Онцгойгийн нэрийн хуудас

2014-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Онцгой байдлынхан төрийнхөө алтан соёмбот тугийг өргөж нэгэнтээ арван жил болжээ. Үүрийн цолмонтой зэрэгцэн өдөр бүр бэлэн байхын тулд хором бүрийг тооцоолж гэмээнэ болзошгүй аюулаас сэргийлж байгалийн гамшгаас хүний алтан амийг авран хамгаалах, гарз хохирол бага гаргахаар ажилласаар байна. Тэднээс хурд хүч, тэсвэр тэвчээрээс гадна оюун ухааны асар их хурд шаардана. Өнгөц харахад биеийн хүчээр бусдыг аварч байгаа мэт боловч аюултай нөхцөлд ямар тактик барьж, тухайн объектоо мэдэрч, эрсдэлтэй хором бүрт зөв шийдвэр гаргах үүрэгтэй.  Гал, ус, үертэй тэмцэж явдаг онцгой байдлын алба дотроо Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын хамт олон тэргүүлэгч нь байсаар иржээ. ОБЕГ-ын нэрийн хуудас болсон энэ аймгийн онцгой байдлын хэлтэс 2008 оны зургадугаар сараас ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын газар болон өргөжжээ. Өдгөө газрын удирдлага болоод аврах, гал унтраах, 32 болон 49 дүгээр анги, эрэн хайх, аврах салбар,  улсын нөөцийн салбар гэсэн таван салбар нэгжтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 25 офицер, 103 ахлагч, таван гэрээт ажилтан нийт 133 албан хаагчидтайгаар төр, засгийн бодлого  шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутагт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хойшлуулашгүй сэргээн босгох үндсэн чиг үүргээ биелүүлж яваа юм.  Газрын даргаар онцгой байдлын хурандаа Д.Батжаргал 2004 оноос хойш тасралтгүй ажиллажээ. “Дэлхий хөгжихийн хэрээр жил ирэх тутам гал түймэр, олон улсын хөл хориот болон хүн,  мал, амьтны гоц халдварт өвчин, ган, зуд зэрэг гамшиг осол  гарах магадлал ихэсч байгаа нь бид бүхний өмнө  хууль тогтоомжоо сахиж,  эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн    байгаль эх дэлхийтэйгээ  харьцах  нарийн ухаан, уламжлалаа дээдлэн  болзошгүй гамшгийн аюулаас  урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ чухал цаг үед бид бүхэн аймаг, сум орон нутгийн удирдлага, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албад,  ард иргэд та бүхэнтэй хамтран болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг амжилттай зохион байгуулж зохих үр дүнд хүрэх болно гэдэгт итгэл төгс байна” гэж Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батжаргал онцолж байна. Тэд бас ОБЕГ болон орон нутгийн хэмжээнд хөрш зэргэлдээ орших ОХУ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны  гамшгаас хамгаалах чиг үүрэгтэй ижил төрлийн байгууллагуудтай  хамтран ажилладаг. Мөн албан хаагчдыг сургаж дадлагажуулах чиглэлээр ОХУ, Беларусь, Сингапур, Хятад, Япон, Малайз зэрэг улсад есөн албан хаагчид явж суралцжээ. Зургаан албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирж.  Тус газрын Аврах отрядын албан хаагчид нь улс нийгэм, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төр төйгөөр биелүүлж  өргөсөн  тангарагтаа үнэнчээр ажиллаж  байгааг онцлов. Албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор 2013 онд Эрэн хайх, аврах тусгай ангийнхан шинэ байртай болжээ. ОБЕГ болоод аймгийн Засаг даргын Тамгын газрын тусламжтайгаар 55 сая төгрөгийн өртөг бүхий хоёр давхар барилгыг ашиглалтад оруулсан байна. Онцгой байдлын газрын удирдлагууд албан хаагчдынхаа ажиллах нөхцлөөс гадна нийгмийн баталгааг нь хангах талаас нь анхаарч байна. Тухайлбал, орон сууцны нөхцлийг сайжруулах зорилгоор 2014 онд аймгийнхаа цагдаагийн газартай хамтран Хэрлэн суманд шинээр баригдах 42 айлын орон сууцанд зах зээлийн ханшнаас 20-30 хувийн хямд үнээр 21 албан хаагчийг оруулж, найман хувийн ипотекийн зээлэнд хамрагдахаар барилгын компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ. Мөн ажилчдын найман айлын орон сууцны дээврийн болон агуулахын барилгын засварын ажлыг 31.8 сая төгрөгөөр гүйцэтгэжээ. Мөн ахмад ажилтнуудын нийгмийн хамгаалалтын асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2012 оноос хойш цалингийн сангийн тодорхой хувийг “Ахмадын сан”-д төвлөрүүлжээ. Энэ нь ахмадын баярын тэмдэглэлт ой болоод эмчилгээ, сувилгаа, гэр орон сууц худалдан авах, ар гэрт нь дэмжлэг үзүүлэх зорилготой сан юм. Одоогийн байдлаар 20 гаруй сая төгрөгийг ахмадын сайн сайхны төлөө зарцуулаад байгаа гэв.

Арц занданы үнэр сай­хан, ахмад хүний сургаал сайхан. Өвөг дээдсийн оюуны бор авдарт дуусаж дундаршгүй өв хөрөнгө хадгалаастай бий. Ардын үгийг шинж, ахмадын яриаг чагна гэж Д.Батжаргал дарга залуустаа хэлэх дуртай. Ахмадын яриаг шимтэн чагна. Тэвчээртэй сонс. Буурлын буянаас хишиг хүртэнэ. Буруу зөрүүгээ ойлгож мэднэ хэмээх. Энэ ангид гавъяаныхаа амралтад гарсан олон сайхан буурал бий ажээ. Тэдний нэг нь О.Ангараг гуай. Түүний  онцгой байдлын албанд 20 гаруй жил тасралтгүй хүчин зүтгэсэн нөр их хөдөлмөрийг үнэлж Ерөнхийлөгчийн зар­лигаар Хөдөлмөрийн хүндэт медаль гардуулсан юм. Залуу, халуун насаа албандаа зориулсан энэ эрхэм өдгөө гавъяат тээ­вэр­чин болсон. Тэт­гэвэртээ гарсан даруйдаа хот хооронд тээвэрт явж түмэн олныг зорьсон газарт нь аюул осолгүй хүргэж өгсөн түүний гавъяаг төрөөс ийнхүү үнэлжээ. О.Ангараг гуайн хүү эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхээр онцгой байдлын албанд ажилладаг юм байна. Ийн хамт олондоо үлгэр дууриалал нь болж үлдсэн ахмад ажилчдаас гадна энэ хамт олонд ажилч хичээнгүй олон залуус бий. Цөөн хэдхэнээс нэр цохвол гал сөнөөгч,дэд ахлагч Нэргүйн Батням. Аврагч, гал сөнөөгчдийн мэргэжлийн спорт болох гал унтраах техникийн олон төрөлт спортоор шаггүй амжилт үзүүлж яваа тамирчин ажээ.  Онцгой байдлын алба 2009 оны зүүн бүсийн тэмцээнд байлдааны тархалтын төрлөөр багаараа хүрэл медиаль, 2010 оны Улсын аваргын тэмцээнд байлдааны тархалтаар дөрөвдүгээр  байрт,  мөн 2010 оны Говьсүмбэрт болсон бүсийн аваргын тэмцээнд саадтай 100 метрт алтан медаль, байл­дааны тархалтаар хүрэл медаль авсан зэргээр баг, тамирчдын амжилт олон байна.

Энэ ангийг тодор­хойлох өөр нэг онцлог нь шаггүй үлээвэр найрал хөгжимчид бий ажээ. Үүдээр нь өнгөрөх бүхэнд үлээвэр найрал хөгжмийн аяз эгшиглэж, баатарлаг маршийн сүрлэг аялгуу сэтгэл гэгэлзүүлнэ. Аймгийн онцгой байдлын газарт өдөр бүхэн үйл ажиллагаа болдог гэмээр.  Аймгийн ОБГ-ын дарга Д.Батжаргалын урилгаар СТА Хөгжмийн удирдаач Л.Банзрагч гуай Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчдийг бэлдсэн  юм билээ. Түүнээс гадна албан хаагчдын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг нь хөгжүүлэх, спортын авъяас чадварыг дээшлүүлэхэд анхаарч спорт зааланд долоо хоног бүр биеийн тамирын дасгал сургуулилт хийж байна. Мөн фитнесийн иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулан тохижуулж фитнесс клубт албан хаагчдыг долоо хоногт бүр хичээллүүлдэг гэнэ.  Хариуцсан ажилдаа идэвхи зүтгэл гарган ажлын үр дүнгээрээ хамт олноо манлайлан ажилласан найман албан хаагч төрийн дээд одон медалиар, онцгой байдлын албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр дөрөв, онц гал сөнөөгч цол тэмдэгээр нэг, ОБЕГ-ын жуух бичиг, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, онцгой байдлын албаны төлөө тэмдэгээр 30 албан хаагч тус тус шагнагджээ.

Шугуй шиг ургасан өндөр өвсөн дундуур олгой хаймар бариад орсон түүний хэдэн нөхөд улаан галын дөл төөнөж байсан ч ухраагүй. Үхэл амьдралын заагт ч өөрсдийгөө бодож зугтаагүй. Салхины чиглэл өөрчлөгдөн түймэр бүчин авахад ч хатан зориг нь мохоогүй онцгой онцгой байдлын албаны баатарлаг эрсийн бахархам эх оронч зан чанар, хүний төлөө гэсэн сэтгэл монгол залууст үлгэр дууриалал болох гарцаагүй юм.  Энэ эрхэм чанарыг Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх гал унтраах 49 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Н.Доржготов, тус ангийн нярав, дэд ахлагч Э.Уугантуяа нарын ажил амьдралаас харж болохоор ажээ. Залуухан хосууд эх орныхоо төлөө үүрийн таван жингээс үдшийн бүрий болтлоо эх орон, элгэн түмнийхээ төлөө хамтдаа ажиллаж байна. 

Түймэр бол хүний болгоомжгүй, хариуцлагагүйн гайгаар үүддэг гамшиг юм. Нэгэнт баригдаж хүчрэгдэхгүйгээр дүрэлзэн ассан түймрийн өмнө хүн мал, ан амьтангүй хүчин мөхөсддөг. Гэхдээ онцгой байдлын залуус энэ бүх эрсдлийн эсрэг халуун амиараа тэмцэж албан үүргээ нэр төртэйгээр биелүүлж явна. Ийм баатарлаг залуусын хат зоригийг хурцалдаг эрхэм бол яахын аргагүй Д.Батжаргал дарга. Түүний омогшил бахархал нь дүрэлзэн асах улаан гал, үерлэн урсах гол руу бусдын төлөө дайран орох энэ л аврагч нар ажээ.  Нэгэн үеийн гэмээр шижигнэсэн залуучууддаа хааяа нэг ажил албаны хатуу шаардлага тавьж зэмлэх нь олон ч хааяа бас магтан урамшуулна. Энх цагт байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлсээс илүү дайсан бидэнд үгүй юм. Амьдрал санамсаргүй зүйлсээр дүүрэн. Гэхдээ хэн нэгний унтраалгүй хаясан ширхэг чүдэнз олон айлд үхэл хагацал, уй гашуун учруулж заримыг нь эрүүл мэндээр хохироож байгааг та ямагт санаж яваарай.

 

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

22 цаг 45 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

22 цаг 46 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Өчигдөр 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Өчигдөр 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Өчигдөр 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин