
Т.САЙХАН
Энэ зуны улстөр идэвхижиж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Мөн МАН-ын хяналтын хороо хуралдаж, 60 тэрбумын асуудлаар холбогдох хүмүүст хариуцлага тоохоо мэдэгдэв. Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахыг холбогдох сайд нарт даалгалаа. “Нарийн сухайтын төмөр зам” компанитай хамтарсан төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Шивээхүрэн төмөр зам” компани байгуулж, тус компанийн нийт хувьцааны төрд ногдох 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” компанид эзэмшүүлэхээр болов. Боомтын зориулалттай 13 км төмөр замын суурь бүтцийг ажлыг гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Шивээхүрэн-Сэхэ чиглэлд төмөр зам барьснаар Нарийнсухайтаас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах шинэ боломж бүрдэнэ. Ингэснээр нүүрсний экспортын зах зээл өргөжин, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг буурна гэж тооцоолж байна. Шивээхүрэн-Сэхэ боомтоор хүнд даацын автомашинаар 10-15 сая тонн нүүрс тээвэрлэдэг бол төмөр зам барьснаар жилд 25 сая тонн тээвэрлэх боломж бүрдэх юм.
Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга ажлын өрөөндөө хутгалуулав

Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшингийн ажлын өрөөнд үл таних этгээд дайран орж, биед нь халдсан хэрэг гарсан.
Түүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийн хяналтад байдаг, “Шизопрени” өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан 64 настай Б.Идэрчулуун гэгч хутгалсан болох нь тогтоогдсон.
Хутгалуулсан Б.Амартүвшинг тухайн өдөр яаралтай түргэн тусламжийнхан эмнэлэг рүү авч явж хагалгаанд оруулсан билээ. Одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж.
МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаанаар юу ярив?

Эрх баригч нам Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нэр дэвшигч илгээж, энэ сонгуульд оролцох нь тодорхой болсон бололтой. Энэ сарын 1-нд болсон МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэж, наймдугаар сарын 6-нд бага чуулганаа зохион байгуулахаар ярилцжээ. Өөр дорвитой асуудал ярилцсан юмгүй хэдэн тийшээ харж сууж байгаад л МАН-ын удирдах зөвлөлийн хурал өндөрлөсөн байна. МАН дотор нэлээд том ангал үүсээд байгаа. Энэ асуудлаа шүүсэн бол нэлээд хэдэн цагийн “хэрүүл” болох байсан биз. Ямартай ч МАН-ын удирдах зөвлөлийн хурал товчхон өрнөж, нөхөн сонгуульд оролцох нь тодорхой болсон байна. Мөн зарим их сурвалжийн мэдээллээр “60 тэрбум”-ын асуудлаар удирдах зөвлөлийн зарим гишүүн байр сууриа илэрхийлсэн юм байна.
Шатахууны үнийн асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн гэв
АН-ын Бодлогын ерөнхий зөвлөл ээлжит хуралдаанаа хийж, зарим асуудалд шийдэлд хүрчээ. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар мэдээлэл хийлээ. Намаас зохион байгуулсан “Иргэдээ сонсъё” аяны үеэр иргэдийн зүгээс хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг ихээр тавьжээ. Улаанбаатар хотын иргэдийн дунд явуулсан санал, асуулгад оролцогчдын 92 хувь нь хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд тэгш олгох асуудал тавьсан байна. Иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг АН-ын үндэсний бодлогын хорооны хуралдаанаар дүгнэн, эрх баригчид, шат шатны удирдлага, албан тушаалтанд шаардлага хүргүүлнэ гэв. Мөн Монгол Улс нийтдээ жилд 8-1400 сая долларын нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 90 гаруй хувийг “Роснефьт” компаниас авдаг. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг хүлээж авахгүй бол цаашид тэмцлийн хэлбэрийг сонгоно хэмээн АН-ын удирдлагууд мэдэгдлээ. Мөн энэ үеэр АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ээлжит бус чуулганы асуудалд бид холбогдох байгууллага, албан тушаалтны шийдвэр гарахыг хүлээж байгаа. Ээлжит бус чуулган хуралдахыг АН дэмжиж байна” гэлээ.
МАН М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцохоор болжээ

Д.Гантулгыг энэ сарын 17-нд шүүнэ

Эх сурвалж:www.polit.mn