
Б.УРАН
Өмнөд Солонгосын Инчон хотоос 475 зорчигч суулгаад Чежү арлыг чиглэн зорчиж явсан “Севол” онгоцны осол тус улсад хариуцлага ямар төвшинд байгааг олон улсад харууллаа. Аврах хантааз өмсөөд нэг нэгнээсээ салахгүй гэсэндээ сайтар холбож, хөтлөлцөөд живсэн олон арван сурагч, аврагчдыг ирэхийг хүлээж нэг өрөөнд 48-уулаа хорвоог орхисон охидын араас өнөөдөр дэлхий дахин харамсан гашуудаж байна. Сургуулийнхаа сурагчидтай сонирхолтой аялал хийхээр онгоцонд суусан ч түрүүлээд амь гарсандаа өөрийгөө уучилж чадаагүй “Ансан” сургуулийн дэд захирал амиа хорлов. Аврах ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан гэж буруутгагдаж байгаа Засгийн газрын тэргүүн Чон Хон Вон хариуцлагаа үүрч огцрох хүсэлтээ гаргалаа. Ерөнхийлөгч Пак Гён Хи үндэсний телевизээрээ дамжуулан бүх ард түмнээс уучлалт гуйлаа. Энэ бол хариуцлага.
Урин дулаан ирж хаа сайгүй алх, дөш, төмрийн дуу хангинаж эхэлсэн нь өөрийн эрхгүй айдас төрүүлж, нийслэлчүүдийн тэнгэр харж алхдаг болсон хөөрхийлөлтэй рефлексийг хөдөлгөж эхэлсэн, дээрээс нь багахан салхи хөдлөхөд энд тэндгүй төмөр, хавтан унаж айлгасан учир хариуцлага ярихаас аргагүй болов. “Төмөр унах” гэсэн хоёрхон үгийг гүүглдэхэд л тоолж барамгүй олон холбоос гарч ирж байна. Энэ зуны улиралд энэ холбоосын тоог битгий нэмээч, дахин хэн нэгний эрдэнэт амийг битгий таслаач гэж барилгынхнаас юун түрүүнд хичээнгүйлэн гуйя. Бид уг нь барилга хариуцсан бүхэл бүтэн яамтай. Ц.Баярсайхан сайдын толгойлсон энэ яам юу хийдэг вэ. Барилгынханд зөвшөөрөл олгох шат дамжлага, хүнд суртлыг багасгалаа гэхээс өөр мэдээлэл энэ яамнаас гарсан уу. Өнгөрсөн хугацаанд барилгынхны хариуцлагагүй үйлдлээс болж хүний алтан амь үрэгдсэн ядаж нэг тохиолдолд салбарын сайд нь уучлалт байтугай ямар нэг үг хэлэв үү. Манайд бодлогыг яам тодорхойлж, хяналтыг мэргэжлийн хяналт гүйцэтгэж, хариуцлагыг гэмгүй иргэн үүрнэ гэсэн тун ч өөдгүй тогтолцоо үйлчлээд байх шиг. Төмөр уналаа, хүн аллаа, кран хугарлаа, хүн үхлээ. Худалч хүнд өдөр бүр сонсдог болсон энэ үгнүүд эцэстээ байх л ёстой зүйл мэт болж хувирлаа. Одоо зогсоох хэрэгтэй байх. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танд өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн харамсалтай тохиолдлуудыг тун товчхоноор хүргэе. Мэдээж бүгдийг нь гэвэл сонины хуудас хүрэхгүй.
Дашрамд дуулгахад уржигдар болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар барилгатай холбоотой ослын тоог мэдээлсэн бөгөөд 2014 он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын найман осол, бусад зургаан осол гарч долоон хүн амь насаа алдаж, хоёр хүн бэртсэнийг дуулгаж байв.
АЛТАН АМЬ ХОХИРООСОН ХЭРГҮҮД
2012.09.03 Саппорогийн уулзварын зүүн хойд талд Шастины нэрэмжит эмнэлгийн хажууд баригдаж байсан барилгаас бетон зуурагч машины хошуу унаж, 12 настай охины амийг ээжийнх нь, дүүгийнх нь нүдэн дээр авч одсон.
2012.09.08 “Рапид харш” орон сууцны барилгад барилгын материалаа өргөж байсан краны оройн хэсэг нь хугарч унан, 26 настай жолооч залуу амиа алдсан.
2012.09.12 “Тэнгис” кино театрын зүүн урд талын барилга дээрээс кино үзэхээр явж байсан 25 настай залуугийн толгой дээр тулгуур төмөр унаж, газар дээрээ амиа алдсан.
2014.01.07 “Тэнгис” кино театрын баруун талд баригдаж буй “Макс өргөө” компанийн барилга дээрээс төмөр унаж, замын гуравдугаар эгнээгээр Ланд-200 маркийн автомашинтай зорчиж явсан 33 настай залуу амиа алдсан.
2013.04.29 “Нарны хороолол”-ын барилгад ажиллаж байсан 40 настай ажилчны дээрээс төмөр сапуд унаж нас барсан. Түүнийг байрны дэргэд цемент зөөж явахад нь барилгын есөн давхарт нь “Минимакс” компанийн ажилчид кранаар сапуд өргөж байснаа алдсан байдаг. Эх сурвалж: www.аssa.mn
2014.04.23 “Мон Үми” компанийн туслан гүйцэтгэгчээр нь ажиллаж байсан “Хүннү” хорооллын барилгаас 25 настай залуу унаж амиа алдлаа. Энэ осол нь барилгын аюулгүй ажиллагаатай холбоотой бөгөөд бэхэлгээ нь тасарсан гэсэн мэдээллийг ажилчид нь өгч байгаа юм.
ХҮҮХЭД ГЭМТЭЭСЭН БАРИЛГЫН ТӨМРҮҮД
2013.05.02 Баянгол дүүргийн I хороонд “Их Модунь” барилгын компанийн захиалгаар баригдаж байсан “JB TOWN” барилгаас 0.5 см голчтой, 60 см урттай төмөр нэг нас зургаан сартай хүүг хүндээр гэмтээсэн. Эх сурвалж: www.mminfo.mn
2013.08.03 Зайсангийн “American school” сургуулийн чанх хойно байрлах “Roma Investment” компанийн 12 давхар барилгын 11 давхраас тулгуур төмөр унаж, барилгын туслах ажилтан 17 настай хүүгийн тархинд хүнд гэмтэл учруулсан. Эх сурвалж: eagle.mn
АЗ ТААРААГҮЙ БОЛ АЮУЛ АВЧРАХ БАЙСАН ХЭРГҮҮД
2013.05.16 Төв шуудангийн ойролцоох барилгаас төмөр нурж, төв замаар зорчиж явсан автобусны дээврийг цөмлөн суудалд нь зоогдсон. Хэрэв тэр суудалд хүн сууж явсан бол амиа алдах байлаа. Тухайн үед хүчтэй салхитай байсан бөгөөд барилгаас нэг биш 7-8 төмөр унасан гэдгийг гэрчүүд цагдаагийн байгууллагад мэдээлсэн байдаг.
2013.06.17 Баруун дөрвөн зам “Maxmall” худалдааны төвийн зүүн талд баригдаж буй орон сууцны барилгаас төмөр унасан. Төмөр автомашины дээр унасан бөгөөд азаар хүн гэмтээгүй. Эх сурвалж: www.mminfo.mn
2014.04.01 Эрүүл мэндийн яамны баруун талд “Аюут” компанийн захиалгаар баригдаж байгаа 16 давхар барилгын 15 давхраас гурван метр урттай хөнгөн цагаан хавтан унаж машин эвдсэн. Азаар хүн гэмтээгүй. Эх сурвалж:www.time.mn
2014.04.19 Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Нарны зам дагуу байрлах “S-Outlets” компанийн эзэмшлийн краныг буруу суурилуулснаас ачаагаа даахгүй зам тэгнэн унасан. Тус замаар автомашинууд зорчиж байсан бөгөөд азаар машины дээр унаагүй, мөн дээр нь унасан “S-Outlets” худалдааны асарт хүн байгаагүй.
2014.04.21 Хан-Уул дүүргийн нутагт орших “Улаанбаатар хивс” компанийн дэргэд баригдаж байгаа “BSB megamall”-ийн барилгаас төмөр унасан. Барилгын хамгаалалтын торон дээр краны өргөж явсан төмрүүд унаснаас, хамгаалалтын тор унаж, гадаа хашааг нь эвдэлсэн байна. Эх сурвалж: www.mminfo.mn