Ч.ЗОТОЛ
Монгол наадмын торгон ногоон дэвжээнд уран мэхийг уралдуулж, үнэн хүчээ үзэж, үзэгч түмнээ цэнгүүлэхээр зодоглодог бөхчүүд маань элдэв тариа, эм бэлдмэлийн дэмээр барилддаг болоод удлаа. Харин энэ жил сэргээш илэрсэн нь шинжилгээгээр тогтоогдсон бөхчүүдийг барилдуулахгүй хэмээн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос шийдвэрлээд байна. Монгол түмэн, наадамчин олон сүүлийн 20 орчим жил сэргээшгүй наадмыг хүсч ирсэн. Энэ жил тэрхүү хүсэлт нь хүлээлтээр солигдон айсуй наадмаа угтах гэж байна. Гэсэн ч баяр наадмын дараа хэн нэгнийх нь шинжилгээний хариу сөрөг гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэр нь сэргээшид цэг тавьсан гэсэн үг бас биш юм.
Уг нь монгол наадмын утга учир бөхчүүдийнхээ үнэн хүч, шандаст хүлгүүдийн хурд, эрхий мэргэн харваачдынхаа ид хавыг үзэж баясахад оршдог. Мөн төрт ёс, монгол ёс уламжлал, эх түүхээ дархалж, түүгээр хойч үеэ хөглөж хөтлөх хариуцлагатай баяр. Ямартаа л монголчууд “Бөх нь түвшин байвал эр нь түвшин байна. Эр нь түвшин байвал гэр бүл түвшин байна. Гэр бүл түвшин байваас төр улс түвшин байна” хэмээн үр хүүхдээ сургаж ирэх вэ. Нөгөөтэйгүүр, “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэх үг бас бий. Энэ үг ямар ч хүн алддаг гэсэн утгатай ч гэлээ сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн гэмийг цайруулах утгаар ярихад зохисгүй. Яагаад гэвэл, уран барилдааныг нь харж баясахаас гадна хүн чанар, ёс жудаг, зан суртахуунаас үлгэр авч ирсэн ард түмнийхээ өмнө бөхчүүд хазгай гишгэх ёсгүй юм. Адуу малтай ноцолдож, эмнэг хангал сургаж, тэр эрчээрээ чангарч ирсэн монгол эрчүүдийн амьдралын хэв маяг орчин цагийн хөгжлийн давалгаанд өөрчлөгдсөн ч мэхийг уралдуулж, хүчийг үзэн харгүй сайхан барилддаг монгол бөхийн жудаг тасрах учиргүй. Мэдээж сайн бөх олон байгаа, тэр дотроос ёс жудагийг эрхэмлэж, уран мэх, үнэн хүчийг харуулан олон түмнээ баясгаж яваа нь ч бий. Гэхдээ л бодоход гол горойм, бичихэд үзэг халтирам үзэгдлүүд үндэсний бөхөд бас байна.
Тухайлбал, саяхныг хүртэл монголчууд “сэргээш” гэгчийг мэдэхгүй явлаа. “Гарьд Магнай” кинон дээр Даншигийн заан Молиго Очир, ноёны бөх Цагаан Жигмэдэд “Монгол бөхийн ёс жудгийг чам шиг юмаар таслуулахгүй. Монгол бөхийн торгон ногоон дэвжээ хэзээд ариун байх учиртай” гэж хэлдэг шиг тийм л ойлголт зонхилж байв.
- Гэтэл 2002 онд А.Сүхбат аварга сэргээш хэрэглэсэн нь илэрч дээр доргүй бужигнаснаар 2003 онд манай улс Допингийн эсрэг хуулийг УИХ-аар баталж байлаа. Түүнээс хойш наадам болгоны өмнө сэргээшийн талаар ёс юм шиг ярьдаг, шинжилгээ авдаг болсон. Наадам өндөрлөсний дараа бөхчүүд сэргээш хэрэглэсэн, хэрэглээгүй гэлцэн хэл ам хэсэгтээ дэгддэг ч ихэнхдээ хариуцлага тооцдоггүй нэг тийм жишиг бас тогтчихсон. Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн жагсаалт /эх сурвалж /Эх сурвалж: www.antidoping.mn/ -ыг үзвэл:
- 2002 он: А.Сүхбат
- 2003 он: Д.Батбаяр
- 2004 он: Д.Мягмарсүрэн
- 2004 он: Г.Ганхуяг
- 2006 он: Д.Рагчаа
- 2006 он: Г.Эрхэмбаяр
- 2009 он: Ц.Сумъяабэйс
- 2009 он: Б.Соронзонболд
- 2011 он Г.Алтангэрэл
- 2011 он: Ц.Цогбаяр
- 2012 он: Б.Сугаржаргал
- 2012 он: Х.Мөнхбаатар /анаболик стероид/
- 2014 он Б.Суманчулуун /анаболик стероид/
- 2014 он: Н.Адъяабат
- 2016 он: Б.Баатарцол
- 2016 он Б.Ганзориг
- 2017 он: С.Майнбаяр, Э.Даш, Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Б.Номиндалай нарын нэр бүртгэгджээ.