Ч.ЗОТОЛ
Монгол Улсын хэмжээнд Олон улсын сонирхогчдын боксын холбоо / AIBA/ -ны гурван одтой шүүгч дөрөвтэй боллоо. Монголын шүүгч О.Мандахбаяр AIBA –ийн зэрэглэл олгох шалгалтыг амжилттай өгсөн талаар тус холбоо цахим хуудастаа мэдээлжээ.
Сонирхогчийн боксын шүүгчид өмнө нь зургаан зэрэглэлтэй байсан. 2009 оны ДАШТ-ий дараа шинэ дүрэм гарснаар шүүгчдийн зэрэглэлийг гурав болгож цөөлж байв. Ингэхдээ өмнө нь олимп, ДАШТ-ийг шүүж байсан шүүгчдэд шууд хоёр од өгсөн юм. Хоёр одтой болсноор тивийн АШТ-ийг шүүх эрхтэй. Харин олимп, ДАШТ-ийг зөвхөн гурван одтой шүүгч л шүүх эрхтэй байдаг. Түүнчлэн AIBA-гаас боксын тэмцээнүүдийг ч мөн ийм одтой болгон өөрчилж байв.
Манай улсын хувьд AIBA-д гурван одтой шүүгчид нэмэгдэж байгаа нь луйвар булхай ихтэй энэ спортод тамирчдынхаа амжилтыг хамгаалах үүднээс ололттой тал гэж болно. Гэхдээ тэмцээнийг хэнээр шүүлгэхээ AIBA-гийн шүүгчдийн комисс шийддэг. Түүнээс гадна гурван одтой шүүгч нар Дэлхийн боксын лигийг шүүх эрх үүсдэг байна. О.Мандахбаяраас өмнө AIBA –ийн гурван одтой шүүгчийн эрхийг манай улсаас ОУХМ Ц.Нандигжав, С.Баясгалан,
Х. Хас-Эрдэнэ нар авсан байдаг.
О.Мандахбаярын нь ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Р.Отгонбаяр агсны хүү юм. Түүнийг сайн дасгалжуулагч болох ирээдүйтэйг боксын хүрээнийхэн нэлээн хэдэн жилийн өмнөөс хэлж байв.
Эх сурвалж: www.polit.mn