
Ч.ГАНТУЛГА
Хүмүүний сэтгэлээс ундран гарч, бодол оюунд нь цэгцрэн боловсроод цагаахан цаасан дээр зураг болон буув. Гэвч ингээд дуусахгүй. Улаан хамбан хөшиг алгуурхан нээгдэх тэр агшинд үзэсгэлэн төгс нэгэн бүсгүй гоёмсог өргөөнд гуниглан сууна. Эртний Египет тайзнаа сүндэрлэжээ. Гунигт бүсгүй бол Этиопийн гүнж Аида. Хэдийгээр хааны ордны гүнж ч, харийн оронд олзлогджээ. 16-хан настай, залуухан бүсгүйг уйлахад алтан шаргал, гоёмсог өргөө нь бөгтийх шиг цаана л гунигтай дүнсийнэ. Тайз дуучинтай хамт тоглож буй нь энэ. Цэл залуухан бүсгүйн хайр сэтгэл, эр зоригийн тухай өгүүлэх Ж.Вердийн “Аида” дуурийг үзсэн гэгээн дурсамжийн минь нэгээхэн хэсэг энэ байв.
Дэлхийн “Гранд” буюу хамгийн том сонгодог бүтээлд тооцогддог тус дуурь анх 2010 онд манай тайзнаа амилсан юм. Сүм, өргөөг санагдуулам Египетийн сүрлэг барилгууд нүдний өмнө дүнхийх нь сүрдмээр. Харин энэ тайз монгол зураачийн ур ухаанаар бүтсэн гэхэд бахархмаар. Энэ үеэс л авьяаслаг зураачтай уулзахсан гэсэн бодол сэтгүүлч намайг ээрсээр байсныг нуух юун. Түүнийг бүтээсэн тайз шигээ омог бардам, дээгүүр харцтай, ихэмсэг бардам нэгэн гэж төсөөлж байв. Бодол биеллээ олж, эрхэм зураачийн өрөөний хаалгыг аяархан тогшлоо. Гэвч үл мэдэг инээмсэглэлээр шагнасан, даруухан уран бүтээлч биднийг угтсан юм. Энэ хүн бол УДБЭТ-ын ерөнхий зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Гунгаасүхийн Ганбаатар байв. Татсан зураас бүрт нь өгүүлэмж оршиж, бүтээсэн тайз бүрээс нь хөдөлмөр үнэртсэн эрхэм зураачийг “Амьдралын тойрог” буландаа зочноор урьсан юм.
“БИ” ГЭСЭН ОРШИХУЙ НЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ УРЛАГ
Г.Ганбаатар зураачтай ярилцах үед “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэсэн үг үнэн болохыг мэдэрч суув. Учир нь өөрийгөө дөвийлгөх дургүй, эгэл даруу зан нь чухамхүү эцэг эхийн хүмүүжлээс гадна ясны уран бүтээлч “зангарагтай зан” харагдах аж. Түүний “Би” гэсэн оршихуйд тэр л чигээрээ урлагийн төлөөх чин сэтгэл, уран бүтээл ноёрхож байгаа нь ярианаас нь мэдрэгдэж байв. Хэдийгээр УДБЭТ амарчихсан, нам гүм байгаа ч эрхэм зураач маань дараагийн уран бүтээлээ төлөвлөчихсөн, тайзны амьдралд бодол ухаанаа сүвэгчлэн сууна. Театрын уран бүтээлчид 56 дахь улиралын нээлтдээ зориулж, дэлхийн гранд бүтээлийн тоонд зүй ёсоор багтдаг “Игорь ван” дуурийг тавихаар төлөвлөж байгаа юм байна. Энэ бүтээлд 1170-аад оны нүүдэлчдийн амьдралыг харуулахаас гадна балетын бүтэн үзэгдэлтэй, дуурь, балет хосолсон бүтээл аж. Өмнө нь манай театрт 1970-аад оны эхэн үед тоглогдож байсан түүхтэй. Гранд гэдэг утгаараа олон дуучин шаардсан, нүсэр бүтээл учир дахин тоглоогүй аж. Харин энэ удаад театр олон дуучинтай болсноос гадна чадалтай уран бүтээлчдээр хүрээгээ тэлсэн учир ийнхүү дахин ирэх арванхоёрдугаар сард тоглохоор болжээ. Зураачийн хувьд нүүдэлчдийн амьдралын онцлогийг харуулсан, содон шийдэлтэй тайз босгохоор төлөвлөж байгаа гэсэн.
ТҮҮНИЙ БҮТЭЭЛҮҮДИЙГ ААВ НЬ ГЭРИЙНХЭЭ ХАНАНААС ӨЛГӨДӨГ БАЙВ
[caption id="attachment_43906" align="alignnone" width="645"]
Г.Ганбаатар удам дамжсан зураач. Түүний аав Ардын зураач Ч.Гунгаасүх билээ.[/caption]
Г.Ганбаатар удам дамжсан зураач. Түүний аав УДБЭТ-ын ерөнхий зураач асан, Ардын зураач Ч.Гунгаасүх билээ. Харин дүү нь УДБЭТ-ын хувцасны зураач Г.Оюун юм. Аав нь хүүгээ бага байхад нь Дүрслэх урлагийн дунд сургуульд багшлахаас гадна УДБЭТ-ын ерөнхий зураачаар ажилладаг байж. Тиймээс гэрийн бараа харах нь ховор. Гэвч эгэлгүй авьяастай, мятрашгүй хөдөлмөрч аавынх нь авьяас хүүд өвлөгдөж, энэ цагийн шилдэг зураачийг төрүүлсэн бололтой. Харин ээж С.Дашиймаа нь Хөгжим бүжгийн коллежид багшилдаг байж. Одоо СУИС-ийн дуулаачийн тэнхмийн багшаар ажилладаг аж. Аав, ээж хоёр нь Ленинградад сурч байхдаа танилцаж, гэр бүл болсон түүхтэй. Харин нийтлэлийн баатар маань 40 мянгатын унаган хүүхэд. Бага насаа нь тэнд үдэж, бидний хэлж заншсанаар “Орос” гуравдугаар сургуулийг дүүргэжээ. Мэдээ орох цагаасаа л үзэг, цаастай нөхөрлөсөн түүнийг ээж, аав нь урамшуулан зурсан зургийг нь гэрийнхээ хананд өлгөдөг байсан нь хүүд нь ямар их урам өгч байсныг өнөөдөр гэрчлэх мэт. Бяцхан хүү хананд өлгөөтэй өөрийнхөө бүтээлийг харах бүртээ зураач болох чин хүсэлдээ автаж, ирээдүйнхээ тухай мөрөөддөг байсан гэж ярих. Тэрээр багадаа зурахаас гадна хөгжимд сонирхолтой байжээ. Ээжийнхээ цуглуулсан пянзнуудыг сонсч, Хөгжим бүжгийн коллежи руу дагаад жирийчихдэг байсан тухайгаа дурсч байсан юм. Гэхдээ түүний дурсамжинд ээжийнх нь ажлаас илүү УДБЭТ-т аавтайгаа өнгөрүүлсэн мөч олон. Одоо ч урлагийн бурхад чуулсан энэ ариун сүмийн зураачийн өрөө, театрын ширээ сандал хүүхэд насных нь сайхан дурсамжийг гэрчлэх аятай нэг л дотно сайхан санагддаг гэсэн юм. Театрт шинэ бүтээл төрж, үзэгчдэд хүрэх нь нэг ёсны баяр байдаг билээ. Үзэгчдээс гадна уран бүтээлчдийн ар гэрийнхэн цугларч, баяр хүргэж, урам өгдөг. Аавд нь хүмүүс тэвэр дүүрэн цэцгийн баглаа өгч, талархсанаа илэрхийлэх бүрт ирээдүйн зураач хүнд ааваараа бахархах, хайрлах сэтгэл улам ихээр төрдөг байжээ.
ААВЫНХАА ҮНЭНЧ ТУСЛАХ
[caption id="attachment_43914" align="alignnone" width="645"]
Ардын зураач Ч.Гунгаасүх[/caption]
Г.Ганбаатарыг бага байхад буюу 1970-аад оны үед УДБЭТ-д Д.Пүрэвдорж, Х.Уртнасан, Х.Хайдав, А.Загдсүрэн, Д.Баадайжав зэрэг алтан үеийн уран бүтээлчид ажилладаг байж. Харин зураачдын баг Ардын зураач Л.Гаваа, Л.Намхайцэрэн, Ц.Доржпалам зэрэг мундагуудаар ахлуулдаг байжээ. Нийтлэлийн баатар маань тэр л хүмүүсийн уран бүтээлийг үзэж, биширч, сурч, үгийг нь сонсч, үлгэрлэн дуурайж өссөн азтай нэгэн. Тэрээр дунд сургуулиа төгсөөд эргэлт буцалтгүй Дүрслэх урлагийн дунд сургуульд элссэн юм. Нэгэнт л тодорхой байсан учир эцэг, эх нь ч юм хэлсэнгүй. Ийнхүү Гунгаасүхийн Ганбаатар гэх эгэл бор хүү мэргэжлийн зураач болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж эхэлжээ. Зураачийн ажил их хүнд, чимхлүүр ажил ихтэй. Тэрээр нэг л бүтээл эхэлсэн бол ажилдаа улайран хэдэн цагаар ч хамаагүй сууна. Үүнээс гадна аавынхаа ажил дээр очиж туслах үүрэгтэй. Тухайн үед театрын зураачид ихэвчлэн даавуун дээр зурдаг байж. Аавынхаа гар хөлийн үзүүрт зарагдаж, будгийг нь дөхүүлж, даавууг нь барьж өгч байсан он жилүүд түүнд асар их туршлага болж байсныг залуухан оюутан өнөөдөр бодож л суух. Г.Ганбаатар зураач аавынхаа хийсэн “Отелла” дуурь, “Хунт нуур” балетын тайзыг одоо ч мартдаггүй гэсэн. Эдгээр бүтээлээс гадна УДЭТ-д тавьж байсан “Эрдэмтний яриа” драмын жүжгийн тайзыг аав нь хийжээ. Тухайн үедээ тайзан дээр видео дүрс гаргасан нь орчин үеийн тайзны шийдлийг анхлан театрын урлагт оруулж ирсэн явдал байсан юм. Зураач Г.Ганбаатар аавынхаа тухай “Аав минь ажлаа хийж байх үедээ хүнийг ялгадаггүй, эрх тэгш харьцдаг. Харин гэртээ бол эгэл жирийн эцэг хүн. Биднийг “Хөдөлмөрч бай, хүнд туслаж бай” гэж байнга захидаг” гэж байв.
ШУУД ЕРӨНХИЙ ЗУРААЧААР ТОМИЛОГДОВ
[caption id="attachment_43907" align="alignnone" width="645"]
УДБЭТ-ын гоцлол дуучидтай.[/caption]
УДБЭТ-ын ерөнхий зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатарын ажлын гараа 1998 онд онд УДЭТ-д тавьсан “Хүслийн трамвай” жүжгээс эхтэй аж. Энэ бүтээлийн найруулагчаар Ардын жүжигчин Б.Мөнхдорж ажиллаж байжээ. Хэдийгээр алдаа оноо ихтэй ч анхны бүтээл учир эргээд бодоход сайхан санагддаг тухай зураач ярьж байсан юм. Түүний амьдралд эргэлт болсон нэгэн үйл явдал 2001 онд тохиолдсон гэнэ. Учир нь Г.Ганбаатарыг Бээжингийн театрын академийг театрын зураач мэргэжлээр дүүргээд иртэл УДБЭТ-ын ерөнхий зураачаар шууд томилчихож. Уг нь туслах зураачаас эхлээд олон шат дарааллаар энэ албанд очих ёстой ч театрын удирдлагын зүгээс “Аав чинь гавьяаныхаа амралтад суух болсон тул ажлыг нь чи өвлөж ав” гэж үүрэгдэв. Өмнө нь дуурийн театрт хэд, хэдэн уран бүтээл дээр ажиллаж байсан нь ийнхүү түүнд итгэл хүлээлгэх гол шалтгаан болжээ. Энэ үед нийтлэлийн баатар маань асар том хариуцлага ирлээ гэж өөртөө хэлжээ. Учир нь бүхий л амьдралаа энэ театрт зориулсан аавынхаа нэрийг хугалчихгүй юмсан, театраар дүүрэн ээжийнхээ шавь нарын өмнө нүүрээ улайлгахгүй шүү гэж бодоод хичээсэн гэдэг.
Тиймээс ч “Богема” дуурийн тайзны шийдлээрээ 2005 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэн болсон түүхтэй. Тус дуурийн тайз өөрөө эргэдэг, содон шийдэлтэй байсныг сонгодог урлагт хайртай үзэгчид санаж байгаа байх.
“СИВИЛИЙН ҮСЧИН” ДУУРИЙГ ШИНЭЧИЛЖ ТАВЬЖЭЭ
Театрын ерөнхий зураачийн хувьд “Дэггүй Лиз”, “Хөхөө намжил”, “Кармен” гээд театрт тавьж буй бүхий л уран бүтээлийн ерөнхий зураачаар ажилладаг аж. Бүтээлээс нь онцолж ярихад “Сивилийн үсчин” дуурь. Уран бүтээлчид энэ дуурийг 100 жилээр нааш нь татаж, үйл явдал 1920-оод оны үед болж буйгаар тайзнаа амилуулсан байдаг. Нээлтийн дараа тус бүтээлийн тайзны шийдлийн тухай хүмүүс ам булаалдан ярьж байв. Учир нь тайзыг тэр чигээрээ нь олсоор хийжээ. Тайзны голоос унжих олснууд, олон жижиг хэрэглэл, тайзны хөдөлгөөн гайхалтай. Харин “Аида” дуурийн тухайд анх Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Цэрэндолгор санааг нь гаргажээ. Гэхдээ “Их газрын чулуу”-д буюу гадаа тавъя гэж зураачдаа хэлж. Ерөнхий зураачийн хувьд хад, байгалийн тогтоцыг нь ашиглаад сонирхолтой тайз хийхээр төлөвлөж байв. Гэвч тухайн үед хөрөнгө мөнгөний асуудлаас болж эргээд театртаа тавихаар болсон аж. Энэ мэт олон бүтээлээр нь эрхэм зураачийн чансааг тодорхойлж, Гунгаасүхийн Ганбаатар хэмээх содон ертөнцийг илэрхийлж болно.
УРЛАГИЙН ГЭР БҮЛ
[caption id="attachment_43909" align="alignnone" width="645"]
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаав.[/caption]
[caption id="attachment_43908" align="alignnone" width="645"]
2017 оны “Шилдэг уран бүтээлч” болов.[/caption]
Г.Ганбаатарынх тэр чигээрээ урлагаар амьсгалсан, урлагийн төлөө төрсөн хүмүүс. Учир нь гэргий Б.Хонгорзул нь реалист зураач. Хувь заяа гэдэг л энэ байх. Дүрслэх урлагийн дунд сургуульд өөд, өөдөөсөө харсан ангид сурдаг байсан хоёр Бээжингийн театр урлагийн сургуульд дахин учирчээ. Бээжингийн гудамжаар хөтлөлцөн гүйж явсан хосууд өдгөө гурван хүүхдийн ээж, аав болсон байна. Том хүү нь хэдийгээр зурдаг ч зураач болохыг эрмэлзсэнгүй. Харин дунд хүү нь Хөгжим бүжгийн консерваториг хөгжимчин мэргэжлээр төгсчээ. Бага охин нь аавынхаа авьяасыг өвлөсөн ч одоо ирээдүйг нь шийдэхэд арай л балчир байгаа тухай аав нь ярьж байв. Ийм л нэгэн тэнгэрлэг гэр бүлийн өрхийн тэргүүн Г.Ганбаатар УДБЭТ-ын ерөнхий зураачаас гадна “Гэсү дизайн” компанийг удирддаг юм байна. Хэвлэл дизайны бүхий л үйлчилгээг үзүүлдэг тус компани хэдийнээ энэ зах зээлдээ жанжин аж. Харин амьдралынхаа бүхий л цаг хугацааг сонгодог урлагийн төлөө зориулж буй авьяаслаг зураач маань театр хэмээх ариун сүмийнхээ түших багана, түмний итгэлийг хүлээсэн энэ цагийн “жанжин”, тайзны “сахиус” билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин









