Хүүхэлдэйн театрын үлгэр амилуулагч

2018-11-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй цэцэг нь хүүхэд билээ. Хайрлах тусам улам цэцэглэж, хүн бүрт аз жаргалыг түгээдэг. Харин энэ орчлонгийн хамгийн уянгалаг дуу тэдний цангинасан инээд ажээ. Өдөр бүр тэр л бяцхан үрсийн гуниггүй харцнаас хайрыг мэдэрч, баяр баяслаас нь эрч хүчээр тэтгэгддэг хэсэг хүмүүс бий. Тэд бол “Хүүхэлдэйн театр”-ынхан. Театр руу ороход нэг л сайхан энерги цацрах. Үлгэрийн ертөнцөд ороод ирсэн мэт ер бусын содон мэдрэмж төрдөг билээ. Бяцхан хүүхэлдэйнүүд цоо ширтэх шиг. Суудал нь хүртэл хайр хүргэм жижигхэн. Үе, үеийн хүүхдүүдийн шимтэн үздэг “Хуурч, ботго хоёр”-оос эхлээд энэ цагийн “Үнсгэлжин”, “Бүлтээхэй, Дэлдээхэй”, Том хамарт одой” гээд үлгэрийн баатрууд бүчээд авах шиг. Хэрэв анзаардаг бол тус театрын дарга, найруулагч, жүжигчнээс эхлээд үйлчлэгч нь хүртэл яг л хүүхэд шиг болчихсон. Үүнийгээ ч тэд хүүхдийн цагаан буян гэж бэлгэшээдэг. Монгол Улсын “Хүүхэлдэйн театр” энэ жил 70 нас хүрч байна. 70 жилийн турш урлаг, уран сайхнаар дамжуулан Монголын ирээдүйг бэлтгэсэн тэд энэ өдрүүдэд өөрсдөө баярлахаас илүү театрынхаа түүх, үйл ажиллагааг тайлагнасан олон ажлыг зохион байгуулж, үнэнч үзэгч хүүхдүүддээ шинэ уран бүтээлээ толилууллаа. Энэ үеэр театрын дарга, найруулагчаар ажиллаж байсан Б.Алтан-очирыг бид “Амьдралын тойрог” буландаа урьсан юм. Дугуй малгай хазгайдуулан тавьж, үргэлж инээмсэглэл тодруулж явдаг энэ эрхмийг өдгөө Хүүхдийн төв номын сангийн идэвхитэн уншигчид андахгүй. Учир нь тэрээр “Хүүхэлдэйн театр”-ын ажлаа өгснөөс хойш энэ л ордонтой ажил мэргэжлийн сэжмээр холбогдож, хүүхдүүдийг соён гэгээрүүлэх их үйлстээ хүчин зүтгэсээр байна. Найруулагч Б.Алтан-Очир “Хүүхэлдэйн театр”-ын нэгэн үеийн түүх, хүүхэлдэйн урлагт зориулсан өөрийн амьдралын тухай сонирхолтой түүх дэлгэснийг хүргэе.   ЧЕХЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН ГУРАВ ДАХЬ УРАН БҮТЭЭЛЧ [caption id="attachment_49371" align="aligncenter" width="850"] Чехийн монголч эрдэмтэн, хуурай ах И.Шиймаагийн хамт[/caption]   [caption id="attachment_49373" align="aligncenter" width="850"] Олон улсын “Хүүхэлдэйн театрын өдөр”, “Хүүхэлдэйн театр”-ын 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн дээр[/caption] Нэгэн үе тус театрын найруулагчаас эхлээд дарга хүртэл хийж явсан уран бүтээлч маань театрынхаа ойд зориулж “Хүүхэлдэйн урлаг 70 жил” түүх өгүүлсэн, урын сандаа хадгалагдаж байсан гэрэл зургаар үзэсгэлэн дэлгэлээ” гэсээр биднийг угтсан юм. Түүний бяцхан өрөө тэр чигээрээ “Театрын архив” болжээ. Б.Алтан-Очир “Би өөрийгөө их азтай гэж боддог. Урлагт дурлаж, Чехэд боловсрол эзэмшсэн. Эх орондоо ирээд Хүүхэлдэйн театртай амьдрал, уран бүтээлээ холбосон нь сайхан дурсамжаас эхлээд, уран бүтээлчийн хувьд их олон зүйлийг надад өгсөн. Урлагийг тэр чигээр нь цагаан толгой гэж үзвэл Хүүхэлдэйн театр А үсэг нь юм. Театр маань энэ жил 70 настай золгож байна. Бид энэ цагт театрыг босгосон үе, үеийн ахмадууд болон арын албаны уран бүтээлчдээ дурсч, алдаршуулах ёстой” гэсэн юм. 1948 оны долдугаар сард зохиолч Н.Надмид, М.Чойжамц, А.Дашдондог гэсэн гурван мэргэжилтэнг ЗХУ-ын С.Образцовын нэрэмжит театрт дадлага хийлгэхээр явуулжээ. Тэд ирээд “Гайхамшигт хайрцаг” жүжгийг хийснээр Монголын “Хүүхэлдэйн театр”-ын суурь тавигдсан түүхтэй. Харин 1957 онд олон улсын хүүхэлдэйчдийн холбоонд гишүүнээр элсчээ. Энэ түүхийг гэрчлэх хуучны зургууд Б.Алтан-Очир найруулагчид хадгалаастай байна. “Хүүхэлдэйн театр”-ын амин сүнс нь “Үйлдвэр анги” буюу “Хүүхэлдэйн урлан” гэж нийтлэлийн баатар маань онцолсон юм. Барималч, зураач, оёдолчин, мужаан гээд олон  хүний хүчээр хүүхэлдэй амилдаг. Тус теарт П.Дамдинсүрэн хэмээх авьяаслаг барималчин байсан тухай тэрээр дурсч байв. 1960, 1970 оны үед театрын бүхий л хүүхэлдэйнүүд энэ хүний ур ухаанаар бүтдэг байж. Энэ мэт түүх өгүүлэх гэрэл зургуудыг Б.Алтан-Очир найруулагч бидэнд үзүүлсэн юм. Тэрээр Чехэд боловсрол эзэмшсэн Монголын гурав дахь уран бүтээлч юм. 1950-иад оны сүүлчээр зураач Д.Рэнцэн тус улсад “Хүүхэлдэйн зураач” мэргэжлээр суралцсан нь Чехословак улсад хүүхэлдэйн мэргэжилтэн бэлтгэх их замын эхлэлийг тавьсан түүхтэй. Түүний дараа найруулагч А.Чойсан суралцжээ. Харин Б.Алтан-Очир 1977-1982 онд Прагийн урлагийн академийг “Хүүхэлдэйн театрын найруулагч” мэргэжлээр төгссөн байдаг. Ийнхүү тус театрын нэгэн үеийн хөгжлийг ЗХУ болон Чехословак улсад бэлтгэгдсэн боловсон хүчнүүд тодорхойлж байсан нь түүхийн хуудас, гэрэл зургийн хальсанд мөнхрөн үлджээ.   ЮНДЭН НАНСАЛМААГИЙН ХҮҮ “Хүүхэлдэйн театр”-ын түүхээр эхэлсэн бидний яриа түүний бага нас, аав ээжийнх нь тухай нандин дурсамжаар үргэлжилсэн юм. Б.Алтан-Очир Завхан аймаг, Улиастай хотын Жавхлант толгойн энгэрт төржээ. Ам бүл наймуулаа. Аав нь сэхээтэн. Ээж нь Засгийн газрын ордны II баригадын даргаар ажиллаж байж. Хэдийгээр урлагийн мэргэжилгүй ч ижий, аав нь урлаг, уран сайханд дуртай хүмүүс байж. Драм, дуурийн театрт тоглосон бүх тоглолтыг үзэж, хүүхдүүддээ ярьж өгдөг байсан гэнэ. Аймгийн клубт  “Учиртай гурван толгой”-д дуулж байсан нь хүүгийнх нь санаанаас гардаггүй гэсэн. Хүүхдүүдээ багаас нь урлагаар хүмүүжүүлж, өөрсдөө үлгэрлэдэг байсан нь бяцхан хүүгийнх нь дотор урлагийн хүн болох хүсэл, тэмүүллийг бадрааж өгсөн юм байна. Б.Алтан-очир багадаа эгч, ахынхаа хамт Монголын пионер сурагчдын ордны жүжгийн дугуйланд суралцаж, “Аз жаргалын эрэлчин” “Чинзориг” зэрэг дуурь, жүжигт тоглож байснаа мартдаггүй гэнэ. Тэрээр жаахан байсан учир олны хэсэгт зогсоно. Харин эгч нь “Аз жаргалын эрэлчин” дуурийн янзаганы дүрд дуулдаг байжээ. Ийнхүү балчир байхаасаа тайзан дээр гарсан тэрээр насанд хүрэхээсээ өмнө урлагийн хүн болно гээд шийдчихсэн байсан гэдэг.   ДҮҮТЭЙГЭЭ ЭРДЭМ СУРАХААР ХАРИЙН ОРНЫГ ЗОРИВ [caption id="attachment_49376" align="aligncenter" width="850"] 1994 онд “Хүүхэлдэйн театр”-т Америкийн Индианчууд багачуудад зориулсан тоглолт хийжээ.[/caption] Уран бүтээлч болох мөрөөдөлтэй хүү Нийслэлийн тавдугаар дунд сургуулийг төгсчээ. Сургуулиа төгсөөд жүжигчин болох хүсэлтэйгээ гавьяат жүжигчин Б.Сэлэнгэд хэлэхэд түүнийг театрт тайз засагчийн орон тоонд ороход тусласан гэдэг. Ийнхүү Монголын драмын урлагийн ууган байгууллагын тогоонд багтсан нь Б.Алтан-Очирыг урлагт ухаангүй дурлуулж орхисон гэнэ. Тэрээр тайз засагчаас гэрэлтүүлэгч, дууны оператор зэрэг хариуцлагатай албыг хашдаг байж. Энэ үеэс өдөр бүр тайзан дээр тоглох жүжигчдийг хараад мэргэжлийн сургуульд сурах хүсэл эзэмдэх болжээ. Залуухан авьяастны хүсэл 1977 онд биеллээ олж, Б.Алтан-Очир мөрөөдлөө биелүүлэхээр дүүгийн хамт Чехословак улсыг зорих галт тэргэнд суусан түүхтэй. Дүүгийн хамт гэдэг нь түүний эмэгтэй дүү нь Польшид сурахаар болж ахтайгаа нэг өдөр, нэг гэлт тэргэнд суугаад  аян замд гарсан байна. Дүүгээ Польшид үлдээгээд өөрөө Прагийг зорьжээ. Гурван жил цэрэгт явж, дөрвөн жил ажиллаж байгаад ирсэн хэл мэдэхгүй, шинэхэн оюутны хувьд бусад хүүхдээс илүү хичээх шаардлага гарсан гэдэг. Оюутнууд унтаж байхад Б.Алтан-Очир хичээлээ хийгээд мэрийж сууна. Ингээд шинэхэн дипломтой боловсон хүчин 1982 онд эх орондоо ирээд “Хүүхэлдэйн театр”-т томилогджээ.Тухайн үед театрын дарга А.Чойсан гуай байж. Түүнээс гадна түүнийг барималч П.Дамдинсүрэн, зураач Д.Рэнцэн, жүжигчин А.Доржпүрэв Д.Алтанцэцэг, Т.Пэрэнлэй гээд мундгууд угтсан түүхтэй. Тэрээр театр ажиллах хугацаандаа долоон жүжиг найруулсан байдаг.   “САЯТАН БАРИГАД”-ЫН ЭЗЭН [caption id="attachment_49374" align="aligncenter" width="850"] “Сүүлэнхүү мөр хөөсөн нь” жүжгийн нээлтийн өмнө[/caption] [caption id="attachment_49375" align="aligncenter" width="850"] Театрынхаа уран бүтээлчдийн хамт. “Гайхамшигт хайрцаг” шоуны дараа[/caption] Хүүхэлдэйн урлаг хуруун, багт, сүүдэр, таягт гээд баялаг төрөлтэй. Б.Алтан-Очирын найруулсан “Пашка бялзуухай”, “Хуруун чинээ хаан”, “Цуурай”, “Сүүлэн хүү мөр хөөсөн нь” жүжгүүд жүжигчинг, хүүхэлдэйтэй нь тайзан дээр ил гаргаснаар хүүхэлдэйн театрын урлагт нэгэн шинэчлэлийг авчирчээ. Б.Алтан-очир найруулагч жүжгүүдээ өөр, өөр төрлөөр хийдэг онцлогтой. Кварцийн, таягт, хуруун гээд л. Найруулагч маань 1993-1996 оныг хүртэл “Хүүхэлдэйн театр”-ын даргаар ажилласан юм. Энэ хугацаандаа үйлдвэр ангид илүү анхаарал хандуулж, техник, багаж хэрэгсэлээ шинэчилсэн нь энэ урлаг хурдацтай хөгжих түлхэц болсон байна. Үүнээс гадна 1995 онд түүний ахалсан баригад баруун аймгуудад аялан тоглолт хийжээ. Тэд үүрэгт ажлаа давуулан биелүүлж, сая төгрөгийн орлоготой, “саятан баригад” болсон түүхтэй. Цэцэрлэгт байхаас “Хүүхэлдэйн театр”-ын уран бүтээлүүдийг үзэж өссөн хүүхэд зөв хүн болж төлөвших анхны алхамаа хийдэг ажээ. Тиймээс ч хүүхдийн бүтээлтэй амьдрал уран бүтээлээ холбож яваа эрхэм уран бүтээлч маань “Социализмын үед эцэг эхчүүд төдийгүй төр засаг хүртэл жүжиг үзэхийн ач тусыг мэддэг байсан. Хүүхэлдэйн театраар хүмүүжсэн хүүхэд ядахдаа л соёл сурдаг” гэж байв. Б.Алтан-Очир одоогоор Хүүхдийн төв номын санд соёлын зөвлөхөөр ажиллаж байна. Номд дурласан бяцхан багачуудад зориулж хүүхэлдэйн урлагийн сайн дурын театр байгуулаад хүүхдийн цагаахан инээдээр хөглөгдсөн хэвээр. Тэрээр “Алтан загасны үлгэр”, жүжгийг хавтгай хүүхэлдэйгээр “Гахайн гурван торой”, жүжгийг таягт хүүхэлдэйгээр тоглуулдаг. Түүний жүжигчид нь номын санчид. Нүүдлийн номын сантайгаа хөдөө, орон нутгийн багачуудтай уулзахад их сайхан хүлээж авдаг ажээ.   УРЛАГИЙН ГЭР БҮЛ [caption id="attachment_49372" align="aligncenter" width="554"] Охин А.Цэнгүүн, А.Эгшиглэн[/caption] 1982-1987 оны хооронд театрын найруулагчаар ажиллаж байсан Б.Алтан-Очир 1993 оныг хүртэл өөрийн авьяас билгээ телевизийн салбарт зориулсан юм. Тэрээр МҮОНТВ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлгийн найруулагчаас эхлээд хүүхдийн редакцид “Тахиан цаг” нэвтрүүлгийг бэлтгэж байсан. Дараа нь Соёлын коллежи, Дүрслэх урлагийн дээд сургууль, “Их монгол” дээд сургуульд багшилж байсан сурган хүмүүжүүэгч билээ. Бүхий л амьдралаа урлаг, тэр дундаа хүүхдийн уран бүтээлд зориулсан Б.Алтан-очир өнөөгийн хүүхэлдэйн урлагийн тухайд “Хүүхэлдэйн театр”-т үйлдвэр анги, боловсон хүчин хамгийн чухал гэж үздэг. 2014 онд ОХУ-ын Санкт-Петербургийн урлагийн академийг “Хүүхэлдэйн театр”-ын жүжигчин мэргэжлээр 10 залуу төгсч иржээ. Харамсалтай нь тэр үед театр орон тоо байхгүй гээд аваагүй аж. Зарим нь одоо Буриадын Хүүхэлдэйн театрт уран бүтээлээ хийсээр яваа тухай эрхэм найруулагч хуучилаа. Найруулагч Б.Алтан-Очирынх урлагийн гэр бүл. Түүний гэргий УДЭТ-т ажиллаж байжээ. Харин хоёр охин нь Чехэд амьдарч байна. Том охин А.Цэнгүүн, Карлийн сургуулийг төгссөн. Харин бага охин А.Эгшиглэн нь Францын Кино урлагийн сургуулийг төгсчээ. Хоёулаа л урлагт хайртай гэх. Ийм л нэгэн хүүхдийн урлагт амьдралаа зориулсан эрхэм уран бүтээлч бидний дунд эгэл даруухан амьдарч байна. Түүний цаашдын уран бүтээлд амжилт хүсье. Урлагийн бурхан Янжинлхам ивээх болтугай.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

11 цаг 48 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

13 цаг 5 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

13 цаг 15 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

13 цаг 18 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

13 цаг 59 мин
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт  Мо

14 цаг 0 мин
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

15 цаг 34 мин
Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

19 цаг 27 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

20 цаг 11 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

23 цаг 0 мин