“Эрдэнэт”, Ц.Төрбат хоёрын 37 жил

2014-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Нутаг нутгийн залуус цугларч Дархан, Эрдэнэтийг бүтээн босголцож, тэндээ суурьшиж байсан сайхан түүх бий. Тэр дундаа Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон, цаашлаад нутаг нутгийн хүмүүсийг нэгэн аймаг, хот болгон суурьшуулж чадсан Эрдэнэт үйлдвэрийн тулгын чулууг тавьсан үеийг 1970-аад оныхон сайн мэднэ. Орос ах нарын зааварчилгаагаар үйлдвэрийн технологийг угсарч байсан монгол ажилчдын нэгийг энэ удаагийн “Амьдралын тойрог”-т зочноор урилаа. Зууны манлай бүтээн байгуулалт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн гол цөм болох  Баяжуулах фабрикийн Үйлдвэр техникийн албаны ээлжийн дарга Ц.Төрбат 37 жилийн өмнө үйлдвэрийн техник, технологийг угсралцаж байжээ.

 

ЗУУНЫ МАНЛАЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦСОН НЬ

 

1978 он. ЗХУ, Монгол Улсын хооронд байгуулсан гэрээний дагуу зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтын үйлдвэрийг “Эрдэнэтийн овоо”-нд барих их ажлын эхлэл үе. Монгол төдийгүй Ази тивд томоохонд тооцогдох уул уурхайн нөөц бүхий том орд газрыг нээчихсэн, үйлдвэр байгуулахаар энд тэндээс залуу боловсон хүчнийг татаж байсан үед Дархан-Уул аймгийн Политехникумыг баяжуулалтын технологич мэргэжлээр Ц.Төрбат 21 настайдаа төгсч байжээ. Тэр үед Дархан-Уулын Политехникумд Эрдэнэт үйлдвэрт зориулсан мэргэжилтэн бэлтгэх зорилгоор баяжуулагчийн ангийг 1973 онд шинээр нээгээд байсан гэдэг. Ц.Төрбатын ангийнхан хоёр дахь төгсөлт нь байж. Тэрээр 1978 оны хоёрдугаар сарын 14-нд тэр үеийн Геологи, уул уурхайн яамны сайдын тушаалаар Эрдэнэтэд хөл тавьж, үйлдвэрийн Баяжуулах фабрикийн техник технологи, тоног төхөөрөмжийг суурилуулж эхэлжээ. Таван сарын дараа буюу тэр оныхоо долдугаар сарын 1-нд Баяжуулах фабрик ашиглалтад орсноор Монгол Улсын уул уурхайн салбарт шинэ үеийг нээсэн зууны манлай бүтээн байгуулалт бүхий Эрдэнэт үйлдвэр ажиллаж эхэлсэн байна. Энэ үеэс тэрээр Баяжуулах фабриктаа 160 хүний хамтаар мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн гэнэ. Харин одоо тус фабрик 1100 гаруй ажилчинтай болж өргөжжээ.

 

БАЯЖУУЛАХ ХЭСЭГ ҮЙЛДВЭРИЙН ГОЛ ЦӨМ

 

Эрдэнэт үйлдвэр эдүгээ жилд 26 сая тонн хүдэр боловсруулж буй. Уг ажил нь Баяжуулах хэсгийнхнээс ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл, баяжуулагчдын ажил үйлдвэрийн бусад хэсгийнхнээс илүү чимхлүүр, нарийн ажиллагаатай юм байна. Газрын гүн дэх ашигт малтмалын түүхий эдийг улсын эдийн засгийг тэтгэж буй эцсийн бүтээгдэхүүн зэс, молибдений баяжмал болгох процессыг энгийнээр тайлбарлавал ил уурхайн хэсгийнхэн орд газраас тэсэлгээгээр гаргасан хүдрийг тээврийн цехийнхэн зөөвөрлөж Баяжуулах фабрикийн анхны бутлуурт хийнэ. Баяжуулах фабрикийнхан буюу дөрвөн ээлжийн нэг Ц.Төрбат ахлагчтай хэсгийнхэн гүйцээж эцсийн бүтээгдэхүүн болох зэс, молибденийг гаргаж авна. Ингэхийн тулд тэд хүдрийг том, жижиг зэргээр гурван шат дамжлагаар буталдаг аж. Дараа нь тээрэмдэнэ. Баяжуулах хэсэгт монгол гэрийн буурьны хэмжээтэй, нүсэр дуу чимээтэй есөн тээрэм зогсолтгүй ажиллана. Ширхэглэн буталсан хүдрийг ус, ган бөмбөлгийг хольцтойгоор тээрэмдэж, урвалжаар баяжуулна. Баяжуулахын тулд олон янзын химийн урвалж ордог гэнэ. Ийм бүтэц үйл ажиллагааг ээлжийн ахлагч 12 цагийн турш хянаж, аюулгүй ажиллагаа, нормын биелэлтийг шалгадаг ажээ. Үйлдвэрийн гол цөм болсон баяжуулалтын хэсэгт 12 цагийн турш ажилладаг дөрвөн ээлжтэй. Тэдний нэг нь Ц.Төрбат ахлагчтай 140 гаруй ажилчны багийнхан юм байна. Тэдний багт эмч, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хяналтын инженер багтдаг. Ээлж авах бүрт багийнхан нарядны өрөөнд ажлаа төлөвлөж, даалгавар авна. 

Эрдэнэт үйлдвэр анх байгуулагдахдаа 16 сая тонн зэсийн хүдэр боловсруулна гэж тооцоолж байсан бол одоо жилд 26 сая тонныг боловсруулдаг болжээ. Үүний дараа 530 мянган тонн зэсийн баяжмал, 4.5 тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг юм байна.

 

Ц.Төрбат:

ҮЙЛДВЭРИЙНХЭН МААНЬ АЖИЛЧДЫН НИЙГМИЙН АСУУДАЛД ИХЭЭХЭН АНХААРДАГ

 

Ц.Төрбат гуай Говь-Алтай аймгийн уугуул. Дарханы Политехникумд байхдаа эхнэртэйгээ танилцаж, Эрдэнэтэд гэрлэлтээ батлуулж байжээ. Одоо энэ гэр бүл гурван сайхан хүүхэдтэй. Том хүү нь аавынхаа амьдралаа эхлүүлсэн үйлдвэрт ажиллаж байна. Гэр бүлийн хүн нь Эрдэнэт үйлдвэрийн цэцэрлэгийн эмчээс ажлаа эхлүүлж боловсролын салбарт насаараа ажиллажээ. Гэрийн эзэн Эрдэнэт үйлдвэрт анх Баяжуулах фабрикийн реагент уусгагчаар ажиллаж бригадын дарга, мастер, технологич, ээлжийн мастер зэргээр шат ахисаар 2000 оноос хойш  ээлжийн даргын албыг хаших болжээ. Ажлын шат ахих тусам тэрээр үйлдвэрийнхээ хамаг шагнал урамшууллыг хүртэж байж. 1979 оны хотын хөдөлмөрийн аварга, хөдөлмөрийн хүндэт медаль, Ард түмний найрамдлын одон,  2003 оны фабрикийн хөдөлмөрийн аварга болжээ. 2012 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан байна. Ц.Төрбат гуайн улсад зүтгэсэн он жилүүд үйлдвэртэй нь нас чацуу. Зөвхөн “Амьдралын тойрог”-ийн маань зочин ч бус энэ үйлдвэрээс ажил, амьдралын гараагаа эхлүүлж байсан үе үеийн ажилчид дуу нэгтэйгээр үйлдвэрээ онцолдгийг хэлж байлаа. Ц.Төрбат бол үйлдвэрийн анхны үеийнхний нэг. “Эрдэнэт”-ийнхэн одоо дөрөвдэх үеэ гардаж аваад буй. Сүүлийн жилүүдэд залуу мэргэжилтнүүдээр боловсон хүчнээ өргөтгөж эдүгээ 6000 орчим ажилтантай болжээ. Тэдний 1000 орчим нь орос мэргэжилтэн гэнэ. Үйлдвэрийн ажилчдын цалин буух үеэр Эрдэнэтэд эдийн засаг савладаг тухай яриа гарчихаж. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн ажилчдын цалин хангамж сайн учраас нэг дор олон мянган ажилчин цалин авах үеэр хүнс, барааны үнэ нэмэгддэг юм байна. Энэ тухай ярих Ц.Төрбат гуай ажлынхаа нийгмийн хангамжийг ихээхэн онцолж байв. Үйлдвэрийн ажил  хэвийн бус нөхцөлд тодорхойлогддог учир ажилчдын эрүүл мэнд, нийгмийн талын үйлчилгээнд анхаардаг. Ээлжийн амралтын мөнгөн дээр нь эмчилгээ, сувилгааны зардал гэж тусдаа төсөвлөдөг. Түүнчлэн рашаан, сувилалд ээлж дараагаар нь хамруулдаг. Өдөр тутмын ажлын үед хор тайлах зорилгоор сүү тараг, артешок, чага мөөг зэргээр байнга хангадаг ажээ. Үүнээс артешок нь илүү үр дүнтэй гэж ээлжийн ахлагч өгүүлнэ лээ. Тэрээр энэ тухай “Үйлдвэрийнхэн маань ажилчдынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаарсаар ирсэн. Сэтгэл хангалуун амьдралыг бий болгож чадсан нь үйлдвэрийн маань ач буян” гэв. Харин сүүлийн үед хүдрийн агуулгын чанар буурангуй болж, хүдрийн шинж чанар байн байн өөрчлөгдөх болсонд сэтгэл зовнидог гэв. Үйлдвэрийн Шинжилгээ судалгааны байгууллагаас энэ тухай байнга мэдээлдэг учир  технологийн ажилчид түүнд нь тохируулж баяжуулах, тээрэмдэх, бутлах ажлаа төлөвлөдөг ажээ.

 

ФАБРИКИЙН ШӨНИЙН ЗАХИРАЛ

 

Будаг ханхалсан гэмээр шинэ үйлдвэрийн үүдийг нээж байсан түүний сүүлийн үеийн ажил, амьдралыг сонирхбол удахгүй гавъяаны амралтдаа суухаар зэхэж буй гэнэ. Үйлдвэрийнхэн түүнийг фабрикийн шөнийн захирал гэж хочилдог. Заримдаа амралтын өдрийн баяжуулах фабрикийн дарга ч гэнэ. Түүнд тээрмүүдийн нүсэр дуу чимээ, үйлдвэрийн үнэр бүр дасал болсон юмсанж. Ээлжийн амралтын сүүл үеэр үйлдвэрийнхээ үнэр, дуу хоёрыг ихэд сангалзаж орж ирдэг болжээ. Хоёр хөгшнөө амьд сэрүүн байхад Говь-Алтай аймгийн Төгрөг сумандаа байнга хөл тавьдаг байсан бол тэднийгээ унаснаас хойш нутгийн зүг хөдлөлгүй дөрвөн жил болсон гэнэ. Тэгээд ч олон жил Эрдэнэтдээ ижил дасал болсных уу, аймагтаа очихоор ус, агаарт нь зохицохгүй бушуухан нутаг буцахыг боддог болсноо хуучилж байлаа. Харин үйлдвэрийн сүүлч үеийг тодруулбал өнгөрсөн жилээс шинээр томилогдсон удирдлагуудын үйл ажиллагаа ажилчдын сэтгэлд ихээхэн нийцсэн бололтой. 30 гаруй жилийн нөөцтэй гэсэн үйлдвэрт шинэ орд газар нээж үйл ажиллагаа олон жилээр үргэлжлэхийг зочин маань бэлэгшээж явдаг аж. Шинэ удирдлагууд ч геологийн бодлогыг тусад нь авч үзэж, үйлдвэрийг ил тод нээлттэй болгож байгаа нь ажиллагсдад урам зориг өгсөн үйлдэл болж буйг онцолж байв. Учир нь шахааны бизнесийн талбар гэгддэг байснаас одоогийг удирдлагууд үйл ажиллагаагаа нээлттэй болгож хэмнэлт гаргаж ажилчдаа урамшуулдаг болсонд тэд ихээхэн сэтгэл хангалуун болжээ.

 

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

6 цаг 14 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

6 цаг 19 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

10 цаг 53 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

10 цаг 53 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

Уржигдар 06 цаг 00 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

Уржигдар 06 цаг 00 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17