Б.ГАРЬД
“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот гэрээнд 2020 оны зургадугаар сарын 10-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй энэ гэрээ нь “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй болсон. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд уг гэрээнүүд, тэдгээрийн санхүүжилттэй холбоотойгоор Нээлттэй нийгэм форумаас л 2023 онд цорын ганц дүгнэлтийг гарсан байдаг. Тэр нь, ихээхэн ноцтой. Судалгаа шинжилгээний багийнхан “…“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн гуравласан гэрээтэй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн гэрээтэй холбоотой алдаа, дутагдлуудаас болоод нэлээд ноцтой, сөрөг үр дүнтэй болсон. Тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зах зээлийн үнээс өндөр үнээр гүйцэтгүүлсэн. Нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас гаргаж, тус санхүүжилтийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаанд хөрвүүлэн тооцохоор, бас эзэмших хувь хэмжээг 66.6 хувиар хязгаарлаж өгсөн. Иймд 66.6 хувиас хэтэрсэн хөрөнгийг “...Зээл” гэж бүртгээд буцаан төлнө гэсэн үг. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн. Иймээс, уг гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд алдагдсан боломжийн өртөг өндөр байна. Өөрөөр хэлбэл, тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээн дүгнэсэн.
Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2026 оны сарын гуравдугаар сарын 23-нд “…“Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээ нь 600 сая ам.доллар байсан нь 1.3 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, анхны гэрээ байгуулагдсан өдөр “Таван толгой төмөрзам” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8145100943 данснаас “Бодь интернэшнл” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8154100935 тоот дансанд 110 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 293,700,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хожим нь уг дансыг устгасан. Түүнийгээ “Голомт финаншиал групп”-ээр дамжуулан “…Валют арилжаа” гэсэн гүйлгээний утгаар бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай байгууламжуудад гэрээ байгуулахад оролцсон нэр бүхий улстөрчдөд тус мөнгийг бэлнээр тараасан онц ноцтой мэдээлэл байна. Энэхүү нүүрсний хулгай нь энэ үйлдлээр зогсоогүй бөгөөд цаашид экспортын тонн тутмаас хувь тохирч, тодруулбал, “Бодь”-ийн нүүрсийг давуу байдал үүсгэн гаргаснаас үүдэж тухайн үед валютын нөөц багасах хүртэл түвшинд очиж байж хэмээн дүгнэж болно” гэх гомдлыг АТГ-т гаргасан. Л.Оюун-Эрдэнэ уг ноцтой авилгын асуудлаар АТГ-т гомдол мэдээлэл гаргахдаа холбогдох хоёр гэрчийн хувийн мэдээлэл, хоёр цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг болон зарим татаж авсан зургуудын хамт хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Бас, тэрээр дээрх дүнгээс нийт 27.3 сая ам.доллартай нь холбоотой таван хүнийг нэрлээд байна. Нөгөөтэйгүүр, өрнөж байгаа үйл явдлуудаас харахад, Л.Оюун-Эрдэнийн гэрч нь “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра, Хотын дарга асан Д.Сумьяабазар хоёр бололтой.
Мөн, эх сурвалжуудын мэдээллээр дээрх 110 сая ам.долларыг тараасан гэх үйл ажиллагаатай “Бодь интернэшл”-ийн эзэн Д.Баясгалан, “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра, “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, “Голомт финаншиал групп”-ийн гүйцэтгэх захирал О.Ганжолоо нарын дөрвөн хүн холбоотой болж таараад байна. Харин, нэгэн цагт бизнесийн түншүүд байсан “Бодь интернэшл”-ийн эзэн Д.Баясгалан, “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра хоёр муудалцаад зам салжээ. Тиймээс, А.Амундра байсхийгээд гадаадаас цахим сүлжээгээр уг 110 сая ам.долларын талаар “мэдээлэл” тараадаг болсон. Хамгийн сүүлд, цахим сүлжээнд “…Баясаа захирлын хайгаад байгаа 110 сая ам.доллар нь”, “…Хэдэн цүнхтэй мөнгө хэний машинд орсон бэ”, “…Бас худлаа гэх байх гээд тэр өдөр хамт ажилласан манай компанийн хоёр хүний зургийг орууллаа. Нэг өрөөнд нэг ширээний хоёр буланд суугаад EPC гэрээг нэг талд, нөгөө талд санхүүгийн гэрээ бэлдсэн” гэх зэргээр зурагтай “мэдээлэл” оруулжээ.
Харин “Бодь интернэшнл” ХХК-ийн хувьд уг мэдээлэл анх цацагдсанаас эхлээд үгүйсгэсэн мэдэгдлийг дараалан гаргасан. Мөн Д.Баясгалан далайн чанадаас “…Тийм их ам.доллар аваад явж байдаг гэж юу ч байх вэ. Манай компанийн энэ төсөлтэй холбогдсон бүх орлого, зарлага, туслан гүйцэтгэгчид төлсөн төлбөр, гэрээлсэн үнийн дүнгүүд бүгд таарч байгаа. Маш их хэл амтай төсөл учир бид маш их цэгцтэй хандсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асны хэлж байгаа зүйл бол ор үндэсгүй, тэгээд ч боломжгүй. А.Амундра манай компанийн захирал байж байгаад одоогоос зургаан жилийн өмнө ажлаасаа гарч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон. Нэгэнт тэр хүн ажлаас гарсан. Энэ нь тэр хүний улс төрийн сонголт. Би хэнд ч ямар ч үүрэг даалгавар өгдөггүй. А.Амундра сүүлийн таван жилд улс төрд юу хийж байсныг би мэдэхгүй. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөвт өртөг 600 сая ам.доллар байж байгаад 1.3 тэрбум ам.доллар болсон зүйл огт байхгүй. 1.3 тэрбум гэдэг тоо хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна” гэсэн.
Ингээд, “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудал хэвлэл, цахим сүлжээгээр хэрэлдэх байдалтай өрнөж байна. АТГ, бусад мөрдөх байгууллага дээр уг асуудлын ямар түвшинд авч үзэж байгаа талаар ямар нэг мэдээлэл алга. Ямартай ч, “Бодь интернэшнл”-ийн талын дөрвөн эрхэм гадагшаа гараад явчихсан бололтой. Тэдний талаар “…Дөрвүүлээ Монгол Улсын хилээр гараад явчихсан. Америк, Австрали, Хятад улсуудад түр амьдарч байгаа” гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ мөнгийг хэвлэлээр яригдаад байгаа гол дөрвөөс бусад хүмүүс ч байгаа гэдэг мэдээлэл байна. Тодруулбал, “Бодь интернэшл”-ийн эзэн Д.Баясгалангийн “…Итгэлтэй” хэмээн үздэг нягтлан бодогч нарын тухай яригдаж байна. Тиймээс, АТГ “…“Бодь интернэшнл”-ээс 110 сая ам.доллар авлига болж тарсан эсэхийн үнэн мөнийг шалгаж тогтооё” гэж үнэнээсээ хүсэж байгаа бол гадаадад гараад явчихсан дөрвийг хүлээхээсээ өмнө Д.Баясгалангийн итгэлт хүн, нягтлан бодогч эмэгтэйгээс асуудлыг тодруулаад үзвэл гэмгүй нь бололтой. Учир нь, энэ ноцтой авлигын мэдээлэл олон нийтийн “хүртээл” болсноос хойш бараг сар шахмын хугацаа өнгөрлөө. Түүнчлэн, АТГ-т албан ёсны гомдол болж очоод 20 шахам хонож байна. Дээрээс нь, АТГ бол авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага гэж хуульчлан заасан. Тиймээс, олон нийтийн зүгээс одоо АТГ-ын “ам, гар хоёр”-ыг харж байж болох юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 64 (7806)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn