Д.Будзаан: Сүлжээний бизнест элссэн хүмүүсийн 88 хувь нь урамшуулал, ашиг хүртдэггүй

2018-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаантай сүлжээний бизнесийн талаар ярилцлаа. -Сүлжээний залилангийн гэмт хэрэг бусад улс орон болоод манай улсад хэзээнээс бүртгэгдэж эхэлсэн байдаг вэ? -Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хувьд дэлхийн олон оронд “Ponzi” /пирамид/ схемын арга ашиглан үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг.  Энэ аргыг ашиглан үйл ажиллагаа явуулсан анхны тохиолдол нь 1920 онд АНУ-д бүртгэгдсэн байдаг ба тухайн үед АНУ-ын иргэн Чарльз Понзи гэгч этгээд Востон хотод хүмүүсийг шуудангийн тасалбар худалдан авч, дахин бусдад худалдан борлуулах хачин төлөвлөгөө зохион, сүүлд элсэн орсон хөрөнгө оруулагчдын мөнгөөр өмнөх хөрөнгө оруулагчдын мөнгийг төлөх арбитрын төслийг санаачилан үүнийг “Ponzi” /пирамид/ схем гэж өөрийн нэрээр нэрлэн 90 хоногийн дотор хөрөнгө оруулагчдын мөнгийг хоёр дахин өсгөж өгөх нэрээр мөнгө төвлөрүүлсэн. “Ponzi” схем дампуурахаас долоон сарын өмнө 30.000 хөрөнгө оруулагчдаас найман сая ам доллар цуглуулсан ба тэрээр энэ үйлдлийнхээ төлөө 14 жил хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Монгол Улсын хувьд пирамид тогтоолцоо, луйврын арга ашиглан бусдын эд  хөрөнгийг залилах гэмт хэрэг анх 1998  онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тухайн үед “Шинэ санаа төв” төрийн бус байгууллагаас үйл ажиллагааны чиглэлээ “Иргэдийн шинэ санаачлагыг дэмжих зорилготой, нийгэмд  үйлчилдэг” төрийн бус байгууллага гэж бүртгүүлэн “хөрөнгө оруулалт” нэрээр пирамид тогтолцооны луйврын арга ашиглан 2000 гаруй иргэнээс  тэрбум 400 сая төгрөгийг төвлөрүүлэн 1200 орчим хүнд 920 сая төгрөгийн хохирол учруулсан байдаг. -Залилан тэр дундаа сүлжээний бизнес идэвхжиж иргэд маш их хохирч байна.  Энэ төрлийн хэрэг өмнөх жилүүдэд хэр их гарч байсан бэ. Эсвэл сүүлийн үед ингэж их идвэхжээд байна уу? -Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн сүүлийн гурван жилийн статистик мэдээллийг харвал залилах гэмт хэрэг нь 2016 онд нийт гэмт хэргийн  7.9 хувь, өнгөрсөн онд 9.2 хувийг эзэлж байсан энэ оны эхний гурван сарын байдлаар 12.7 хувийг эзэлж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг өсч байгааг харуулж байна. Тэр дундаа бидний ярьж заншсан сүлжээний гэх тодотголтой олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн гаралт ихсэж, үүнд өртөж хохирсон иргэдийн тоо, хохирлын хэмжээ нэмэгдэж байгаа нь харамсалтай. -Цагдаагийн байгууллагаас сүлжээний залилангийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулж, гэмт этгээдэд нь ял оногдуулсан тохиолдол байдаг уу? - 2007-2012 онд “Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга” ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоож 7600 орчим иргэнд  4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 36 хүнд холбогдох  хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээс гэм буруутай нь этгээдэд зохих ял шийтгэл оногдуулсан. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон хүн, хохиролын хэмжээг тооцож үзэхэд нийт 35 мянга гаруй иргэнд 56.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн тооцоо гарсан. -Сүлжээний залиланд голдуу хэдүй хэр насны иргэд элсч хохироод байна вэ? -Хохирсон иргэдийн 40-45 хувь нь 22-30 насны залуучууд байсан бол нийт элссэн хүмүүсийн 75 хувь нь эмэгтэйчүүд байна. Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга ашиглан явуулж байгаа үйл ажиллагаанд нийт элссэн хүмүүсийн 16-20 хувь нь ямар үйл ажиллагаанд оролцож байгаа мэдэхгүйгээр зөвхөн ашиг хонжоо бодож  гишүүнээр бүртгүүлсэн бол нийт элссэн хүмүүсийн 15-20 хувь нь  ашиг, урамшуулал хүртэж, 80-88 хувь нь ямар нэг урамшуулал, ашиг хүртэхгүй хохирсон гэсэн тоо мэдээлэл байна. -Сүлжээний бизнес залилангийн хэрэгт Монгол Улсын хууль эрх зүйн зохицуулалт ямар байдаг бэ. Одоогийн хууль тогтоомжийн хүрээнд энэ төрлийн үйл ажиллагааг хангалттай зохицуулж чадаж байна уу, эсвэл хууль тогтоомжийг өөрчлөх шаардлагатай юу?   -“Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга” ашиглан үйл ажиллагаа явуулахыг Монгол Улсад аль 2001 онд хориглосон. “Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-д “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулах”-ыг  хориглосон зохицуулалттай. Тэгвэл 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга” ашиглан Залилах гэмт хэргийг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан. Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга нь дан ганц бэлэн мөнгө байршуулан хүн элсүүлэх, улмаар урамшуулал авах хэлбэрээр үйлдэгдэж байгаа биш сүүлийн жилүүдэд  хөрөнгө оруулалт нэрээр мөнгө өсгөх, бусдад өндөр хувьтай хүү амлах зэрэг үйл ажиллагааг пирамид тогтолцооны арга ашиглан явуулж байгаа нь ажиглагдах болсон. Энэ нь Монгол Улсад тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх “Санхүүгийн үйл ажиллагааг” хууль бусаар явуулсан байж болохоор харагдаж байгаа. Тэгвэл энэ төрлийн харилцааг  өнгөрсөн жилийн хавар батлагдсан “Зөрчлийн тухай” хуульд Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхэлсэн буюу Хадгаламж, зээл, төлбөр тооцоо, даатгал, даатгалын мэргэжлийн оролцогчийн, эсхүл хуульд заасны дагуу зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй явуулах санхүүгийн бусад үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль бусаар явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн зохицуулалттай. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч шалгах хуулийн зохицуулалт байна. Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчийн шалгаж байгаа зөрчил Эрүүгийн хуульд заасан “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга” ашиглан үйлдэгдсэн гэмт хэргийн шинжтэй цагдаагийн байгууллагад шилжүүлэх хуулийн зохицуулалттай. -Цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хангалттай хүргэж чадаж байна уу? - Цагдаагийн байгууллагын зүгээс Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга” ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон төрлийн ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Гэвч иргэдийн хувьд энэ төрлийн гэмт хэргийн хохирч болж байгаа явдал шууд өөрсдөөс нь шалтгаалж байгаа ба тэд зөвхөн тухайн сүлжээнд элссэнээр хүртэх ашгийг урьдчилан төсөөлөн орж байгаа ба уг ашигийг хүртэх боломжтой юу, энэ сүлжээнд мөнгөө оруулснаар гарах эрсдэл, ашиг хүртэх боломж үндэслэлийг тооцож үзэхгүйгээр орж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг дэмжиж, өөгшүүлж байна. Эх сурвалж: www.polit.mn              
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

9 цаг 40 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

14 цаг 42 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

15 цаг 54 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

16 цаг 29 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

23 цаг 9 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

23 цаг 24 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

23 цаг 24 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14