Улаанцав удахгүй дэлхийн хот болох нь ээ

2018-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Сэтгүүлч Б.ГАЛААРИД УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид төсөрхөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотод ажлын айлчлал хийж Монгол, Хятад, Орос  гурван улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирлээ. УИХ, Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэл Улаанбаатар хотын холбогдох албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн оролцсон тус төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан  Улаанцавд гурав хоног ажиллахдаа олж мэдсэн, онож ажсанаа хэн хүнгүй санаа аваасай, харьцуулж бодоосой гэсэн сэтгэлийн үүднээс уншигч тантай хуваалцахыг хүслээ. Улаанцавд энэ удаад гурван орны эдийн засгийн форумаас гадна олон улсын үзэсгэлэн худалдаа, Монголын уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэн, мөн гурван орны урлагийн хамтарсан тоглолт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдаж, Монголын талаас  80 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл 120 гаруй төлөөлөгч оролцсон юм.   ХӨГЖЛИЙН СУУРЬ НЬ ХҮЧИРХЭГ ДЭД БҮТЭЦ Улаанцав аймгийг 2003 онд хотын статустай болгожээ. 54.4 хавтгай дөрвөлжин км газар нутаг, 2.8 сая хүнтэй. Монгол Улс,  Шилийн гол аймаг, Хэбэй, Шаньси мужтай хиллэнэ. Жаран мянган монгол амьдардаг. Хүн амын ихэнх нь хан үндэстэн. Улаанцавыг хуучин цагт “Хөрсөн доороо баялаггүй,  хөрсөн дээрээ ургацгүй” гэж гоочилдог байж. Олон улсын эдийн засгийн харилцааны чухал цэг болох ирээдүй хүлээж байгааг тэр үед  анзаарч ач холбогдол өгсөн нь цөөн учраас л ийн хэлэлцдэг байсан байх. Манайхан ганзагын наймааны ид үед дайраад өнгөрдөг, буугаад морддог байснаар нь Жинин гэвэл илүү сайн мэднэ. Жинин өдгөө Улаанцав хотын нэг дүүрэг.  Гэхдээ зам харилцаа, дэд бүтцийн гол зангилаа учраас Жинин бол Улаанцавын голт зүрх нь гэж хэлж болно. Ердөө 114 ам дөрвөлжин км нутагтай, 280 мянган хүнтэй, Хятадын хэмжүүрээр бол хариугүй жижигхэн Жинин удахгүй дэлхийд Улаанцав гэдэг нэр танигдахын шалтгаан болж байна. Яагаад? Яагаад гэвэл Бээжингээс 300, Эрээнээс 35О км зайтай энэ дүүрэг Хятадын зүүн хойт, хойт, баруун хойт хэсэг, түүнээс цааших улс орнууд, урагшаагаа бол Хятадын өмнөд хэсэг, ялангуяа Тянжин зэрэг далайн хэд хэдэн чухал боомтыг  холбосон төмөр зам, автозамын зангилаа юм. Манжуур, Монгол, Шинжаанаар дамжин Европт хүрэх төмөр замын гурван гол чиглэлийн ачаа эргэлт Улаанцавыг дайрахгүй тойрох ямар ч боломжгүй. Хүссэн ч, эс хүссэн ч заавал дайрна. Тийм болохоор Хятад улс Улаанцавын зам харилцаа, дэд бүтцийн хөгжилд чухал ач холбогдол өгч, алсын хараатай хөгжүүлж байгаа нь нүдэнд ил байлаа. Өнгөрсөн оны наймдугаар сард Хөххот Улаанцавыг холбосон 126 км  хурдны төмөр зам ашиглалтад орсноор 40 минутын дотор нэгээс нөгөөд нь зорчих боломж нээгдсэн. Улаанцав Бээжинг холбосон хурдны галт тэрэг ирэх зунаас явж эхэлснээр Хөххотоос Улаанцаваар дамжин Бээжин хүрэхэд гуравхан цаг зарцуулдаг болох аж. Мөн энэ онд дотоодын болон олон улсын нисэх буудалтай болох зорилт тавин дотоодынхыгоо ажилд оруулж, олон улсынхыг энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа аж. Ингэснээр “Умардын хуурай замын гарам” гэж нэрлэсэн Улаанцав хот агаарын зам, автозам, төмөр замын гурвалсан хүчирхэг сүлжээтэй олон улсын зорчигч, ачаа тээврийн дамжин өнгөрөх томоохон төв болох аж. Хөгжлийн суурь нь хүчирхэг дэд бүтэц гэдгийг Улаанцавын бүтээн байгуулалт харуулж байна.   ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР НЬ ХОЛЧ БОДЛОГО Улаанцав олон улсын ачаа тээвэр, зам харилцааны хувьд ашигтай байрлал гэдгийг өмнө дурдсан. Тэгвэл Хятад улс энэхүү нэг талын ашигтай байдлыг нэлээд олон талын ашигтай байдал болгон хувиргах холч бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, Улаанцавыг олон улсын худалдаа арилжааны томоохон төв болгох зорилт хэрэгжиж байна. Бээжинд үйл ажиллагаа явуулдаг байсан худалдааны Яабаолү төвийг 2016 оны сүүлээр энд шилжүүлэн нээжээ. Арьс үс, савхин бараа бүтээгдэхүүний худалдааны гол төвийг ийнхүү Улаанцавд шилжүүлсэн нь дотоодын сэрүүн бүсийнхнээс гадна Монгол, ОХУ зэрэг гол худалдан авагчид руугаа ойртуулсан, мөн түүхий эдийн зах зээлдээ ойртсон хэрэг. Ийм төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа эрхлэн Бээжинд амьдарч, төвлөрөлд нэрмээс болж байсан олон хүн амьжиргаагаа даган Улаанцавд ирнэ. Яабаолүг зорьж очдог гадаад, дотоодын худалдаачдын хөлөөс Бээжин чөлөөлөгдөж, тэдгээр худалдаачдын өөрсдийнх нь  зам хугасарч,  зардал багасч, ашиг нэмэгдэнэ. Ирж буцах гийчдийн оруулсан орлого хөгжлөөр түрүүлж, хүнээр хахсан Бээжинд биш, харин шинээр хөгжүүлэхээр зорьж буй эдийн засгийн чухал зангилаа цэгт шингэж үлдэнэ. Гарал үүсэл нь эргэлзээтэй хулхи бараа биш, харин буух эзэн, буцах мөртэй газар газрын нэр хүндтэй брэндүүдийг л худалдан борлуулна гэсэн зорилтыг улаанцавынхан тавьж байгаа нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн итгэлийг алдахгүй гэсэн бас нэгэн холч бодлого юм. Хятад улс бүхий л газартаа аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байгаа нь бидний хувьд суралцууштай сайн жишээ юм. Улаанцавд ч энэ бодлого хэрэгжиж байна. Жуулчдыг татах Улаанцавын онцлогийг “Хятадын тал нутгийн зуслангийн орон” гэж тодорхойлжээ. Хятадын өмнөд газрын халуун чийглэг бүсэд амьдардаг иргэдийнх нь хувьд зуны ид халуунд тал нутгаар аялж, сэрүүн сайхныг мэдэрнэ гэдэг мэдээж дээдийн жаргал. Тийм болохоор жуулчид зугаацан сэрүүцэх боломжтой Баванхэ голын хүрээлэн, Барсат уулын хүрээлэн зэрэг ногоон байгууламж, аялал жуулчлалын бүсүүд бий болгоход ихээхэн хөрөнгө зарж, зориудаар анхаарч байгаа аж. Ийм бодлого хэрэгжүүлсний үр дүнд өнгөрөгч 2017 онд Улаанцавд 16 сая жуулчин ирсэн гэж албаны хүн хэллээ. Улаанцавын хөгжлийн ирээдүй, газар зүйн байршлын онцлогийг олж харсан нэр хүндтэй том компаниуд худалдаа, аялал жуулчлалаас гадна өөр өөр салбарт, тэр дундаа технологийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж эхэлсэн нь хөгжлийн холч бодлогын бодит тусгал юм. Ялангуяа биг дата төвд хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой хот гэж Улаанцавыг үзэж байгаа бөгөөд Хятадын технологийн “хаан” Huawei компани энд дата төвөө аль хэдий нь байгуулжээ.  Дэлхийд алдартай Apple компани өөрийн  дата төвийг бас энд байгуулахаар болж, бэлтгэл ажил ид дундаа байна. Улаанцав нар, салхины эрчим хүчийг сайн  ашигладаг, цахилгааны хэрэглээгээ өөрөө хангадаг онцлогтой бөгөөд  Apple компани дата төвийн цахилгаанаа  100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангана гэж амлаад байгаа гэнэ.  Apple өмнө нь Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужид компани анхны дата төвөө нээж, 2020 он гэхэд iCloud-ын үйлчилгээг Хятадын эх газарт хүргэхээр болсон билээ. Холч зөв бодлогоос том боломжууд урган гарч ирдгийн бодит жишээ энэ бөгөөд Улаанцав  олон улсын эдийн засгийн харилцааны гол зам дээрх дата төвийн том зангилаа болох ирээдүй харагдаж байна.   БОЛОМЖУУД ХИЙГЭЭД БОДИТ БАЙДАЛ УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хөрш орнууд, тэр дундаа хил залгаа нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар идэвхтэй ажиллаж байгаа улстөрч юм. Тэрбээр Улаанцавд болсон гурван улсын эдийн засгийн чуулга уулзалт, олон улсын үзэсгэлэн худалдааны нээлт, албан ёсны уулзалтуудад оролцохдоо Монгол, Хятад, Орос гурван улс  хамтын ажиллагааны асуудлыг тус тусдаа ярих биш,  гурвуул адил түвшинд хэлэлцэн шийдвэрлэж ажил хэрэг болгох, бие биенийхээ эрх ашгийг харилцан хүндэтгэж хамтран ажиллахын чухлыг онцолж байлаа. Улаанцавын удирдлагууд эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, монголчуудыг Улаанцавд ирж үндэсний хоолоо хийж, Улаанцавын гоёлын чулууны үйлдвэр­лэлд хамтарч, гаалийн тат­варгүй бүсэд үйл ажиллагаа эрхлэхийг урьж байлаа. Мөн Улаанцав-Монголын хооронд агаарын шугам нээх сонирхлоо ч илэрхийлж байсан. Зам тээвэр, харил­цааны чухал зангилаа, эдийн засгийн харилцааны чухал цэг гэдэг өнцгөөс Улаанцавыг харж, гадныханд санал болгож буй боломжуудаас нь манай үйлдвэрлэл эрхлэгч, бизнесменүүд аль болохоор ашиглаасай гэж хүснэ. Оросууд энэ хотыг төдийлөн мэддэггүй байсан бол сүүлийн үед хөрөнгө оруулах сонирхол нь эрс нэмэгдэж, зарим бараа бүтээгдэхүүнээ тэнд үйлдвэрлэн, гааль худалдааны таатай нөхцлийг нь ашиглаад эхэлчихсэн байна лээ. Бид түүнийг нь ашиглахаа байг гэхэд тэд хэрхэн хөгжиж буй, хязгаар нутгаа хэрхэн үнэ цэнэтэй, эрэлттэй бүс болгож буй жишээнээс нь бүтээлчээр суралцахсан гэх бодол төрж явлаа. Заримдаа тэдэнтэйгээ өөрсдийгөө харьцуулаад сэтгэлээр унаж явснаа ч нуух юун. Жишээ нь, Улаанцавынхан дотоодын нислэгт зориулсан онгоцны буудлаа саяхан барьж дуусчээ. Зорчигчдын 9 хоолой бүхий орчин үеийн нүсэр том буудлыг эргэн тойрных нь замтай нь хамт 250 сая доллараар л босгочихож. Олон улсын нийсэх буудлаа яг адилхан зураг төсвөөр барих бөгөөд долдугаар сард эхлээд энэ ондоо буюу 5 сарын дотор ашиглалтад бүрэн оруулах гэнэ. Гэтэл бид Хөшигийн хөндийн онгоцны буудлыг хичнээн жил барьж байгаа билээ? Хэр хөрөнгөөр босгож байгаа билээ? Зорчигчдын 6 хоолой бүхий буудал барихад 750 сая доллар хүрэхгүй байгаа, зам нь тусдаа 150 сая ч бил үү долларын өртөгтэй гэх яриа дуулдаж байгаа.  Арай л харамсмаар... Ингэж харьцуулахаар “Зөндөө олон аавууд дундаас зөвхөн миний аав л...” гэж харамсаж гуньсан дууны мөр сэтгэлд өөрийн мэдэлгүй орж ирнэ. Боломжууд хийгээд бодит байдлын зөрүү ийм л байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

19 цаг 32 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Өчигдөр 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Уржигдар 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Уржигдар 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Уржигдар 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Уржигдар 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин