Намтрын хуудас он жилээр хэмжигддэггүй

2018-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_50457" align="alignleft" width="375"] Гэрэл зургийг Г.Мөнх-Од
/“Асах гэрэл” уралдааны оролцогч/[/caption] Ц.СОСОРБУРАМ Үндэсний хувцсаар дамжуулан Монголоо дэлхийд сурталчилж,  уламжлалт соёлоо дархлаажуулж яваа  Монгол Улсын мастер оёлолчин А.Алтантуяаг монголчууд андахгүй. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Орхоны шаргал хөндийд төрж  өсч,   айлын бэр болж, үрийн зулай үнэрлэсэн бүсгүй өдгөө Монголоороо овоглож, ур ухаан ундарсан “Ур Ундрах” хэмээх их  айлын  эзэгтэй  болжээ. Түүний аав  нутгийнхандаа талхны Аюурзана нэртэй явсан гэдэг. Амралт рашаан сувиллын анхны  талхчин байсан учир ажлаараа овоглогдсон түүхтэй. Ижий аав нь энэ л нутагтаа ажиллаж, амьдарч есөн сайхан хүүхэд төрүүлсний дунд охин нь Алтантуяа.Түүнийг 10  гаруйхан настайд ачлалт ижий нь амьдралын аянаас дөрөө мулталж, дөрвөн ах, дөрвөн дүүгийн хамт өнчрөн үлдэж, аавын  хамт  хагацал дүүрэн хүнд  өдрүүдтэй нүүр тулсан гэдэг. Хэдэн дүү нарыг нь аятай эвтэй өсгөхийг эрхэмд үзсэн аав нь  охиноо сургууль номын мөр хөөлгөхөөс илүүтэй амьдрах ухааны замд хөтөлж, бие даалган үйл үртэс хийлгэж эхлүүлжээ.Нэг өдөр ”Аав нь охиноо байхад айл руу дээл ганзгалж  явалтай биш, миний охин аавдаа дээл хийгээдэх, чаднаа” гээд таван метр даалимба аваад ирж.  Хичээн байж хөвөнтэй дээл хийсэн нь өрөөсөн ханцуй нь  нарийдсаныг эс тооцвол тун догь болсонд аав нь жигтэйхэн баярлаж, “Миний охин ийм уран, аавдаа дээл хийчихэж байгаа юм чинь  юу ч оёж чадна. Ээ дээ, бүсгүй хүн үйл сайн урлана гэдэг хожмоо   тустай шүү”  гэж урам өгчээ. Аавынх  энэ үг амьдралд залан чиглүүлэх алтан гадас,алс хожмыг билэгдсэн зөн билгийн дуудлага  байж. Ижий нь төлөв сайхан юм хийчихдэг байсан  гарын урыг охин нь ийнхүү  өвлөж,  нэг насны амьдрал хувь тавилангийн чиг замаа 13-хан настайдаа эхлүүлсэн нь энэ. “Миний охин үйлэнд уран байгаарай, уран хүн айл гэрийн өнгө төрхийг өөдрөг авч явдаг юм” гэсэн ээжийнх нь захиас ч үүнд бас нөлөөлжээ. Дүү нараа бөөцийлсөөр өдрөөр сурч чадаагүй тул А.Алтантуяа  оройн сургуульд сурчээ. Энэ үеэр   нутгийн залуутай  үерхэж эхэлснийг мэдсэн аав нь “Миний охин нас биед хүрлээ. Багаасаа хүнтэй танилцлаа. Багын  нөхөр хүнд хань болно.  Миний хүү суучих. Томоотой хүү байна” гэснээр эцэг хүний тулхтай ухаанаар охиныхоо ирээдүйн  зам, заяаг чиглүүлжээ. Тухайн үед сургуульд сурах, төгсөөд  их, дээд сургуульд дэвших, улмаар мэргэжлээрээ ажиллах шиг сайхан зүйл байсангүй. Гэтэл аав нь охиндоо ингэж л  захиж. Удалгүй хадам аав  ээж нь “Хүү маань уран охинтой танилцсан гэнэ” гэсээр гэрт нь шуугиад ирж. Ингээд 18-хан настай  айлын бэр болж анхныхаа хүүхдийг төрүүлжээ. Түүний нөхөр С.Бямбаа  олон хүүхэдтэй айлын том хүү, дороо 10 дүүтэй, 34 дүгээр  баазад насаараа тээврийн жолоочоор ажилласан нуруутай сайхан эрхэм бий. Хадам аав Содном  нь Өвөрхангай  аймгийн Баян-Өнөр сумын “Саруул зам” нэгдлийг үүсгэн байгуулагч,  хадам ээж нь Т.Цэнд  нь  олон хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай  ижий юм. Өдгөө тэд уран бэрийнхээ хийж өгсөн дээлийг өмсөөд  Хархорин суманд энх тунх амьдарч байна. Олон дүүтэй хүний эхнэр болсон тэрээр  өөрийн  ах, дүүс болоод нөхрийн дүү нар гээд хорь гаруй хүний  дээл хувцсыг урлаж ирсэн гэдэг. А.Алтантуяа Х дугаар ангиа оройгоор төгсч Хөнгөн үйлдвэрийн оёдлын сургуулийн захиалгат хувцасны  ангид элсч,  эмэгтэй гадуур хувцасны  чиглэлээр мэргэжил эзэмшсэн байна.  Төгсөөд Хархорины  ахуй үйлчилгээний газарт ажилласан ч  1990 оны  хувьчлалаар ганц оёдлын машин, хэдэн утастай  үлджээ. Ингээд  оёдлын машинаа гэртээ тавиад ажиллаж эхэлж. Цагаан сар дөхөхөөр  хүмүүс дээлээ бааданд боож ирээд оёулна. “Чамаар дээлээ оёулж байвал  боллоо. Танай буузыг бид хийе” гээд гэр дүүрэн хүн  бужигнана.  Битүүний шөнө нойргүй хоноод  өглөө өрхөө татаж цайгаа чанана. Ханьдаа, үр хүүхдүүддээ заавал шинэ дээл оёж  өмсүүлнэ. Ингэж босоо заяатай Монголын хийморь болсон босоо захтай дээлээ насаараа оёж яваадаа  тэрээр баярлаж бахархаж явдаг. Өргөж дийлээгүй ачааг хүн сэтгэлдээ даадаг шиг, хүн ялахын төлөө амьдардагт тэрээр итгэдэг. Бэрхшээлд түүртэн араасаа сүүдрээ чирэн зүтгэх мэт бөхийж явах дургүй. “Зовбол жаргана, өвдвөл эдгэнэ, уруудсан ч өөдлөх цаг ирнэ”  гэсэн сүсгээр амьдралыг аргадаж түүнээсээ сэтгэлийн хүч сэлбэж иржээ. Сэтгэлийн сайхнаар  үргэлж залуу байж, шинэ соргог бүхнийг эерэгээр  хүлээн авч чаддаг нь ч  амьдралын шагнал болсон олон сайхан боломжийг түүнд  нээсэн байна. Амьдралд гээж алдаж болохгүй үнэт зүйл нь үнэнч сэтгэл, боломж, хөдөлмөр гурав байдагчлан  тэрээр өөрийн хүсэл зорилгын  төлөө зориглон үндэсний хувцас үйлдвэрлэлийн салбарт анхдагч "Ур Ундрах”   компанийнхаа тулгын чулууг 2002 онд  тавьж, үүдийг нь  нээжээ. Замын дундаас эргэж буцалгүй,  бэрхшээл байвч ташуур өргөн өгссөн зам  ур ундарсан өрнүүн ажлын  эхлэл байгаад зогсохгүй үндэсний хувцас үйлдвэрлэлийн салбарт дэвшил,  чанар хоёрыг  зэрэг  нээсэн бүтээлч шийдлүүдийн амжилтын хуудсыг эргүүлжээ. Анх компани байгуулах  гээд завгүй гүйж  явахад нь  бурханч лам Г.Пүрэвбат тааралдаад  “Би нэрийг нь өгнө шүү. Та юмыг сэтгэлээсээ хийдэг уран хүн.Би уран хүнд урам өгөх дуртай” гэж. Долоо хоногийн дараа утасдаад “Ур Ундрах”  нэрийг хайрласан нь чухам л ур, сэтгэлийн ундаргыг олж харсан, улам ундрахыг билэгдсэн   байж. Түүнээс хойш 15 жил нүд ирмэхийн зуурт өнгөрчээ. Хийж, бүтээж байгаа хүнд цаг хугацаа ийм амархан өнгөрдөг ажээ.  “Ур Ундрах” компанийн хамт олон энэ өдрүүдэд 15 жилийн ойгоо тэмдэглэж  хөл газар хүрэхгүй баяр баяслаар дүүрэн байна. Энэ хугацаанд ”Ур ундрах компанийнхан  Олон улсын үзэсгэлэнд оролцож   мөнгө, хүрэл медаль хүртэн  .олон удаа шагналт байрт шалгарсан юм. 2016 онд “Гоёл” наадамд  “Ур-Ундрах”-ийн хамт олон үндэсний иж бүрэн хувцасны үзүүлбэрээр  оролцож,дизайнер Б.Баасансүрэн уламжлалт хувцасны шилдэг дизайнераар шалгарсан. “Уламжлалт монгол хувцсыг дэлхийн соёлт хүн төрөлхтөн бишрэн шүтэж байгааг хараад  өөрийн эрхгүй өвгөд дээдэс, түүх соёлоо хайрлах , хувцсыг улам илүү судлах хүсэл төрсөн. Миний энэ насны хүсэл,  амьдралын зорилго   бол мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийнн гутал, хан төрийн хамжаар тэргүүтэн монгол  хувцсаа иж бүрнээр нь хийж сурах”  хэмээн тэрээр ярьдаг. Энэ зорилгоо   гүйцэлдүүлж үндэсний уламжлалт хувцсаа иж бүрнээр нь нандин  урлаж зон олондоо ийнхүү хүргэсээр явна. Тэрээр бурханаас заяасан өгөгдөл, гар сэтгэлийн нандин ур ухаанаа боловсрол  мэдлэгээр улам чамбайруулах тэмүүллээр Худалдаа аж үйлдвэрийн дээд сургуулийг дүүргэсний дээр  Их засаг их сургуулийг  япон хэлний багшаар төгссөн  охиноо  дээд сургуульд оёдлын мэргэжил давхар эзэмшүүлсэн нь өдгөө  компанидаа эсгүүрчин, менежер, зааварлагчаар ажилладаг. Бага охин нь ШУТИС-ийг санхүүгийн мэргэжлээр төгсөөд мөн л үслэг эдлэлээр хос мэргэжил эзэмшжээ. Уран ээжийн увдис, бурхан ухаан охидод нь өвлөгдөж үндэсний хувцас урлалын хөтөлгөө морьтнууд болцгоожээ. Ишигний эвэр шиг энэ  хоёр охиноос нь  гадна тэднийх оройн дээд очир  эрдэнэ мэт ганц хүүтэй байсан юм. Инженер мэргэжлээр үнэлэгдэн дэлхийн хэмжээнд ажиллаж байсан хүүг нь үхэл булаагаад авчихсан нь харамсалтай. Үгийн увдист  дурлан  яруу найрагт тэмүүлж явсан хүүгийнхээ араас гашуудаж, шаналсан өдрүүд түүнд бий ч бусдын үрсийг хүүтэйгээ адил  санаж,  хоёр охиноосөө төрсөн хүүхдүүдийн инээд баяслаар сэтгэлээ аргадаж явна. Тэгвэл хүүгээ алдсан тэсвэрлэшгүй шаналалдаа дийлдэн хүнд өвдсөн өдрүүд  түүнд бас бий. 2012 онд зүрхний хавхлагын хагалгаанд орохоорБээжинг зорьсон юм. Энэ үеэр охин нь  дархан аварга Б.Бат-Эрдэнэ рүү  утас цохиж “Ах аа, туслаарай. Ээж минь  зорхэндээ хоёр ч хүнд хагалгаа хийлгэх    болчихлоо” гэж хэлжээ. Гурван охинтой  их аварга  бачимдаж, сандарсан охины сэтгэлийг ойлгон  урд хөрш дэх Элчин сайдын яамаар дамжуулан утсаар ярьж их тус  болсон гэдэг. Ямар ерөөл тэднийг уулзуулав гэвэл, хэдэн жилийн өмнө Б.Бат-Эрдэнэ аварга найзуудынхаа дээлний ур хийцийг харж байгаад хаана хийлгэснийг асууж захиалга өгчээ.   Ингээд нэлээд хэд   хоногийн дараа  аварга торонд дээлээ хийж бариад ирэхэд нь   биеийн хэмжээ,  авалгүй   эсгэж оёсон дээлээ  тавиад үзэхэд см-ийн ч  зөрүү гараагүй гэдэг. Ид шид,  илбийн увдис  гэмээр энэ чадварыг лавлавал  “Их аваргын монгол дээлээ шүтдэг сэтгэл,  миний хүнийг бурхан хэмээн санаж түүнд номын баринтаг хийж байна гэж  бодож урлах сэтгэлийн барилдлага  тэр байх даа”  гэж тэрээр даруухан өгүүлсэн.  Үндэсний бөхийн болон, Японы мэргэжлийн сүмогийн олон их аваргын  дээлийг урлаж “Бөхчүүдийн дээлийг хийдэг  оёдолчин” гэж нэрлэгдэж явсан үе ч  бий. Мөн төрийн түшээдийн  дээлийг  олонтаа   урласан бол “Ур Ундрах” компаниа нээснээр  түмэн олныхоо хүсэл, сонирхолд нийцүүлсэн  үндэсний хувцас үйлдвэрлэлийг хөгжүүлж нийтэд түгээн дэлгэрүүлээд  байгаа билээ. А.Алтантуяа мастерын  ээж  уран зохиолд дуртай, хүүхдүүддээ шүлэг зохиол уншиж өгдөг байсан төдийгүй, бүгдийг нь  уран зохиолд дуртай болгож хүмүүжүүлсэн  тухайн цаг үедээ соён гэгээрүүлэгч бүсгүй  байсан гэдэг.  Тэгвэл охин  нь  ус нутгаасаа төрөн гарсан Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны найраглалуудыг  цээжлэн найр хуримд хүртэл уригдан  уншиж явсан гэхээр чамгүй авьяастай нь мэдэгдэнэ. Өнөө хүртэл олон жил  “Болор цом”-ын тэргүүн найрагчдад    монгол дээл бэлэглэж,  ижийнхээ ухааныг, тэнгэрт байгаа хүүгийнхээ итгэл сэтгэлийг дээдэлж ирсэн.  Өөрөө оёж шидэхийн хажуугаар олон хүнд чаддаг  мэддэгээ зааж сурган ажлын байртай болгож, ядарсанд туслаж,  задарсанд шулуун шударга үгийг хэлчихдэг гээд бичээд байвал түүний тухай уртаас урт роман болно. Монголчууд “Уран хүн бурхан ухаантай” гэлцдэг. Тэр ийм л сайхан сэтгэлтэй, хүний, өөрийн үрийг ялгалгүй хайрладаг  ижий.  Сайхан  сэтгэл түмэн өнгөтэй. Намтрын хуудас он жилээр биш  сэтгэлийн гал, бүтээлийн цараа, олноо гэсэн зөв үйлсээр хэмжигддэг  нь ийм учиртай.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

1 цаг 54 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

3 цаг 11 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

3 цаг 22 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

3 цаг 24 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

4 цаг 5 мин
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт  Мо

4 цаг 6 мин
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

5 цаг 40 мин
Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

9 цаг 33 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

10 цаг 17 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

13 цаг 7 мин