
Ч.Зотол
Хүүхдийн баярыг угтан “Улаанбаатар Буян” компанийн хамт олон “Вербист” хүүхэд асран хүмүүжлүүлэх төвийн хүүхдүүдэд гарын бэлэг өгөх буяны үйл ажиллагаа зохион байгууллаа. Тус компанийн хамт олон хүүхэд багачуудын дунд уламжлал болгон явуулдаг “Шилдэг хүүхэд” шалгаруулах уралдаанаа энэ үеэр дүгнэж үеийн найз нараасаа сурлага хөдөлмөр, сахилга батаараа шалгарсан хүүхдүүдийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.Уралдаанд оролцсон амжилтаа дүгнүүлж хагас жилийнхээ хичээл зүтгэлийг үнэлүүлж, сурсан мэдсэн зүйлээ эх эгч нартаа тайлагнан хөгжилдөж баярын бэлэг чихэр, жимсэнд бялхсан хүүхэд багачуудын инээд хөөр дүүрэн байлаа. Энэ үеэр зохион байгуулагчид болон хүүхэд асрах төвийн хамт олон, хүүхдүүдийн сэтгэгдлийг сонслоо.
О. Одгэрэл: Манай хүүхдүүд хүмүүжил, сурлага сайтай
Хүүхдийн баярыг тэмдэглэх үеэр “Вербист” Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал О.Одгэрэл “Бидний үйл ажиллагаанд болон хүүхдүүдэд маань тусламж дэмжлэг үзүүлэн ажилладаг олон хамт олон хувь хүмүүст болон Улаанбаатар Буян ХХК-ний хамт олонд энэ хүүхдийн баярын мэнд хүргэн баярлаж явдгаа илэрхийлж байна.Улаанбаатар Буян ХХК –ний хамт олон манай төвтэй хамтран ажиллахдаа хүүхдүүдийн амьдрах орчинд маш их анхаарал хандуулдаг байнгын тогтмол харилцааг эрхэмлэдэгээрээ онцлогтой. Энэ “ Шилдэг хүүхэд” уралдаан нь 4 дэхь жилдээ үргэлжилж байгаа манай хүүхдүүдийн сурлага хүмүүжилд ихээхэн ач холбогдол үзүүлдэг. Энэ уралдааныг явуулж эхэлснээс хойш хүүхдүүдийн маань сурлагийн амжилт тэр тусмаа дүү нараа асран хүмүүжүүлэх тэднийхээ хичээл сурлага, ариун цэвэрт тавих анхаарал эрс сайжирсан. Манай төвд одоогоор 2-19 насны нийт 49 хүүхэд хүмүүжиж байна. Ахлах ангийн хүүхдүүд нь дүү нараа хайрлан халамжилж хоорондоо маш эвтэй яг л төрсөн ах дүү шиг өсч хүмүүждэг. Энэ удаагийн уралдаанд Шилдэг сурагч О.Олдохбаяр, Хамгийн цэвэрч хүүхэд О. Халиун, Хамгийн сахилга баттай хүүхдээр У. Анударь тус тус шалгарч баяраа тэмдэглэж байна” гэв.
О. Олдохбаяр: Шилдэг болоход дүү нарын маань зүтгэл их байлаа
“Шилдэг хүүхэд” уралдаанд 1- байр эзэлсэн сурагч О.Олдохбаяр өөрийн хариуцдаг дүү нарт баярласнаа илэрхийлэв. Тэрээр “Шилдэг хүүхэд уралдаанд нэгдүгээр байр эзэлсэндээ маш их баяртай байна. Энэ уралдаанд би ганцаараа түрүүлсэн биш хариуцсан дүү нар маань их сайн байсан учраас түрүүлсэн гэж бодож байна. Дүү нар маань уралдаандаа түрүүлэхийн тулд бүгдээрээ миний үгэнд сайн орж гэрээ сайн цэвэрлэж өөр өөрсдийнхөө хичээлийг сайн хийж манай гэрийнхэн 1-р байранд орсон. Тэгэхээр дүү нартаа бас баяр хүргэж хайртай шүү гэж хэлмээр байна. Одоо шинэ жилийн баяраар шалгаруулах уралдаандаа дахин түрүүлэхээр хичээцгээнэ. Манай төвийн хүүхдүүд дундаасаа хүүхдийн зөвлөл гэж байгуулсан юм. Тэгээд хүүхдийн зөвлөлөөрөө ярилцаж байгаад өөрсдийн уралдааныг дүгнэх үзүүлэлтүүдийг гаргаад өдөр бүр багш нар маань бидний уралдааныг дүгнэж байсан. Хүүхдүүд бидэнд байнга гоё гоё бэлэг өгч бас сурлага хүмүүжилд анхаарал тавьж байдаг Улаанбаатар Буян компаний ах эгч нартаа баярлалаа” гэв.
Д.Мөнхнасан: Хүүхдүүдийг баярлуулдаг уламжлалтай болоод удаж байна
“Улаанбаатар Буян” ХХК-ний Үйлчилгээ хариуцсан захирал Д.Мөнхнасан энэ үеэр “Бид өнөөдөр “Вербист” төвийнхөө хүүхдүүд дээр ирээд баяртай байна. Манай хоёр байгууллага 2009 оноос эхлээд л хамтран ажиллаж байгаа. Одоо бас олон жил боллоо. Үйл ажиллагаа маань тогтмолжоод их дотно болцгоосон хүүхэд маань маш том болсон байна. 2011 оноос эхлэн хүүхдүүдийнхээ сурлага хүмүүжилдээ анхаарах, идвэхийг нэмэгдүүлэх зорилгоор жилийн турш тогтмол үргэлжлэх “ Шилдэг хүүхэд” уралдааныг зохион байгуулж жилдээ 2 удаа Хүүхдийн баяр, Шинэ жилээр дүгнэж шалгарсан хүүхдүүдийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж хүүхэд болгоны хүсэн хүлээдэг эдгээр баяруудаар нийт хүүхдүүдээ бас баярлуулдаг уламжлалтай болсон.
Бид энэ арга хэмжээнүүдээрээ хүүхдүүдэд өгөх гарын бэлэгнээс гадна тэдний амьдрах нөхцөлийг сайжруулах, чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх тав тухтай тохилог эрүүл орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго тавьдаг” гэлээ. Тэрэр цааш хэлэхдээ, Улаанбаатар буян ХХК нь Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2008, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны OHSAS18001:2007 олон улсын стандартуудыг хэрэгжүүлэгч байгууллага юм. Энэ утгаараа хүүхдүүдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс гал тогооны болон ариун цэврийн өрөөнүүдийг зориулалтынугаагч, ариутгагчтоног төхөөрөмжөөр тоноглохыг эрмэлздэг юм. Цаашдаа бид насанд хүрсэн хүүхдүүдийн ажлын байр, их дээд сургуульд суралцуулах сургалтын төлбөр дээр туслалцаа үзүүлэх гэх мэт олон ажил хамтран хйихээр төлөвлөж байна. Мөн УБ Буян ХХК нйигмийн хариуцлагаа биелүүлэх үүднээс зөвхөн Вербист төвийн хүүхдүүдтэй хамтран ажиллаад зогсохгүй жилдээ 100 гаруй амьдралын боломж муутай харж хандах хүнгүй бурхан болоочдын буяны ажилд хөнгөлөлт тусламж үзүүлэх, Батсүмбэр дэхь ахмадын асрамжийн төвтэй хамтран ажиллаж эдгээр харж хандах хүнгүй болсон хөгшчүүлийн буяны ажлыг улсаас олгож буй оршуулгын зардалд нь тааруулан хийж гүйцэтгэдэг” хэмээн ярилаа.