Ц.МЯГМАРБАЯР
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай аймгийн орлого төвлөрүүлэлт өмнөх жилүүдээс ахисан байсан. Аймгийнхаа нийгэм эдийн засгийн үзүүлэлтээс эхлээд танилцуулна уу?
-Хөвсгөл аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт бүх төвшинд ахисан. Тогтвортой хөгжлийн бодлого зорилтоо хангаж байна. Манай аймаг өнөөдрийн байдлаар 133 мянган хүн амтай. Монгол Улсын хамгийн олон хүн амтай аймаг. Мөн мал сүргээр ч улсдаа тэргүүлдэг. Өнгөрсөн жилийн эцсээр 5.3 сая мал тоолуулсан бол энэ намрын урьдчилсан дүнгээр 5.9 сая мал өвөлжих мэдээлэл байна. Аймаг бие даан хөгжих, төсвийн орлогоо бүрдүүлэх талд тодорхой бодлого төлөвлөлт гаргаж хэрэгжүүлж байгаа. Аймгийн орон нутгийн орлого жил бүр тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.Цаашид хөгжихөд төсөв хүрэлцээтэй байснаар хөгжлийн гол хөшүүрэг нь болдог. Тиймээс сайн бодлогоос гадна төсөвтэйгөө уялдуулан ажиллах нь чухал юм. 2016 онд намайг энэ ажлыг хүлээж авахад хөвсгөлчүүд есөн тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлдэг байсан. Төсвөө нэмэгдүүлэхэд хичээж ажилласны үр дүнд 2017 оны эцсээр 14.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх оноос дөрвөн тэрбум төгрөг илүү олсон. Энэ нь арга барилаа нэгтгэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, түүнчлэн үүрэг хариуцлагаа нэмэгдүүлж тооцсоны үр дүн юм. Мэдээж төрийн болон төсвийн байгууллага хэмнэлтийн горимд шилжиж ажилласнаас гадна орон нутгийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах бүтэц зохион байгуулалт, зөв менежментэд оруулсантай холбоотой. Өмнөх жилүүдэд алдагдалтай ажиллаж байсан бол өнгөрсөн онд ашигтай ажиласан. Түүнчлэн баялаг бүтээгч аж, ахуйн нэгж иргэдтэй хамтарч татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд тодорхой ажлыг хийсэн. Бусад орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөв бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллав. Цаашдаа 2020 он гэхэд аймгийнхаа орлогыг 24 тэрбум төгрөгт хүргэх зорилттой. Хөвсгөл аймаг “Хөгжсөн Хөвсгөл-2030” урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж аймгийн ИТХ-аар батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2016-2020 оны Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч хөтөлбөр”-т гурван тэргүүлэх чиглэлийн 14 дэд хөтөлбөртэй 655 хийх ажил тусгасан. “Хөгжлийн хөтөч хөтөлбөр” цаг үеийн байдал, орон нутгийн төсөвтэй холбогдож бүтээн байгуулалт, нийгэм халамжийн бодлого бусад ажлууд зохицуулагддаг. Улсын төсвөөс хамгийн их татаас авдаг. Цаашдаа энэ байдлаа арилгах өөрийн бие даасан бодлогыг гаргах зэргээр төсвийн орлого бүрдүүлэлтэд онцгой анхаарч байна.
-Одоогоор хэчнээн төгрөгийн татаас улсын төсвөөс авч байна вэ?
-Өнгөрсөн онд 20.4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг улсын төсвөөс авсан. 94 орчим тэрбум төгрөгийг өөрийн орлогод бүрдүүлсэн. Зарлага ч ийм хэмжээнд байгаа. Үүнд төсвийн хуулиар бүх байгууллагын зардлын үйл ажиллагаа хамарч буй. Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас өгч буй үүрэг даалгавар, бодлого шийдвэрийг хэрэгжилтийг гүйцэтгэж байна. Оны эхний есөн сарын байдлаар хөтөлбөрийн биелэлт 73.8 хувьтай. 2017 оны аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны биелэлтийг 55.5 хувьтай дүгнэсэн. 2018 он дуусах тийш хандаж байна. Энэ онд ялангуяа худалдан авах ажиллагаагаар төлөвлөсөн тендер болон бусад ажлаа дуусгахаар ажиллаж байна.
-Хөтөлбөрт тусгасан 655 ажлаас бүтээн байгуулалт болон томоохон ажлаас дурьдвал?
-Хөвсгөл аймгийн хөгжлийн бодлогод суурилсан бодлого төлөвлөлтэй уялдсан ажлууд бий. Хамгийн гол ажил аймгийн 133 мянган хүндээ чиглэсэн ажлууд тусгасан. Өнөөдрийн байдлаар 133 мянга 200 хүнтэй болсон байна. 2016 онд 129 мянган хүнтэй байсан. Хүн ам жил гаруй хугацаанд 4000-аар өссөн. Нийгэм халамжийн үйлчилгээ, тэдний амьдрах орчинг сайжруулах, урлаг, соёл спорт,эрүүл мэндийн салбарт хийгдэх ажлууд түлхүү явагдаж байна. 2020 он гэхэд аймгийнхаа бүх иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд бүрэн хамруулан бүртгэлжүүлж нэгдсэн сантай болохоор зорьж буй. Хөдөө орон нутгийн эмнэлгүүдийг шинэ тоног төхөөрөмжөөр хангах, эмч ажиллагсдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр бүх суманд парк шинэчлэл хийж хоёр сумын эмнэлгийг шинэ машинтай болголоо. Мөн багийн эмч нарын 80 хувийг мотоцикльтэй болгов. Нөгөөтэйгүүр Хөвсгөл аймаг бүх салбар болон төрийн ажил үйлчилгээг стандартай болгох төлөвлөгөө гаргасан. Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл байдлыг сайжруулах, сургах, дадлагажуулах, тоног төхөөрөмжөөр хангах чиглэлд анхаарч байна.
-Хөвсгөл аймаг аялал жуулчлалын тулгуур төв болж хөгжих ёстой гэдэг? Энэ чиглэлд ямар бодлого барьж байна вэ?
-Аялал жуулчлалын тулгуур аймаг болж хөгжихын тулд 2020 он хүртэл хөгжлийн хэд хэдэн бодлогын баримт бичгийг боловсруулж хөрөнгө оруулалтын үндэс суурийг тавихаар төлөвлөсөн. Аялал жуулчлалын аймаг гэдгээр өнгө төрхийг илэрхийлэх, аялал жуулчлалын стандарт тогтоох хяналт шалгалт үнэлгээний асуудлыг зохион байгуулж бүтээгдэхүүн ажил үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зорилттой. Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын ээлтэй бодлогыг хэрэгжүүлснээр хүн бүхэн аялал жуулчлалын орлогоос хүртдэг байх зарчим баримталж байна. Аялал жуулчлалын цогцолборуудыг барьж байгуулна. Тухайлбал, Энергийн төв болох 50:100 цогцолборыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж хүлээн авах гэж байна. Түүнчлэн Хөвсгөл аймагт Монгол Улсын цэвэр усны гадаргын нөөц гуравны хоёр, ойн нөөцийн гуравны нэг нь байдаг. Дэлхийн нийтийн анхаарлын төвд онцгой бүс болж орсон. Энэ ч утгаар олон улсын болон дэлхийн байгаль хамгаалах байгууллагууд энэ чиглэлээр хамтарч ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас байгальд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх газар бол Хөвсгөл аймаг гэж томъёолсон. Үүнтэй холбоотойгоор иргэддээ гадаад хэлний мэдлэг боловсрол олгох, дадлагажуулах ажил олон төрлөөр өрнөж байна. Жишээлбэл, Мөрөн, Хатгал, Ханх сумын сургуульд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг эхлүүлсэн. Сургалтын төсөл хөтөлбөрийг дэмжиж байна.
-Бүтээн байгуулалтын ажил, нэрлэсэн жилийнхээ ажилтай уялдаж байна уу?
-Энэ жилийг Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас “ Амьдрах орчныг сайжруулж ахмад настнаа дэмжих жил болгон зарласан.Гэхдээ энэ ажлыг 2018 онд шийдвэрлээгүй. 2017 оны турш бэлтгэл ажлыг хангаж тооцоо, судалгаа, гүйцэтгэлийг хийсний дараа шийдвэрлэсэн юм. Энэ жил Хөвсгөл аймагт урьд өмнө байгаагүй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Долоон шинэ сургуулийн барилга, зургаан цэцэрлэгийн барилга, гурван хүүхдийн дотуур байрны шинэ барилга баригдаж буй. Шинэ соёлын төв, эрүүл мэндийн төв, шинэ төрийн захиргааны барилга гээд. Иргэдэд 56 тэрбум төгрөгийн нийгэм халамжийн үйлчилгээг хүргэлээ. Нийгмийн зорилтот бүлэгт тодорхой арга хэмжээ авснаар ядуурлын төвшинг бууруулах, боловсон хүчинг мэргэшүүлэх гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулсан. УИХ-ын дад дарга Л.Энх-Амгалангийн санаачилсан” Шинэ мөрөн” хороолол хүлээн авах бэлтгэл ажил эхэлж байна. Түүнчлэн Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилчдын орон сууц тус тус ашиглалтад орох гэж байна. Энэ жилийн тухайд нийтдээ 140 гаруй айлын орон сууц шинээр нэмэгдэнэ. Амины өвөл, зуны сууц мөн төлөвлөгдсөн.
- Төрийн албан хаагчдыг тогтвор, суурьшилтай ажлуулах тал дээр ямар бодлого барьж байна. Улс орон даяар багш, эмч, сувилагч нар ажил хаяхад оролцсон уу?
-Манай аймаг 6668 төрийн албан хаагчтай. Бид нэг баг болж хамтарч ажиллаж байна. Төрийн алба, байгууллагын зүгээс, хувь хүнээс бэрхшээл тоочоод байвал их. Гэхдээ төрийн албаны тогтвортой байдал манай аймагт сүүлийн арван жил тогтвортой хадгалагдаж байгаа. Тиймдээ ч боловсон хүчний дадлага туршлага, залгамж халаа, хариуцлагатай байдал өндөр. Сүүлийн жилүүдэд манай аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын алба, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Орон нутгийн өмчийн албад жил бүр ажлаараа улсдаа тэргүүлдэг. Ер нь багш, эмч гэлтгүй төрд зүтгэж байгаа бүх төрийн албан хаагчдад анхаарлаа хандуулдаг. Бүтэн жилийн турш юу хийв гэдэг бодлого төлөвлөлт хамгийн чухал. Нөгөөтэйгүүр бүх төрийн албан хаагчдад “ЗИС”-ийн зарчим гэсэн уриалгаар ажилладаг.Энэ нь зүтгэл, итгэл, сэтгэл гэсэн үгийн хураангуй. Бүх албан хаагчтай илтгэлцлийн гэрээ байгуулсан. Энэ уриалгыг бүгд хэвшүүлж ажиллаж буй. Энэ зарчмаар олон шинэ ажлын санаачлага гарч үр дүнд хүрсэн. Олон хүмүүс ард түмнийхээ итгэлийг дааж ажиллаж байна. Ар гэр амьдрал ахуйд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөнгөлттэй зээл тусламжид хамруулах зэргээр нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг. Амжилт гаргасан нэгийг нь шагнаж, урамшуулж дэмжих бодлогоор л ажиллаж байна даа. 500 мянгаас таван сая төгрөг хүртэл урамшуулна гэж гэрээнд тусгасан. Түмний төлөө, төрд зүтгэсэн хүч хөдөлмөр, үр шимийг хүртэх ёстой. Хүндлэлийг нь хүлээх ёстой л гэж боддог. Нийт иргэдийн 11.400 иргэн цалингийн зээлтэй. Үүнээс 78 хувийг төрийн албан хаагчид эзэлдэг. Цалингийнхаа 60-90 хувиар зээлээ төлдөг судалгаа бий. Тэд цалингаас цалингийн зээлийн хооронд явж байгаа нь харагддаг. Ар гэр нь боломжтой дажгүй сайхан болж байгаа нэгэн байна. Гэхдээ зээлтэй гээд муу амьдраад байгаа зүйл үгүй. Залуу төрийн албан хаагчид бол орон сууцны зээлтэй. Олон оюутантай ч байна. Зарим нэг нь машин авсан гээд. Бүгд өлсөөд, цангаад байгаа зүйл байхгүй. Энэ бол ялгаатай. Төрийн албан хаагчид ажилдаа эзний ёсоор ханддаг, төрдөө итгэдэг учраас манайд ажил хаялт болоогүй. Бусдыг гэсэн сэтгэлтэй өөрсдийгөө төрдөө зориулж чаддаг төрийн албан хаагчид манайд олон. Төрөөс гаргасан шийдвэрт алсын хараатай, тэвчээртэй, хүлээцтэй ханддагаараа манай төрийнхөн давуу. 2020 он хүртэл бүх төвшинд цалинг 50 хувь хүртэл нэмэгдүүлнэ. Ахмадуудын тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхээр яригдаж байна. Өнөөдөр шууд ажил хаяснаар асуудал шийдэгдэхгүй. Ажил хаялт бусад газар өрнөж байх үеэр багш, эмч нартайгаа уулзаж зөвшилцөх зэргээр уужуу хандаж Засгийн газрын бодлогыг дагадаг. Ер нь нэмэгдүүлэх шаардлагатай. 2016 онд би төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдад тодорхой саналуудыг тавьж байлаа. Одоо ч гэсэн Засгийн газрын хуралдаанд болон бүх төвшинд илэрхийлсээр байгаа. Цаашид нэмэгдэх боломж гарна гэдэгт итгэлтэй байдаг.
-Аялал жуулчлалаас орох орлого аймагт төвлөрдөггүй гэдэг байсан. Иргэдэд аялал жуулчлалаас хүртэх бодит орлогыг нэмэгдүүлэхэд хэр санаачлагатай ажиллаж байна вэ?
-Аялал жуулчлал, байгал орчны салбараас өнгөрсөн онд 200 сая төгрөгийн орлого төвлөрсөн. Үүний 100 гаруй сая төгрөг нь аялал жуулчлалын салбарынх. 80 гаруй сая төгрөг нь шонхор шувуу барьсны 700 сая орчим нь усны төлбөрийн орлого. Үүнийг 2016 онтой харьцуулахад нийтдээ 200 сая төгрөгөөр аялал жуулчлалын салбарын орлого нэмэгдсэн. Энэ жилийн байдлаар 100 гаруй сая төгрөг орон нутгийн санд төвлөрсөн байна. Гэхдээ орлого төвлөрүүлэлт хуулийн хүрээнд хийдэг учраас аялал жуулчлалын бодит нөхцөл байдлаас орлого төвлөрөлт хийж чадахгүй учир дутагдалтай. Аялал жуулчлалын компаниуд ажилчдыг түр ажилтнаар биш тогтмол ажлын байраар хангаж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулснаар бодит орлого болно.Өнөөдөр манай аймагт гэр буудал, жуулчны баазын үйл ажиллагаа явуулж байгаа 112 байгууллага, хувь хүн байна. Ажил авснаас хойш гурван удаагийн цогц шалгалт хийсэн. Шалгалтаар орлого төвлөрүүлэлт, ирсэн жуулчдын тоо, үйлчилгээ нь тодорхой стандарт төвшинд хүрээгүй. Гэхдээ дарамт шахалт үзүүлэхгүйгээр зөвлөн тусалж, дэмжиж хамтарч салбараа хөгжүүлэх зорилгыг гол болгодог. Энэ шалгалтын тайланг удахгүй хэлэлцэнэ. Манай аймгийн суурь хөгжлийн тэргүүлэх салбар учраас тодорхой нарийн бодлого төлөвлөлтийг гаргаж мастер төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Аймаг энэ төлөвлөгөөгөөр 2028 он хүртэл хөгжих ёстой. Жил ирэх тусам Хөвсгөл аймаг хамгийн үнэтэй газар нутаг болж байгалийн баялгаа онгон дагшинаар нь хойч үедээ үлдээх нь бидний үүрэг. Хөвсгөлийн ард түмэн XXI зууны хөгжлийн төвшинд хүрсэн орчинд амьдрах эрхтэй. Энэ эрхийг хангаж, иргэдээ сайн сайхан амьдруулахад төр бүхий л бололцоогоор ажиллах юм. Мөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаас илүүтэй хүн рүү чиглэсэн асуудалд онцгой анхаардаг. Тийм ч учраас манай аймаг хүүхдэд ээлтэй аймаг. Хөвсгөлийн хүн бүхэн хүүхэд бүрийн төлөө “За” гэж хэлж нэгддэг болсон. Намайг 2014 онд хүүхдүүд манай Хөвсгөлийн “Хүүхдийн элч”-ээр томилж байсан бол энэ онд дахин сонгосон. Энэ жил ахмадуудаа дэмжих жил болгосон нь үр дүнгээ өглөө.
-Арвандүгээр сард Хөвсгөлийн нээлттэй өдрүүд Улаанбаатарт зохион байгуулагдана гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Хөвсгөлийн нээлттэй өдрүүд Улаанбаатар хотноо хамгийн сүүлд 2008 онд зохион байгуулж байсан юм билээ. Түүнээс хойш 10 жил болжээ. Энэ жил ирэх арваннэгдүгээр сарын 23,24,25-ны өдрүүдэд болно. Энэ өдрүүдэд урлаг соёл, спорт, үзэсгэлэн худалдаа, эрдэм шинжилгээний хурал гээд олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин