Ч.Базар: Эрх мэдэлтний идсэн уусныг илчлэх нь эрэн сурвалжлага гэж ойлгож болохгүй

2018-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хөгжлийн талаар сэтгүүлзүйн доктор Ч.Базартай ярилцлаа. -Саяхан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хурал манай улсад боллоо. Энэ үеэр Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хөгжил бусад улс оронтой харьцуулахад гараанаас гарч байна гэж дүгнэх хүмүүс байсан? -Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг гадаад, дотоод орчин гэж ярих нь зүйтэй. Гадаад орчин гэхээр мэдээж хууль эрхзүйн талаасаа яригдана. Хуулийн орчин талаасаа харах юм бол олон жилийн турш яригдсан нөхцөл байдал бахь байдгаараа. Ялангуяа, сэтгүүлч  эх сурвалжаа хамгаалах нууцлах эрх алга. Мөн Хэвлэл мэдээллийн ерөнхий хууль байхгүй.  Ийм таагүй орчин бүрэлдсэн байна. Зөрчлийн хуулиар гүтгэлэг доромжлол зэргээр сэтгүүлчдийг торгодог, шийтгэдэг байдал хэвээрээ . Ерөнхий утгаар нь авч үзвэл зөвхөн сэтгүүлч гэхгүй ардчилсан нийгэмд амьдарч байгаа иргэн хүн мэдээллийг авах, түгээх, нийтлэх эрхтэй гэж Үндсэн хуулинд заасан байдаг. Энэ зарчим хэрэгжихгүй байна. Мэдээллийг хэн хамгийн шуурхай олж авч ард түмэнд хүргэж байна гэхээр яах аргагүй сэтгүүлчид шүү дээ. Гэтэл эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр  ажилладаг сэтгүүлчид маш их бэрхшээлтэй тулгардаг. Гадаад орчин гэх зүйл нь бий болсон цагаас хойш 30- аад жилд эрхзүйн гол суурь өөрчлөлтүүдийг хийж чадсангүй. Дотоод орчны хувьд  редакцууд өөрийн гэсэн дэг журамтай байх хэрэгтэй. Ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн редакц ямар журмаар ажиллах.  Сэтгүүлчээ хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудал урган гарч ирнэ. Мөн эрэн сурвалжлага  хийх сэтгүүлч өөрийгөө яаж хамгаалах юм бэ.  Сэтгүүлч айдасыг  даван туулахаас гадна хэрхэн   худалдагдахгүй байх вэ гэсэн асуудал нь хувь хүний мөн чанартай холбогддог. -Эрэн сурвалжлага сэтгүүлзүй хөгжих амин сүнс нь юу бэ. Гадны сэтгүүлчид бол “Сэтгүүлчийн хүсэл эрмэлзлэл” гэж дүгнэж байна? -Олон улсын сэтгүүлчдийн туршлагаас харахад эрэн сурвалжлах сэтгүүлзүй хөгжих эсэх нь энэ чиглэлээр тууштай ажиллах сэтгүүлчдийн чин хүслээс хамаардаг юм байна. Мэдээж  хамгаалалт хэрэгтэй. Эрхзүйн орчин туйлын дутмаг, шахалт дарамтан дунд манай сэтгүүлчид эрэн сурвалжлах арга технологи шингээсэн бүтээлүүд бэлтгэж байгаа нь дэвшилттэй. Гагцхүү шийдвэр гаргагчид хууль хяналтын байгууллагууд хэтэрхий дөжирсөн хандлагатай байгаа нь эргээд олон нийтэд сэтгүүлч, эрх мэдэлтний алинд нь итгэх вэ гэсэн сөрөг хандлагыг бий болгож байна. Уг нь  нийгмийг сайн сайхан болгохын төлөө нуугдмал,  нийгмийн хэм хэмжээг зөрчсөн асуудлуудыг сэтгүүлчид  дэлгэн тавьж байгаа. Үүнд шийдвэр гаргагчид сонор сэрэмжтэй байж хууль хяналтынхан үүний дагуу маш сайн ажиллах ёстой юм.  Олон нийт ч мөн адил мэдээлэл авч идэвхитэй хариу үйлдэлд үзүүлж,  олон нийтийн үйл ажиллагаа өрнүүлдэг байх ёстой.  Ийм арга ажиллагаа дутаж байгаагаас нийгмийн болохгүй, бүтэхгүйг илчилсэн сэтгүүлчийн буруу болоод дуусах жишээтэй. -Тэгвэл шийдвэр гаргагч, тэр дундаа хууль хяналтын байгууллагын энэ их дарамтан дунд сэтгүүлч ямар арга технологиор ажиллах ёстой вэ? -Хэвлэл мэдээллийн редакц руу халддаг, сэтгүүлчийг дарамталдаг хууль хяналтын байгууллагад өгдөг  зэргээр олон асуудал байгаа учраас сэтгүүлч нэг сэдвийн араас уйгагүй явж чадахгүй байна. Ийм нөхцөлд  өөрийн гэсэн итгэл үнэмшил, арга технологитой байхаас гадна сэтгүүлчийн чин хүсэл эрмэлзлэл байгаа цагт эрэн сурвалжлах бүтээл илүү чанаржина. Мөн салбарын  зохицуулалтын арга гэх зүйл ажиглагдаж байна. Сэтгүүлч алдаа гаргасан тохиолдолд сэтгүүлчийг шүүхэд очихоос өмнө Хэвлэл мэдээллийн зөвлөлөөр оруулаад асуудлыг шийдэж байгаа  дэвшил гарч байна. Мөн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв, сүлжээ бий болж байгаа нь элдэв бэрхшээлийг давахад сэтгүүлчид нэгдэж буйн илрэл.Олон улсын туршлага бол ердөө л энэ. Аль ч оронд сэтгүүлчид нь нэгдэж хүчтэй дуугарч байж нийгмийг эрүүлжүүлж байдаг. Үр дүнгээ ч өгсөн байдаг. Харин сэтгүүлчдээ чадавхижуулах, арга технологид нь сургах нь, итгэл үнэмшлийг нь дэмжихэд редакци, мэргэжлийн байгууллагууд сайн ажиллаад өгөх хэрэгтэй. -Сэтгүүлчдийг  утсаар дарамтлах бол хэвийн үзэгдэл болсон. Бүр цохиж авах зэргээр бие махбодид нь халдсан ч тоодоггүй хаясан талаар сэтгүүлчид ярьж байна. Нөгөө талаас Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирэх санал гомдол цөөрч байгаа нь юуг харуулж байна вэ?   -Мэдээлэл олж авсных нь төлөө сэтгүүлчийн биед халдаж байгаа бол заавал гомдол гаргах ёстой. Цаг хугацаа, ажилдаа дарагдаад орхиж байна гэж ярьж байгаа нь буруу. Гэтэл эсрэгээрээ сэтгүүлч ажлаа хийж яваад хүн алгадах юм бол нийгэм даяар шуугина. Сэтгүүлч бол ажлаа хийж яваа хүн. Ажлаа хийсний төлөө хүчирхийлэлд өртөж болохгүй биздээ. Магадгүй өнөөдөр ганц удаа алгадсаныг жижиг асуудал гээд орхивол маргааш бусад улс орон шиг буун дуу гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс хүн гэдэг үүднээс хандаж даамжруулахгүйгээр сэтгүүлчид ч нэгдээд тэмцэх хэрэгтэй. -Редакци руу нь халддаг, мэдээллийг нь хүчээр булааж авдаг цөөнгүй жишээг гадны сэтгүүлчид ярьж байна. Манайд харьцангуй аюулгүй мэт харагдаж байгаа боловч мэдээлэл, эх сурвалжаа хамгаалах асуудлыг зайлшгүй ярих ёстой байх? -Зөвхөн эрэн сурвалжлага бус сэтгүүлч олж авсан баримт мэдээлэл, дата өгөгдлүүдийг хэрхэн хамгаалах вэ гэдэг нь цахимжсан ертөнцөд асуудал дагуулж байна. Энэ тал дээр сэтгүүлч болоод редакци мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. Сэтгүүлчийн олсон мэдээлэл, түүнийгээ баримтжуулахын төлөө явж байгааг хамгаалах хэрэгтэй. Өнөөдөр бидний компьютерийг ухахгүй байгаа мэт харагдаж байгаа боловч аюул ойрхон байж мэднэ. Мэдээллээ коджуулах, нууцлах хэрэгтэй. Мэдээллийн ард зөвхөн сэтгүүлч, редакци биш тэр мэдээллийг өгсөн хамгийн үнэ цэнэтэй эх сурвалж байгаа учраас хамгаалах ёстой. Эх сурвалж сэтгүүлчтэй хамт хамгаалагдах ёстой. Ингэж чадвал үнэнийг мэдэж байгаа эх сурвалж сэтгүүлчдэд мэдээлэл баримт өгөхөд эргэлзэхгүй, айхгүй.  - Дата мэдээлэл, дижитал мэдээллийг үр дүнтэй ашиглах, гадны эх сурвалжтай харьцах зэргээр сэтгүүлчид илүү мэргэших хөгжих шаардлага тулгарч байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн цаашдын чиг хандлага хөгжлийг хэрхэн  харж байна вэ? -Хамгийн гол зүйл бол хамтдаа хөгжих юм байна гэдгийг олон улсын төдийгүй манай сэтгүүлчид, судлаачид ярьж байна. Цахим ертөнцөд худал үнэн нь мэдэгдэхгүй маш их мэдээлэл түгээж байна. Үнэн зөвийг олоход дата өгөгдлийг хэрхэн ашиглах вэ гэх зэргээр орчин үеийн арга хэрэгсэл, технологиуд  гарч ирж байна. Цаг үетэй хөл нийлүүлэхийн тулд хамгийн эхэнд сэтгүүлч бэлтгэдэг сургалтын байгууллагууд, судлаачид, редакцууд бэлэн байх хэрэгтэй. Сэтгүүлчээ мэргэшүүлж, сургах бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Түүнээс аль нэг гадны байгууллага биднийг чадавхижуулна гэх хүлээхээс илүү өөрсдөө арга технологид  суралцах нь чухал. -Намрын чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа гүтгэх, доромжлох заалтыг хасах, эсвэл тайлбартайгаар оруулах талаар ярьж байгаа гэдгийг Глоб интернэйшнлээс мэдэгдлээ. Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулахад сэтгүүлзүйн салбар, талуудын оролцоо ямар байх ёстой вэ? -Хэвлэлийн эрх чөлөөг сайжруулах ажлыг зөвхөн судлаачид хийх ёстой гэж үзэж болохгүй. Бүх хэвлэл мэдээлэл нэгэн зэрэг дуугараасай, дэмжээсэй гэж боддог. Өмнө нь гүтгэлэг доромжлолыг  иргэний хэргээр шийддэг байсан. Дараа нь Эрүүгийн хуулиар шийддэг болсон. Хүн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтэлснийхээ төлөө Эрүүгийн хэргээр  шийтгэгдэнэ гэдэг бол хамгийн харгис зүйл юм. Тиймээс ийм нөхцөл байдалд Эрүүгийн хууль руу оруулахгүй байхын төлөө хэвлэл мэдээллийнхэн, энэ чиглэлээр үзэл бодлоо илэрхийлдэг хуульч, өмгөөлөгчид үгээ хэлж  урьдчилан сэргийлэх ёстой. Эрүүгийн хуульд ганц заалт оруулах гээд байгаа нэг гишүүн, сайд биш энэ парламентад сууж байгаа 76 гишүүнд болохгүй юм байна шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Энэ бол зөвхөн сэтгүүлчдийн хэрэг биш үүний цаана иргэд, иргэний нийгмийн байгууллага байгаа гэдгийг ойлгох эрүүл сэтгэхүйтэй хууль тогтоогчид байгаа гэж итгэж байна.  Үүний төлөө бид өөрсдөө тууштай тэмцэх ёстой. -Олон улсын хурлын үеэр гадны сэтгүүлчид сонин содон жишээнүүдийг ярьж байна. Үнэний төлөө явж байгаад хууль хяналтын байгууллагад дуудагдсан  сэтгүүлчийн өмгөөллийн төлбөрийг олон нийт гаргадаг, хараат бус эрэн сурвалжлах төвүүд нь олон нийтийн хандиваар санхүүждэг гэх мэтээр. Манай улсад тэр цаг үе, үнэнийг дэмждэг олон нийтийн оролцоо олон улсын түвшинд хүрэхэд хэр хол байгаа бол?   -Тэр үе ойрхон гэж харж байна. Үнэний төлөө тууштай явж байгаа сэтгүүлчийг олон нийт дэмждэг. Өөрсдийнх нь амьдралд тулгамдаж байгаа асуудлын төлөө явж байгаад хэвлэл мэдээлэл, сэтгүүлчийн үнэ цэнэ оршино. Сэтгүүлчид эрх мэдэлтний авлига, идсэн уусныг илчлэх нь эрэн сурвалжлага гэж ойлгож болохгүй. Тухайлбал, жил бүр хөндөгддөг сурах бичгийн асуудал байна. Энд хэрэглэгч, багш, сурагч, оюутан зэрэг олон нийтийн эрх ашиг хөндөгдөж байна. Үүнийг зөв илчилж гаргаж ирэх юм бол дэмжих маш хүчтэй олон нийт байна. Хамгийн гол нь сэтгүүлч нэг зүйлийн төлөө тууштай явж үр дүнг нь үзэх хэрэгтэй. Түүнээс заавал томоохон авлига, албан тушаал биш нийгэмд, олон нийтийн эрх ашигт тулгамдаж байгаа жижиг юм шиг хэрнээ чухал асуудлуудыг хөндөж гаргаж, үр дүнд хүргэх нь эрэн сурвалжлага   гэдгийг сэтгүүлчид ч нийгэм ч ойлгох хэрэгтэй. Эх сурвалж: www.polit.mn
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

4 цаг 19 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

4 цаг 22 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

5 цаг 15 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

14 цаг 20 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

14 цаг 20 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Өчигдөр 17 цаг 12 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Өчигдөр 15 цаг 55 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Өчигдөр 15 цаг 45 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Өчигдөр 15 цаг 42 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

Өчигдөр 15 цаг 01 мин