Хүүхнүүд нөмөртэй хуульч бүсгүй

2018-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Хөрөг
М.ОДГЭРЭЛ Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Зоригийн Жаргалмаа гэх цэх шулуун алхаатай, дулаан төрх, дотно яриатай, үс зүс нь үлгэрлэмээр үргэлж гоё явах энэ эмэгтэйг Орхон аймгийнхан олон жилийн өмнөөс мэдэх болсон. Эрхүүгийн их сургууль төгссөн залуухан хуульч бүсгүй тухайн үед насаараа эрх зүй уншсан мэргэжлийн хүрээний луухрууд хүртэл тэнцэхсэн гэж мөрөөддөг байсан өмгөөлөгчийн шалгалтыг өлхөн давж Эрдэнэтэд ирснээр олны хараанд өртөж эхэлсэн. Аймагтаа төдийгүй улсад нэртэй Ж.Шаравнямбуу, Д.Тэгшжаргал, Д.Оюунчимэг, Р.Нямцэрэн гэх өмгөөлөгчид түүнийг өөрийн эгнээндээ дуртайяа элсүүлсэн нь учиртай. Хэдхэн үгийн солионд л мэргэжлийн үнэр ханхийж, чамбай байдал нь мэдрэгдсэн гэдэг. Жилийн дараа гэхэд З.Жаргалмаа эрүүгийн, иргэний, хөдөлмөрийн маргааны олон хэргийг өөрийн талд шийдүүлж, хэдий залуу ч эрэлттэй өмгөөлөгчдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэх болсон. Тэрээр үнэн, худалтай нүүр тулж зургаан жил өмгөөлөгчөөр ажиллахдаа эрүүгийн хэрэгт холбогдсон хоёр хүнийг цагаатган шүүхийн танхимаас халуун ам бүл рүү нь баярын нулимстай буцаасан нь хуульч мэргэжил эзэмшсэнийх нь гавьяа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хоёр гэмгүй иргэн хилсээр шийтгүүлэх гэж байхад нь залруулжээ. Энэ мэт ээдрээтэй олон хэргийн зангилааг тайлж, тэр хэрээр өөр өөрийн онцлогтой олон өмгөөлөгч, шүүгч, прокурортой халз үзэж явсан нэгэн. Зарим өмгөөлөгч өрөвдүүлэх, илүүрхэх, үйлчлүүлэгчдэдээ таалагдах гэж ихийг нуршдаг бол З.Жаргалмаа хууль зүйн оновчтой гаргалгааг товч тодорхой илэрхийлэхийг илүүд үздэг. Угтаа товч байх нь авьяас чадварын илэрхийлэл юм.  Өмгөөллийг мөнгөний төлөө үзүүлэхгүй гэх зарчим анхнаасаа барьж, аливаа хэргийг ултай судалж, шүүхээр нааштай шийдвэрлэгдэх боломжтой, санаанд багтсан хэрэг дээр л ажилладаг байв. Хэдийгээр өөрийнх нь төлөө санаа тавих өмгөөлөгчтэй байх нь сэтгэл өег ч, хүнд дэмий горьдлого төрүүлж, хохирсон дээр нь хохироож болохгүй гэх. 2000 оны эхээр Р.Нямцэрэн өмгөөлөгч түүнийг мэргэжилтнийх нь хувьд ихэд тоож Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны гэрээт хуульчийн ажлаа итгэн шилжүүлж, тэдний хэрэг дээр ажиллахыг санал болгожээ. З.Жаргалмаа хэдийгээр “Би иргэний эрх зүйн чиглэлээр мэргэших сонирхолтой” гэж цааргалсан ч мань хүн орос хэл дээрх сурах бичиг, бүр их сургуулийн өөрийн лекцээ хүртэл авчирч өгөөд сонгохоос аргагүйд тулгажээ. Гэсэн ч шинэ чиглэлийн гараан дээрээс хөдлөхдөө л тэр “өнгөлсөн”. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрээс хууль бусаар халагдсан Хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга, Авто тээврийн байгууллагын дарга тэргүүтэй олон хүнийг ажилд нь буцаан тогтоож байв. Үүнтэй зэрэгцэн Эрдэнэт үйлдвэр удирдлагууддаа Хөдөлмөрийн хуулийн чиглэлээр хичээл заалгахаар түүнийг урьсан нь дэлхийд данстай их “айл”-ын босгыг элээн ажиллахын эхлэл байсан юм. Одоо З.Жаргалмаа Эрдэнэт үйлдвэрийн Хууль эрх зүйн газрын тэргүүлэх хуульч. Та бидний сайн мэдэх хэрнээ бас тэнд хэн хэн ажилладаг, ажил үйлс нь хэрхэн өрнөж, алба хэрхэн өртөөлдгийг тэр бүр анзаардаггүй газар. Хуульч хэмээх хүндэтгэлтэй хэрнээ хүнд бэрх, бас ч хэл амтай, хэрүүл тэмцэлтэй албанд хүмүүс яаж зүтгэж, олны төлөө, компанийн эрх ашгийн төлөө оюунаа чилээн арга мухардтал зүтгэснийхээ хариуд хэрхэн баярлаж, гомдож явдгийг ойлгох нэгэн байхад ойшоохгүй хэсэг ч бий. Тэрээр энд ажилд орсон эхний өдрөөсөө л Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн холбооны хооронд байгуулдаг Хамтын гэрээний хуульчаар 2015 он хүртэл 10 гаруй жил ажилласан. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Хамтын гэрээ уул уурхайн салбартаа жишиг тогтоож буй нь түүний ажлын хэсгийн  бүрэлдэхүүнд ажилласан зүтгэлийн нэгэн илэрхийлэл. Мөн ажлаас  халах сахилгын шийтгэл ногдуулах тушаал бүрийг хянаж, хууль зүйд нийцүүлэх ажлыг даалгасан. Энэ ажлыг хариуцаж байх үед нь нэг ч тушаал хууль зүйн үндэслэлгүй хэмээн шүүхээр  буруушаагдаж байгаагүй нь  түүний ажлын бас нэг үнэлгээ. “Эрдэнэт” Монгол - Оросын хамтарсан үйлдвэр байх үед Хуулийн хэлтсийн бичиг баримтын боловсруулалт, тайлан, Зөвлөлийн шийдвэрийн биелэлт, зөвлөмж гээд орос хэл дээрх бүхнийг З.Жаргалмаа хариуцдаг байлаа. Мэдэхээсээ мэдэхгүйгээ хүртэл орчуулж тэмдэглэсээр нэг л өдөр “Монгол-Орос, Орос-Монгол хууль зүйн толь”  хэвлүүлэх хэмжээнд хүрчээ. Хэлэх, хийх нь үргэлж чанар дагуулдаг энэ бүсгүй Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн багц журмууд зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулах ажлын хэсэгт хуульчаар ажилласан нь одоо хэр мөрдөгдөж байна. Тэргүүлэх хуульч З.Жаргалмаа өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоогоор овоглогдох болсон нь бүр 10 жилийн сурагч байхаас төлөвшсөн нийгмийн идэвхээс улбаатай байж мэдэх юм. Дорноговь аймгийн Сайншанд, Хэнтийн Бэрхийн 8 жил, Өндөрхаан хотын 10 жилийн сургууль  дамнан суралцаж Эрхүүгийн Их сургуулийн оюутан болсон тэрээр хаа явсан газраа сурлагаар “толгой цохиж”, ангийн болон бүлгийн даргын үүрэгт ажлаас мултралгүй явсаар төгсчээ. Хойно оюутан болж очоод удаагүй байхад нь Москвагаас арван жилийн сургуулийн ангийн, тоо бодохоос өөрийг мэддэггүй болов уу гэмээр томоотой хүүгээс үе үехэн захиа ирэх болсон нь насны сайхан хань Б.Ганбат нь байж. З.Жаргалмаа сургуулиа төгсөөд эх орондоо ирэхдээ мэдлэгтэй, мэргэжилтэй, нөхөртэй, хүүтэй, охинтой баян буусан. Түүгээр ч барахгүй хүсэл тэмүүлэл дүүрэн ирсэн. Түүнийгээ ч хэрэгжүүлсэн. 2005 онд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Т.Лхамгарав агсан нэг өдөр түүнтэй уулзаад “Чамайг манай зөвлөлийн тэргүүлэгчээр сонгосон шүү. Чам шиг л хуульч манай ТББ-д хэрэгтэй...” гээд хүчилчихэж. Эхлээд ч эмэгтэйчүүдэд хууль зүйн сургалт явуулахаас хэтэрдэггүй байв. Сүүлдээ өнөөх хэнхэг зан нь хөдлөөд дунд нь ороод явчихсан гэдэг. 2010 онд Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсоноос хойш энэ ажил руу бүр эргэлт буцалтгүй оржээ. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо ажлаараа улсад айраг алдаагүй. Өнгөрсөн жил амжилтаа ахиулж тэргүүлсэн. Түүний эмэгтэйчүүдийн төлөө санаачилж, хэрэгжүүлсэн ажлыг энд бүгдийг дурдвал сонины бүтэн дугаар ч дэндүү багадана. Нилээд хэдэн жилийн өмнө би түүний  “Номин” телевизэд өгсөн ярилцлагыг үзсэн юм. Тэгэхэд “Манай эхчүүд цалингаа аваад хүүхдээ гэртээ хардаг болох үе ойрхон...” гэж ярихад нь үнэндээ инээд хүрч билээ. Харин одоо Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад биелэлээ олсон. Өнөөдөр энэ үйлдвэрийн ажилчин хүүхнүүд сар бүр 500 мянган төгрөгийн тэтгэмж аваад хүүхдээ гурван нас хүртэл гэртээ асарч байна. Энэхүү тэтгэмжийн хэмжээ ийнхүү нэмэгдэхэд түүний санаачилга, хөөцөлдлөгөө их байсныг хэн хүнгүй мэднэ. Энэ бол З.Жаргалмаа хуульчийн бүсгүйчүүдийн төлөө сэтгэл зовинож, оюунаа чилээсэн олон ажлын зөвхөн нэг нь. Хамгийн сүүлд тэр саяхан Уурхайчин эмэгтэйчүүдийн Үндэсний чуулганыг Эрдэнэсийн хотдоо зохион байгуулахыг санаачлан  багийнхантайгаа амжилттай хэрэгжүүллээ. Эх орны өнцөг булан бүрээс 400 гаруй уурхайчин бүсгүйчүүд энд чуулж хөгжлийн гарцаа тодорхойлсон. Ийм л ид бүтээлч насаа эрч хүчтэй, завгүйхэн өнгөрүүлж буй, гунигаа нуун инээмсэглэн алхах З.Жаргалмаа хуульчийн тухай цухасхан өгүүлэхэд омогшил төрнө.
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

8 цаг 54 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

13 цаг 57 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

15 цаг 9 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

15 цаг 43 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

22 цаг 23 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

22 цаг 38 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

22 цаг 38 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14