Б.СОЛОНГО
1980-аад оны туульсын зохиолын томоохон төлөөлөгч, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Балжиннямын Пүрэвдоржийг бид “Амьдралын тойрог” буландаа урьсан юм. Эмэгтэй хүний ёсоор эхлээд ар гэр амьдралаа, дараа нь уран бүтээлээ гэсэн дарааллаар хийж бүтээж ирсэн түүнийг туульсын зохиолын хамгийн хүнд, том хэлбэр буюу роман бичдэг эмэгтэй зохиолчдын хоёр дахь төлөөлөгч гэж хэлж болно. 1960 оноос хойш 20 гаруй жил тасарсан энэ түүчээг тэрээр залгуулсан гавьяатай. Мөн түүний тухай ярихад ахынх нь талаарх дурсамжийг орхих аргагүй. Б.Пүрэвдорж бол нэрт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, орчуулагч соён гэгээрүүлэгч Мишигийн Цэрэндоржийн төрсөн дүү. Ахынхаа утга зохиолын салбарт үлдээсэн агуу үйл хэргийг хамгаалж яваа, үргэлжлүүлж яваа авьяаслаг уран зохиолч эмэгтэй гэж салбарынхан нь үнэлдэг.
[caption id="attachment_49982" align="alignright" width="341"]

М.Цэдэндорж[/caption]
УРАН ЗОХИОЛ, АМЬДРАЛ ДАХЬ АХЫН НӨЛӨӨ
“Би бол Монголын утга зохиолын ноён оргил болсон Мишигийн Цэдэндоржийн төрсөн дүү. Миний амьдрал энэ хүнтэй салшгүй холбоотой учраас ахыгаа л ярих дуртай” гэж зохиолч маань ярианыхаа эхэнд онцлов. Түүний утга зохиолын салбарт амжилттай яваа нь ахынх нь гавьяа. Харин анхныхаа зохиолыг ахдаа үзүүлж амжаагүйдээ багахан харамсдагаа хэлэв. Нэрт зохиолч, орчуулагч М.Цэдэндорж дөнгөж 50-хан насандаа 1982 онд бурхны оронд одсон байдаг. Нас барахаас нь өмнөхөн Б.Пүрэвдоржийн анхны зохиол Зохиолчдын хорооны редакциар орж хэвлэгдэх зөвшөөрөл нь дөнгөж гарч байжээ. Тиймээс ахыгаа хөдөөлүүлж байхдаа анхны туужаа батлуулсан зөвшөөрлөө барьж байгаад “Утга зохиолд таныхаа хийж гүйцээгээгүй бүхнийг би гүйцээнэ. Би таны өмнөөс ажиллана” гэж алтан шарилынх нь өмнө амлалт өгчээ.
М.Цэдэндоржийн талаарх дурсамжийг энд шигтгэн оруулах хэрэгтэй болов уу. “Тэр уншигчдыг дэлхий дахины яруу найрагтай танилцуулдаг том толь байлаа. Р.Бернс, У. Уйтман, Ксения, Некрасова, И.Табубоку, И.Нерруда, Н.Хикмент, Р.Гамзатов, Е.Евтушинко, Е.Винкуров, Э.Межелаытис гэсэн дэлхийн олон арван их сэтгэгчтэй бид Цэеэ багшаар л дамжуулан танилцаж, дорно дахины яруу найргийн тэнгэрлэг сайхан орчуулгыг бид түүнээс л хүлээж авсан. М.Цэдэндорж найрагч бол Орчуулгын өртөөний хүлэг морин байсан юм” гэж Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар агсан дурсаж байжээ.
Б.Пүрэвдорж Завхан аймгийн Жавхлант сумын уугуул. Тэрээр хоёр ах, нэг эгчтэй айлын бага охин. Багадаа тоглож наадахаас өөр хийх зүйлгүй эрх танхилхан охин байжээ. Ээж Ч.Нанжинжав нь дөрвөн хүүхдийнхээ боловсролд туйлаас анхаарч, номын сэхээтэн хүмүүс болоход нь гол нөлөө үзүүлсэн гэж охин нь ярив. Багадаа ном унших дуртай байсан Б.Пүрэвдорж 16 насандаа Улаанбаатарт нүүж ирээд ахындаа амьдарсан хоёр жил нь түүнийг утга зохиолд дурлуулж орхисон байна. Ах М.Цэдэндорж нь байнга л ном зохиол ярьж өгнө. Тэднийхээр тухайн үеийн утга зохиолын томоохон төлөөлөгчид бүгд орж гардаг, хөл хөдөлгөөнтэй айл байжээ. Ингээд Багшийн их сургуулийн утга зохиолын ангид элсэн орсон байна. Ахынх нь ярьж өгдөг, уншуулдаг байсан номнууд нь дээд сургуульд хичээл болон ордог байжээ. Гэхдээ тэрээр сургуулиа төгсөөд шууд уран бүтээлдээ орж чадсангүй. 18-хан насандаа айлын эхнэр болж, ахынхаасаа явсан тэрээр эмэгтэй хүний үүрэг ёсоор хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх их ажилд 10 гаруй жилийг зарцуулсан байна. Тэрээр таван хүүхэд төрүүлж өсгөжээ. Энэ хугацаанд сургуульдаа багшилдаг байсан бөгөөд уран зохиолч болно гэдгээ ч мэдэхгүй явжээ. Харин 1978 онд анхныхаа туужийг бичиж 1980-аад оны дунд үеэс уран бүтээлдээ идэвхтэй оржээ. 30 нэлээд гарчихсан гэрийн эзэгтэйн хувьд зохиол бичнэ гэдэг насны хувьд бага зэрэг оройтсон гэдгийг тэрээр дурсав.
[caption id="attachment_49983" align="aligncenter" width="600"]

Ээж Н.Нанжинжав, Нагац Ч.Мишиг.[/caption]
1989 онд үргэлжилсэн үгийн зохиолын тэмцээнд түүний анхны тууж тэргүүн байр эзэлсэн нь их урам зориг өгчээ. Ингээд л шууд роман бичих их үйл хэрэгтээ зориг шуударсан гэдэг.
Тэрээр бага залуу насандаа их сургуулийн багш Д.Мандалтай учирч гэрлэсэн. Д.Мандал бол МУИС, ШУТИС-д 50 гаруй жил ажиллахдаа эрчим хүчний салбар, дулааны инженерүүдийг бэлтгэх үйлст онцгой гавьяа байгуулсан гэж салбарынхан нь үнэлдэг юм байна. Ханийнх нь шавь нар өнөөдөр энэ салбарыг урагшлуулж, тодорхойлж яваа ажээ. Б.Пүрэвдорж зохиолчийн хүүхдүүд бүгд дээд сургуулиа төгсөөд өөрийн гэсэн ажил амьдралтай болчихсон. Ач зээ нар нь ч өнөр өтгөн болжээ. “Юу ч мэдэхгүй бяцхан охин ирээд айлын тогоо барьж ээж болох нөр их хөдөлмөрийн дараа зохиол бичиж эхэлсэндээ баяртай байдаг. Анхны туужуудаа 28, 29 насандаа бичиж эхэлсэн бол 30 хүрээд романд хүч үзэж, 40 нас гараад роман бичихдээ мэргэжлийн болсон гэж хэлж болно” хэмээн тэрээр дурсан ярив. Түүний энэхүү сэхээтний, боловсролтой замналд ээж, ах, хань нь томоохон нөлөө үзүүлснийг тэрээр онцлов. “Завханд дунд сургуульд арван жилд хамт сурч байсан найз маань сүүлд надтай уулзахдаа “Чи ээжийнхээ таван ханатай гэрт боорцог идэж өсөөгүй юм шиг яасан айхтар сэхээтэн шинжтэй болчихоо вэ. Ярих, хөдлөх бүр чинь арай өөр болсон байна гэж байж билээ. Энэ бол миний ахын нөлөө л дөө. Ах минь өдийд байсан бол яасан сайхан чөлөөтэй бичих байсан бол. Өнөөдөр амьд мэнд байсан бол 86 настай байх байлаа. Ид хийх бүтээх насандаа бурхны оронд явсанд нь харамсдаг л юм. Одоо ахаасаа ганцхан би л үлдсэн дээ” гэж зохиолч маань дурсан гуниглав.
[caption id="attachment_49986" align="aligncenter" width="850"]

Хань Д.Мандал. ШУТИС-ийн гавьяат багш, доктор профессор.[/caption]
[caption id="attachment_49984" align="aligncenter" width="850"]

Гэр бүлийн хамт.[/caption]
АХЫНХАА ЕСӨН ХҮСЛИЙН ДОЛООГ НЬ БИЕЛҮҮЛЖЭЭ
“Б.Пүрэвдорж нь хүүрнэл зохиолын төрлөөр дагнан бичдэг. Бүтээлдээ тухайн цаг үе, түүхэн нөхцөл, уран зохиолын өмнө дэвшүүлж буй асуудлуудыг мэдэрч, дүрслэн үзүүлж, уран зохиолын хөгжилд тэргүүлэх сэтгэлгээг барьдаг өвөрмөц барилтай зохиолч юм” гэж Төрийн шагналт, гавьяат багш, доктор, профессор Д.Цэнд түүнийг тодорхойлсон байдаг аж. Б.Пүрэвдоржийн бүтээлүүд чөлөөт сэтгэлгээтэй боловч сонгодог талдаа туурвилтай байдгаараа онцлог ажээ.
Тэрээр 20 гаруй жил тасарсан роман бичдэг эмэгтэй зохиолчдын түүчээг залгаж, нэрт зохиолч С.Удвал гуайн дараа хоёр дахь томоохон төлөөлөгч болсныг нийтлэлийн эхэнд онцолсон. “Томоохон туульсын зохиолууд нь ажиллагаа ихтэй учраас эмэгтэй зохиолчид төдийлөн ордоггүй байлаа. Харин миний дараа Б.Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа гээд зохиолч орж ирж байна. Шүүдэрцэцэг миний “Могой боолт” романыг уншчихаад зориглоод “Ану хатан” романаа бичсэн тухайгаа надад хэлж байсан. Миний хувьд роман бичихдээ дүр дээр илүү ажилла л гэж зөвлөдөг. Романы гол шинж чанар бол сэтгэлд хоногшсон дүр” гэж нийтлэлийн баатар маань хэлсэн юм.
[caption id="attachment_49985" align="aligncenter" width="850"]

М.Цэдэндорж гэргий Лхагважав, охин Дунгалмаа, дүү Бямбасүрэн, Мягмар, Лхагваа, Пүрэвдорж нарын хамт.[/caption]
Тэрээр үүнийгээ бататган “Могойн боолт” романдаа хүүхдүүдээ өсгөх гэж амьдралын төлөө тэмцэж байгаа, ажилсаг, хүн чанартай Намжилмаа эмэгтэйн дүрээр ээжийгээ болон өөрийгөө төлөөлүүлсэн гэсэн юм. Харин “Билгүүн хөх салхи” романдаа ахыгаа бичсэн байна. Ах М.Цэдэндоржийнхоо уран бүтээлийн оргил цаг, хэрхэн олонд хайрлагдсан чөлөөт сэтгэлгээтэй зохиолч байсан. Ээдрээт амьдрал, харамсалт үхлийг нь уран сайхны аргаар үзүүлжээ. Тэрээр ахынх нь тухай дурсамж бичсэн 30 хүний дараа оржээ. М.Цэдэндорж агсныг дурсан бичсэн 60 зохиолч байдаг аж. “Энэ жилийн цасан таны үгүйд бударч, энхэр бяцхан үр чинь таниар дутаж гансарна” гэж таныгаа алдсан тэр хар өдөр бичиж байж билээ. Харин өнөөдөр би гансарч гунисангүй. Тийм шүлэг ч бичмээр санагдахгүй байна. Яагаад гэвэл таныгаа дахин амилуулж, таны тухай номоо бичиж дуусгаад таньтай ярилцаж сууна. Бүтэн зургаан сар зөвхөн таньтай ярьж, таныг дахин таньж мэдэрсэндээ, түүнийгээ ард түмэндээ хүргэх гэж байгаадаа баяртай байна” гэж ахынхаа амьдралыг ном болгосон зохиолч охин дүү нь өчсөн байдаг ажээ.
Б.Пүрэвдорж зохиолч 1978 оноос хойш “Хоёр сэтгэл”, “Хүний дайтай явахсан” туужийн ном, “Сайхан модны шивнээ”, “Аялгуунд хөглөгдсөн одод” яруу найргийн түүвэр, “Даяанчийн хяслан”, “Хайрыг ухаарахуй”, “Могой боолт-1,2”, “Билгүүн хөх салхи”, “Зүрхэнд бадамласан гал”, “Хувь заяаны хишиг” зэрэг уран бүтээлээ хэвлүүлсэн юм.
Түүний “Даяанчийн хяслан” роман нь алдартай, 1991 онд 20 мянган хувь хэвлэгдэж байжээ. “Одоо бодоход сайхан санагддаг. Хожим сонсохноо Завхан аймгийн Дуутын хүрээнд хамаарагдаж байсан хэд хэдэн сумын зарим айлуудын бурхан тахилынх нь өмнө тавиастай шүтэгдэж байсан гэж дуулаад би баярласан. Үнэндээ бол 1989, 1990 он дамнан бичиж байх тэр үед ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэнийг би сайн ойлгоогүй байсан атлаа том толгой лам нар гэж ярьж залуус бидэнд итгүүлж ирсэн эрдэмт хуврагууд, хувилгаан лам нарын тухай тэр цаг үеийнх нь үзэл бодол шалтгаан, дээдэс лам нар өөрсдийнхөө сүм хийдүүдийн доторх алдаа завхралыг хэрхэн гэтэлгэх талаар ярилцаж, төрийн тэр их дайрлагаас зайлж мултрах арга байгаа эсэхийг тунгаан шүүж ялагдаж байсан цаг үеийн том сэдвийг барьж авснаа одоо ч гайхдаг” гэж дурсан ярив. Түүнчлэн агуу удирдагч Ю.Цэдэнбалын тухай бичсэн “Зүрхэнд бадамласан гал” романых нь талаар сонирхоход “Эхэндээ би ч өөрөө айж балмагдаж байсан. Уншиж судалж, бичиж дууссан хойноо Монголын ард түмэнд, хойч үеийнхэнд хэзээ ч үгүйсгэж, мартаж үл болох тэр түүхэн үнэнг уран сайхны хэлбэрт баттайяа оруулж чадсандаа өөртөө баяр хүргэсэн. Тиймээс би номынхоо эхний хуудсанд “Цаг хугацаа улиран одовч, Цаглашгүй үнэн түүх мөнхөд оршмой” хэмээн бичиж гарын үсгээ зурах дуртай. Манай алдарт найрагч Ш.Сүрэнжав гуай надад “Чиний номыг би зориуд Улсын их дэлгүүрийн номын дэлгүүрээс өөрөө авч уншсан шүү. Хүн бүрийн мэддэг хүнийг ийм хэмжээнд бичнэ гэдэг маш их зориг. Сайн байна Пүрэвдоржоо. Ах нь чамд баяр хүргэе” гэж хэлсэн. Энэ үгэнд сэтгэлд хургаж байсан эргэлзээ, айдас түгшүүр арилаад л явчих шиг болсон. Энэ зохиол бол Ю.Цэдэнбал даргын амьдрал тэмцлээр дамжуулан Монгол төрийн жудаг, уламжлалыг уран сайхны аргаар уншигчдад хүргэх гэсэн зөвхөн миний бүтээл” гэж хариулсан юм. Ерөөсөө түүний роман бүр давтагдашгүй шинж чанартай юм билээ. Энэ зохиолчийн уран бүтээлийн тухай, тэдгээрийн дүрийн тухай, өвөрмөц чанарын тухай илүү ихийг бичвэл сонины хуудас хүрэлцэхгүй юм.
Б.Пүрэвдорж зохиолч өнгөрсөн хугацаанд ахынхаа есөн хүслээс долоог нь биелүүлээд байгаагаа хэлэв. Учир нь М.Цэдэндорж зохиолч есөн хүслийн талаар их ярьдаг, “Есөн хүслийн ерөөл” гэсэн шүлэг хүртэл бичиж байжээ. Тиймээс дүү нь ахынхаа хүслийг гүйцээж есөн роман бичье гэж төлөвлөжээ. Одоо долоог нь биччихээд байгаа. Удахгүй дайны дараа япончууд Монголд хэрхэн зүдэрсэн тухай найм дахь романаа бичихээр судалгаагаа хийж байгаа гэсэн юм. Орос, Хятад Буриадаас хүсэлт ирүүлж түүний романуудыг хэвлүүлэн уншигчдынх нь хүртээл болгосон байдаг юм байна. Таван хүүхдээс гурав нь эдийн засагч, нэг орчуулагч, нэг нь сэтгүүлч мэргэжилтэй. Одоогоор зохиол, бүтээл туурвих талаар юм мэдэгдээгүй байгаа ч гэр бүлд нь үе залгамжлан зохиолч гарч ирнэ гэдэгт итгэдгээ хэлсэн юм. “Сайхан аав ээж, ах нарынхаа нөмөр нөөлөгт, дараа нь сайхан ханийнхаа хажууд жаргалтай, хийморьтой амьдарч ирлээ. Одоо өөрийнхөө хүссэн, дуртай ажилдаа үнэн сэтгэлээр дурлан аз жаргалтайгаар туурвиж явна. Хүүхдүүд маань хүртэл ээж уран бүтээлч хүн, ном бичдэг гээд надаар юм хийлгэдэггүй. Та машин унаад номоо бичээд жаргалтай явж бай гэдэг” гээд зохиолч маань инээв. Түүний амьдралдаа баримталдаг зарчим болох “Хүнд хэрэгтэй зүйл бүтээгээд явах” гэсэн санааг өөрийнх нь дөрвөн мөртөөр сийрүүлэн нийтлэлээ төгсгөе.
Хорвоо дээр хүн амьд явах сайхан
Хэрхэн яаж амьдарснаа эргэн харах сайхан
Хэлэх үгээ хэлчихээд тэнүүн явах сайхан
Хүнд хэрэгтэйг бүтээгээд өнгөрч одох сайхан.
Б.Пүрэвдорж
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин