕХ-той холбоотой асуудлууд бас байна. Сонгуулийн үеэр гэнэт олширч, сонгуулийн дараа оргүй алга болдог олон намын асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт нь Улс төрийн намуудын тухай хуулийн үзэл баримтлалд тусах ёстой учраас  намрын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэний дараа  Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэхээр дараалалд тусгасан.   Улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од: НАМУУД ИЛ ТОД, ШУДАРГА БАЙДАЛ, ТӨЛӨВШЛИЙГ ХОЁРДУГААРТ ТАВЬЖ БАЙНА   -Улстөрийн намуудын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар сүүлийн жилүүдэд тодорхой ажлууд хийгдэж байгаа ч намууд хүлээж авахгүй, татгалзсаар байна. Одоогийн улс төрийн нөхцөл байдал бол намуудын төлөвшил, санхүүжилтийн ил тод бус байдалтай холбоотой. Улс төрийн намууд ил тод байхыг чухал гэж үзэж байгаа боловч ялалт байгуулахыг илүү чухалчилж байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, ялахын тулд юу ч хийхээс буцахгүй нь. Ил тод, шударга, төлөвшихийг хоёрдугаарт тавьж байна. Цаашид улс төрийн намын санхүүжилтийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Одоохондоо хуулийн үзэл баримтлал төдий байна. Аль болох нээлттэй, ардчилсан, төрөөс хяналт тавьдаг байхаар санал тусгаж байгаа ч одоохондоо ахиц дэвшил гарсан зүйл алга. Үндсэн хуулийн өөрчлөлт чухал ч Сонгууль болон Улс төрийн намын тухай хуулийг зэрэг авч үзэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Улс төрийн намыг Үндсэн хуулийн институци болгож үүрэгжүүлэх асуудал яригдаж байгаа. Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой оновчтой хувилбар бол аль болох татвар, тайлан авдаг систем рүү орох ёстой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

1 цаг 15 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

1 цаг 25 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

1 цаг 28 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

2 цаг 9 мин
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт  Мо

2 цаг 10 мин
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

3 цаг 44 мин
Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

7 цаг 37 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

8 цаг 21 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

11 цаг 10 мин
АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хоёр дахь Засгийн газар өчигдөр албан ёсоор бүрдлээ.

11 цаг 10 мин