Зохиолчдын бүлгэм үүссэн тухай тэмдэглэл

2018-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монголын зохиолчдын байгууллага ирэх 2019 онд түүхт 90 жилийнхээ ойг угтах гэж байна. Монголын зохиолчдын байгууллага үүсэн байгуулагдсан тухай түүх өгүүлсэн дурсамжийг эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай бичиж байсан бөгөөд 1988 онд Зохиолчдын байгууллагын 60 жилийн ойд зориулсан  “Эргэн дурсах жилүүд” нэртэй ахмад зохиолчдын дурдатгал номд багтан уншигчдад хүрч байжээ.   Уран зохиолчдын бүлгэм нэртэйгээр анх байгуулагдаж байсан тэртээх 1929 оны түүхэн үйл явдалд оролцож байсан хүний нэг нь Ц.Дамдинсүрэн зохиолчийн энэхүү дурсамж үнэ цэнэтэй баримт болон үлджээ.

 *         *         *

Ц.Дамдинсүрэн МАХН-ын алдарт долдугаар их хурал хуралдаж барууны хэлбэрлийг бут цохисны дараа монголын нийт дэвшилт сэхээтний идэвх сэргэж нам, ард түмэндээ туслах чармайлт өрнөж байх үед уран зохиолчдын анхны байгууллага үүссэн билээ. 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр МАХН-ын Төв Хорооны суртлын хэлтсийн өрөөнд тэр үеийн сонин сэтгүүл, соёл гэгээрлийн байгууллагын ажилтан, уран зохиолоор оролдох хүсэлтэй хэдэн хүмүүс цугларав. Уран зохиолчдын бүлгэмийг байгуулах гэнэ гэж бид нар бие биедээ мэдээлж байв. Эхлээд Дунгарын Чимид, С.Буяннэмэх зэрэг нөхөд уран зохиолчдын үүрэг зорилтын тухай тайлбарлаж ярив. Тэд нар монгол оронд феодалын хоцрогдсон байдлыг халу хувьсгалт ёсоор өөрчлөх, эдийн засаг, соёл боловсролыг хөгжүүлэхэд уран зохиолчид их чухал үүрэгтэй гэж ярив. Тэгээд зохиолчдын бүлгэмийг байгуулж дүрмийг батлаад тэнд цугларсан хүмүүс цөмөөр уран зохиолчдын бүлгэмийн гишүүд болов. Уран зохиолчдын бүлгэмийг байгуулсан тухай мэдээ 1929 оны 02 дугаар сарын 08-ны “Үнэн” сонинд хэвлэгдэв. Тэнд нэр дурьдсан хүмүүс нь: “КУТВ”-ийн Чимид, Дамдинсүрэн, Ядамсүрэн, Буяннэмэх, Навааннамжил, Ринчин Бямбаев, Цэвэл нарын зэрэг 17 хүмүүс байв. Уран зохиолчдын бүлгэмийн анхны гишүүдийг одоогийн уншигчид бараг мэдэхгүй тул тэдний заримын нь тухай товч мэдээ бичье. Дунгарын Чимид- Алтанбулагт багш байсан хүн. КУТВ /Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль/-д суралцаж зөвлөлтийн уран зохиолчдын эвлэлийн ажилтай танилцаж ирээд түүний туршлагаар тус бүлгэмийг удирдан байгуулж байв. Д.Чимид Москва, Берлингээр явсан замын тэмдэглэлээ эрдэмтэн Цэвээнд /Жамцаранод/ өгч байхыг би харсан. Мөн тэмдэглэлийн дотор дугуй унаж сурахын туйл хэмээх гарчиг харагдав. Д.Чимид Эвлэлийн Төв хорооны дарга, аж ахуйн яамны сайд зэрэг ажлыг хийж яваад гучин хэдэн онд нас барсан. М.Ядамсүрэн- КУТВ-д суралцаж ирээд судар бичгийн хүрээлэнгийн эрхэлсэн түшмэл, зохиолчдын товчооны нарийн бичгийн дарга, улсын прокурор зэрэг ажлыг хийж явсан сайхан илтгэгч гэж алдаршсан байсан. “Гурван хүүхэн”, “Залуу хос” зэрэг тууж бичиж Москвад хэвлүүлжээ. С.Буяннэмэх- Манай ууган зохиолчдын нэг монголын хувьсгалын эхний үеэс уран бүтээлээ хувьсгалын ажилд зориулж байсан түүнийг олон хүн мэдэх тул энд онцлон бичих зүйлгүй. Зөвхөн тэмдэглэж хэлэхэд Буяннэмэх Дундговь аймгийн хүн. Өвөр монголын эрх чөлөөний гарамгай тэмцэгч Тогтох тайжийн цэрэг өндөр Лувсан гэдэг хүнд үрчлэгдэж Тогтох тайжийнд хүмүүжиж монгол хятад хэл бичигт суралцсан юм. Бас  Шаравын зурсан хувьсгалын арваад зурагт хуудасны үлгэр маягтай тайлбар  нь Буяннэмэхийн зохиол шиг санагддаг. Буяннэмэх холбоо шүлэг бичээд түүнийгээ хуурдаж аялгуулан уншдаг байсан. Буяннэмэх манай зохиолын хөгжилд чухал хувь нэмрээ оруулсан хүн. Би түүнийг Улаанбаатар хотын намын хорооны дарга байхаас нь эхлээд олон жил танил байж гэрээр нь байн байн очиж уран зохиолын онол шүүмжлэлийг сонсож түүнээс бага биш зүйлийг сурч авсан. Үдшийн хөх униарыг “Билгийн униар” гэдэг гэх мэт над сайн ойлгогдохгүй зүйлийг ч нэлээд ярьдаг байсан. Буяннэмэх зарим зохиолоо “Нэмэх”, “Цэцэнбилэгт” гэдэг нууц нэртэй хэвлүүлдэг байсан. Буяннэмэх Ерөөгийн рашаанд явж ирээд “Цэцэрлэгт рашаанд зугаацсан нь” гэдэг шүлэг бичсэн, бас “Шоргоолжийн тивд зугаацсан нь” гэдэг сайхан шүлэг бичсэн нь хэвлэгдээгүй үрэгджээ. Навааннамжил- Өвгөн бичээчийн өгүүлэл “Тогтох тайж”, “Баруун замын байлдаан” зэрэг нэлээд ном “”Бядан явагч бялзуухай” хэмээх цуврал шог өгүүллэг зэргийг зохиосон учир олон хүн түүнийг мэднэ. Навааннамжил “Улаан нүдэн” гэдэг нууц нэрээр зохиолоо бичдэг байсан. Октябрийн хувьсгалын 10 жилийн ойд монголын төлөөлөгчөөр Москвад очсон. Наваанамжил Намын Төв Хороонд ажиллаж нам эвлэлийн “Үнэн” сонины эрхлэгчийг хавсарч байв. Би эвлэлийн төв хорооноос мөн сонины эрхлэгчээр хавсран томилогдож Навааннамжил бид хоёр “Үнэн” сониныг хэдэн жил гаргаж байсан. “Үнэн” сонин тэр үед долоо хоногт нэг удаа гардаг байсан, нэг дугаарыг Навааннамжил гуай бэлтгэн гаргаж дараах дугаарыг би бэлтгэж гаргаж, ингэж сониныг ээлжээр бэлтгэдэг байлаа. “Үнэн” сонины тусгай ажилтан гэж тэр үед байгаагүй. Сонины олонхи материалыг бид хоёр шийдвэрлэж хэвлүүлдэг бөгөөд зарим чухал өгүүллийг Намын Төв Хорооны дарга Дамбадоржид үзүүлдэг байсан. Навааннамжил гуай хурдан бичээч, зохион найруулан бичихдээ их чадамгай гэж алдартай байлаа. Ринчин Бямбаев- тэр үед Цэвээн гуайг дагалдан Судар бичгийн хүрээлэнд ажилладаг  залуу байсан. Орос хэлтэй мэдлэг боловсролоор биднээс дээгүүр хүн байлаа. Цэвэл тэр үед Ардыг гэгээрүүлэх яамны эрхэлсэн түшмэл байсан. Сүүлд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд ажиллаж “Монгол хэлний товч тайлбар толь”-ийг зохиож гаргасан билээ. Зохиолчдын бүлгэмийн анхны хурал дээр ярьсан зүйлээ хоосон үг болгохгүй тодорхой ажил болгоно гэж бид хэлэлцээд хүн бүр нэг сарын дотор нэжгээд зохиолыг бичиж ирнэ, бичсэн зүйлээ нэг сарын дараа хуралдаж хэлэлцэнэ гэж тогтоод тарав. Тэгээд би нэг зохиол бичих хэрэгтэй боллоо. Өдөр нь ажил албаа хийгээд үдэш нь зохиол бичих хэрэгтэй боллоо. Юу бичих вэ, яаж бичих вэ гээд бодоод байлаа. Тэр үед манай гэрт дулаан зуух байхгүй дан төмөр зууханд гал түлмэгц их халуун болоод амархан хөрчих юм. Шинэ соёлын зүйл гэхэд манай гэрт чийдэн тавьчихсан, их гэрэлтэй байв. Ийм гэрэлтэй айл Улаанбаатарт тэр үед цөөхөн байсан. Зарим хүн манайд ирж чийдэнг асааж унтрааж сонирхдог байв. Манай гэрийн хүмүүсийг унтсан хойно би ганцаараа зохиол бичих гээд суудаг болов. Бийр янтай хөлдчихөөд байхлаар бийрээ амны бүлээн уураар гэсгээж бичдэг байв. Зохиолчдын анхны бүлгэмд оролцсон нэлээд хүмүүсийн боловсрол мэдлэг нь ямар нэг талаар минийхтэй төстэй байсан биз гэж бодоод боловсрол мэдлэгийн тухай хэдэн үг бичье. Би бага насандаа эцэг Цэндээр бичиг заалгаж хошууны тамгын газарт сууж монгол бичиг тооны дөрвөн аргад суралцсан байлаа. Тооны дөрвөн аргыг сампингаар есөн тоо арилгах гэж нэрлэдэг байв. Манай өвөг эцгийн ах Балдан гавжтай хамт нэг гэрт суудаг байсан учраас төвд хэл бичиг гадарладаг, тамгын газрын галч буурал Дамдингаар заалгаж хэдэн манж үсэг сурсан байв. Монгол хуучин зохиол төвдөөс орчуулсан уран зохиолыг нэлээд уншсан байв. Миний уншсан номын дотор “Үлгэрийн далай” “Уандар”, Номтын Ринчиний “Рашааны дуслын тайлбар”. Ноён хутагтын шүлгүүд “Цаасан шувуу”, “Өнчин янзаганы үлгэр” “Илбийн морь”,”Дарь Эхийн тууж”, “Саран хөхөө”, “Молом тойны намтар” хятадаас орчуулсан хэдэн роман зэрэг байв. Тэр үед миний уншиж үзсэн шинэ зохиолоос хэдэн зүйл миний сэтгэлд хадагдан үлдсэн юм. Үүнийг хэлбэл Дамбадоржийн “Толбо нуур” намын сэтгүүлд хэвлэгдсэн, “Усны уурхай” хэмээх тууж, мөн намын сэтгүүлд хэвлэгдсэн “Үзмээ хүүхэн” гэдэг найруулал болно. “Усны уурхай” гэдэг орчуулгын зохиол болов уу гэж боддог, нөгөө “Үзмээ хүүхнийг” Гуранзын Раднаабазар зохиосон гэж сонссон. Чухам үнэ мөнийг магадлаж чадахгүй. Ер нь тун аятайхан найруулал байсан шиг санагдана. Энэ Раднаабазар цэргийн сурган боловсруулах газарт 1925 онд комиссар байсан бөгөөд түүний уран цэцэн үгтэй сайхан яриаг би хэд сонссон билээ. Раднаабазар бас ший жүжиг гаргахын зэрэгцээ “Далан худалч” зэрэг инээдмийн шог зохиол ярьж олныг инээлгэдэг байсан. Тэр үед миний уншсан шинэ цагийн ерийн номоос зарим онцлогийг хэлбэл Жадамбын зохиосон “Дэлхийн олон улсын байдал” Дамбадоржийн зохиосон “Капитал” хэмээх хөрөнгөтний ёс, хэн зохиосон нь үл мэдэгдэх “Ардын цэргийн суртлын сургагч нарын өврийн ном”, 1926 онд хэвлэгдсэн “Ерөнхий боловсрол” хэмээх ном, эрдэмтэн Цэвээний зохиосон “Орчлонт ертөнцийн байдал” гурван дэвтэр, Эрдэнэбатын зохиосон “Ази тив” зэрэг болно. Миний амьдралын туршлага гэвэл 1925 онд нэг жил цэргийн бичээч байсан. 1926 онд Хэнтий аймагт нэр сарын намын курст суралцсан, Матад хошууны намын үүрийн даргаар хэдэн сар ажилласан. Хэнтий аймгийн намын их хуралд оролцож хурлын дарга болж байгаад мөн аймгийн намын хорооны зохиолын хэлтэст хэдэн сар ажилласан, МАХН-ын 5 дугаар их хуралд оролцож мөн хурал дээр Хэнтий аймгийн Намын хорооны ажлын тайлан илтгэлийг хийсэн. Тэгээд Эвлэлийн Төв хороонд 1926 оноос сонин сэтгүүлийг хариуцаж хэдэн жил ажиллаж хориодхон настай залуу байлаа. Хамгийн сүүлд миний уншсан хуучин уран зохиол бол Шагж багшийн Өвөр монголоос олж ирсэн “Орогсдын ерөөл” гэдэг ном байлаа. Энэ номын гол баатар нь феодал ангийн төлөө зүтгэж явсан залуу түшмэл байв. Би тэгэхлээр ардын ангийн төлөө тэмцэж явсан залуу эмэгтэйн тухай бичнэ. Тэгэхдээ уг зохиолын зохиомж нь “Орогсдын ерөөлөөс” доргүй байна гэж  “Гологдсон хүүхэн” гэдэг туужийг бичиж эхэлсэн билээ. Эхлээд өөрийн мэдэх Дорнод аймгийн хүмүүсийн явдлыг бичив. Цааш нь Хужирбулангийн цэргийн тухай, тэр үеийн их хүрээний тухай бичих гэтэл энэ байдлыг би мэдэхгүй учраас бичиж болохгүй байв. Тэгэхлээр өдөр ажил дээрээ ирээд Эвлэлийн Төв Хорооны гарч Дорж, зарлага Наваан нартай ярьж тэндээс өөрийн мэдэхгүй зүйлийг мэдэж авлаа. Өдөр тэдэнтэй ярьж мэдсэн зүйлээ шөнө нь гэртээ бичдэг байлаа. Наваан нь хуучин Наймаа хотын хүн, Дорж нь Хужирбулангийн цэрэг байжээ. Миний бичсэн зүйл нэвсийсэн зузаан юм боллоо. Юуны өмнө хамт ажил хийдэг найз Довчинбазарт үзүүлэв. Тэр уншиж үзээд хэлэв. “Их унжирсан урт болсон байна. Гэвч сонирхолтой болсон байна” гэв. Нэг сарын дараа зохиолчдын бүлгэмийн 2 дугаар хурал болоход би нөгөө нэвсгэр юмаа аваад очлоо. “Ийм их юмыг энд яаж унших вэ” гэцгээв. Түүнийг сөхөж үзэх хүн ч гарсангүй, юуны тухай бичсэнийг ч надаас асуусангүй. Би их л урамгүй болж урвайгаад сууж байлаа. Бусад нөхдийн ихэнх нь зохиол бичиж амжсангүй. Цөөнх нь жижиг шүлэг бичсэн байв. Түүнийг уншиж хэлэлцэв. Ринчин “Шар хувалз нар”-т гэдэг шүлгээ уншив. Түүнийг “сайхан болж” гэцгээв. Цэвэл “Дөрвөн цагийн улирал” гэдэг найраглал уншсан шиг санагдана. Буяннэмэх “Ядуу гэр” гэдэг овоо аятайхан шүлгийг уншиж. Өөр хүн юу ч уншиж байсныг мартжээ. Ямар ч болсон зохиолчдын байгууллага бий болж ажиллаж эхэлсэн түүхт явдал боллоо. Түүнээс хойш зохиолчдын бүлгэм хэд хэд хуралдаж гишүүдийн бичсэн зохиолуудыг хэлэлцсэн бөгөөд түүний үр дүнгээр “Уран үгсийн чуулган” гэдэг ном хэвлэгдэж гарлаа. Би нэвсгэр зохиолоо бариад Цэвээн гуайд очиж үзүүлэв. “Хүн хайхрахгүй байна” гэж хэлэв. Цэвээн гуай хэлж байна: “Анх уран зохиол бичсэн туршлага сүүлд сонин баримт болно. Үүнийгээ номын санд өгөөд хадгалуулчих” гэв. Цэвээн гуайн үг зөв байсан боловч би сайн ойлгосонгүй, мөн урамгүй буцлаа. Би зохиолоо Шагж багшид өгөв. Хэд хоногийн дараа Шагж багш уншаад үсгийн алдаа мадгийг засаад “Сонин болсон байна” гэж магтав. Би тэгэхээр зориг орж үйлдвэрчний төв зөвлөлийн машины бичээч Пагмажаваар машиндуулав. Зохиолыг машиндуулж байх завсар Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Цэндээлэй хэмээх Цэндсүрэн, албан хаагчдын зөвлөлийн дарга Ж.Дамдин нар өөрсдийн дураар уншсан байлаа. “Ямар болж вэ”? гэж би тэднээс асуув. Тэд хэлэв:”Ямар болсныг бид мэдэхгүй. Ер нь нэг уншиж эхэлбэл дутуу орхиж болохгүй дуустал уншаад баймаар юм” гэв. Эдэнд миний зохиол сонирхогдсон бололтой гэж би бодоод урам орлоо. Би зохиолоо тус бүлгэмийн гишүүдэд тарааж өгөв. Арваад хоног болсны дараа миний зохиолыг нэлээд хүн уншсан бололтой, магтаалын үгийг сонсдог боллоо. Эвлэлийн төв хороонд ажиллаж байсан Раднаабазарын Жамсран магтаж байна. Коминтернийн төлөөлөгч Амгаа магтаж байна. Ардыг гэгээрүүлэх яаманд ажилтай багш Ишдорж магтаж байна. Би ч биеэ тоож сагсуурах шахаж явлаа. Түүнийг тусгай ном болгож хэвлэнэ гэж ярилцав. Хэвлэхийн өмнө Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга бөгөөд судар бичгийн хүрээлэнгийн орлогч дарга Содном засаж сайжруулах зааврыг надад өгөх боллоо. Содном орос хэлтэй, дээгүүр мэдлэгтэй хүн тул түүний үгээр би зохиолоо засах хэрэгтэй боллоо. Тэр надад гурван зүйлээр засахыг зөвлөв. Нэгд: Үүнийг ерийн үгээр энгийн бичсэн байна. Уран зохиолын уран үгээр бичдэг юм гэлээ. Энэ бол чухамдаа уран дүрийг бүтээх гэсэн санаа байсан бололтой. Гэвч энэ зааврыг би буруу ойлгоод толгой холбосон цагаан шүлгийн байдалтай хэллэгийг олон болгов. Хоёрт: нам засгийн бодлогыг тодорхой  баримталсан үг өгүүлбэрийг оруулах хэрэгтэй гэлээ.  Би энэ зааврыг дагаж сонин сэтгүүлд бичмээр ухуулгын үгийг олноор нэмж оруулав. Гуравт: баян Болдыг сайн ч хүн шиг, муу ч хүн шиг хоёрдмолоор бичсэн байна. Ангийн дайсны харгис муу чанарыг тодорхой гаргах хэрэгтэй гэв. Би баян Болдыг сайн хүн шиг царай үзүүлж байгаад муу ажлыг хийдэг хүн гэж үзүүлсэн юм. Үүнд миний зөв шиг санагдаад тун дургүй боловч аргагүй заслаа. Нүүрний зургийг Шарав гуай зурлаа. Ардыг гэгээрүүлэх яам тэр зохиолыг хэвлэв. Хэвлэсэн хойно бага хурлын дарга Чойбалсан магтаж надад баяр хүргэв. Намын хянан байцаах комиссын дарга Вандуй намайг хятад үлгэр шиг дэмий юм бичлээ гэж намын бүгд хурал дээр буруушаан шүүмжлэв. Ингэж зэмлэсэн хүн ба хэд гарав. Ямар ч гэсэн “Гологдсон хүүхэн” гэдэг зохиол тэр үедээ олны анхаарлыг татав. Ишдорж багш номыг хэвлэсэн хойно уншиж үзээд хэлэв. “Анх зохиосон нь аятайхан байсан, сүүлд хэвлэхдээ дэндүү зассан байна” гэв. Шагж багш надтай уулзаад мөн тийм шиг үгийг хэлэв. Би Содномын зааврыг буруу зөв ойлгоод, буруу зөв зассан байна гэж мэдэв.  Гэвч ном нэгэнт хэвлэгдсэн тул засах аргагүй болов. Цэвээн гуайн үгийг хайхралгүй би уг эх бичгээ улсын номын санд өгөлгүй гэртээ хадгалж байсан маань буруу болов. 1930 онд Говь-Алтайд 9 сар яваад ирэхэд манайд байсан нэлээд том судар, гар бичмэлүүд, түүний дотор “Гологдсон хүүхний” уг эх навтарга цөм үрэгдсэн байлаа. Миний “Гологдсон хүүхнийг” эх навтаргаар нь уншсан, мөн хэвлэгдсэн хойно нь уншсан Цэвэл гуайтай сая уулзаж асуухад , түүний хэлсэн нь чиний “Гологдсон хүүхэн” анх аятайхан зохиол байсан харин хэвлэхдээ өдий төдий сайхан хэсгийн хасаж ухуулгын зүйлийг нэмж эвдсэн юм гэж байна. Энэ дурсамж өгүүллийг бичээд зохиолчдын анхны бүлгэмийн гишүүн Я.Цэвэлд үзүүлж зарим зүйлийг тодруулж зассан болно.  Эх сурвалж: www.polit.mn
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

11 цаг 7 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

11 цаг 7 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

11 цаг 7 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

11 цаг 7 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Өчигдөр 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Өчигдөр 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Өчигдөр 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Өчигдөр 06 цаг 00 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин